“12-р сарын 25–31. Илчлэл 15–22: ‘Ялагч нь үүнийг өвлөнө,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“12-р сарын 25–31. Илчлэл 15–22,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
12-р сарын 25–31
Илчлэл 15–22
“Ялагч нь үүнийг өвлөнө”
Сурах шаардлагагүй, аль хэдийн бүгдийг мэдсэн гэсэн өрөөсгөл ойлголт заримдаа бидэнд сурч мэдэхэд хамгийн том саад болдог. Та судраас уншихдаа Их Эзэний өөрт тань өгөхийг хүсэж буй шинэ ойлголтод нээлттэй бай.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Илчлэл номын эхэнд Аврагч Өөрийгөө “Альфа ба Омега” (Илчлэл 1:8) хэмээн тунхагласныг та санаж байгаа байх. Түүнчлэн энэ нь “Эхлэл ба Төгсгөл нь Би байгаа юм” (Илчлэл 22:13) гэсэн ижил утгатай үгээр төгсдөг. Гэхдээ энэ нь юу гэсэн утгатай вэ? Юуны эхлэл, юуны төгсгөл вэ? Илчлэл ном нь Есүс Христ бол бүх зүйлийн буюу хүн төрөлхтний оршин тогтнол, аврал гэх агуу, гайхамшигт жүжгийн зохиолын эхлэл ба төгсгөл гэдгийг хүчирхгээр гэрчилдэг. Тэр бол “ертөнцийн сууриас хойш алагдсан Хурга” (Илчлэл 13:8) юм. Тэр бол ёс бус байдал, уй гашуу, бүр үхлийн төгсгөлийг авчирдаг, “шинэ тэнгэр, шинэ газарт” (Илчлэл 21:1) хөтлөн оруулдаг Хаадын Хаан юм.
Гэвч энэ шинэ тэнгэр, шинэ газрыг авчрахын өмнө бид тахал, дайн тулаан, газар авч буй ёс бус байдал гээд Илчлэл номд тодорхой тайлбарласан олон зүйлийг даван туулах ёстой. Гэхдээ Есүс Христ энэ үед ч гэсэн бидэнтэй хамт байна. Тэр бол тун удахгүй үүр цайна гэх амлалтын үеэр харанхуй тэнгэрт гэрэлтдэг “өглөөний гэрэлт од” (Илчлэл 22:16) юм. Энэ нь удахгүй тохиож, Тэр ирж байна. Тэр “Над дээр ир” (Матай 11:28) хэмээн биднийг урьдаг шигээ Тэр бас бидэн дээр ирдэг. “Би удахгүй ирнэ” хэмээн Түүнийг тунхаглахад бид хожмын өдрийн зовлонгийн галд ариуссан найдвар, итгэлээр “Ирээрэй, Эзэн Есүс ээ!” (Илчлэл 22:20-ийг үзнэ үү) хэмээн хариулдаг.
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Их Эзэн намайг Вавилоноос зугтаж, “ариун хотыг” өвлөн авахыг урьдаг.
Иохан хожмын үеийн устгал мөн аюулыг харсныхаа дараа Их Эзэний “Харагтун, Би бүх юмсыг шинэ болгож байна” (Илчлэл 21:5) хэмээх тунхгаар хураангуйлж болох ирээдүйг харсан. Энэ нь юу гэсэн үг болохыг ойлгох нэг арга бол дэлхийн болон ёс бус байдлын бэлгэдэл болох Вавилоны талаарх Иоханы дүрслэлийг (Илчлэл 16–18-ыг үзнэ үү) Бурханы оршихуйн селестиел алдар суугийн бэлгэдэл болох шинэ Иерусалимын талаарх дүрслэлтэй (Илчлэл 21–22-ыг үзнэ үү) харьцуулах явдал юм. Доорх санаанууд танд тусалж болно.
Вавилон |
Шинэ Иерусалим |
---|---|
Вавилон | Шинэ Иерусалим |
Вавилон | Шинэ Иерусалим |
Вавилон | Шинэ Иерусалим |
Вавилон | Шинэ Иерусалим |
Вавилон | Шинэ Иерусалим |
Та өөр ямар ялгаатай талуудыг олж харсан бэ?
“Вавилоноос гарагтун” (Илчлэл 18:4) гэдэг нь таны хувьд юу гэсэн үг болохыг та тунгаан бодож болно. Таныг ийн үйлдэхэд урамшуулсан ямар зүйлийг та Илчлэл 21–22-оос олж мэдсэн бэ?
Бурханы бүх хүүхэд амийн номын дагуу шүүгдэх болно.
