Ирээд, Намайг дага
3-р сарын 23–29. Инос–Мормоны үгс: Тэр Өөрийн хүслийг гүйцэлдүүлэхээр надаар дамжуулан ажилладаг


“3-р сарын 23–29. Инос–Мормоны үгс: Тэр Өөрийн хүслийг гүйцэлдүүлэхээр надаар дамжуулан ажилладаг,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“3-р сарын 23–29. Инос–Мормоны үгс,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Залуу хөвгүүн Инос аав Иаков, ээж хоёрынхоо хамт

Иаков, Инос хоёр, Скотт Снөү

3-р сарын 23–29

ИносМормоны үгс

Тэр Өөрийн хүслийг гүйцэлдүүлэхээр надаар дамжуулан ажилладаг

Инос, Жером, Омнай болон Мормоны үгс нь таны заадаг хүүхдүүдэд зориулсан олон эрхэм үнэт хичээлийг агуулдаг богинохон номууд юм. Эдгээр хичээлийг судлахаар эрэлхийлж мөн хүүхдүүдэд суралцахад нь туслах арга замуудыг тунгаан бод. Энэхүү тоймд орсон санаанууд тустай байж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Өнгөрсөн долоо хоногийн хичээлээс сурсан зүйлээ санахад нь хүүхдүүдэд тусал. Тэд сурч мэдсэн зүйлээ гэрийнхэнтэйгээ юм уу бусадтай хуваалцсан уу?

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бяцхан хүүхдүүд

Инос 1:1–19

Би залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй ярьж чадна.

Иносын туршлага залбирлын тухай хэд хэдэн үнэнийг заадаг. Та Иносын үлгэр жишээг даган залбирахад хүүхдүүдийг хэрхэн урамшуулах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иносын зургийг үзүүл; тухайлбал Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав дахь энэ долоо хоногийн тойм юм уу Инос залбирч байгаа нь (Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 72) зургийг ашигла. Зурган дээр болж байгаа үйл явдлыг ярилцахыг хүүхдүүдээс хүсээд, дараа нь Иносын туршлагыг тэдэнтэй хуваалц. Та “11-р бүлэг: Инос” (Мормоны Номын түүхүүд, 30–31 юм уу ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг ашиглаж болно.

  • Хүүхдүүдээс эцэг эхтэйгээ ярилцах дуртай зүйлсийнхээ талаар хуваалцахыг хүс. Тэнгэрлэг Эцэгт хандан залбирах нь тэдний Түүнтэй ярих арга зам гэдгийг тайлбарла. Та хүүхдүүдэд Инос 1:1–4-ийг уншиж өгөхдөө, тэднийг ан хийж буй болон залбирахаар өвдөглөн сууж буй гэх мэтээр Иносыг жүжигчлэн үзүүлэхэд урь. Тэнгэрлэг Эцэг Иносын залбирлыг сонсоод, түүний нүглийг өршөөсөн гэдгийг тайлбарла.

  • Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, 6–7) зэрэг залбирлын тухай дууг хамтдаа дуул. Хүүхдүүдийг “залбирал” юм уу олон давтагдаж буй өөр үгийг сонсох бүрдээ гараа өргөхөд урь. Та өөрийн амьдрал дахь залбирлын хүч чадлын талаар гэрчил.

Залбирч байгаа гэр бүл

Бид Бурханы хүүхдүүдийн хувьд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч чадна.

Мормоны үгс 1:3–8

Би Ариун Сүнсийг сонсох үедээ бусдыг адисалж чадна.

