“2-р сарын 24-өөс 3-р сарын 1. 2 Нифай 26–30: ‘Ер бусын үйл мөн гайхамшиг,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“2-р сарын 24-өөс 3-р сарын 1. 2 Нифай 26–30,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020
2-р сарын 24-өөс 3-р сарын 1
2 Нифай 26–30
“Ер бусын үйл мөн гайхамшиг”
Та ангийнхаа хүүхдүүдэд зориулан сурах үйл ажиллагааг төлөвлөж эхлэхээсээ өмнө 2 Нифай 26–30-ийг судал. Энэ нь төлөвлөхөд тань удирдах Сүнсийг урих болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Мормоны Номыг гартаа бариад, Мормоны Ном бидний цаг үед чухал байх болно гэдгийг Нифай урьдаас харсан гэдгийг тайлбарла. Энэ жил Мормоны Номын тухай сурсан ямар нэгэн зүйлээсээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
Сургаалыг заах нь: Бяцхан хүүхдүүд
Есүс Христ хүн бүрийг Өөр дээр нь ирэхийг хүсдэг.
Хэн гэдгээс үл хамааран Аврагч хүн бүрийг хайрладаг бөгөөд Тэрээр хүн бүрийг “өөрийнх нь сайн сайхныг хүртэхэд” урьдаг хэмээн Нифай гэрчилсэн.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Өөр өөр яс үндэс, соёл уламжлал бүхий хүмүүсийн зургуудыг үзүүл (Сүмийн сэтгүүлүүдээс олж болно). Зургууд дээрээс харж байгаа нарийн тодорхой зүйлсийг дүрслэн хэлэхийг хүүхдүүдээс хүс. Судраас 2 Нифай 26:33-ыг нээн, “[Есүс Христ] тэднийг бүгд өөрт нь ир[эхэд] урьдаг” гэдгийг унш. Зураг бүр рүү заах болгондоо энэ үгсийг хүүхдүүдтэй хамт давтан хэл. Тэгээд хүүхэд бүр рүү заан, “Есүс Христ чамайг Өөрт нь ирэхэд урьдаг” гэж хэл. Бид Аврагчид ирэхийн тулд юу хийж болох вэ?
-
“Би үргэлж Тантай байх болно” (Хүүхдийн дууны ном, 78–79) эсвэл “We Are Different” (Children’s Songbook, 263) зэрэг бүх хүнийг хайрлах талаар өгүүлсэн дуунуудыг хүүхдүүдтэй хамт дуул. 2 Нифай 26:33 дахь захиасыг бататгаж байгаа дууны үгсийг онцол.
Мормоны Ном бол адислал юм.
Мормоны Ном бол “Бурханы мутраас тэдэнд ирэх адислал” (2 Нифай 30:6) гэдгийг мэдрэхэд нь ангийнхаа хүүхдүүдэд хэрхэн туслах талаараа бодож үзээрэй.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Мормоны Номыг бэлэг болгон боож, хүүхдүүдэд үзүүлээд, дотор нь маш үнэ цэнтэй зүйл байгаа гэж хэл. Тэдэнд уг бэлгийг бариулж, юу гэдгийг нь таахад туслах санаануудыг өг. Жишээлбэл, Их Эзэн бидэнд үүнийг өгсөн, энэ нь Есүс Христэд итгэхэд бидэнд тусалдаг гэх мэт. 2 Нифай 30:6-аас “Энэ нь Бурханы мутраас тэдэнд ирэх адислал” гэж унш. Хүүхдүүдээр уг бэлгийг задлуулж, Мормоны Номонд агуулагдах адислалуудыг хүлээн авахын тулд бид үүнийг нээж, унших ёстой гэдгийг тайлбарла.
-
2 Нифай 28:2-ыг хүүхдүүдэд уншиж өг. Мормоны Ном бидэнд “маш чухал” байх болно гэдгийг Нифай харсан гэдгийг мөн энэ нь бидэнд тусалж, биднийг адислах болно гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Мормоны Ном танд яагаад маш чухал болох талаар хүүхдүүдэд хэл. Мормоны Номоос өөрийн дуртай шүлэг, түүхийг хуваалцаж, хүүхдүүдийг өөрсдийн дуртай хэсгийг хуваалцахад урь. Сайн мэдээний зургийн цуглуулга дээрээс хэдэн зураг үзүүлж, тэдэнд санаа өг.
Тэнгэрлэг Эцэг надад бага багаар заадаг.
“Шат шатаар” сурна гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход хүүхдүүдэд туслах үзүүлэнт хичээл юм уу үйл ажиллагаа хийх талаар бодож үз. Доорх саналууд зарим санааг өгч болох юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Жижиг эвлүүлдэг зураг эсвэл шоонуудаар ямар нэг зүйл барихад нь хүүхдүүдэд тусал. Тэдэнд жижиг хэсэг эсвэл шоог нэг нэгээр нь өгч, тэднийг барьж байх зуур Тэнгэрлэг Эцэг бидэнд ийм арга замаар, нэг удаад нэг үнэнийг өгснөөр заадаг гэдгийг тайлбарла. Хэрэв бид жижиг хэсгийг бүгдийг нь нэг дор тавихыг хичээсэн бол юу болох байсан бэ?
