Ирээд, Намайг дага
3-р сарын 9–15. Иаков 1–4: “Христийн Цагаатгалаар Бурханд нийцсэн бай”


“3-р сарын 9–15. Иаков 1–4: ‘Христийн Цагаатгалаар Бурханд нийцсэн бай,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“3-р сарын 9–15. Иаков 1–4,” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Есүсийн хөлд сөхрөн суусан эмэгтэй

Өршөөгдсөн нь, Грэг К.Олсэн

3-р сарын 9–15

Иаков 1–4

Христийн Цагаатгалаар Бурханд нийцсэн бай

Та сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэх үедээ Ариун Сүнсээр заалгахыг хүсэж байгаагаа харуулдаг. Та Иаков 1–4-ийг уншиж байхдаа олж авсан ойлголтоо бичиж тэмдэглэх талаар бодож үз.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Нифайчууд Нифайг өөрсдийн “агуу өмгөөлөгч” хэмээн үздэг байв (Иаков 1:10). Тэр дайсны дайралтаас тэднийг хамгаалж, сүнслэг аюулын талаар сэрэмжлүүлсэн. Харин одоо тэр мөнх бусыг үзүүлсэн бөгөөд нифайчуудыг сүнслэг байдлынх нь хувьд удирдах үүрэг санваартан, хүмүүсийн багш байхаар Нифайн томилсон Иаковт оногдов (Иаков 1:18-ыг үзнэ үү). Иаков хүмүүс нь “нүгэлд замнаж” эхэлсэн тул “маш их шулуун” заах хэрэгтэй гэдгийг сүнсний өдөөлтөөр мэдэрсэн (Иаков 2:7, 5). Тэдгээр нь эд баялгийг хайрлах, бэлгийн ёс бус байдал гэх мэт өнөө үед ч хүмүүсийн тэмцэлддэг нүглүүд байсан юм. Иаков эдгээр ёс бус зүйлийг буруушаан зэмлэх хэрэгтэй байсан ч үүний улмаас зүрх сэтгэл нь “гүнзгий шархнуудаас цоор[сон[” хохирогчдын өмнөөс шаналж байв (Иаков 2:35). Иаков нүгэлтэн болон сүнслэг байдлын хувьд шархалсан хоёр бүлгийнхнийг хоёулаа Аврагч Есүс Христээр дамжуулан эдгэрэх боломжтой гэдгийг гэрчилсэн. Иаковын захиас өмнө нь байсан Нифайнхтай адил “Христийн цагаатгалаар [Бурханд] нийцсэн бай[хад]” (Иаков 4:11) урьсан урилга байв.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Иаков 1:6–8, 15–19; 2:1–11

Их Эзэн дуудлагаа эрхэмлэн биелүүлэхийг надаас хүсдэг.

Иаковын хувьд Бурханы үгийг заах нь зөвхөн ахынх нь өгсөн даалгавар байсангүй. Тэр энэ “даалгаврыг Их Эзэнээс ав[сан]” тул “өөр[ийн] албан тушаалд” хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн (Иаков 1:17, 19). Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “бид амьдралд нь нөлөөлж буй хүмүүстээ хичээнгүйлэн үйлчилж, итгэл, гэрчлэлээр зааж, өргөн дэмжиж, хүчирхэгжүүлэн мөн зөв шударгын талаарх итгэл үнэмшлийг нь хөгжүүлэх” үед үүрэгт ажилдаа хичээнгүйлэн зүтгэж байгаа хэрэг хэмээн заасан (“Magnify Your Calling,” Ensign, May 1989, 47). Танд өгсөн “Их Эзэний [даалгаврын]” талаар Иаков 1:6–8, 15–19 болон 2:1–11-ийг уншиж байхдаа бод. Яагаад Иаков ийм итгэлтэй үйлчилсэн бэ? Түүний үлгэр жишээ Сүмийн дуудлага болон гэр дэх үүрэг хариуцлагаа хичээнгүйлэн хийхэд тань хэрхэн өдөөж байна вэ?

Мөн “Rise to Your Call” видео бичлэгийг үзнэ үү (video, ChurchofJesusChrist.org).

Иаков 2:23–3:12

Их Эзэн ариун явдалд баясдаг.

Нүгэл нь хувь хүн болон нийгэмд үр дагавартай. Бэлгийн харьцааны нүглийн талаар ярихдаа Иаков хоёр төрлийн үр дагаврын аль алиных нь талаар сэрэмжлүүлсэн. Та Иаков 2:31–35 болон 3:10-ыг уншиж байхдаа ёс бус байдал ямар арга замаар нифайчуудад ард түмнийх нь хувьд ч мөн хувь хүнийх нь хувьд ч нөлөөлж байсныг олж мэд. Эдгээр арга зам өнөө үед дэлхийгээс харж болох ёс бус байдлын үр дагавартай юугаараа адилхан байна вэ? Та Иаковын үгээс хайртай хүмүүстээ ариун явдлын талаар заахад туслах ямар зүйлийг олсон бэ? Та ариун явдлыг сахихыг хичээснээр хэрхэн адислагдсан бэ?

Иаков мөн нэгээс илүү эхнэртэй байх ёсны талаар ярьсныг анхаар. Яагаад Их Эзэн зарим нөхцөлд олон эхнэртэй байх ёсыг сахихыг хүмүүстээ зарлигласныг ойлгоход тань тусалсан юуг та Иаков 2:23–30-аас олсон бэ? Их Эзэн Өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр үүнийг хийсэн хүмүүст хэрхэн ханддаг вэ?

