“5-р сарын 29-өөс 6-р сарын 4. Maтай 26; Maрк 14; Иохан 13: ‘Таныг дурсахын тулд,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“5-р сарын 29-өөс 6-р сарын 4. Матай 26; Maрк 14; Иохан 13,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2023
5-р сарын 29-өөс 6-р сарын 4
Матай 26; Марк 14; Иохан 13
“Таныг дурсахын тулд”
Та Матай 26; Марк 14 болон Иохан 13-ыг уншиж байхдаа зааж байгаа хүүхдүүдийг тань адислах зарчмуудыг эрж хай.
Хуваалцахад урь
Эдгээр бүлэгт болж буй үйл явдлуудын зургийг, жишээлбэл, Сайн мэдээний уран зургийн цуглуулгын х. 54–55 дээрх зургуудыг үзүүлээд, хүүхдүүдийг зургууд дээрх үйл явдлыг хэлэхэд урь.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Ариун ёслол надад Есүсийн тухай бодоход тусалдаг.
Ариун ёслолоос хүртэх нь Есүсийн бидний төлөө хийсэн зүйлийг санах боломжийг олгодог гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаа
-
Есүсийн ариун ёслолыг танилцуулсан түүхийг товч ярь. Та “49-р бүлэг: Анхны ариун ёслол”-ыг ашиглаж болно (Шинэ Гэрээний түүхүүд, х. 124–126 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео). Яагаад бид ариун ёслолоос хүртдэг вэ? Бид ариун ёслолын үеэр Есүсийг дурсан санадаг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
-
Хүүхдүүдэд талхны хэлтэрхий, аяга ус үзүүл. Ариун ёслолын талх, ус юуг төлөөлдөг болохыг мэддэг эсэхийг тэднээс асуу. Эдгээр бэлгэдэл нь Есүс бидний төлөө нас баран, үхэгсдээс амилсан гэдгийг дурсан санахад бидэнд тусалдаг гэдгийг тайлбарла.
-
Нүдээ аниад, хайрладаг хэн нэгнээ бодсоны дараа тэр хүнийхээ тухай ярихыг хүүхдүүдээс хүс. Тэднээс дахин нүдээ аньж, Аврагчийн тухай бодохыг хүс. Дараа нь Түүний талаар тэдний мэддэг зүйлийг хуваалц. Тэднийг долоо хоног бүр болдог ариун ёслолын үеэр Есүсийн тухай бодоход урамшуул.
-
Ариун ёслолын үеэр Есүсийг дурсан санаж, хүндэтгэл бишрэлтэй байхын тулд юу хийж чадахаа танд үзүүлэхэд хүүхдүүдийг урь. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсанд дүрсэлсэн товхимлыг хийхэд мөн ариун ёслолын үеэр Есүсийн тухай бодоход үүнийг ашиглахад хүүхдүүдэд тусал. Эсвэл Сүмийн сэтгүүлүүдээс Есүсийн зургийг хайж олоод, ариун ёслолын үеэр харж болох зургийн цуглуулга хийхэд хүүхдүүдэд тусал.
Би Есүстэй адил бусдыг хайрлаж чадна.
Есүс эргэн тойрондоо байгаа хүмүүсийг халамжилснаар хайраа харуулсан. Зааж байгаа хүүхдүүдэд тань бусдад хайраа харуулах ямар боломж байгаа вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Есүс хайраа бусдад харуулсан тухай, энэ жилийн хүүхдүүдийн сурсан түүхүүдийн зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын өмнөх тоймуудыг үзнэ үү). Иoхан 13:34–35-ыг уншаад, “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун” гэх хэллэгийг давтахад хүүхдүүдэд тусал. Бид гэр бүл, найз нөхдөдөө хайраа хэрхэн харуулж болох вэ?
-
Ангиараа “Бие биенээ хайрлаач” (Хүүхдийн дууны ном, 74) зэрэг Аврагчийн хайрын тухай дууг дуулж байхдаа Аврагчийн зургийг дээш барихад хүүхдүүдийг урь. Хүүхдүүдэд цаасан зүрх өгч, уг зүрхэн дээр бусдад хайраа үзүүлэхийн тулд ямар нэгэн зүйл хийж байгаагаар өөрсдийгөө зурахад тэднийг урь.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Ариун ёслол надад Есүс Христийг болон Түүний гаргасан золиосыг санахад тусалдаг.
Та ариун ёслолыг илүү утга учиртай туршлага болгоход нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаа
-
Хүүхдүүдийг Матай 26:26–29 эсвэл Марк 14:22–24 (мөн Иосеф Смитийн Орчуулга, Maрк 14:20–24-ийг үзнэ үү [Библийн хавсралт дээрх]) болон Сургаал ба Гэрээ 20:75–79 шүлгийг ээлжлэн уншихад урь. Энэ хоёр хэсгийн ямар үгс болон санаанууд ижил байна вэ?
