“6-р сарын 12–18. Лук 22; Иохан 18 ‘Миний хүслээр бус, харин Таныхаар болог,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“6-р сарын 12–18. Лук 22; Иохан 18,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
6-р сарын 12–18
Лук 22; Иохан 18
“Миний хүслээр бус, харин Таныхаар болог”
Энэ долоо хоногт Лук 22, Иохан 18-ыг цаг гарган унш. Уншсан зүйлийнхээ талаар тунгаан бодож, залбир. Ингэснээр судрууд үнэн гэдгийг зүрх сэтгэлдээ гэрчлэх боломжийг Сүнсэнд олгож байгаа юм.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Гетсеманийн цэцэрлэгт Есүс Христийн зовж шаналахыг харсан гуравхан мөнх бус гэрч байдаг бөгөөд тэд ихэнх хугацааг унтаж өнгөрүүлжээ. Есүс цэцэрлэгт мөн дараа нь загалмай дээр байхдаа бүхий л цаг үед амьдарч байсан хүн бүрийн гэм нүгэл, өвчин шаналал, зовлон зүдгүүрийг Өөр дээрээ авсан ч тэр үед амьдарч байсан бараг ямар ч хүн юу болж байгааг мэдэлгүй өнгөрсөн. Мөнх оршихуйн хамгийн чухал үйл явдлууд ихэнхдээ дэлхийнхний анхааралд хүрэлгүй өнгөрдөг. Харин Бурхан Эцэг мэдэж байв. Тэрээр итгэлтэй Хүүгийнхээ “Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас алгасуулаач. Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог” хэмээх гуйлтыг сонссон. “Тэгтэл тэнгэр элч Түүнд тэнгэрээс үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа” (Лук 22:42–43). Бид энэ дуулгавартай байдал, амиа үл хайрласан үйлдлийг нүдээр харж гэрчлээгүй ч Есүс Христийн Цагаатгалын гэрч байж чадна. Бид наманчилж, нүглүүдийнхээ өршөөлийг хүлээж авч, Аврагчийн хүчирхэгжүүлэх хүчийг мэдрэх бүрдээ Гетсеманийн цэцэрлэгт болсон бодит явдлыг гэрчилж чадна.
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Лук 22:31–34, 54–62; Иохан 18:17–27
Хөрвөлт бол байнга явагдаж байдаг үйл явц юм.
Петрийн харсан гайхамшиг, сурч мэдсэн сургаалууд зэрэг Аврагчтай хамт байхдаа олж авсан туршлагуудын талаар бод. Тэгвэл яагаад Аврагч Петрт хандан “Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул” хэмээн хэлсэн бэ? (Лук 22:32; налуу бичилт нэмэгдсэн.) Танд энэ тухай тунгаан бодохдоо, ахлагч Дэвид А.Бэднарын гэрчлэлтэй байх, жинхэнээсээ хөрвөгдөх хоёрын хоорондох ялгааны талаар юу заасныг авч үзэх нь тустай байж болно (“Их Эзэнд хөрвүүлэгдэв,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 130–133-ыг үзнэ үү).
Лук 22:31–34, 54–62 (мөн Иохан 18:17–27-г үзнэ үү) дээрх Петрт тохиолдсон үйл явдлын талаар уншихдаа өөрийнхөө хөрвөлтийн тухай бод. Танд Петрийнхтэй адил “[Аврагчтай] хамт шоронд ороход ч, үхэхэд ч бэлэн” үе тохиож байсан уу? (Лук 22:33). Яагаад заримдаа эдгээр мэдрэмж алга болдог вэ? Аврагчийг үгүйсгэх аль эсвэл гэрчлэх боломж өдөр бүр гарч ирдэг ч та Түүнийг өдөр бүр гэрчлэхийн тулд юу хийх вэ? Та Петрийн туршлагаас өөр ямар сургамж авч болох вэ?
Та Шинэ Гэрээг үргэлжлүүлэн уншихдаа Петрийн хөрвөлт гүнзгийрч байсан нотолгоог олж харна уу. Мөн тэр Их Эзэний “ах дүүсээ бэхжүүл” (Лук 22:32; Үйлс 3–4-ийг үзнэ үү) гэсэн урилгыг хэрхэн хүлээн авсан арга замуудыг олж хар.
(Мөн Марк 14:27–31-ийг үзнэ үү.)
Аврагч Гетсеманид миний төлөө зовж шаналсан.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг “Аврагчийн болон Түүний цагаатгагч золиосын тухай судлахад цаг гарга” хэмээн урьсан (“Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 26).
Та ерөнхийлөгч Нэлсоны урилгыг хүлээн авахын тулд юу хийхээ бодож үз. Та эхлээд эдгээр шүлэгт дүрсэлсэн Гетсемани дахь Аврагчийн зовлон шаналлын тухай залбирч, тунгаан бодож, төрсөн сэтгэгдэл, асуултуудаа бичиж тэмдэглэж болно.
