“12-р сарын 4–10. Илчлэл 1–5: ‘Хурганд … алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“12-р сарын 4–10. Илчлэл 1–5,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023
12-р сарын 4–10
Илчлэл 1–5
“Хурганд … алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай”
Илчлэлээс уншсан зүйлийн тань талаар асуух зүйл байвал бичиж тэмдэглэ. Та асуултуудынхаа хариултыг хайж эсвэл тэдгээрийн талаар гэр бүлийнхэнтэйгээ юм уу Сүмийн ангидаа ярилцаж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Танд хүчтэй сүнслэг үйл явдал болох үед юу мэдэрснээ бусдад илэрхийлж чадахгүй үе тохиолдож байсан уу? Өдөр бүр хэрэглэгддэг үг хэллэг сүнслэг мэдрэмж, сэтгэгдлийг дүрслэхэд хангалтгүй санагдаж болно. Тиймээс Иохан сүр жавхлант илчлэлтээ дүрслэхдээ баялаг бэлгэдэл, дүрслэлийг ашигласан байж болох юм. Тэрээр Есүс Христийг харсан гэдгээ энгийнээр бичиж болох байсан ч үйл явдлыг нь ойлгоход бидэнд туслахын тулд Аврагчийг дүрслэхдээ “Түүний нүд нь галын дөл адил,” “хоёр талдаа иртэй хурц илд амнаас нь цухуйх бөгөөд нүүр нь хурцаар гэрэлтэх нар мэт байв” (Илчлэл 1:14–16) хэмээх үгсийг ашигласан. Та Илчлэл номыг уншихдаа бэлгэдэл бүрийн цаад утгыг ойлгохгүй байсан ч ойлгож, мэдрээсэй гэж хүссэн Иоханы захиасуудыг олж нээхийг хичээ. Тэр яагаад Сүмийн цугларагсдыг дэнлүүний сууриудтай, Сатаныг луутай, Есүс Христийг хургатай зүйрлэсэн байж болох вэ? Эцсийн дүнд та Есүс Христ, Түүний дагалдагчид хүмүүний болоод Сатаны хаант улсуудын дээр ялалт байгуулах болно гэсэн хамгийн чухал сэдвүүдийг ойлгохын тулд Илчлэл номон дахь бэлгэдэл бүрийг ойлгох шаардлагагүй.
Хувиараа судраас судлахад зориулсан санаа
Иоханы үзэгдэлд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээ аврах төлөвлөгөөний талаар заадаг.
Илчлэл номыг ойлгоход хэцүү байж болох ч бүү шантраарай. Иоханы дараах амлалт таныг үргэлжлүүлэн хичээхэд сүнслэгээр өдөөж болох юм. “Энэхүү бошиглолын үгсийг уншдаг мөн сонсож, ойлгодог, түүнчлэн тэнд бичигдсэн зүйлүүдийг сахидаг тэд адислагдсан болой, учир нь Их Эзэний ирэлтийн цаг ойрхон байна” (Иосеф Смитийн Орчуулга, Илчлэл 1:3 [Судруудын удирдамж дахь], тодотгол нэмэгдсэн).
Илчлэл номыг судлах нэг арга зам бол авралын төлөвлөгөөтэй холбоотой зүйлсийг олох явдал юм. Энэ ерөнхий тойм танд тусалж магадгүй. Үүнд:
-
5, 12-р бүлэг нь мөнх бус амьдралын өмнөх амьдралын үйл явдлуудыг дүрсэлдэг.
-
6–11, 13–14, 16–19-р бүлэгт мөнх бус амьдрал, дэлхийн түүхэд болсон үйл явдлуудыг дүрсэлдэг.
-
2–3, 15, 20–22-р бүлэгт Эцсийн шүүлтийг болон итгэгчдийг хүлээж буй алдар сууг дүрсэлдэг.
Уншиж байхдаа өөрөөсөө “Энэ нь надад Бурханы төлөвлөгөөний талаар юу зааж байна вэ? Бузар мууг ялан дийлж, Бурханд эргэн очиход минь туслахын тулд Тэр юу хийсэн бэ? Итгэлтэй хүмүүст Тэр ямар амлалтууд өгсөн бэ?” гэж асуугаарай.
Сургаал ба Гэрээ 77 нь Илчлэл номд ашигласан зарим бэлгэдлийг тайлбарладаг гэдгийг мэдэх нь бас тустай байж болох юм. Үүнээс гадна Иосеф Смитийн Орчуулга Илчлэл номын хэд хэдэн хэсгийг тодруулсан байдаг тул зүүлт тайлбар болон Судруудын удирдамжийг тогтмол шалгаж үзээрэй.
Мөн Судруудын удирдамж дахь “Иохан, Зебедийн хүү,” “Иоханы илчлэлт” зэргийг үзнэ үү.
Есүс Христ бол амьд Бурханы амьд Хүү юм.
