“6-р сарын 19–25. Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19: ‘Гүйцэлдлээ,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“6-р сарын 19–25. Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
6-р сарын 19–25
Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19
“Гүйцэлдлээ!”
Maтай 27; Maрк 15; Лук 23 болон Иохан 19 нь Аврагчийн мөнх бус амьдралын эцсийн мөчүүдийг дүрслэн харуулдаг. Аврагчийн золиос, үхлийн талаар судлахдаа Түүний хайрыг мэдрэхийг эрэлхийл.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Есүс Христ үг, үйлдэл бүрээрээ цэвэр хайрыг буюу төлөөлөгч Паулын хэлснээр энэрлийг үлгэрлэн харуулсан (1 Коринт 13-ыг үзнэ үү). Бүхий л цаг мөчөөс илүүтэйгээр Аврагчийн мөнх бус амьдралын эцсийн мөчөөс үүнийг маш тод томруун харж болно. Тэрээр худал хуурмагт гүтгүүлж байхдаа хүндэтгэлтэйгээр чимээгүй байсан нь Түүний “уурладаггүй” (1 Коринт 13:5) зан чанарыг харуулсан. Зовлон тарчлалаа зогсоох хүч чадалтай байсан ч үүнийгээ хазаарлан барьж, ташуурдуулан, элэглэн шоолуулж, цовдлолтыг тэвчихэд бэлэн байсан нь Түүний “тэвчээртэй,” “бүгдийг далдалдаг” (1 Коринт 13:4, 7) чанарыг харуулсан. Юутай ч харьцуулшгүй ихээр зовж, шаналж байхдаа ч ээждээ нинжин сэтгэлээр хандаж, Өөрийг нь цовдолсон хүмүүсийг нигүүлссэн нь “[Өөрийнхийг] эрдэггүй” (1 Коринт 13:5) гэдгийг нь харуулжээ. Есүс дэлхий дээрх амьдралынхаа сүүлчийн хоромдоо ч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр хийж байсан зүйлээ зогсоогоогүй буюу үлгэр жишээгээрээ зааж байсан. Энэрэл бол ‘Христийн цэвэр хайр’ (Моронай 7:47) гэдэг нь гарцаагүй.
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Maтай 27; Maрк 15; Лук 23; Иохан 19
Есүс Христийн зовж шаналахад бэлэн байсан нь Түүний Эцэгтээ болон бид бүгдэд хайртайг харуулдаг.
Хэдийгээр Аврагчид тоо томшгүй “олон тэнгэр элчийг” (Матай 26:53) дуудах хүч чадал байсан ч Тэрээр сайн дураараа шударга бус шүүлт, доромжлол, төсөөлшгүй бэрх бие махбодын өвчин шаналлыг тэвчихийг сонгосон. Тэр яагаад ийн үйлдсэн бэ? Нифай үүнийг “Хүмүүний үрсийн зүг хандах өөрийн өгөөмөр хайр мөн өөрийн хүлцэнгүй тэсвэрлэлийн учир” (1 Нифай 19:9) хэмээн гэрчилжээ.
Та эхлээд 1 Нифай 19:9-ийг уншин, Аврагчийн сүүлчийн мөчүүдийн талаар судалж болно. Та Матай 27; Марк 15; Лук 23, Иохан 19-ийн аль хэсгээс Нифайн Есүс тэвчинэ хэмээн хэлсэн бүх зүйлийн жишээг олж болох вэ?
-
“[Тэд] гологдсон зүйл мэт түүнийг шүүх болно”
-
“[Тэд] түүнийг ташуурдах” болно
-
“[Тэд] түүнийг цохих” болно
-
“[Тэд] түүнийг нулимах бөлгөө”
Судрын аль хэсэг Аврагчийн таныг гэсэн “хайр энэрл[ийг]” мэдрэхэд танд тусалдаг вэ? Эдгээр цэдгийг уншихад ямар бодол, мэдрэмж танд төрж байна вэ? Тэдгээрийг бичиж эсвэл хэн нэгэнтэй хуваалцахыг бод.
Maтай 27:27–49, 54; Maрк 15:16–32; Лук 23:11, 35–39; Иохан 19:1–5
Доог тохуурхал үнэнийг өөрчилж чадахгүй.
Есүс тохинууллынхаа туршид доог тохуурхлыг тэвчиж байсан ч энэ нь Түүнийг ташуурдаж, цовдлох үеэр улам гаарсан. Гэвч энэ доог тохуурхал Есүс бол Бурханы Хүү хэмээх үнэнийг өөрчилж чадаагүй. Та Есүсийн тэвчсэн доромжлолын тухай уншихдаа өнөөдөр Түүний ажилд тулгарч буй эсэргүүцэл, доог тохуурхлын талаар бодоорой. Та эсэргүүцлийг тэвчих тухай ямар ойлголт олж авсан бэ? Maтай 27:54 дэх зуутын даргын хэлсэн үгийн юу нь таны анхаарлыг татсан бэ?