Иаков 4

Би Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурхантай нийцэж чадна.

Иаков “Христийн цагаатгалаар [Бурханд] нийцсэн бай[хыг]” өөрийн хүмүүсээс хүссэн (Иаков 4:11). Энэ нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Нийцэх гэсэн үгийг толь бичгээс харах нь тус болох болов уу? Та энэ бүлгээс Бурхантай нийцэж чадахын тулд хэрхэн Христэд ирж болохыг хэлж өгсөн үг, хэллэгийг олж магадгүй. Жишээлбэл, хүмүүсийг Есүс Христэд хандуулахын тулд Мосегийн хуулийг өгсөн гэдгийг Иаков заасан (Иаков 4:5). Таныг Христэд хандуулах ямар зүйлсийг Бурхан танд өгсөн бэ? Бурханд илүү ойрхон болохын тулд та тэдгээрийг хэрхэн ашиглаж байна вэ?

Мөн 2 Нифай 10:24-ийг үзнэ үү.

Иаков 4:8–18

Бид Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлснээр сүнслэг байдлын хувьд харалган байхаас зайлсхийж чадна.

Иаков өөрийн хүмүүсийг Их Эзэнд илүү бүрэн дүүрэн хандуулахыг эрэлхийлэх явцдаа тэднийг сүнслэг байдлын хувьд харалган байхаа больж, сайн мэдээний “тодорхой байдлын үгсийг” басамжлахгүй байхыг сэрэмжлүүлсэн (Иаков 4:13–14). Ахлагч Квинтин Л.Күк өнөө үед тулгарч байгаа төстэй асуудлын талаар сэрэмжлүүлэхдээ: “Бидний зарим нь сайн мэдээний үндсэн зарчмын талаарх гэрчлэлээ арчилж хамгаалахын оронд ‘зорилгоос алсуур хайх’ хандлагатай байдаг. Үүнийг хийх үед бид сайн мэдээний үнэнийг хүмүүний үзэл санаагаар сольж, сайн мэдээний хэт туйлшралд автаж, … эсвэл дүрмийг сургаалаас дээгүүр тавьж эхэлдэг. Ийм байдлаас зайлсхийх нь Иаковын дурдсан шашны харалган байдал ба бүдрэхээс зайлсхийхэд бидэнд тусална” (“Looking beyond the Mark,” Ensign, Mar. 2003, 42).

Иаков 4:8–18-д цэдэглэгдсэнээр, Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлж, сүнслэг байдлын хувьд харалган болохоос зайлсхийхийн тулд бид юу хийж болох вэ?

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Иаков 1:6–8, 15–19; 2:1–11; 4:18

Эдгээр шүлэг дэх ямар үг, хэллэг өөрийн удирдаж буй хүмүүсийг хайрлах Иаковын хайрыг харуулж байна вэ? Сүмийн удирдагчид “[өөрсдийн] бодгалиудын аз жаргалын төлөө хүсэл тэмүүлэл хийгээд зовнил[ыг]” бидэнд мэдрэхэд туслах юуг хийж байсан бэ? (Иаков 2:3). Гэр бүлийн гишүүд Сүмийн удирдагчдыг дэмжих арга замаасаа хуваалцаж болно. Орон нутгийн удирдагчдадаа зориулан хийсэн үйлчлэлд нь талархсан ил захидал бичих, тэднийг болон гэр бүлийг нь залбиралдаа дурдах гэх мэт гэр бүлээрээ ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөж болно.

Иаков 2:8

Бурханы үг “шархадсан зүрх сэтгэлийг” хэрхэн эдгээдэг вэ?

Иаков 2:12–21

Бид материаллаг эд баялгийг хэрхэн харах ёстой талаар эдгээр шүлэгт юу зааж байна вэ? Бидний тусламж хэрэгтэй хүмүүст хүрч туслахын тулд бид юу хийж байна вэ?

Иаков 3:1

“Зүрх сэтгэлээрээ цэвэр” байж, “Бурханд шийдэмгий оюунаар хандах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Иаков 4:4–11

Гэр бүлийнхэндээ итгэлээрээ “гуйвшгүй” байх гэдгийн утгыг ойлгоход туслах нэг арга бол ойрхноос нэг том мод олоод, нэг мөчрийг нь сэгсрэхийг гэрийнхээ нэг гишүүнээс хүсэх байж болно. Дараа нь эх биеийг нь сэгсрэхийг тэднээс хүс. Эх биеийг нь сэгсрэх яагаад хэцүү байна вэ? Бид Иаковын заасан зүйлсээс “гуйвшгүй” итгэлийг хэрхэн хөгжүүлэх талаар юу сурч болох вэ?

Зураг
Цэцэрлэгт хүрээлэн дэх том мод

Модны эх биеийн адил Христэд итгэх бидний итгэл “гуйвшгүй” байж болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Сүнсийг сонс. Суралцаж байхдаа уншиж буй зүйлтэй тань хамааралгүй байсан ч бодол, мэдрэмждээ анхаарлаа төвлөрүүл (C ба Г 8:2–3-ыг үзнэ үү). Эдгээр мэдрэмж нь Бурханы таныг мэдэж, үйлдээсэй хэмээн хүссэн зүйл байж болох юм.

Зураг
Иаков алтан ялтаснууд дээр бичиж байгаа нь

Би тэдний үгсийг илгээх болно (Иаков багш), Элспэт Кэйтлин Янг

Хэвлэх