“Хавсралт: Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх нь,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“Хавсралт,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023
Хавсралт
Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх нь
Тэнгэрлэг Эцэг танд хайртай, танд итгэдэг бөгөөд чадавхыг тань мэддэг учраас мөнх амьдралын зам болох Өөрийнх нь гэрээний зам дээр гарч, өсөж хөгжихөд нь хүүхдүүддээ туслах боломжоор таныг хангасан билээ (Сургаал ба Гэрээ 68:25–28-ыг үзнэ үү). Энэ нь баптисмын болон ариун сүмийн гэрээнүүд гэх мэт ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахихад бэлтгэхэд нь хүүхдүүддээ туслах явдал юм. Эдгээр гэрээгээр дамжуулан хүүхдүүд тань өөрсдийгөө Аврагч, Есүс Христтэй холбох болно.
Хүүхдүүдээ гэрээний зам дээрх энэхүү аялалд бэлтгэх олон арга зам байдаг бөгөөд Тэнгэрлэг Эцэг тэдэнд туслах хамгийн сайныг нь олж мэдэхэд танд туслах болно. Та сүнслэг удирдамж эрэлхийлэхдээ, төлөвлөсөн хичээлээр бүх зүйлийг сурдаггүй гэдгийг санаарай. Үнэндээ, гэртээ суралцахыг ийм хүчирхэг болгодог зүйлсийн нэг нь өдөр тутмын амьдралын явцад тохиолдож байдаг энгийн, жижиг мөчүүдээр болон үлгэр жишээгээр дамжуулан сурах боломж юм. Гэрээний замыг дагах нь насан туршийн, байнгын үйл явц байдаг шиг уг замын талаар суралцах нь мөн адил үйл явц байдаг. (“Гэр орон ба гэр бүл,” Аврагчийн арга барилаар заах нь [2022], 30–31-ийг үзнэ үү.)
Сүнслэг өдөөлт рүү чиглүүлж болох хэдэн санааг доор оруулав. Та Хүүхдийн хэсэгт хамаарах насны хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын “Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх нь” хэсгээс авч болно.
Баптисм ба гишүүний баталгаа
“[Бидний] орох ёстой хаалга” буюу гэрээний зам нь “наманчлал мөн усаар хийгдэх баптисм” (2 Нифай 31:17) хэмээн Нифай заасан. Та хүүхдүүддээ баптисм болон гишүүний баталгаанд бэлтгэхэд нь туслахын тулд хичээж чармайснаар энэ зам дээрээ баттай зогсоход нь тусалж чадна. Эдгээр хүчин чармайлт нь Есүс Христэд итгэх итгэл болон наманчлалын талаар заахаас эхэлдэг. Эдгээр хүчин чармайлтад бас долоо хоног бүр ариун ёслолоос хүртсэнээр баптисмын гэрээнүүдээ хэрхэн шинэчилдэг тухай заах ордог.
Танд тус болох хэд хэдэн эх сурвалжийг оруулав. Үүнд: 2 Нифай 31; Судруудын удирдамж дахь “Баптисм,” topics.ChurchofJesusChrist.org.
-
Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг тань нэмэгдүүлсэн зүйл тохиолдох бүрд үүнийгээ хүүхэдтэйгээ хуваалцаж байгаарай. Итгэл бол амьдралынхаа турш улам хүчирхэгжүүлж байх зүйл гэдгийг ойлгоход нь хүүхдэдээ тусал. Хүүхэд тань баптисм хүртэхээсээ өмнө Есүс Христэд итгэх итгэлээ улам хөгжүүлэхийн тулд юу юу хийж болох вэ?
-
Хүүхдээ буруу зүйл сонгосон үед наманчлалын бэлгийн талаар хөөрч догдлон ярь. Харин та буруу зүйлийг сонгосон үедээ наманчилснаар мэдэрсэн баяр хөөрөө хуваалцаарай. Есүс Христ бидний гэм нүглийн төлөө зовж шаналан, амиа өгснөөр бидэнд өөрчлөгдөх хүч чадлыг өгсөн гэдгийг гэрчил. Хүүхдээ уучлал гуйх үед баяртайгаар, шууд уучил.