Мормон Мормоны Номыг эмхэтгэж байхдаа, Нифайн жижиг ялтаснуудыг багтаахаар сүнслэгээр өдөөгдсөн юм. Тэр яагаад жижиг ялтаснууд хэрэгтэй байсныг мэдээгүй ч сүнслэг өдөөлтийг дагасан учраас бид өнөөдөр адислагдсан билээ. Энэ жишээ нь хүүхдүүдийг Сүнсийг дагахад урамшуулж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг энэ жил Мормоны Номоос сурсан түүхүүдээсээ хуваалцахад урь (Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав юм уу Сайн мэдээний зургийн цуглуулга дээрх зургууд тэдэнд санахад тусалж болох юм). Ариун Сүнс Мормонд эдгээр түүхийг багтаах ёстой хэмээн хэлэхэд тэр сонссон учраас Мормоны Номон дахь эдгээр түүх бидэнд байдаг гэдгийг тайлбарла. Тэнгэрлэг Эцэг яагаад бидэнд эдгээр түүхийг өгөхийг хүссэн бэ?

  • Ариун Сүнсний өдөөлтийг дагасан хүний тухай нэг түүхийг Сүмийн сэтгүүлээс эсвэл Ерөнхий чуулганд хэлсэн үгсээс хуваалц. Эсвэл өөрийнхөө туршлагаас хуваалц. Уг түүхийг дүрслэн зурахад хүүхдүүдийг урь. Эдгээр түүхэн дэх хүмүүс Ариун Сүнсийг дагаснаар хэрхэн адислагдсан бэ?

  • Тойргийн нэг гишүүнийг ангид айлчлан ирж, Ариун Сүнсний өдөөлтийг дагасан туршлагаасаа хуваалцахад урь. Түүний үйлдэл бусдыг хэрхэн адисалсан бэ? Тэнгэрлэг Эцэг биднийг бусдад тусалж мөн адислахыг хүсдэг, тиймээс биднийг удирдах Ариун Сүнсийг илгээдэг гэдгийг тайлбарла.

  • Намуун зөөлөн дуу” (Хүүхдийн дууны ном, 148–149) гэх мэт Ариун Сүнсний тухай дууг хамтдаа дуул. Хурдан, удаан, шивнэж гэх зэрэг өөр өөр байдлаар хэдэн удаа дуул. Та уг дууг шивнэн дуулахдаа, Мормоны үгс 1:7-г нээж, Ариун Сүнсийг Мормон шивнээ хэмээн дүрсэлсэн байдгийг онцол.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Инос 1:1–19

Тэнгэрлэг Эцэг миний чин сэтгэлийн залбирлыг сонсож, хариулдаг.

Бидний залбирал хайнга байдалтай, нэгэн хэвийн дадаж зуршсан маягтай болоход амархан байдаг. Залбирлынхаа хариуг хүлээн авахад заримдаа “тэмцэлдэн,” “удаан хугацаагаар олон зүдрэлтэйгээр” (Инос 1:2, 11) залбирах нь шаардлагатай байдгийг Иносын туршлага бидэнд сануулдаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг нүдээ аньж, Тэнгэрлэг Эцэгтэй нүүр тулан ярьж байгаагаар төсөөлөхөд урь. Тэд Түүнтэй юуны тухай яримаар байна вэ? Хүүхдүүдийг залбирах тутамдаа Тэнгэрлэг Эцэгтэй нүүр тулан ярьж байгаа тухай бодоход урь.

  • Хүүхдүүдийг хос хосоор ажиллан, Инос 1:1–5-ыг уншихад урь. Иносын залбирлыг дүрсэлсэн үгсийг эдгээр шүлгээс эрэлхийлж, олсон зүйлээ ангийнхантай хуваалцахыг тэднээс хүс. Энэ үгс Иносын болон түүний туршлагын талаар юуг санал болгож байна вэ? Иносын залбирлын талаар тэдэнд гүн сэтгэгдэл төрүүлж байгаа өөр бусад зүйлийг хүүхдүүдээр хуваалцуул. Бодгаль тань “өлсөж,” Их Эзэнээс “гуйж” (Инос 1:4) байсан туршлагаасаа хуваалц. Хүүхдүүдэд залбирлаа илүү утга учиртай болгохын тулд хийж болох нэг зүйлийн талаар тунгаан бодох боломжийг олго.

