Ирээд, Намайг дага
3-р сарын 16–22. Иаков 5–7: “Их Эзэн бидэнтэй хамт хөдөлмөрлөдөг”


“3-р сарын 16–22. Иаков 5–7: ‘Их Эзэн бидэнтэй хамт хөдөлмөрлөдөг,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“3-р сарын 16–22. Иаков 5–7,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Хүмүүс чидун модны цэцэрлэгт ажиллаж байгаа нь

Чидун модны ёгтлол, Брад Тиер

3-р сарын 16–22

Иаков 5–7

Их Эзэн бидэнтэй хамт хөдөлмөрлөдөг

Судруудыг унших нь илчлэлтийг урин авчирдаг. Иаков 5–7-г уншихдаа танд болон таны гэр бүлийнхэнд туслах Сүнсний удирдамжийг эрэлхийл. Их Эзэний танд зориулсан захиас юу вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Есүс Христийн сайн мэдээг хараахан сонсоогүй байгаа маш олон хүн бий. Тэднийг Их Эзэний Сүмд цуглуулах ажил давж дийлшгүй мэт танд санагдвал Иаков 5-д өгүүлсэн чидун модны ёгтлол нь жимсний талбайг Их Эзэнийх гэдгийг сануулан, урам зориг өгдөг. Тэрээр гэр бүл, эргэн тойрон дахь найз нөхөд, нөлөөлөх цар хүрээ гэх мэт Өөрийнх нь ажилд туслах жижигхэн хэсгийг бидний хүн нэг бүрд хариуцуулж өгсөн. Харин зарим тохиолдолд тухайн цуглуулах хүн нь бид өөрсдөө байдаг. Гэхдээ бид энэ ажилд хэзээ ч ганцаар оролцдоггүй. Учир нь жимсний талбайн Эзэн Өөрийн үйлчлэгчидтэй мөр зэрэгцэн ажилладаг билээ (Иаков 5:72-ыг үзнэ үү). Бурхан Өөрийн хүүхдүүдийг мэддэг, хайрладаг бөгөөд Тэрээр тэдний хүн нэг бүрд, бүр өмнө нь Түүнийг хүлээн аваагүй хүмүүст хүртэл сайн мэдээг нь сонсох арга замыг бэлдэх болно (Иаков 4:15–18-ыг үзнэ үү). Харин ажлаа хийж дууссаны дараа “[Түүнтэй] хамт … шаргуугаар хөдөлмөрлө[сөн бүх хүн] … хамт талбайн[х нь] үр жимсний учир [Түүнтэй] хамт баясах болно” (Иаков 5:75).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Иаков 5–6

Ёгтлол гэж юу вэ?

Ёгтлол бол бэлгэдлээр дамжуулан сүнслэг үнэнийг заадаг түүхүүд юм. Жишээлбэл, чидун модны ёгтлол дахь жимсний талбай нь дэлхийг, унаган чидун мод нь Израилийг (Бурхантай гэрээнд орсон хүмүүс), харин зэрлэг чидун мод нь харийн улс орнуудыг (Бурхантай гэрээнд ороогүй хүмүүс) төлөөлдөг.

Та Иаков 5 дахь ёгтлолыг судлахдаа нэмэлт бэлгэдлүүдийг олж, тэдгээр нь ямар утгатай болохыг тунгаан бодож үз. Жишээлбэл, сайн үр жимс нь юуг төлөөлж байна гэж та бодож байна вэ? Харин муу үр жимс юуг төлөөлж болох вэ?

Иаков 5; 6:3–5

Есүс Христ бол жимсний талбайн Эзэн юм.

Та Иаков 5 дээрх чидун модны ёгтлолыг судалж эхлэхийнхээ өмнө яагаад Иаков энэ ёгтлолыг хүмүүстэйгээ хуваалцахаар өдөөгдсөнийг мэдэхээр Иаков 4:10–18-ыг судлах нь тустай байж болно. Иаков 6:3–5-аас та Иаковын онцлохыг хүссэн нэмэлт захиасыг олж болно. Эдгээр захиасыг ёгтлолоос олно уу. Та Иаков 5-аас өөртөө тохирох ямар захиасыг олсон бэ?

Иаков 5 нь Мормоны Номын хамгийн урт бүлэг юм. Доор үзүүлсэнчлэн дэлхийн түүхийг тайлбарласан хэсгүүдээр уг бүлгийг хэд хэдэн хэсэгт хуваах нь тустай байж болно.