-
Өөрийн баптисмын талаар хүүхдэдээ ярьж өг. Зургуудаа үзүүлж, дурсамжаа хуваалц. Баптисм дээр юу мэдэрч байснаа, баптисмын гэрээнүүд Есүс Христийг илүү сайн мэддэг болоход тань хэрхэн тусалсныг мөн эдгээр нь амьдралыг тань хэрхэн адисалсаар байгаа тухай ярьж өг. Хүүхдээ асуулт тавихад урамшуулан дэмж.
-
Танай гэр бүлээс эсвэл тойргоос хэн нэгэн баптисм хүртвэл хүүхэдтэйгээ хамт очиж үз. Харсан, мэдэрсэн зүйлсийнхээ талаар хүүхэдтэйгээ ярилц. Боломж гарвал, баптисм хүртэж байгаа хүнтэй ярилцаж, “Та яаж ийм шийдвэр гаргасан бэ?” Та хэрхэн бэлдсэн бэ?” гэх мэтчилэн асуугаарай.
-
Хүүхдээ амласныхаа дагуу хийж байгааг анзаарах тоолондоо чин сэтгэлээсээ магт. Амлалтдаа хүрдэг байх нь биднийг баптисм хүртэхэд байгуулдаг гэрээнүүдээ сахихад бэлтгэдэг гэдгийг онцол. Бид баптисм хүртэхдээ Бурханд юу гэж амладаг вэ? Тэр бидэнд юу гэж амладаг вэ? (Мозая 18:8–10, 13-ыг үзнэ үү).
-
Та хүүхэдтэйгээ хамт ямар нэгэн ариун нандин туршлага олж авсан бол (сүм дээр, судар уншиж байхдаа эсвэл хэн нэгэнд үйлчилж байхдаа гэх мэт) өөрт төрсөн сүнслэг мэдрэмж, сэтгэгдлээ хүүхдэдээ хэл. Хүүхдэд тань ямар санагдсаныг өөрөөр нь хуваалцуул. Сүнс хүмүүстэй ярьж болох олон арга замыг, тэр дундаа Түүний тантай хувьчлан ярьдаг арга замуудыг анзаар. Хүүхдэдээ Ариун Сүнсний нөлөөг мэдэрч байгаагаа таньж сурахад нь тусал.
-
Gospel Library дахь “Түүнийг сонс!” цуглуулгын видеонуудаас хэдийг хамтдаа үз. Их Эзэний үйлчлэгчдийн Түүний дуу хоолойг сонсдог янз бүрийн арга замын талаар хамтдаа ярилц. Аврагчийн дуу хоолойг хэрхэн сонсдог талаараа видео бүтээх юм уу зураг зурахыг хүүхдээсээ хүс.
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болсноор та хэрхэн адислагдсанаа ярьж өг. Та бусдад, мөн бусад хүн танд үйлчилснээр та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хэрхэн илүү ойртсон бэ? Сүмийн гишүүний хувьд бусдад үйлчилж, тэднийг хүчирхэгжүүлэх арга замуудын талаар бодоход нь хүүхдэдээ тусал.
-
Ариун ёслолыг гэр бүлийнхээ ариун нандин, баяр хөөртэй үйл явдал болго. Ариун ёслолын үеэр Есүс Христэд анхаарлаа хандуулах арга замуудыг төлөвлөхөд нь хүүхдэдээ тусал. Ариун ёслол бидний хувьд ариун нандин гэдгийг бид хэрхэн харуулах вэ?
-
Найз сэтгүүлд ихэвчлэн хүүхдүүдийг баптисм болон гишүүний баталгаанд бэлтгэхэд туслах нийтлэл, түүх, үйл ажиллагаануудыг нийтэлдэг. Заримыг нь хүүхдээрээ сонгуулж, хамтдаа уншин, баясаж болно.
Санваарын талаар хүүхдүүддээ заах
Санваар бол Өөрийн хүүхдүүдийг адисалдаг Бурханы хүч, эрх мэдэл юм. Бурханы санваар өнөө үед газар дэлхий дээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд байдаг. Гэрээгээ сахидаг Сүмийн бүх гишүүн өөрсдийг нь болон гэр бүлийг нь хүчирхэгжүүлэх Бурханы санваарын хүчийг гэр орондоо байлгахаар адислагддаг (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 3.5-ыг болон ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Энэ хүч гишүүдэд Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг хувийн болон гэр бүлийнхээ амьдралд хийж гүйцэтгэхэд тусална (Ерөнхий гарын авлага, 2.2-ыг үзнэ үү).