Илчлэл номын эхний бүлэгт Есүс Христ Иоханд үзэгдсэн тухай гардаг. Магадгүй та Есүс Христийн хэн болох, Тэр бидний төлөө юу хийсэн, Тэр ямар хүн бэ? гэх мэт Түүний талаар энэ бүлэгт гарсан бүх зүйлийг жагсааж бичиж болох юм.
Та зарим зүйлийг бэлгэдлүүдээс сурч мэдсэн байж болно. Эдгээр бэлгэдлээр дамжуулан Их Эзэн Өөрийнхөө тухай танд юу заахыг хичээж байгааг тунгаан бод. Жишээлбэл, Аврагч Өөрийгөө “эхлэл ба төгсгөл,” “эхэн ба эцэс” гэж нэрлэснийг анзаар. Эдгээр нэр цол яагаад чухал гэж та бодож байна вэ? Эдгээр нэр цол Аврагчийн талаар танд юу зааж байна вэ?
Есүс Христ намайг хэн болохыг мэддэг бөгөөд сорилтоо даван туулахад надад тусална.
Илчлэл 2–3 дээрх Аврагчийн үгс Тэрээр Иоханы амьдарч байсан үеийн Сүмийн салбар бүрийн өөр өөрийн гэсэн амжилт, бэрхшээлийг ойлгодог байсан гэдгийг илэрхийлдэг. Тэрээр гэгээнтнүүдийн хичээл зүтгэлийг сайшааж мөн өөрчлөх шаардлагатай зүйлсийн талаар тэдэнд анхааруулсан. Та эдгээр шүлэг дээрх Аврагчийн магтаал болон анхааруулгаас юу сурч мэдсэн бэ?
Аврагч бас таны амжилт, зовлонг ойлгодог бөгөөд Тэр танд туслахыг хүсдэг. Ялан дийлдэг хүмүүст Түүний байнга өгдөг амлалтуудыг анхаар. Эдгээр амлалтаас юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Их Эзэн таныг юуг ялан дийлээсэй хэмээн хүсдэг вэ? Бид Түүний тусламжийг авахын тулд юу хийж болох вэ?
Зөвхөн Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг боломжтой болгож чадсан.
Та Илчлэл 4-өөс Тэнгэрлэг Эцэгийн талаар, Илчлэл 5-аас Есүс Христийн талаар юу сурч мэдсэн бэ? Есүс Христ (“Хурга”) Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг бид бүгд ойлгох үед ямар байсныг бодоод үзээрэй (Аврагч “номыг нээж, … долоон лацыг тайлж” чадна [Илчлэл 5:5]). Есүс Христ яагаад үүнийг хийж чадах цорын ганц хүн байсан бэ? Та Аврагчийнх нь хувьд Түүнд итгэх итгэлээ хэрхэн үзүүлж болох вэ?
Мөн Иов 38:4–7; Сургаал ба Гэрээ 77:1–7-г үзнэ үү.
Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа
-
Илчлэл 1:20.Есүс яагаад Сүмээ лааны суурьтай зүйрлэсэн бэ? (Матай 5:14–16-г үзнэ үү). Бид хэрхэн лааны суурин дээрх гэрэл шиг байж чадах тухай “Үргэлж гэрэлт” гэх мэт дууг дуул (Хүүхдийн дууны ном, 96).
-
Илчлэл 2–3.Иохан амьдарч байсан цаг үеийнхээ сүмүүдэд өгснийхөө адил захиасыг танай гэр бүлд өгч байна гэж бод. Юу нь сайн байна гэж тэр хэлэх байсан бэ? Та хэрхэн сайжирч болох вэ?
-
Илчлэл 3:15–16.Эдгээр шүлгийг уншсаныхаа дараа танай гэр бүлийнхэн хүйтнээрээ ч халуунаараа ч илүү гоё амтагддаг бүлээн ундаа ууж болох юм. Сүнслэг байдлаар бүлээн байна гэдэг нь ямар утгатай вэ?
-
Илчлэл 3:20.Гэрийнхнийгээ Илчлэл 3:20-ийг уншиж байх үед, хаалга тогшиж буй Аврагчийн зургийг үзүүл (энэ тоймын төгсгөлийг үзнэ үү). Есүс яагаад зүгээр орж ирэхийн оронд тогшдог вэ? Гэр бүлийн гишүүд ээлжлэн хаалга тогшиж болно. Дараа нь хэн нэгэн нь Аврагчид “хаалгаа нээж” болох нэг аргыг хэлээд, гэр бүлийнхээ гишүүнийг оруулж болно. Аврагчийг гэртээ оруулахад ямар байх вэ?
-
Илчлэл 4:10–11.Тэнгэрлэг Эцэгээ шүтэн биширнэ гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? Түүний талаарх ямар мэдлэг Түүнийг шүтэн бишрэхэд хүргэдэг вэ?
-
Илчлэл 5:6, 12–13.Яагаад Есүс Христийг хурга хэмээн дууддаг вэ? Энэ нэр бидэнд Түүний талаар юу зааж байна вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.
Санал болгох дуу: “Есүс даруухан төрсөн,” Дуулал, д. 104.