-
Тууз зангидах, зураг зурах гэх мэт ямар нэгэн чадварыг хүүхдүүдэд алхам алхмаар зааж өг. 2 Нифай 28:30-аас “Би хүмүүний үрст шат шатаар, … энд бяцхан мөн тэнд бяцханыг өгөх болно” гэж унш. Яагаад Бурхан бидэнд бага багаар заадаг вэ?
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Есүс Христ хүн бүрийг Өөр дээрээ ирээсэй хэмээн хүсдэг.
Есүс Христэд итгэх урилга нь тэдэнд болон бүх хүнд зориулагдсан гэдгийг мэдрэхэд хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Тэд төрсөн өдрөө тэмдэглэх гэх мэт ямар нэг онцгой үйл явдалд найз нөхөд, гэр бүлийнхнээ урьж байсан талаар хүүхдүүдтэй ярилц. Тэд хүмүүсийг ирүүлэхийн тулд юу хийсэн бэ? Хүүхдүүдтэй хамт 2 Нифай 26:23–28, 33-ыг уншаад, Их Эзэн биднийг юу хийхэд урьж байгааг олоход тэдэнд тусал. Хэн нэгэнд Есүс Христэд ирэхийг урьсан захиа, ил захидал бичихийг хүүхдүүдээс хүс. Тэднийг урилгадаа эдгээр шүлгээс хэдэн үг авч хэрэглэхэд урамшуулан дэмж (шаардлагатай бол, тус болох хэдэн үгийг самбар дээр хуулж бич).
-
Хүүхдүүдтэй хамт 2 Нифай 26:33-ыг уншиж, энэ шүлэгт өгүүлснээр “[Их Эзэний] сайн сайхнаас хүртэхээр” хэн хэн уригдсан тухай жагсаалт гаргахад тэдэнд тусал. (“Үнэн Бурханыг мэддэггүй хүмүүс” гэдэг нь Бурханд итгэдэггүй хүмүүс гэдгийг та тайлбарлах хэрэгтэй байж болно.) Тэднийг өөрсдийн нэрийг уг жагсаалтад нэмэхэд урь. Бид Их Эзэний сайн сайхнаас хэрхэн хүртдэг вэ?
-
Дэлхий даяарх хүүхдүүд өөр өөр байдаг талаар хүүхдүүдэд товч ярьж өгөн, Их Эзэн тэднийг бүгдийг нь хайрладаг талаар гэрчил (2 Нифай 26:24, 33-ыг үзнэ үү). Өөр өөр хүүхдүүдтэй хамт байгаа Есүсийн зургийг зурахад хүүхдүүдийг урь.
Тэнгэрлэг Эцэг үнэнийг “шат шатаар” заадаг.
Бидэнд Бурханаас нэмэлт үнэн хэрэггүй гэсэн хандлагын талаар Нифай сэрэмжлүүлсэн байдаг. Сайн мэдээнээс суралцах нь аажим аажмаар хийдэг, насан туршийн хичээл зүтгэл гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
2 Нифай 28:30-аас нэг өгүүлбэр сонгож, самбар дээр эхний үгийг бичихийг нэг хүүхдээс хүс. Тэгээд өөр нэг хүүхдээс дараагийн үгийг бичихийг хүсэж, бүх үгийг бичиж дуустал ийн үргэлжлүүл. Энэ үйл ажиллагаа нь Бурханы бидэнд үнэнийг өгдөг арга замтай юугаараа төстэй вэ?
-
Хүүхдүүдэд 2 Нифай 28:27–30-ийг уншиж, ойлгоход нь туслахдаа дараахын адил асуултад хариултууд эрэлхийл. Үүнд: Хангалттай их үнэнийг хүлээн авчихсан, илүү ихийг авах хэрэггүй гэж боддог хүмүүст эдгээр шүлэг юу зааж байна вэ? Бид Түүнээс илүү их үнэнийг хүлээн авмаар байгаагаа Их Эзэнд харуулж болох арга замуудыг санал болгохыг тэднээс хүс.
Мормоны Ном ба Библи хамтдаа ажилладаг.
Бидэнд Библи байгаа учраас зарим хүн Мормоны Номыг шаардлагагүй гэж үздэг. Бид яагаад энэ сударт талархдагийг ойлгоход мөн бусдад тайлбарлахад эдгээр шүлэг хүүхдүүдэд тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нэг хүүхдэд Мормоны Номын болон Библийн нэг нэг хувийг өг. Энэ хоёр ном юугаараа адилхан, юугаараа өөр болохыг хүүхдүүдээс асуу. Хүүхдүүдэд дэлхийн газрын зураг үзүүлээд, ном бүрийг энэ дэлхийн хаанаас ирснийг олоход тэдэнд тусал. 2 Нифай 29:8-ыг уншиж, ярилц. Бурхан яагаад бидэнд Түүний тухай заадаг хоёр “гэрч” буюу судруудыг өгсөн бэ?
-
Нэг найз нь “Би Мормоны Номыг унших хэрэггүй. Би аль хэдийн Библийг уншсан” гэж тэдэнд хэлж байгаагаар төсөөлөхийг хүүхдүүдээс хүс. 2 Нифай 29:7–11-ийг хамт уншихдаа, шаардлагатай бол үгс, агуулгыг тайлбарла. Тэд найздаа юу гэж хэлж болох талаар санаануудаа хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Библи, Мормоны Ном хоёр Есүс Христийн тухай гэрчлэхээр хамтдаа хэрхэн ажилладгийг гэр бүлийнхэндээ тайлбарлахад хүүхдүүдийг урь.