Бид ёслолуудыг санваарын эрх мэдлээр хүлээн авдаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Сүмийн дуудлагад үйлчлэхдээ санваарын түлхүүр атгадаг хүмүүсийн удирдлаган доор санваарын эрх мэдлээр үйлчилдэг. Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд буюу охид, хөвгүүд нь санваарыг илүү сайн ойлгодог болсноор адислагдах болно.
Санваарын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл Рассэлл М.Нэлсоны “Сүнслэг эрдэнэс” захиасыг 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 82–85-аас; “Санваарын хүчийн үнэ цэн” захиасыг 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 53–56-аас мөн Ерөнхий гарын авлагын 3-р бүлэг дэх “Санваарын зарчмууд”-ыг тус тус үзнэ үү.
-
Санваарын ёслолуудыг гэр бүлийнхээ амьдралын нэг хэсэг болго. Жишээ нь: Долоо хоног бүр ариун ёслолдоо сүнслэгээр бэлтгэхэд нь хүүхдэдээ тусал. Хүүхдээ өвдөх юм уу хүүхдэд тань тайтгарал, удирдамж хэрэгтэй болсон үедээ санваарын адислал эрэлхийлэхэд урамшуул. Их Эзэн танай гэр бүлийг санваарын хүчээр адисалж буй арга замуудыг зааж өгөх хэвшилтэй бол.
-
Та нар судраас хамтдаа уншихдаа Бурхан Өөрийн хүчээр хүмүүсийг хэрхэн адисалдаг талаар ярилцах боломжуудыг эрэлхийл. Бурхан Өөрийн санваараар дамжуулан таныг адисалж байсан туршлагуудаасаа хуваалц. Санваараар дамжуулан Бурханаас хүлээн авдаг адислалын жишээнүүдийг Ерөнхий гарын авлагын 3.2, 3.5-аас үзнэ үү.
-
Гэр бүлийнхээ хэн нэгний санваарын эрх мэдлийн шугамыг мэдэж ав. (Мелкизедек санваар атгагчид эрх мэдлийн шугамын хуулбараа э-мэйл илгээн авч болно LineofAuthority@ChurchofJesusChrist.org; мөн Тусламжийн төв дэх “Санваарын эрх мэдлийн шугамаа авах хүсэлт гаргах”-ыг үзнэ үү ChurchofJesusChrist.org.) Санваарын эрх мэдэл Есүс Христээс Өөрөөс нь ирдгийг мэдэх нь яагаад чухал болох талаар ярилц. Тэр яагаад үүнийг бидэнд өгдөг вэ?
-
Баптисмын дараа баптисмын гэрээгээ сахиснаар санваарын хүчийг хүлээн авч чадна гэдгийг хүүхдэдээ заа. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Сүнслэг эрдэнэс” захиасыг хамтдаа үзнэ үү (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82–86). Санваарын ёслолууд Бурханы хүчийг таны амьдралд хэрхэн авчирсныг хүүхдэдээ хэл. Бид санваарын хүчээр адислагддаг зарим арга замын жагсаалтыг Ерөнхий гарын авлагын 3.5-аас үзнэ үү.
-
“Их Эзэний үйлчлэгч ямархуу байдаг вэ?” гэсэн асуултыг авч хэлэлц. Сургаал ба Гэрээ 121:36–42-ыг хамтдаа уншаад, хариултуудыг хайж ол. Хүүхдээ (эсвэл өөр хэн нэгнийг) эдгээр шүлэг дээрх аль нэг зарчим эсвэл зан чанарыг хэрэгжүүлж байгааг анзаарах тоолондоо онцлон хэл.
