“6-р сарын 12–18. Лук 22; Иохан 18: ‘Миний хүслээр бус, харин Таныхаар болог,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“6-р сарын 12–18. Лук 22; Иохан 18,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
6-р сарын 12–18
Лук 22; Иохан 18
“Миний хүслээр бус, харин Таныхаар болог”
Лук 22, Иохан 18-аас хүүхдүүдтэй хамт суралцах нь Есүс Христийг хайрлах хайр, Түүнд итгэх итгэлээ гүнзгийрүүлэхэд нь тэдэнд туслах боломж юм. Хэрхэн үүнийг хийхээ залбирч тунгаан бод.
Хуваалцахад урь
Гетсеманид буй Христ (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, х. 56) болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын эдгээр бүлэг дээрх үйл явдлын зургийг үзүүлнэ үү. Зураг дээрх үйл явдлыг дүрслэхэд хүүхдүүдийг урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Есүс надад хайртай учраас миний төлөө зовсон.
Түүний Гетсеманид зовж шаналсан түүхийг ярилцахдаа, Есүсийн хайрыг мэдрэхэд нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадахаа бодож үз.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдэд Лук 22:39–46 дээрх түүхийг ярьж өг. Ингэхдээ “51-р бүлэг: Есүс Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналсан нь”-ийг ашиглаж болно (Шинэ Гэрээний түүхүүд, х. 129–132 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео). Гетсеманид Есүс хүн нэг бүрийн мэдэрч байсан зовлон шаналал, уйтгар гунигийг мэдэрсэн гэдгийг тайлбарла. Юу хүнийг гуниглуулж, өвтгөж, сэтгэлээр унагаж болох талаар хүүхдүүдээс асуу. Бид эдгээрийг мэдрэхэд Есүс бидэнд илүү дээр болоход маань тусалдаг гэдгийг гэрчил.
-
Гетсеманид буй Аврагчийн зургийг дамжуул (жишээ нь, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээр байгаатай адил). Хүүхэд бүр зургийг барих үед “Есүс [уг хүүхдийн нэр]-д хайртай учраас түүний төлөө зовсон” гэж хэл. Хүүхдүүдийг эдгээр үгийг тантай хамт давтан хэлэхэд урь.
-
“Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (Хүүхдийн дууны ном, 42) зэрэг Есүсийн биднийг гэх хайрын тухай дууг хүүхдүүдтэй хамт дуул. Тэднийг Есүсийн хайрыг мэдэрч байсан арга замуудыг бодоход тусал.
Надад тусламж хэрэгтэй үед би залбирч чадна.
Есүсийг Гетсеманид залбирахад тэнгэр элч үзэгдэж, Түүнийг хүчирхэгжүүлсэн. Таны заадаг хүүхдүүд хүч чадал авахын тулд Тэнгэрлэг Эцэгт хандан мөн адил залбирч болно гэдгийг ойлгоход та хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Лук 22:41–43-ыг хүүхдүүдэд товч ярьж өг. Тусламж гуйн залбирах үед тань Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсээр эсвэл өөр хэн нэгнийг туслуулахаар илгээх замаар таныг хүчирхэгжүүлж байсан талаарх туршлагаа хуваалц.
-
Залбирахад хэлдэг “Тэнгэрлэг Эцэг,” “Танд талархаж байна,” “Танаас гуйж байна,” “Есүс Христийн нэрээр, амен” зэрэг үгсээс заримыг нарийн туузан цаасан дээр бич. Туузан цааснуудыг шалан дээр дэс дарааллыг нь алдагдуулан тавиад, залбиралд хэлж болохоор дараалалд оруулахад хүүхдүүдэд тусал. Бид Тэнгэрлэг Эцэгт юуны төлөө залбирч болох вэ? Бид Түүнд өөр юу хэлж болох вэ? Хүүхдүүд Тэнгэрлэг Эцэгт хандан хаана ч, хэзээ ч залбирч болно гэдгийг гэрчил.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Гетсеманид Есүс Христ миний нүгэл, зовлон шаналлыг Өөр дээрээ авсан.
Есүс бидний төлөө Гетсеманид юу хийснийг мэдэх нь нүглээ наманчилж, хэцүү саад бэрхшээлтэй тулгарахдаа Аврагчид хандахад хүүхдүүдэд тусална.
