Ирээд, Намайг дага
3-р сарын 23–29. Инос–Мормоны үгс: Тэр Өөрийн хүслийг гүйцэлдүүлэхээр надаар дамжуулан ажилладаг


“3-р сарын 23–29. Инос–Мормоны үгс: Тэр Өөрийн хүслийг гүйцэлдүүлэхээр надаар дамжуулан ажилладаг,” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“3-р сарын 23–29. Инос–Мормоны үгс,” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: 2020

Инос хүү өөрийн аав Иаков болон ээжтэйгээ хамт байгаа нь

Иаков, Инос хоёр, Скотт Снөү

3-р сарын 23–29

ИносМормоны үгс

Тэр Өөрийн хүслийг гүйцэлдүүлэхээр надаар дамжуулан ажилладаг

Та Инос номоос Мормоны үгсийг дуустал уншиж байхдаа танд болон таны гэр бүлд үнэ цэнтэй байж болох захиасуудыг ол.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Инос ан агнахаар ойд очсон боловч “бүхэл өдрийн турш … мөн шөнө ир[тэл]” тэнд үлдэж залбирчээ (Инос 1:3–4). Түүний бодгаль нүглийнхээ ангижралыг хүлээн авахыг үнэхээр хүсэж байсан тул Инос хэр удаан хугацаа шаардагдах байсан ч хамаагүй залбирч, бүр Бурханы өмнө “тэмцэлд[эхэд]” ч бэлэн байсан (Инос 1:2). Хүссэн зүйлээ гуйх биш, харин Бурхантай ярилцахыг мөн өөрсдийн хүслийг Түүнийхтэй нийцүүлэхийг чин сэтгэлээсээ хичээх нь чин сэтгэлийн залбирал юм. Таныг ийнхүү залбирч, дуу хоолойгоо “тэнгэрт хүр[гэх]” үед Бурхан таныг сонсдог ба үнэхээр таны төлөө болон гэр бүлийнхний тань төлөө, бүр дайснуудын тань төлөө санаа тавьдаг болохыг та Иносын адилаар олж мэдэх болно (Инос 1:4–17-г үзнэ үү). Иймэрхүү мөчүүдэд Бурхан Өөрийн хүслийг танд мэдэгдэх ба та Түүнтэй илүү нэгдмэл болсон байх тул Түүний хүслийг биелүүлэх илүү их хүсэл, эрмэлзэлтэй байх болно. Мормоны адил та “бүх зүйлийг мэдэхгүй; гэвч Их Эзэн … бүх зүйлийг мэднэ [мөн] тэрээр тааллынхаа дагуу [танд] оршин ажиллах буюу” (Мормоны үгс 1:7).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Инос 1:1–3

Эцэг эхийн хэлэх үгс удаан хугацааны нөлөөг үзүүлдэг.

Эдгээр шүлэгт эцэг эх, хүүхдүүдэд зориулсан ямар захиас байна вэ?

Инос 1:4–27

Миний чин сэтгэлийн залбирлууд хариулагдана.

Иносын залбирлын тухай түүх нь судар дээрх хамгийн дурсамжтай түүхийн нэг юм. Таны түүх үүний адил анхаарал татахуйц биш байж болох ч ач холбогдлын хувьд бага гэсэн үг биш. Иносын туршлага залбирлаа сайжруулах арга замыг хэлж өгч болох юм. Дараах зарим асуултыг тунгаан бодно уу.

  • Залбирахдаа гаргасан Иносын хичээл зүтгэлийг ямар үгээр дүрсэлсэн байна вэ?

  • Инос эхлээд юуны төлөө залбирсан бэ? (Инос 1:4-ийг үзнэ үү). Хариултаа авсны дараах Иносын хандлагаас та юу сурч болох вэ? Инос 1:5–7-г үзнэ үү.)

  • Хүлээн авсан хариултынхаа дагуу Инос хэрхэн үйлдсэн бэ?

  • Их Эзэнд хэрхэн “гуйвшгүй” итгэлтэй байх талаар та Иносоос юу сурч чадах вэ? (Инос 1:11).

ЖеромОмнаи

Зарлигуудыг дагах үед Их Эзэн намайг адисална.

Нифайчууд зарлигуудыг дагавал хөгжин дэвжих болно гэсэн нь Мормоны Номд Бурханы хамгийн их давтсан амлалтуудын нэг юм (2 Нифай 1:20; Жером 1:9–12; Омнаи 1:6г үзнэ үү). Жером болон Омнаи номууд нь дээрх амлалт гүйцэлдсэн хэд хэдэн арга замыг харуулдаг. Та эдгээр түүхээс “уг нутагт хөгжин дэвжих[эд]” тань туслах ямар зүйлийг олж мэдсэн бэ?

Oмнаи 1:14, 21

Зарахемлагийн хүмүүс гэдэг нь ямар хүмүүс байсан бэ?

Нифайчууд Нифайн газар нутгаас дайжин гарсныхаа дараа Зарахемла нэртэй газар амьдардаг тоймгүй олон хүнийг олжээ. Зарахемлагийн хүмүүс Лихайн гэр бүлтэй адил Иерусалимыг орхин гарч, Бурханаар удирдуулагдан, амлагдсан нутагт ирсэн израильчуудийн бүлгийн үр удам байв. Тэр бүлгийн дунд МЭӨ 587 онд вавилончуудад олзлогдсон Иудагийн хаан Зедекиагийн хөвгүүдийн нэг болох Мюлек байв (Иеремиа 52:1–11; Мозая 25:2; Хиламан 8:21-ийг үзнэ үү).