-
Та өөрөө эсвэл таны хүүхэд хаалга онгойлгох юм уу машин асаахаар түлхүүр ашиглах үед эдгээр түлхүүрийг санваарын удирдагчдын атгадаг түлхүүрүүдтэй адилтгаж болно. (Санваарын түлхүүрүүдийн тодорхойлолтыг Ерөнхий гарын авлага, 3.4.1-ээс үзнэ үү). Санваарын түлхүүрүүд бидэнд юуг “нээж өгч” эсвэл “эхлүүлдэг” вэ? Түүнчлэн Гари Э.Стивэнсоны “Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?” захиасыг 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 13–16-аас үзнэ үү ChurchofJesusChrist.org.
-
Та дуудлагад онцгойлон адислагдахдаа, боломжтой бол хүүхдээ байлцуул. Дуудлагаа биелүүлж байгаагаа хүүхдэдээ харуул. Та хүүхдээрээ туслуулж болох тохиромжтой арга замуудыг ч эрэлхийлж болох юм. Дуудлагадаа Их Эзэний хүчийг хэрхэн мэдэрдгээ тайлбарла.
Ариун сүмд орох нь—Нас барагсдын төлөөх баптисм ба гишүүний баталгаа
Ариун сүм бол Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөний нэг хэсэг юм. Ариун сүмд бид Есүс Христ рүү чиглүүлдэг ариун нандин ёслолуудад оролцсоноор Тэнгэрлэг Эцэгтэй ариун гэрээнүүд байгуулдаг. Тэнгэрлэг Эцэг энэ амьдралдаа гэрээ байгуулж, ёслолуудад оролцоогүй хүмүүсийг хүртэл оролцуулаад Өөрийн бүх хүүхдэд тэдгээрийг хүлээн авах боломжийг олгосон. Хүүхэд тань 12 нас хүрэх оныхоо эхэнд, ариун сүмд нас барсан өвөг дээдсийнхээ төлөө баптисм хүртэж мөн гишүүнээр батлуулах насанд хүрэх юм.
Нас барагсдын төлөө гүйцэтгэх баптисм болон гишүүний баталгааны талаар temples.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
-
Нөхцөл байдал бүрдвэл ариун сүмд ойр ойрхон орж бай. Ариун сүмд яагаад очдогоо мөн ариун сүм Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртоход хэрхэн тусалдаг талаар хүүхэдтэйгээ ярилц.
-
Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултуудыг хамтдаа харж, ярилцаж бай. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын үеэр юу болдог тухай хүүхдэдээ ярьж өг. Ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байх нь танд яагаад чухал болохыг хуваалц.
-
Малахи 4:6-г хамтдаа унш. Зүрх сэтгэлээ өвөг дээдэс рүүгээ хэрхэн хандуулах тухай ярилц. Гэр бүлийн түүхээ хамтдаа судлах замаар өвөг дээдсийнхээ тухай илүү ихийг FamilySearch.org-оос олж мэд. Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах хэрэгтэй өвөг дээдсээ хайж ол. Тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх танд тусалж чадна.
-
(Түүнчлэн хүүхдээ ариун сүмд гүйцэтгэх баптисм болон гишүүний баталгаанд бэлтгэх талаар үзнэ үү ChurchofJesusChrist.org.)
Патриархын адислал авах
Патриархын адислал нь удирдамж, тайтгарал, сүнслэг өдөөлтийн эх сурвалж байж болно. Энэ нь Тэнгэрлэг Эцэгээс бидэнд зориулсан хувийн зөвлөгөөг агуулдаг бөгөөд өөрсдийн мөнхийн мөн чанар, зорилгыг ойлгоход тусалдаг. Патриархын адислалын ач холбогдол, ариун нандин мөн чанарыг хүүхдэдээ зааснаар патриархын адислалаа хүлээн авахад бэлтгэ.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл Судруудын удирдамж дахь “Патриархын адислалууд”-ыг мөн topics.ChurchofJesusChrist.org руу орж үзнэ үү.
-
Патриархын адислалаа авсан туршлагаасаа хүүхэдтэйгээ хуваалц. Та патриархын адислалаа авахаар хэрхэн бэлдсэн, энэ нь Бурханд улам ойртоход хэрхэн тусалсан, мөн адислалаа амьдралдаа хэрхэн ашиглаж байгаа талаараа хуваалцаж болно. Та бас хүүхдээ патриархын адислал авсан гэр бүлийн бусад гишүүнтэйгээ ярилцахад урьж болно.
