“3-р сарын 2–8. 2 Нифай 31–33: ‘Зам нь энэ болой,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“3-р сарын 2–8. 2 Нифай 31–33,” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: 2020
3-р сарын 2–8
2 Нифай 31–33
“Зам нь энэ болой”
Энэ тоймд 2 Нифай 31–33-аас танд чухал санагдаж болох зарчмуудыг санал болгоно. Гэхдээ судлах явцдаа сурч мэдэх ёстой хамгийн чухал зүйлс тань Сүнсний шивнээгээр ирэх юм. Энэ удирдамжийг эрэлхийлж, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Нифайн төгсгөлд нь цэдэглэгдсэн үгсийн дундаас “Учир нь Их Эзэн надад тийн зарлигласан, мөн би дагах ёстой” хэмээх тунхаглалыг бид олдог (2 Нифай 33:15). Энэ нь Нифайн амьдралын оновчтой дүгнэлт мэт санагддаг. Амь насаараа дэнчин тавьж, Лебенээс гуулин ялтаснуудыг авч, усан онгоц бариад, далай тэнгисийг гаталж эсвэл Христийн сургаалыг тодорхой, хүчтэй заах гэх мэт ямар ч ажил байсан бай, тэр Их Эзэний хүслийг эрэлхийлэн, зоригтойгоор дагахыг хичээдэг байсан. Нифай өөрөө “мөнхийн амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн зам[аар]” явсан учраас энэ замыг “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэ[н]” (2 Нифай 31:18, 20) дагах талаар итгэл үнэмшилтэй ярьж чаддаг байсан юм. Заримдаа энэ зам шаардлага өндөртэй ч бас баяр баясгалантай бөгөөд “хүмүүн Бурханы хаант улсад аврагдаж чадах өөр тийм өгөгдсөн нэр болон зам гэж тэнгэрийн дор үгүй” гэдгийг тэр өөрийн биеэр мэддэг байсан (2 Нифай 31:21).
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Есүс Христ болон Түүний сургаал мөнх амьдрал руу хөтлөх цорын ганц зам юм.
Хэрэв мөнх амьдрал руу хөтлөх замыг хэдхэн үгээр хураангуйлах хэрэгтэй бол та юу гэж хэлэх вэ? Нифай өөрийн шинж тэмдэг болсон тодорхой, энгийн үгсээр ийнхүү хураангуйлан хэлсэн. Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах болон эцсийг хүртэл тэвчих. 2 Нифай 31–32 дахь Нифайн сургаалыг судалсныхаа дараа тэдгээрийг хэрхэн хэн нэгэнд өөрийн үгээр тайлбарлахаа бодож үз. Эдгээр сургаалын дагуу амьдрах нь таны амьдралыг хэрхэн адисалсан тухай бод. Та 2 Нифай 31:18–20 дахь Нифайн заасан зүйлсийг бодож үзээд, сайн мэдээний замаар “урагш тэмүүлэхийн” тулд гаргаж буй хичээл зүтгэлээ үнэлж дүгнэнэ үү.
Түүнчлэн 3 Нифай 11:32–39; 27:13–22; Д.Тодд Кристоффэрсон, “Христийн сургаал,” Ensign, May 2012, 86–90 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 93–97; Брайн К.Аштон, “Христийн сургаал,” Ensign, Nov. 2016, 106–109 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102–105-ыг үзнэ үү.
Есүс Христ баптисм хүртсэнээр дуулгавартай байдлын төгс үлгэр жишээг үзүүлсэн юм.
Таныг өчигдөр эсвэл 80 жилийн өмнө баптисм хүртсэн эсэхээс үл хамааран энэ бол Есүс Христийг амьдралынхаа туршид дагах гэрээнд орсныг тань илтгэсэн тэмдэглэлт цаг мөч юм. 2 Нифай 31:4–13 дээрх Аврагчийн баптисмын талаар уншиж байхдаа та өөрийнхөө баптисмын талаар бод. Аврагч яагаад баптисм хүртсэн бэ? Түүний баптисм хүртэх болсон шалтгаан таныхтай юугаараа адилхан бэ? Та өнөөдөр Аврагчийн дуулгавартай байдлын жишээг дагахын тулд юу хийж байна вэ?
Ариун ёслол нь долоо хоног бүр танд Есүс Христийг дагах амлалтаа шинэчлэх боломжийг олгодог. Та дараагийн удаа ариун ёслолоос хүртэхдээ 2 Нифай 31:13-ыг уншаад, “бүх зүрх сэтгэлээрээ Хүүг дагах” эрс шийдэмгий байдлаа мөн “Христийн нэрийг өөрсдийн дээр авахад” бэлэн байгаа байдлынхаа талаар тунгаан бод.