  • Хүүхдүүдээс самбар дээр эсвэл энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээр байнга залбирдаг зүйлсээ жагсаан бичихийг хүс. Тэгээд тэднийг Иносын гуйн залбирсан зүйлсийг олохын тулд Инос 1:2, 9, 13–14 болон 16-г уншиж, тэдгээрийг жагсаалтдаа нэмэхэд урь. Хүүхдүүд залбирахдаа Иносын жишээг хэрхэн дагаж чадах талаар ярилц. Жишээлбэл, та Инос яагаад өөрийн дайснууд болох леменчүүдийн төлөө залбирахыг хүссэн талаар ярилцаж, өөрсдөд нь найрсаг бус ханддаг хэн нэгний төлөө энэ долоо хоногт залбирахад хүүхдүүдийг урьж болох юм.

Мормоны үгс 1:3–8

Би Ариун Сүнсийг сонсох үедээ бусдыг адисалж чадна.

Их Эзэн Мормоны Номын эхэлж орчуулсан 116 хуудас алдагдах болно гэдгийг мэдэж байсан (С ба Г 10; Гэгээнтнүүд, боть 1, 5-р бүлгийг үзнэ үү). Тэрээр энэ алдагдсан хэсгийг нөхөхийн тулд Мормоны Номд Нифайн жижиг ялтаснуудыг оруулахыг Сүнсээр дамжуулан Мормонд хэлсэн. Та хүүхдүүдийг Мормоны үлгэр жишээг дагаж, Сүнсийг сонсоход хэрхэн урамшуулж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээс Мормоны үгс 1:3–8 дахь шүлгүүдийг нэг нэгээр нь ээлжлэн уншихыг хүсээд, шүлэг бүрээс сурсан зүйлээ товч хэлэхэд тусал. Мормон Мормоны Номд Нифайн жижиг ялтаснуудыг багтааснаар (одоо бидэнд байгаа 1 Нифайгаас Омнай хүртэлх ном) Сүнсийг дагасан гэдгийг тайлбарла. Мормон Сүнсийг сонссоны ачаар бид хэрхэн адислагдсан бэ? Тэр сонсоогүй байсан бол Мормоны Ном хэрхэн өөр байж болох байсан бэ? Ариун Сүнсээр ямар нэгэн зүйл хийхээр өдөөгдсөнөөр хэн нэгнийг адисалсан туршлагаа хуваалц. Хүүхдүүдээс өөрсдөдөө тохиолдсон ижил төстэй туршлагаа хуваалцахад урь.

  • Нэг хүүхдийг Мормоны үгс 1:7-г, өөр нэг хүүхдийг Сургаал ба Гэрээ 8:2–3-ыг уншихад урь. Ариун Сүнс бидэнтэй хэрхэн ярьдаг тухай эдгээр шүлэг юу зааж байна вэ? Ариун Сүнсний өдөөлтийг мэдэрч байсан мөчөө ялган танихад хүүхдүүдэд тусал. Хэрвээ сайн бодол орж ирж, биднийг сайн зүйл хийхэд өдөөж байгаа бол энэ нь Тэнгэрлэг Эцэгээс ирдэг гэдгийг тайлбарлахын тулд Моронай 7:12-ыг ашигла. Жишээ болгож, “Preparation of Thomas S. Monson: Always Follow the Promptings of the Spirit” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлэх талаар бод. Сайныг үйлдэх өдөөлтүүдийг сонсож, тэдгээрийг дагахад хүүхдүүдийг урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Гэр бүлийнхээ гишүүдээс залбирал юм уу Ариун Сүнстэй холбоотой туршлагаасаа хуваалцахыг хүсэхэд хүүхдүүдийг урамшуул.

Заах чадвараа сайжруулах

Дуу хөгжим ашигла. Хүүхдийн хэсгийн дуу болон сүмийн дууллууд нь сайн мэдээний үнэнийг ойлгож, санахад аль ч насны хүүхдүүдэд тусалж чадна. Дуулах нь хүүхдүүдийг суралцах үйл явцад идэвхтэй оролцуулж чадна. (Аврагчийн арга барилаар заах нь, 22-ыг үзнэ үү.)