-
Судруудын удирдамжийн “Патриархын адислалууд” дээрх зарим эх сурвалжийг хамтдаа цаг гарган авч үзнэ үү. Патриархын адислалаа хүлээн авах явцын талаар мэдэж авах бол Ерөнхий гарын авлагын 18.17-г үзнэ үү.
-
Хэрэв танд патриархын адислалаа хүлээн авсан өвөг дээдэс байгаа бол заримыг нь хүүхэдтэйгээ хамт уншвал урам өгч магадгүй. Нас барсан өвөг дээдсийнхээ адислалыг гүйцэтгэх хүсэлтээ илгээх бол ChurchofJesusChrist.org руу нэвтэрч ороод, дэлгэцийн баруун дээд талын бүртгэлийн шигтгээ зураг дээр дарж, “Патриархын адислал”-ыг сонго.
-
Хүүхдээ патриархын адислал хүлээн авсных нь дараа, тэнд байсан гэр бүлийнхнээсээ сэтгэгдлээ бичээд хүүхэдтэй тань хуваалцахыг хүс.
Ариун сүмд орох нь—Хишиг хүртэх
Бурхан Өөрийн бүх хүүхдэд “тэнгэрийн хүчээр” (Сургаал ба Гэрээ 95:8) хишиг хүртээх буюу адислахыг хүсдэг. Бид ариун сүмд орж, хувийн хишгээ нэг л удаа хүлээн авдаг боловч Бурхантай байгуулсан гэрээнүүд болон Түүний хишгийн нэг хэсэг болгон бидэнд өгдөг сүнслэг хүч биднийг амьдралын маань өдөр бүр адисалж чадна.
Ариун сүмийн хишгийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл temples.ChurchofJesusChrist.orgРассэлл М.Нэлсоны “Ариун сүмийн адислалуудад бэлтгэгтүн” захиасыг 2010 оны 10-р сарын Лиахона дахь х. 41–51-ээс үзнэ үү.
-
Ариун сүмийн зургийг гэртээ байрлуул. Ариун сүмд мэдэрсэн зүйлсийнхээ талаар хүүхдэдээ ярьж өг. Их Эзэнийг болон Түүний өргөөг хайрладаг хайр, тэнд байгуулсан гэрээнүүдийнхээ тухай байнга ярь.
-
Хамтдаа судал temples.ChurchofJesusChrist.org. Ариун сүмтэй холбоотой зүйл асуух боломжийг хүүхдэдээ олго. Ариун сүмийн гадна ярьж болох зүйлсийн талаар удирдамж авах бол ахлагч Дэвид А.Бэднарын “Хэрэгтэй юм болгоныг олж авахад бэлтгэгдсэн байх нь” захиасыг үзнэ үү (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, ялангуяа “Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн суралцах хөтөлбөр ба ариун сүмийн бэлтгэл” хэсгийг үз).
-
Та хүүхэдтэйгээ бусад ёслолд (ариун ёслол, эдгээх адислал гэх мэт) оролцох юм уу гэрчээр оролцохдоо тухайн ёслолд хамаатай бэлгэдлийн талаар ярилцах цаг гарга. Бэлгэдлүүд юуг төлөөлж байна вэ? Эдгээр нь Есүс Христийг хэрхэн гэрчилдэг вэ? Энэ нь таны хүүхдэд Есүс Христийг гэрчилдэг ариун сүмийн ёслолуудын бэлгэдлийн утгыг тунгаан бодоход бэлтгэхэд тусална.
-
Хүүхдэдээ Мозая 18:8–10, 13 дээр дүрсэлсэн баптисмын гэрээгээ хэрхэн сахиж байгаагаа анзаарахад тусал. Мөн Их Эзэн өөрийг нь хэрхэн адисалж байгааг анзаарахад тусал. Хүүхдийнхээ гэрээнүүдээ сахих чадвартаа итгэх итгэлийг нэмэгдүүл.
-
Ариун сүмийн гэрээнүүд таны сонголтуудыг хэрхэн чиглүүлж, Есүс Христэд улам ойртоход тань тусалсан талаар байнга, илэн далангуй ярьж бай. Та Ерөнхий гарын авлагын 27.2-ыг ашиглан, ариун сүмд бидний байгуулдаг гэрээнүүдийг харж болно.
