Шинэ Гэрээ 2023
12-р сарын 11–17. Илчлэл 6–14: “Тэд … Хурганы цусаар ялжээ”


“12-р сарын 11–17. Илчлэл 6–14: ‘Тэд … Хурганы цусаар ялжээ’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)

“12-р сарын 11–17. Илчлэл 6–14,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2023

Оддын дунд зогсож буй Есүс

Эрик Жонсоны зохиомжит зураг: The Grand Council, Робэрт Т.Баррэтт; оддын бөөгнөрлийг Европын сансрын агентлагийн зөвшөөрлөөр нийтлэв

12-р сарын 11–17

Илчлэл 6–14

“Тэд … Хурганы цусаар ялжээ”

Ерөнхийлөгч Боид К.Пакэр ”Эхний үед судруудын хэл танд хачирхалтай санагдаж мэднэ, тэглээ ч гэсэн уншаад л бай. Удалгүй та судруудын сайхныг болон тэдгээрт агуулагддаг хүч чадлыг олж мэдэх болно” хэмээн зөвлөсөн (“Сүнслэг хамгаалалтын түлхүүр,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

“Хэвлийдээ үртэй … төрөхөөр өвдөж” байгаа эмэгтэйг төсөөлөн бод. Одоо “долоон толгойтой, арван эвэртэй агуу том улаан луу” уг эмэгтэйн дээрээс “төрмөгц хүүхдийг нь залгихын тулд” (Илчлэл 12:2–4) бэлэн байж байна гэж төсөөл. Иоханы илчлэл номон дахь эдгээр шүлгийг ойлгохын тулд эдгээр дүр зураг Сүм, Бурханы хаант улс, тэдэнд учрах аюул эрсдэлийг төлөөлж байгаа гэдгийг санаарай. Иоханы үед хүнд мөрдлөг хавчлагыг биеэр үзсэн ариун хүмүүсийн хувьд хилэнцийг ялахгүй мэт санагдаж байсан байх. Энэхүү ялалтыг бидний үед ч гэсэн дайсан “ариун хүмүүстэй дайн хийж,” “аливаа овог, ард түмэн, хэлтэн, үндэстнүүдийг захирах эрх мэдэлтэй” (Илчлэл 13:7) байгаа үед урьдчилан харахад хэцүү байж болно. Гэвч Иоханы илчлэл эцэст нь хилэнцийг сайн сайхан ялан дийлэх болно гэдгийг алдар суутайгаар харуулдаг. Вавилон нурах болно. Ариун хүмүүс цагаан дээлтэй, “үлэмж их зовлонгоос” гарч ирэгсэд бөгөөд тэдний дээл хэзээ ч толботож байгаагүйдээ бус харин тэд “дээлээ Хурганы цусаар угааж цагаан болго[но]” (Илчлэл 7:14).

хувиараа суралцах шигтгээ зураг

Хувиараа судраас судлахад зориулсан санаа

Илчлэл 6–11

Иохан дэлхийн түүхийн, ялангуяа хожмын өдрүүдэд болох олон үйл явдлыг харсан.

Эдгээр бүлгээс та долоон тамгатай номын тухай унших болно. Хэрэв та энэ нь юу гэсэн утгатай үг юм бол гэж бодож байгаа бол та ганцаараа ийн бодоогүй. Бошиглогч Иосеф Смит хүртэл ингэж бодож байсан. Энэ ном болон үүний тамганууд нь энэ дэлхийн түүхийг буюу “цаг зуурын оршин тогтнолыг” мөн тамга бүр мянган жилийг төлөөлж байгааг Их Эзэн Иосеф Смитэд илчилжээ (Сургаал ба Гэрээ 77:6–7-г үзнэ үү). Иоханы үзэгдэлд эхний дөрвөн лацын үйл явдлуудыг ердөө найман шүлэгт хураангуйлсан гэдгийг мэдэх нь танд сонирхолтой байж магадгүй (Илчлэл 6:1–8). Дараагийн гурван шүлэг нь тав дахь лацыг дүрсэлдэг (9–11-р шүлэг). Сүүлийн хоёр лацын үйл явдал нь Илчлэл номын үлдсэн ихэнх хэсгийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, Иоханы үзэгдлийн үндсэн хэсэг бол эцсийн буюу бидний өдрүүд юм. Та уншиж байхдаа, Иоханы хожмын өдрүүдийн талаар юу бичсэнийг мэдэх нь яагаад үнэ цэнтэй болохыг тунгаан бод.