-
Ариун ёслолын үеэр Есүсийн тухай бодоход өөрсдөдөө туслахын тулд юу хийдгийг нь хүүхдүүдээс асуу. Ариун ёслолын үеэр уншиж болох судрууд эсвэл ариун ёслолын дууллуудын үг олоод, тэдгээрийг дараагийн удаа ариун ёслолоос хүртэж байхдаа харж болох картан дээр жагсааж бичихэд тэдэнд тусал. Хүүхдүүдтэй хамт хэд хэдэн дуулал дуул (Дуулал номыг үзнэ үү).
-
Ариун ёслолын залбирлуудаас түлхүүр үг хэллэгийг самбарт бичээд, цээжлэхэд нь хүүхдүүдэд тусал. Эдгээр үг хэллэг ямар утгатай вэ? Яагаад долоо хоног бүр баптисмын гэрээгээ шинэчлэх нь чухал вэ?
-
Нэг Аароны санваартныг ариун ёслолыг бэлтгэх, адислах эсвэл түгээхтэй холбоотой туршлагаасаа хүүхдүүдэд ярьж өгөхөд урь. Түүнд ариун ёслолд бэлтгэхэд юу тусалдаг вэ? Үүнийг хийх нь түүнд ямар санагддаг вэ? Талх, ус түүнд Аврагчийг хэрхэн сануулдаг вэ?
-
Баптисм хүртсэн хүүхдүүдээс баптисмынхаа талаар санаж байгаа зүйлээ хуваалцахыг хүс. Тэдэнд ямар мэдрэмж төрж байсан бэ? Тэд ямар гэрээ байгуулсан бэ? (Мозая 18:8–10-ыг үзнэ үү). Долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх нь дахин баптисм хүртэхтэй адил бөгөөд бид нүглүүдээсээ өршөөгдөж, гэрээгээ шинэчилдэг гэдгийг тэдэнд хэл.
Есүс Христ надад бусдад хэрхэн үйлчлэхийг харуулсан.
Шавь нарынхаа хөлийг угааж буй Аврагчийн түүх нь зааж байгаа хүүхдүүдийг тань эргэн тойрны хүмүүстээ хайраар үйлчлэхэд сэдэлжүүлнэ.
Боломжит үйл ажиллагаа
-
Хэдэн хоногийн өмнө нэг хүүхдийг Иохан 13:4–9-ийг уншаад, уг түүхийг ангийнхандаа Петрийн өнцгөөс хуваалцахыг хүс. Аврагч Петрт болон бусад төлөөлөгчид юу заахыг хичээж байсан бэ? Хүүхдүүд энэ түүхээс Есүс Христийн талаар юу сурч мэдсэнээ ярьж болно. Бид бусдад үйлчлэх талаар юу сурч мэддэг вэ?
-
Иохан 13:12–17-г хамтдаа унш. Аврагч өөр хүнд үйлчилж байсан үеийн талаар бичихийг хүүхэд бүрээс хүс. Түүний үлгэр жишээнээс сурч мэдсэн зүйлээ багтаан бичихэд тэднийг урамшуул. Тэднийг бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урь.
Есүс Христийн шавь нар Түүнтэй адилаар бусдыг хайрладаг.
Бид баптисм хүртэхдээ Есүс Христийн шавь болох гэрээ байгуулдаг. Иохан 13:34–35 дээр Аврагч бид хэрхэн Түүний шавь нар гэдгээ харуулж болохыг тодорхойлсон.
Боломжит үйл ажиллагаа
-
Би та нарыг яаж адил та нар мөн бие биенээ (Иохан 13:34) гэж самбар дээр бич. Уг судрыг харж, хоосон зайг бөглөхөд хүүхдүүдийг урь. Бид Христийн шавь гэдгээ харуулахын тулд өөр юу хийж болох вэ? Хүүхдүүд үйлчлэх ба үйлчилсэн эсвэл заах ба заасан гэх зэрэг самбар дээр байгаа өгүүлбэрийг гүйцээх өөр үгсийг бодож болох юм.
-
Хүүхдүүдийг Иохан 13:35-ыг уншихад уриад, өөрсдийн мэддэг Есүс Христийн шавь нарын жишээг бодоход урь. Эдгээр хүн хэрхэн бусдад хайраа Аврагчийн адил үзүүлсэн талаар хуваалцахыг тэднээс хүс.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангид сурч мэдсэн зүйлээсээ болж ямар зүйл хийхийг хүсэж байгаагаа гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Жишээлбэл, тэд ариун ёслолын үеэр хэрхэн Есүс Христийг санан дурсах талаараа хуваалцаж болно.