Номлолд үйлчлэх
Ахлагч Дэвид А.Бэднар “Үйлчлэх дуудлагад бэлтгэхийн тулд таны хийж болох хамгийн чухал цорын ганц зүйл бол номлолд явахаасаа бүр өмнө номлогч болох явдал юм шүү. … Хамгийн чухал нь номлолд явах биш, харин номлогч болж, амьдралынхаа туршид бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчлэх явдал юм. … Та амьдралынхаа туршид номлогч байх ажилд бэлтгэж байна” гэж заасан (“Becoming a Missionary,” Liahona, Nov. 2005, 45–46). Хүүхдийн тань номлогч болсон туршлага зөвхөн түүний номлогчоор үйлчлэх цаг хугацаанд төдийгүй үүрд мөнхөд түүнийг адислах болно.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл Рассэлл М.Нэлсоны “Амар амгалангийн сайн мэдээг номлох нь” захиасыг 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 6–7; М.Рассэлл Баллардын “Номлолын үйлчлэл миний амьдралыг үүрд адисалсан” захиасыг 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 8–10; Номлогчийн бэлтгэл: Номлогчийн амьдралд дасан зохицох нь-ыг үз ChurchofJesusChrist.org.
-
Сайн мэдээг энгийн байдлаар хэрхэн хуваалцахыг жишээгээр үзүүл. Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын талаар болон Түүний Сүмийн гишүүний хувьд хүлээн авдаг адислалуудынхаа талаар бусадтай хуваалцах боломжууддаа үргэлж мэдрэмтгий ханд. Сүмийн болон гэр бүлтэй холбоотой үйл ажиллагаануудад гэр бүлээрээ оролцоход бусдыг урь.
-
Номлогчидтой харилцах боломжуудыг гэр бүлээрээ эрэлхийл. Номлогчдыг найзууддаа заалгахаар урь. Эсвэл өөрийнхөө гэрт хүмүүст сайн мэдээг заахыг санал болго. Номлогчдоос өөрсдийнх нь туршлагын талаар болон номлогчийн үйлчлэл нь Есүс Христэд ойртоход хэрхэн тусалж байгаа талаар асуу. Мөн номлогч болохын тулд юу хийдэг байсныг нь (эсвэл хийдэг байж гэж бодож явдаг зүйлийг нь) асуу.
-
Хэрэв та номлолд үйлчилсэн бол туршлагаа байнга, чөлөөтэй ярьж бай. Эсвэл номлолд үйлчилсэн найз нөхөд, гэр бүлийн гишүүдээ номлолынхоо тухай ярихад урь. Та бас амьдралдаа сайн мэдээг бусадтай хуваалцаж байсан арга замуудаа хуваалцаж болно. Сайн мэдээг хуваалцаж болох арга замуудыг бодож үзэхэд нь хүүхдэдээ тусал.
-
Хүүхдэдээ гэрийнхэндээ сайн мэдээний зарчмуудыг заах боломж олго. Хүүхэд тань бас итгэл үнэмшлээ бусадтай хуваалцах дадлага хийж болно. Жишээ нь: “Мормоны Номын талаар огт сонсож байгаагүй хүнд та үүний тухай хэрхэн танилцуулах вэ?” эсвэл “Христийн шашингүй хүнд Аврагчийн хэрэгцээг та хэрхэн тайлбарлах вэ?” гэх мэт асуултуудыг ярилцаж болно.
-
Хүүхдээ хүмүүстэй ярихад таатай ханддаг болоход нь тусал. Харилцан яриа өрнүүлэх ямар сайн аргууд байдаг вэ? Бусдын яриаг сонсоод, сэтгэл санааг нь ойлгож, хүмүүсийн амьдралыг адисалж болох сайн мэдээний үнэнүүдийг хуваалцаж сурахад нь хүүхдээ урамшуул.
-
Хүүхдэдээ бусад соёл, итгэл үнэмшлийн талаар суралцах боломжуудыг эрэлхийл. Бусдын итгэл үнэмшлээс сайн сайхан, үнэн зарчмуудыг олж харж, хүндэтгэлтэй хандахад нь хүүхдэдээ тусал.