Иоханы бошиглосон үйл явдлуудын талаар уншихдаа дараах зөвлөмж болон асуултуудыг авч үз.

  • Израилыг цуглуулах ажлын талаар бодож, Илчлэл 7-г уншина уу. Энэ ажлын талаар танд ямар бодол төрж байна вэ? (мөн Сургаал ба Гэрээ 77:8–11-ийг үзнэ үү). 13–17-р шүлгээс Есүс Христийн тухай мөн Түүнд ирэх хүмүүсийн талаар та юу мэдэж авсан бэ?

  • 8; 9; 11-р бүлгүүд хожмын өдрүүдэд болох үйл явдлуудын талаар юу зааж байна вэ? (мөн Сургаал ба Гэрээ 77:12–13, 15-ыг үзнэ үү). Бид эдгээр үйл явдалд сүнслэг байдлын хувьд хэрхэн бэлдэж чадах вэ?

  • Илчлэл 10-т тэнгэр элчийн Иоханд өгөөд, ид хэмээн тушаасан нэгэн номын тухай өгүүлдэг. Энэ нь юуг бэлгэддэг вэ? (Сургаал ба Гэрээ 77:14-ийг үзнэ үү).

Илчлэл 12–13

Тэнгэр дэх дайн дэлхий дээр үргэлжилдэг.

Бид тэнгэр дэх дайны тухай тийм ч их зүйл мэдэхгүй ч Илчлэл 12:7–17-д үүний талаар тодорхой атлаа товчхон дүрсэлсэн байдаг. Та эдгээр шүлгийг уншихдаа өөрийгөө мөнх бус байдлын өмнөх оршихуй дахь зөрчилдөөний нэг хэсэг болж байна гэж төсөөл. Сатаныг хэрхэн ялсан тухай та юу мэдэж авсан бэ? (11-р шүлэг).

Сатаны “Есүсийн гэрчлэлийг сахидаг [тэдэнтэй] дайтах[ыг]” (Илчлэл 12:17) эрэлхийлэн тэнгэрт эхлүүлсэн дайн дэлхий дээр үргэлжилсэн. Тэр өнөөдөр тэрхүү дайныг хэрхэн өрнүүлж байгаа талаар та Илчлэл 13-аас юу сурч мэдсэн бэ? “Хурганы цус” болон “[таны] гэрчлэлийн үгс” (Илчлэл 12:11) энэ дайнд танд хэрхэн тусалсаар байна вэ?

Мөн 1 Нифай 14:12–14; Моронай 7:12–13; Мосе 4:1–4; Сургаал ба Гэрээ 29:36–37-г үзнэ үү.

Илчлэл 14:6–7

“Өөр нэгэн тэнгэр элчийг … би харав. Мөнхийн сайн мэдээ түүнд байна.”

Эдгээр шүлэг дэх бошиглолын нэгэн биелэл бол Моронай Иосеф Смитэд үзэгдсэн мөн түүний орчуулж, Мормоны Ном болгон хэвлэсэн цэдгүүд рүү түүнийг аваачсан явдал юм. Энэхүү ном нь “аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд” тунхаглахаар бидэнд зарлигласан “мөнхийн сайн мэдээ” (Илчлэл 14:6)-г агуулдаг.