Нэгэн зохиолч танд амьдралын тань тухай ном бичих санал тавьсан гэж бод. Та ямар туршлага, мэдээллийг оруулахыг хүсэх вэ? Таны ирээдүйн үйлдэл ч бас бичигдэнэ гэдгийг мэдвэл та амьдралдаа хэрхэн өөрөөр хандах вэ? Илчлэл 20:12–15-ыг уншихдаа энэ талаар бодоорой. Амийн номд таны тухай юу бичигдэнэ гэж та найдаж байна вэ? Та амьдралынхаа номон дахь Аврагчийн үүргийг хэрхэн дүрслэх вэ? Таны бодлоор үүнийг “Хурганы амийн ном” гэж нэрлэсэн нь яагаад чухал вэ? (Илчлэл 21:27).
Бурханы өмнө шүүгдэхээр зогсоно гэсэн бодол танд таатай санагдахгүй байвал Илчлэл 21:1–4-ийг уншаарай. Эдгээр шүлгийн талаар ахлагч Дийтр Ф.Угдорф ийн хэлсэн.
“Шүүлтийн өдөр нь харууссан зүрх эдгээгдэн, харууслын нулимс талархлын нулимсаар солигдож, бүх зүйл зөв болох нигүүлсэл, хайрын өдөр байх болно. Тийм ээ, нүглийн улмаас илүү их гашуудах болно. Бид бас өөрсдийг маань илүү агуу ирээдүйд хүргэх боломжуудыг алдахад хүргэсэн алдаа, мунхаглал, зөрүүд зангаасаа болсон харамсал, тэр ч бүү хэл цөхрөлийг мэдрэх болно.
Гэхдээ бид Бурханы шүүлтэд сэтгэл хангалуун байгаад зогсохгүй хүүхдүүд биднийгээ гэсэн Түүний хязгааргүй ач ивээл, нигүүлсэл, өгөөмөр зан, хайранд гайхширч, цочирдоно гэдэгт би итгэлтэй байдаг” (“Ай Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу билээ!,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5).
Эдгээр илчлэлт таны Эцсийн шүүлтийг харах өнцөгт хэрхэн нөлөөлөх вэ? Эдгээр үнэн амьдралдаа юуг өөрчлөхөд таныг сүнслэгээр өдөөж байна вэ?
Судруудын удирдамж дахь “Амьдралын ном”-ыг үзнэ үү.
Эдгээр шүлэг Ариун Библиэс гадна ямар ч нэмэлт судар байж болохгүй гэсэн утгыг илэрхийлж байна уу?
Зарим хүн Мормоны Номыг болон хожмын үеийн бусад судрыг хүлээн авахгүй байх шалтгааныг тоочихдоо Илчлэл 22:18–19-ийг эш татдаг. Та энэ хүлээн авахгүй байх явдлын хариултыг ахлагч Жэффри Р.Холландын “My Words … Never Cease” захиасаас олж болно (Liahona, May 2008, 91–94).
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Илчлэл 15:2–4.Танай гэр бүл “Мосегийн дуу,” “Хурганы дуу” гардаг эдгээр шүлгийг ярилцахдаа Гэтлэл 15:1–19 дээрх Мосегийн дууг болон Сургаал ба Гэрээ 84:98–102 гэх мэт судрууд дээрх бусад дууг уншиж болох юм. “Араатныг ялсан” (Илчлэл 15:2) хүмүүст яагаад ийм дуунуудыг дуулмаар санагддаг юм бол? Танай гэр бүл ч гэсэн сүмийн дуулал юм уу хүүхдийн магтуу дууг дуулж болох юм.
-
Илчлэл 19:7–9.Магадгүй та нар гэр бүлийнхээ түүхээс хуримын зургуудаа үзэж эсвэл гэр бүлийнхээ хуримын баярт оролцож байсан үеийн тухай ярилцаж болно. Яагаад гэрлэлтийг Их Эзэний Сүмтэй байгуулсан гэрээтэй харьцуулахад тохиромжтой байдаг вэ? (Мөн Матай 22:1–14-ийг үзнэ үү.)
-
Илчлэл 20:2–3.1 Нифай 22:26 нь Сатан “хүлэгдэх” гэдэг нь ямар утгатайг ойлгоход маань хэрхэн туслах вэ?
-
Илчлэл 22:1–4.Аврагчийн нэр духан дээр нь байна гэдэг нь юу гэсэн үг вэ? (Илчлэл 22:4-ийг мөн Гэтлэл 28:36–38; Мозая 5:7–9; Алма 5:14; Моронай 4:3; Сургаал ба Гэрээ 109:22-ыг болон Дэвид А.Бэднарын “Нэр алдрыг хүндтэйгээр хадгалж мөн зогсох нь” хэлсэн үгийг 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 97–100-аас үзнэ үү).
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Түүнийг дэлхийд дахин ирэхэд,” Хүүхдийн дууны ном, 46–47.