Аврагч, Түүний Цагаатгалыг илүү гүн гүнзгий судлахын тулд дараахтай төстэй асуултуудын хариултыг бусад судраас олохыг хичээ. Үүнд:
-
Яагаад Аврагчийн Цагаатгал зайлшгүй шаардлагатай байсан бэ? (2 Нифай 2:5–10, 17–26; 9:5–26; Aлма 34:8–16; 42:9–26-г үзнэ үү.)
-
Аврагч зовж шаналж байхдаа юу мэдэрсэн бэ? (Исаиа 53:3–5; Мозая 3:7; Алма 7:11–13; Сургаал ба Гэрээ 19:16–13-ыг үзнэ үү.)
-
Христийн зовлон шаналал миний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? (Иохан 10:10–11; Еврей 4:14–16; 1 Иохан 1:7; Aлмa 34:31; Moронай 10:32–33; Даллин Х.Өүкс, “Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50–53-ыг үзнэ үү.)
-
Надад байгаа бусад асуулт:
Гетсеманид юу болсон талаар суралцахдаа, Гетсемани нь чидун модны цэцэрлэг байсан бөгөөд тэнд гэрэл гаргахад болон хүнс хоол, эмчилгээнд ашиглахын тулд чидун жимсийг бяцалж, тос шахаж гаргах тээрэм байдаг байсныг мэдэх нь сонирхолтой байж болох юм (Лук 10:34-ийг үзнэ үү). Оливын тос гаргаж авах үйл явц Гетсеманийн цэцэрлэгт Аврагчийн бидний төлөө үйлдсэн бүхнийг хэрхэн бэлгэдэж байна вэ? Өөр санаа авах бол ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Миний хайр дотор бай” гэх захиасыг үзнэ үү (2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 37–41).
Мөн Матай 26:36–46; Марк 14:32–42-ыг үзнэ үү.
Аврагчийн хаанчлал бол “энэ ертөнцийнх биш.”
Понти Пилат улс төрийн удирдагчийн хувьд энэ дэлхийн хүч чадал, хаанчлалыг мэддэг байсан ч Есүс тэс өөр хаанчлалын тухай ярьж байсан. Аврагчийн амьдралын талаар уншсан зүйлээ эргэн бодоход Түүний “хаанчлал энэ ертөнцийнх биш” (Иохан 18:36) гэсэн ямар нотолгоог та харж байна вэ? Үүнийг мэдэх нь танд яагаад чухал вэ? Есүсийн Пилатад хэлсэн үгээс юу нь таны анхаарлыг татсан бэ?
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Лук 22:31–32.Өөрийнх нь болон итгэлийнх нь төлөө Есүсийн залбирсныг мэдэхэд Петрт ямар санагдсан бэ? “Итгэл [нь] цөхрөхгүйн тулд” (32-р шүлэг) бид хэний төлөө залбирч болох вэ?
-
Лук 22:39–46.Аврагч Гетсеманид зовж шаналсан талаар мэдэж авах нь гэр бүлд тань ариун нандин туршлага болж болох юм. Лук 22:39–46-г судлахдаа хүндэтгэл, бишрэлийн сүнстэй болгохын тулд юу хийж болох талаар бодож үзээрэй. Та Аврагчийн тухай гэр бүлийнхээ дуртай дуулал эсвэл хүүхдийн дууг тоглож эсвэл хамтдаа дуулж болно. Гэр бүлийнхэн тань эдгээр шүлгийг уншаад өөрсдөд нь онцгой санагдсан, магадгүй Аврагчийн хайрыг мэдрэхэд тусалсан судрынхаа хэсгийг хуваалцаж болно (мөн Матай 26:36–46; Марк 14:32–42-ыг үзнэ үү). Та мөн тэднийг Есүс Христ, Түүний Цагаатгалын талаар гэрчлэлээ хуваалцахад урьж болно.
-
Лук 22:42.Гэр бүлийн гишүүд “Миний хүслээр бус, харин Таныхаар болог” хэмээн хэлж сурсан туршлагаасаа хуваалцаж болно.
-
Лук 22:50–51; Иохан 18:10–11.Бид эдгээр шүлгээс Есүсийн талаар юу мэдэж авсан бэ?
-
Иохан 18:37–38.“Үнэн гэж юу вэ?” (38-р шүлэг) гэсэн Пилатын асуултад бид хэрхэн хариулах вэ? Санаа авах бол Иохан 8:32; Сургаал ба Гэрээ 84:45; 93:23–28 болон “Үнэн гэж юу вэ?,” Дуулал, д. 140-ийг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Би гайхширна,” Дуулал, д. 98.