Үүрдийн сайн мэдээг сэргээхэд байлцсан бусад тэнгэр элчийн талаар олж мэдье гэвэл Сургаал ба Гэрээ 13; 27:5–13; 110:11–16; 128:20–21-ийг үзнэ үү.

Түүнчлэн “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”-ийг үзнэ үү (ChurchofJesusChrist.org).

гэр бүлээрээ суралцах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судраас судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаа

Илчлэл 7:9, 13–15.Эдгээр шүлэг нь бид яагаад баптисм болон ариун сүмийн ёслолуудад цагаан хувцас өмсдөг тухай юу зааж байна вэ?

Илчлэл 7:14–17.Эдгээр шүлэг дэх Их Эзэний амлалтын талаарх бодол санаагаа хуваалцахад гэр бүлийн гишүүдээ уриал. “Үлэмж их зовлонтой” (14-р шүлэг) байх үед Түүний амлалтууд бидэнд хэрхэн туслах вэ?

Илчлэл 12:7–11; 14:6.Гэр бүлийн зарим гишүүнд Илчлэл номд дүрсэлсэн үзэгдлийг зурах нь таалагдаж магадгүй. Тухайлбал, Илчлэл 12-т тулгуурлан зурах нь Тэнгэр дэх дайны тухай хэлэлцэхэд хүргэж болох юм (7–11-р шүлгийг үзнэ үү). Илчлэл 14:6 дээр тулгуурласан зургууд нь сайн мэдээний Сэргээлтийн тухай хэлэлцэхэд хүргэж болно.

Илчлэл 14:6-г хамт уншсаны дараа, тэнгэр элч Моронайн болон өнөө үед сайн мэдээг сэргээхэд тусалсан бусад тэнгэр элчийн зургийг үзүүлэхийг бод (энэ тоймын төгсгөлд байгаа зургуудыг үзнэ үү). Магадгүй гэр бүлийн гишүүд эдгээр зургийг нэг нэгээр нь ээлжлэн бариад, тэнгэр элч нар “[бидэнд] номлох үүрдийн сайн мэдээг авч ирсэнд” талархаж байгаа шалтгаанаа хуваалцаж болох юм.

Илчлэл 12:11.“Гэрчлэлийн үгээр” гэдэг нь ямар утгатай байж болох вэ? Есүс Христийн талаарх гэрчлэл маань Сатаныг ялан дийлэхэд бидэнд болон бусдад хэрхэн туслах вэ?

Илчлэл 13:11–14.Мэхлэгч араатны талаар танай гэр бүлийнхэн ямар бодолтой байна вэ? Бид өнөөгийн дэлхийгээс олж харж болох хууран мэхлэлтийг хэрхэн илрүүлж, түүнээс зайлсхийх вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Би зоригтой байна,” Хүүхдийн дууны ном, 85.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Сударт бүрэн авт. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Өдөр бүр Бурханы үгэнд шимтэх нь гай гамшиг улам бүр ихсэж буй энэ үед сүнслэг байдлын хувьд амьд гарахад нэн чухал” гэж заажээ (“Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108). “Бурханы үгэнд шимтэх” гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ?

Христ хаалга тогшиж байгаа нь

Зүүн дээд талаас цагийн зүүний дагуу: Моронай алтан ялтаснуудыг хүргэж байгаа нь, Гари Л.Капп; Миний нөхөд үйлчлэгч та нарт, Линда Көрли Кристэнсэн, Майкл Т.Малм (Баптисч Иохан Иосеф Смитийг Аароны санваарт томилсон нь); Хаант улсын түлхүүрүүд, Линда Көрли Кристэнсэн, Майкл Т.Малм (Петр, Иаков, Иохан нар Иосеф Смитийг Мелкизедек санваарт томилсон нь; Көртландын ариун сүм дэх үзэгдэл, Гари И.Смит (Мосе, Елиас, Елиа нар Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт үзэгдсэн нь).