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг Лук 22:39–46-г уншаад, Гетсеманид Есүст ямар байсныг дүрсэлсэн үг эсвэл хэллэгийг хайхад урь. Есүст юу тохиолдсон болоод Түүнд ийм мэдрэмж төрсөн бэ? (Сургаал ба Гэрээ 19:16–19-ийг үзнэ үү). Хүүхдүүдэд Есүсийн талаар болон Түүний гаргасан золиосны талаарх мэдрэмжээ хуваалцах боломж олго.
-
Хүүхдүүдийг гуниглаж эсвэл зовж шаналж байсан үеэ хуваалцахад урь. Үүнтэй адил зүйлийг мэдэрсэн хэн нэгнийг мэдэх эсэхийг тэднээс асуу. Тэднийг Алма 7:11–12-ыг уншихад урь. Эдгээр шүлэг Есүс Христийн тухай мөн Түүний бидний төлөө туулсан зовлон шаналлын талаар юу зааж байна вэ?
-
Нэг хүүхдэд уртаараа ангийн хаалганы өргөнөөс урт саваа өгөөд, үүнийг хөндлөнгөөр нь бариад хаалгаар орох гэж оролдохыг хүс. Уг саваа нь Бурханы хаант улсад ороход саад болдог бидний нүглийг төлөөлж байгаа гэдгийг тайлбарла. Есүс бидний нүглийг Өөр дээрээ авсан учраас бид наманчлах юм бол уучлагдана гэдгийг харуулахын тулд савааг ав.
Би Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байснаар Есүсийн үлгэр жишээг дагаж чадна.
Есүс “Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог” (Лук 22:42) хэмээн хэлэхдээ Эцэгт дуулгавартай байгаагаа харуулсан. Та Есүсийн үлгэр жишээнээс суралцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
“Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог” (Лук 22:42) гэсэн хэллэгийг цээжлэхэд хүүхдүүдэд туслаад, энэ нь ямар утгатай болохыг ярилц. Бид Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байхын тулд юу хийж болох вэ?
-
Тэнгэрлэг Эцэгийн хүслийн дагуу үйлдэхэд хэцүү байдаг зарим шалтгааныг тодорхойлоход хүүхдүүдэд тусал. Хэцүү байсан ч гэлээ, бид Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байснаар ямар адислал хүлээж авсан бэ?
Есүс дайснуудаа хайрладаг байв.
Амар амгаланг сахигч байх нь хэцүү бөгөөд ялангуяа бусад хүн бидэнд эелдэг найрсаг бус байх үед энэ нь хэцүү юм. Лук 22:50–51 дээрх түүх нь таны зааж байгаа хүүхдүүдийг бүх нөхцөл байдалд эелдэг найрсаг байх талаар хэрхэн сэдэлжүүлж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг Лук 22:50–51-ийг уншихад урь. Энэ түүхээс бид Есүсийн талаар юу сурч мэддэг вэ? Долоо хоногийн турш зарим хүүхдийн эцэг эхээс хэдий хүнд байсан ч гэлээ тэдний эелдэг найрсаг байдал үзүүлж байсан үеийн талаар асуу. Эдгээр түүхийг ангийнхантайгаа хуваалц. (Эелдэг найрсаг байна гэдэг нь тэднийг өвтгөхийг зөвшөөрнө гэсэн үг биш бөгөөд хэрэв ийм зүйл тохиолдож байвал эцэг эх эсвэл өөр итгэдэг насанд хүрсэн хүнтэй ярих хэрэгтэйг хүүхдүүдэд сануул.)
-
“Би элэгсэг нэгэн баймаар байна” (Хүүхдийн дууны ном, 83) зэрэг эелдэг найрсаг байх тухай дууг хамтдаа дуул. Энэ дуу бидэнд эелдэг найрсаг байдлын талаар юу зааж байна вэ? Бид Аврагчийн адилаар бусдад хайраа хэрхэн үзүүлж болох вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Аврагчийн талаарх гэрчлэлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Тэд мөн гэр бүлийн гишүүдээсээ Түүний талаарх гэрчлэлээ хуваалцахыг хүсэж болно.