Ариун Сүнс надад хийх ёстой зүйлсийг харуулна.
Хэрэв баптисм хүртэж, гишүүнээр батлуулах нь давчуу бөгөөд нарийн замаар “[бидний] орох ёстой хаалга” (2 Нифай 31:17) юм бол, тухайн зам дээр гарсныхаа дараа бид юу хийх ёстой вэ? Нифайн хүмүүс энэ талаар бодож байсан (2 Нифай 32:1-ийг үзнэ үү). 2 Нифай 31:19–20 болон 32 -р бүлэгт Нифай ямар хариултуудыг өгсөн бэ? Та өөрт байсан асуултуудынхаа ямар ямар хариултыг олсон бэ?
Мөн Дэвид А.Бэднар, “Ариун Сүнсийг хүлээн авах нь,” Ensign, Nov. 2010, 94–97 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102–105; “Holy Ghost,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.
Мормоны Ном бүгдийг Христэд итгэхэд ухуулан ятгадаг.
2 Нифай 33-т бичсэн цэдгийнхээ төгсгөлд Нифай үүнийг бичих болсон шалтгаанаа тайлбарласан. Та энэ бүлгээс ямар ямар шалтгааныг олсон бэ? 1 Нифай болон 2 Нифай дээрээс уншсан, бичиж тэмдэглэсэн зүйлийнхээ талаар тунгаан бод. Түүхүүд болон заасан зүйлс нь Нифайн танд зориулсан зорилгуудыг хэрхэн биелүүлсэн бэ? Жишээлбэл, тэдгээр нь таныг “[Христэд] итгэхийг, мөн эцсийг хүртэл тэвчихэд” хэрхэн ятгасан бэ? (4-р шүлэг). Эдгээр туршлагаа бичиж тэмдэглэх эсвэл гэр бүлийнхээ гишүүн юм уу найзтайгаа хуваалцах талаар бодож үз.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.
2 Нифай 31:5–13
Танай гэр бүлийнхэнд баптисм хүртэхэд бэлдэж байгаа эсвэл саяхан баптисм хүртсэн хүн байгаа юу? Тэд яагаад баптисм хүртэхээр шийдсэнээ хуваалцаж болно. Нифайн заасны дагуу, бид ямар ямар шалтгаанаар баптисм хүртэхээр шийдэх ёстой вэ? Бид баптисм хүртсэнээр ямар ямар адислалыг хүлээн авдаг вэ?
2 Нифай 31:17–21
Та гэр бүлийнхэндээ “давчуу бөгөөд нарийн зам” гэсэн Нифайн зүйрлэлийг ойлгоход хэрхэн тусалж чадах вэ? (2 Нифай 31:18). Жишээлбэл, та нар 2 Нифай 31:17–21 дээр Нифайн дүрсэлсэн замыг хамтдаа зураад, тухайн замд гарч, урагш явахын тулд хийх ёстой зүйлсийг тэмдэглэн бичиж болно. Аврагч уг замаар урагш явахад бидэнд хэрхэн тусалдаг вэ?
2 Нифай 31:20
Хэрэв та гэр бүлийнхэндээ хэрхэн эцсээ хүртэл тэвчиж болохыг илүү сайн ойлгуулахыг хүсвэл Миний сайн мэдээг номло товхимлын 6 -р хуудас дээрх тайлбар мөн ахлагч Дэйл Г.Рэнландын “Хожмын үеийн гэгээнтнүүд шантралгүй хичээсээр байдаг” (Ensign, May 2015, 56–58 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 43–45) захиас тус болох тодорхойлолтыг агуулсан байдаг.
2 Нифай 32:8–9
Гэр бүлийн гишүүддээ бид “үргэлж залбирч” болно гэдгийг ойлгоход туслахын тулд та залбирч болох нөхцөл байдлуудын жагсаалтыг гаргаж болно (эсвэл тэдгээрийг төлөөлүүлэн зураг зурж болно). Дараа нь гэр бүлээрээ “ Залбиръя гэж бодов уу?” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, ду. 48) гэх мэт залбирлын талаар заадаг дууны зарим үгийг тэдний жагсаалт дээрх үгээр орлуулан дуулж болно. Биднийг үргэлж залбирахад Их Эзэн хэрхэн адисалдаг вэ?
2 Нифай 33:1–2
Ямар зүйлс хүмүүсийг “Ариун Сүнсний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулахад” хүргэж болох вэ? “[Бидэнд] орших зай” Ариун Сүнсэнд байгаа гэдгийг бид хэрхэн бататгаж болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.