“5-р сарын 29-өөс 6-р сарын 4. Матай 26; Марк 14; Иохан 13: ‘Таныг дурсахын тулд,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“5-р сарын 29-өөс 6-р сарын 4. Матай 26; Марк 14; Иохан 13,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
5-р сарын 29-өөс 6-р сарын 4
Матай 26; Марк 14; Иохан 13
“Таныг дурсахын тулд”
Матай 26; Марк 14; Иохан 13-т дүрсэлсэн үйл явдлуудыг уншихад төрсөн, ялангуяа Есүс Христэд итгэх итгэлийг тань гүнзгийрүүлж, Түүнд өгсөн амлалтыг тань улам бататгах сэтгэгдэлд анхаарал хандуулаарай.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Есүс нас барахынхаа өмнөх өдөр шавь нартаа Өөрийг нь дурсан санахад туслах нэгэн зүйлийг өгсөн. Тэр “талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд —Май, ид, энэ Миний бие гэлээ. Тэгээд Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөнгөө —Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь цус минь юм” (Матай 26:26–28) гэв.
Энэ нь 2000 орчим жилийн тэртээ бидний ихэнх нь хэзээ ч харахгүй газар, цөөн хэдээс бусад нь ойлгохгүй хэл дээр болсон ч, үүнийг одоо ням гараг бүр цуглааны байруудад маань эрх мэдэл бүхий санваартнууд Есүс Христийн өмнө нь хийж байснаар Түүний нэрээр үйлддэг. Тэд талх, ус авч адислаад, Түүний шавь нар болох бидэнд түгээдэг. Энэ нь энгийн үйлдэл бөгөөд талх идэж, ус уухаас илүү амьдралд ойр, энгийн зүйл гэж юу байх билээ? Гэхдээ талх, ус нь Түүнийг санахад бидэнд тусалдаг учраас бидний хувьд ариун нандин зүйл юм. Энэ бол “Бид Түүний сургаал, амьдралын талаар уншсан бүхнээ хэзээ ч мартахгүй гэхээс илүүтэй Түүний миний төлөө хийсэн бүхнийг мөн тусламж хүсэн гуйхад маань Тэрээр хэрхэн намайг аварсныг хэзээ ч мартахгүй” гэсэн үг юм. Мөн “Бидний байгуулсан гэрээ буюу миний түүнд, Түүний надад өгсөн амлалтыг би хэзээ ч мартахгүй” гэдгээ хэлж байгаа нэг арга зам юм.
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
“Биеийг минь тэр тосолж оршуулгад минь урьдчилан бэлдлээ.”
Эдгээр шүлэгт гарч буй эмэгтэй даруухан мөргөл үйлдэж, Есүс гэж хэн болохыг мөн Түүний юу хийх гэж байгааг мэдэж байгаагаа харуулсан (Матай 26:12-ыг үзнэ үү). Түүний үйлдэл яагаад Аврагчийн хувьд чухал байсан гэж та бодож байна вэ? (13-р шүлгийг үзнэ үү). Энэ эмэгтэйн болон түүний итгэлийн юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлж байна вэ? Та түүний жишээг хэрхэн дагахаа тунгаан бод.
Мөн Иохан 12:1–8-ыг үзнэ үү.
“Би биш биз дээ, Эзэн!”
Эдгээр шүлэг дэх Их Эзэнд тавьсан шавь нарынх нь асуултаас та тэдний талаар юу мэдэж авсан бэ? Тэд яагаад ингэж асуусан гэж та бодож байна вэ? Ямар нөхцөлд та “Би биш биз дээ, Эзэн!” гэж асуух байснаа бодож үз.
Мөн Дийтр Ф.Угдорфын “Би биш биз дээ, Эзэн минь?” хэлсэн үгийг 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 67–70-аас үзнэ үү.
Ариун ёслол бол Аврагчийг дурсан санах нэгэн боломж билээ.
Аврагч ариун ёслолыг шавь нартаа танилцуулахад тэдэнд ямар бодол, мэдрэмж төрсөн гэж та бодож байна вэ? Матай 26:26–29, Марк 14:22–25 дээрх тэдний туршлагаас уншихдаа үүний талаар бодно уу. Яагаад Есүс Өөрийг нь ийм арга замаар биднээр дурсан сануулахыг сонгосон гэж та бодож байна вэ? Та мөн ариун ёслолын үеэр хуримтлуулсан туршлагаа тунгаан бодож болно. Туршлагаа илүү ариун, утга учиртай болгохын тулд та өөр юу хийж болох вэ?