Есүс Христ ганцаараа зовсон болохоор би зовох шаардлагагүй.
Тэнгэрлэг Эцэгтээ үргэлж найддаг байсан Есүст гэнэт ганцаар орхигдсон мэт санагдах нь загалмай дээр мэдэрсэн хамгийн гашуун мөч байсан байх. Үүнийг уншаад та Бурханаас холдсон мэт санагдаж байсан үеэ ч санаж болох юм. Та Аврагчийн загалмай дээрх золиос энэ холдсон мэт мэдрэмжээ даван гарах боломжийг хэрхэн олгосон талаар тунгаан бодож болох юм. Ахлагч Жэффри Р.Холландын гэрчилснээр “Есүс цор ганцаараа тийм урт замыг туулсан учраас бид туулах шаардлагагүй болсон. … Хэдийгээр заримдаа бидэнд ганцаар хаягдсан мэт санагдах үе байдаг ч Калварийн толгод дээрээс биднийг хэзээ ч ганцаар, тусламжгүй үлдээхгүй гэсэн үнэнийг бүрээн дуугаар мэдэгдсэн болно” (“Түүнтэй хамт хэн ч байсангүй,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 86). Ахлагч Холландын захиасын үлдсэн хэсгийг уншихдаа Аврагч ганцаардлаа даван туулахад тань хэрхэн тусалж чадахыг бодож үзээрэй.
Аврагч уучлал өршөөлийн үлгэр жишээ юм.
Лук 23:34 дээрээс Аврагчийн хэлсэн үгсийг уншихад танд ямар бодол санаа төрсөн бэ? (Иосеф Смитийн Орчуулга, зүүлт тайлбар c хэсэг дэх санааг авч үзнэ үү). Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Аврагчийн үгсийн талаар ийн заасан. “Бид биднийг гомдоосон хүмүүсийг уучилж, өс санахгүй байх ёстой. Аврагч загалмай дээрээс үлгэр жишээ үзүүлсэн. … Биднийг гомдоосон хүмүүсийн зүрх сэтгэлийг бид мэдэхгүй” (“That We May Be One,” Ensign, May 1998, 68). Хэрэв хэн нэгнийг уучилж чадахгүй байвал энэ шүлэг танд хэрхэн тусалж чадах вэ?
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Maтай 27; Maрк 15; Лук 23; Иохан 19Гэр бүлийнхэндээ эдгээр бүлэгт өгүүлсэн үйл явдлуудын талаар сурч мэдэхэд нь туслахын тулд та тэдэнтэй “52-р бүлэг: Есүсийг байцаан шүүсэн нь,” “53-р бүлэг: Есүс цовдлогдсон нь” зэргийг (Шинэ Гэрээний түүхүүд, 133–138 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видеонуудыг) хуваалцаж болно. Та түүхүүдийг өөрсдийн үгээр дахин ярихад хүүхдүүдийг урьж болох юм. Аврагч бидний төлөө зовж шаналсан талаарх бодол санаагаа гэр бүлийн гишүүд хуваалцаж болно.
-
Матай 27:11–26; Марк 15:1–15; Лук 23:12–25; Иохан 19:1–16.Пилат Есүсийг буруугүй гэдгийг мэдэж байсан мөртлөө яагаад цовдлуулахаар явуулсан бэ? Пилатын туршлагаас бид зөв гэдгийг нь мэддэг зүйлийнхээ талд зогсох талаар ямар сургамж авч болох вэ? Зөв зүйлийн талд зогсох дадлага хийх боломж олгох жүжигчилсэн тоглолт гэр бүлийнхэнд тань тус болж магадгүй.
-
Матай 27:46; Лук 23:34, 43, 46; Иохан 19:26–28, 30.Та гэр бүлийнхээ гишүүн бүрд Аврагчийн загалмай дээр хэлсэн нэг эсвэл хэд хэдэн мэдэгдлийг эдгээр шүлгээс олж уншихыг даалгаж болно. Эдгээр мэдэгдлээс Аврагчийн талаар болон Түүний тохинууллын тухай сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.
-
Марк 15:39.Цовдлуулалтын тухай унших нь Есүс бол “Бурханы Хүү” хэмээх таны гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?
-
Иохан 19:25–27.Гэр бүлийнхнийгээ хайрлаж, дэмжин туслах талаар бид эдгээр шүлгээс юу сурч мэдэж болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Калварын загалмай дээр,” Дуулал, д. 91.