Ариун сүмд орох нь—Лацдан холболт
Ариун сүмд эхнэр, нөхөр хоёр мөнхөд гэрлэдэг. Үүний тулд лацдан холболт хэмээх ёслолыг гүйцэтгэдэг. Хэдийгээр энэ ёслол таны охин эсвэл хүүгийн хувьд олон жилийн дараах зүйл байж болох ч энэ хэдэн жил та нарын хамтдаа хийдэг энгийн, жижиг, тогтмол зүйлс хүүхдийг тань энэ гайхалтай адислалд бэлтгэж чадна.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл Судруудын удирдамж дахь “Лацдах, лацдалт”-ыг үз topics.ChurchofJesusChrist.org.
-
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг ChurchofJesusChrist.org. Энэ тунхаг гэр бүлийн амьдралын аз жаргал болон амжилттай гэрлэлтийн тухай юу заадаг вэ? Хүүхэдтэйгээ хамт энэ тунхаг дээрх зарчмуудын нэгийг сонгож, судал. Та энэ зарчимтай холбоотой судруудыг Судруудын удирдамж дээрээс харж болно. Та бас энэ зарчмыг гэр бүлдээ илүү бүрэн дүүрэн хэрэгжүүлж болох зорилго тавьж болох юм. Та зорилго дээрээ ажиллахдаа, энэ зарчмыг хэрэгжүүлэх нь гэр бүлийн амьдралд ямар нөлөө үзүүлж байгааг хамтдаа ярилц.
-
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Авран хадгалдаг тэднийг магтъя” захиасыг хүүхэдтэйгээ хамт уншина уу (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60). Амархан хаяж, орхидог нийгэм гэсэн хэсэг дээр очоод, та гэр орон дахь амархан хаяж, орхиж болох болохгүй зүйлсийг хайж олж болно. Та удаан хадгалж үлдэхийг хүссэн зүйлдээ хэрхэн өөрөөр ханддаг тухайгаа ярилц. Энэ нь гэрлэлт болон гэр бүлийн харилцаанд хэрхэн хандах ёстой талаар бидэнд юу санал болгож байна вэ? Аврагч бидэнд хүчирхэг гэрлэлт, гэр бүлийг бий болгоход хэрхэн тусалдаг талаар ерөнхийлөгч Угдорфын захиасаас бид өөр юу сурч болох вэ?
-
Хэрэв та гэрлэсэн бол ханьтайгаа хамт сайн хийж байгаа гэж бодож байгаа зүйлүүд мөн суралцаж байгаа болон сайжруулах гэж хичээж байгаа арга замуудынхаа талаар хүүхэдтэйгээ нээлттэй хуваалцдаг бай. Хэрэв та ханьтайгаа ариун сүмд лацдан холбогдсон бол өөр хоорондоо болон Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ сахихаар хэрхэн хичээж байгаагаа хүүхдэдээ үлгэр жишээгээрээ харуул. Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрыг харилцааныхаа төв болгох гэж хэрхэн хичээж байгаа мөн Тэд танд хэрхэн тусалж байгааг хүүхдэдээ хэл.
-
Гэр бүлийн шийдвэр гаргах шаардлага тулгарвал гэр бүлээрээ зөвлөлдөж, хэлэлц. Гэр бүлийн бүх гишүүний санаа бодлыг сонсож, үнэлэх ёстой. Хэдийгээр хүн бүр адил өнцгөөс харахгүй байсан ч эдгээр ярилцлагыг гэр бүлийн харилцаан дахь эрүүл харилцаа болон сайн сайхныг бий болгох боломж болгон ашигла.
-
Гэр бүлд санал зөрөлдөөн, зөрчилдөөн үүссэн үед тэвчээртэй, нигүүлсэнгүй ханд. Зөрчилдөөнийг Христийнхтэй адил арга замаар зохицуулах нь түүнийг хэрхэн аз жаргалтай гэрлэлтэд бэлтгэж болохыг олж харахад нь хүүхдэдээ тусал. Сургаал ба Гэрээ 121:41–42-ыг хамтдаа уншаад, эдгээр шүлэг дээрх зарчмууд гэрлэлттэй ямар хамаатай талаар ярилц.