Эдгээр шүлгийг уншиж, тунгаан бодсоны дараа Аврагчийг дурсан санахыг өдөөсөн зарим зүйлээ бичиж болно. Та дараа нь ариун ёслолоос хүртэхдээ бичсэн зүйлээ эргэн харж болох юм. Та мөн тэдгээрийг өөр үед ч гэсэн “үргэлж түүнийг санахын” (Моронай 4:3) тулд эргэн харж болно.
Аврагч бол бидний хувьд бусдад даруухнаар үйлчлэхийн үлгэр жишээ мөн.
Есүсийн үед өөр хүний хөлийг угаах нь удирдагчдын бус харин зарц нарын үүрэг байв. Харин Есүс Өөрийн шавь нарыг удирдах, үйлчлэх гэдэг нь яг юу гэсэн үг болохыг арай өөрөөр ойлгоосой хэмээн хүссэн. Та Иохан 13:1–17 дээрх Аврагчийн үг, үйлдлээс юу олж мэдсэн бэ? Танай соёлд бусдын хөлийг угаах нь бусдад үйлчилж байгаагаа илэрхийлдэг тогтсон арга зам биш байж болох юм. Гэвч Аврагчийн даруухан үйлчлэлийн үлгэр жишээг дагахын тулд юу хийж болохоо бодож үз.
Есүс төлөөлөгчидтэйгөө хамт өнгөрүүлсэн энэ ариун нандин цаг мөчдөө юу мэдэж, мэдэрч байсныг анзаарах нь сонирхолтой байж болох юм (1, 3-р шүлгийг үзнэ үү). Энэ бүх ойлголт Аврагчийн талаарх таны ойлголтод хэрхэн туслах вэ?
Мөн Лук 22:24–62-ыг үзнэ үү.
Бусдыг хайрлах нь намайг Есүс Христийн жинхэнэ шавь болохыг илтгэдэг.
Есүс өмнө нь “хөршөө өөрийн адил хайрлах” (Матай 22:39) тушаалыг өгсөн бол одоо “шинэ тушаал” өгч байна. Есүс таныг хайрласан шиг бусдыг хайрлана гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ? (Иохан 13:34-ийг үзнэ үү).
Есүс Христийн шавь гэдгийг тань бусад хүн хэрхэн таньж болохыг тунгаан бод. Хайр бол Христэд итгэгч хүнийг тодорхойлогч шинж чанар гэдгийг та хэрхэн харуулах вэ?
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Матай 26:26–29; Марк 14:22–25.Долоо хоног бүрийн ариун ёслолын үеэр танай гэр бүл ямар туршлагатай болдог вэ? Анхны ариун ёслолын тухай унших нь ариун ёслолын ач холбогдлын талаар мөн таны туршлагыг сайжруулах арга замын талаар ярилцахад нөлөөлж болно. Ариун ёслол түгээж байгаа нь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 108) зургийг үзүүлж мөн ариун ёслолын өмнө, дундуур, дараа нь юу хийж болох талаарх санаагаа хуваалцаж болно.
-
Maтай 26:30.Есүс, Түүний төлөөлөгчдийн дуулсан шиг ариун ёслолын дуулал дуулахыг бод. Сүмийн дуулал дуулах нь тухайн үед Есүст болон Түүний төлөөлөгчдөд хэрхэн адислал болж байсан бэ? Сүмийн дуулал бидэнд хэрхэн адислал болох вэ?
-
Иохан 13:1–17.Та эдгээр шүлгийг уншихдаа энэ тоймын төгсгөлд байгаа зургийг гэр бүлийнхэндээ үзүүлэхийг хүсэж болно. Аврагч үйлдлээрээ ямар ямар үнэнийг заасан бэ? Зурган дээрх ямар нарийн ширийн зүйлс эдгээр үнэнийг ойлгоход бидэнд тусалдаг вэ? Гэр бүлийн гишүүд эдгээр үнэний дагуу амьдрах нь тэднийг хэрхэн баяр баясгалантай болгосон тухай хуваалцаж болно (Иохан 13:17-г үзнэ үү).
-
Иохан 13:34–35.Эдгээр шүлгийг уншсаны дараа бусад хүн таныг Есүс Христийн шавь гэдгийг хэрхэн мэдэж болох талаар хамтдаа ярилцаж болно. Аврагч Өөрийн шавь нарыг хэрхэн бусдад танигдаасай хэмээн хүсдэг вэ? Та бусдыг гэсэн хайраараа Есүс Христийн жинхэнэ шавь гэдгээ харуулдаг хүмүүсийн тухай ярилцахад гэр бүлийн гишүүдээ урьж болно. Та гэр бүлээрээ улам илүү хайраа үзүүлэх арга замуудын талаар ярилцаж болно.
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Бие биенээ хайрлаач,” Хүүхдийн дууны ном, 74.