Зарахемлагийн хүмүүс амлагдсан нутагт ирснийхээ дараа Кориантумртай тааралдав (Омнаи 1:21-ийг үзнэ үү). Тэрээр Ифер номд түүх нь цэдэглэгдсэн жаредчуудаас амьд үлдсэн хамгийн сүүлчийн хүн байлаа.

Мормоны үгс

Мормоны үгс гэдэг нь юу вэ?

Мормоны үгс нь Мормоны Номыг бүрдүүлдэг хоёр цэдгийг хооронд нь холбодог. Энэ номд Мормон энэхүү хоёр цэдгийг тайлбарладаг ба түүний үгс Их Эзэний удирдамжийг бүрэн ойлгохгүй байсан ч Түүнд итгэх тухай чухал захиасыг заадаг.

Нифайг хүмүүсийнхээ цэдгийг бичиж байхад Бурхан түүнд хоёр хэсэг цэдэг бүтээхийг зарлигласан ба тэдгээрийг бага болон их ялтаснууд хэмээн нэрлэжээ. Яагаад хоёр цэдэг бүтээ хэмээн зарлигласныг Нифай мэдэхгүй байсан ч Их Эзэнд “мэргэн зорилгын … , миний мэдэх нь үгүй тэрхүү зорилго” байсан гэдэгт итгэж байсан (1 Нифай 9:5 мөн “Мормоны Номын тухай товч тайлбар”-ыг үзнэ үү).

Хэдэн зууны дараа Мормон Нифайн их ялтаснуудыг хураангуйлж байхдаа бага ялтаснуудыг олсон байна. Мормоны их ялтаснуудад аль хэдийн хураангуйлан оруулсан олон үйл явдлыг бага ялтаснуудад оруулсан байсан ч бага ялтаснууд нь сүнслэг асуудал, бошиглогчдын тохинуулал, заасан зүйлс зэрэгт илүү төвлөрсөн байв. Бурхан Мормоныг Нифайн бага ялтаснуудыг их ялтаснуудтай хамт бичихэд сүнслэгээр нөлөөлсөн. Нифайн адил Мормон хоёр хэсэг цэдэгтэй байх Бурханы зорилгыг ойлгохгүй байсан ч энэ нь “мэргэн зорилгын тулд” гэдэгт итгэж байв (Мормоны үгс 1:7).

Өнөөдөр Бурханы тэр зорилго юу байсныг бид мэднэ. 1828 онд Иосеф Смитийг Нифайн их ялтаснуудын Мормоны хураангуйлсан (116 хуудас гар бичвэр) хэсгээс нэг хэсгийг орчуулсны дараа Мартин Харрис тэдгээрийг алдсан юм. Ёс бус хүмүүс үгсийг нь өөрчилж, Иосефын нэр төрийг унагаах гэж оролдох тул энэ хэсгийг дахин орчуулах хэрэггүй хэмээн Бурхан Иосефт зарлиглажээ (С ба Г 10, хэсгийн оршил; С ба Г 10:14–19, 30–45-ыг үзнэ үү). Баярлах зүйл нь гэвэл, Бурхан үүнийг урьдаас харсан учраас алдагдсан 116  хуудсан дээр бичигдсэн яг тэр түүх бүхий бага ялтаснуудыг өгсөн юм. Бага ялтаснуудад Мормоны үгсийн өмнөх номууд багтдаг бөгөөд Мормоны үгс номын дараа их ялтаснуудыг хураангуйлсан хэсгүүд эхэлдэг.

Мормон алтан ялтаснуудыг нэгтгэж байгаа нь

Мормон ялтаснуудыг нэгтгэж байгаа нь, Хорхэ Кокко

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Инос 1:1–17

Гэр бүлийнхэн тань Иносын залбирч байгаа зургийг үзээд, Инос 1:1–17-оос зургийг нэрлэж болох хэллэгийг хайж болно. Та мөн гэр бүлийн гишүүдээсээ Иносын туршлагыг үзүүлсэн зураг зурахыг хүсэж болно. Бид өршөөл эрэлхийлэх талаар Иносоос юу сурч болох вэ?

Жером 1:2

Мормоны Номыг судалж байгаа маань хэрхэн бидэнд “авралын төлөвлөгөөг илчилсэн” бэ?

Oмнаи 1:12–22

Эдгээр шүлэг Бурханы үгийг амьдралдаа байлгахын ач холбогдлын талаар юу зааж байна вэ?

Мормоны үгс 1:3–9

Бид хувийн болон гэр бүлийн бичээсийг хөтөлснөөр хэрхэн адислагдах вэ? Бид бичээсүүдээ хэрхэн Христэд илүү төвлөрүүлж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Ойр ойрхон цугла. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Есүс Христийн сургаалаас суралцахаар хүүхдүүдээ цуглуулах боломжийг хэзээ ч бүү алд. Дайсны хүч чармайлттай харьцуулбал ийм үе маш ховор тохиолддог” гэж заасан (“The Power of Teaching Doctrine,” Ensign, May 1999, 74).

Залбирч буй Инос

Залбирч буй Инос, Робэрт Т.Баррэтт