3–14-р шүлэг:Христийн амьдарч байсан үеэс өмнөх цаг үед болж өнгөрсөн израильчуудын тараагдал

15–28-р шүлэг:Христийн болон төлөөлөгчдийн тохинуулал

29–49-р шүлэг:Их урвалт

50–76-р шүлэг:Хожмын өдрүүдэд болох израильчуудын цугларалт

76–77-р шүлэг:Мянган жил ба дэлхийн төгсгөл

Ёгтлолын талаарх нэмэлт ойлголтуудыг олж мэдэхийн тулд энэхүү тоймд хавсаргасан бүдүүвч зургийг үзнэ үү.

Компьютерийн өмнө хүмүүстэй хамт суух ахмад хос

Бид Бурханд үр хүүхдүүдээ цуглуулахад нь туслах замаар Түүнд үйлчилж чадна.

Иаков 5:61–75

Бурхан намайг үр хүүхдүүдийг нь цуглуулахад Өөрт нь туслахад урьсан.

Их Эзэний жимсний талбайд дуудагдсан “бусад зарц нарын” (Иаков 5:70) дунд тантай адил хүмүүс ордог. Сүмийн гишүүдийн хувьд бид бүгдээрээ Бурханд үр хүүхдүүдээ цуглуулахад нь туслах үүрэгтэй. Та Иаков 5-аас, ялангуяа 61–62 мөн 70–75-р шүлгээс Их Эзэний талбайд ажиллах талаар ямар зарчмуудыг олсон бэ? Тэр талбайдаа үйлчлүүлэхээр таныг дуудаж байгааг та хэрхэн мэдэрсэн бэ? Та Түүний ажилд оролцож байхдаа ямар ямар туршлага олж авсан бэ?

Түүнчлэн “Missionary Work,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org; “Old Testament Olive Vineyard,” “Help the Church Grow” (videos, ChurchofJesusChrist.org)-ийг үзнэ үү.

6:57

Иаков 7:1–23

Бусад хүн миний итгэлийг сорих үед би хүчирхэг хэвээр зогсож чадна.

Нифайчуудын болон Шеримийн түүх өнөө үед ч гэсэн олон тохиолддог бөгөөд итгэлийг тань устгахыг эрэлхийлсэн эрдэм мэдлэгтэй, уран сайхан үгтэй хүмүүстэй тааралдаж ч магад. Харин Иаковыг “гуйвуул[ж] чадахгүй” байв (Иаков 7:5). Иаковын итгэл рүү дайрч давшлахад тэр хэрхэн хариулсан бэ? Та түүний хариултаас юу сурсан бэ? Итгэл тань соригдох үед өөрийгөө бэлтгэхийн тулд та одоо юу хийж болох вэ?

Мөн “Answering Gospel Questions,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org; Жэффри  Р.Холланд, “Шавь байхын адислал ба төлөөс,” Ensign, May 2014, 6–9 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19–22-ыг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Иаков 5

Зарим гэр бүлийн хувьд уншиж байхдаа чидун модны ёгтлол дээрх бэлгэдлүүдийг зурах нь тустай болохыг олж мэдсэн байна. Гэр бүлд тань энэ арга барил таалагдаж болох юм эсвэл ёгтлол дээрх бэлгэдлүүдийг төсөөлөн бодоход нь гэр бүлийнхэндээ туслах өөр арга зам ч байж болно. Та ширээ, шалан дээрх хэсэг газрыг жимсний талбайг (эсвэл дэлхийг) төлөөлүүлэхээр тэмдэглэн, унаган чидун модыг (эсвэл Израилийн угсааг) эвлүүлдэг тоглоом гэх мэт хуваагддаг (Израилийн тараагдлыг төлөөлүүлэн) төдийгүй, дараа нь эргүүлэн нийлүүлж (Израилийн цугларалтыг төлөөлүүлэн) болох эд зүйлсээр төлөөлүүлэн үзүүл. Энэ ёгтлол Их Эзэн болон түүний үйлчлэгчдийн талаар юу зааж байна вэ?

Иаков 5:70–77

Их Эзэн талбайдаа “эцсийн удаа” хөдөлмөрлөсөн талаар уншиж байхад таныг болон гэр бүлийг тань Их Эзэнд “хүч чадлаараа” үйлчлэхэд юу өдөөж байна вэ? (Иаков 5:71). Жишээлбэл, та “Мөн [нэр] та адислагдсан болой” хэмээн гэр бүлийн гишүүдийнхээ нэрийг 75 -р шүлэгт оруулах замаар уг шүлгийг өөр дээрээ тусган авахад тэднийг урьж болно. Жишээлбэл, тэд сайн мэдээг хуваалцаж, ариун сүмд үйлчилж эсвэл Сүмийн гишүүдийг хүчирхэгжүүлэх гэх мэт Их Эзэний жимсний талбайд үйлчилж байхдаа баяр баясгаланг мэдэрч байсан туршлагаасаа хуваалцаж болно. (Мөн M.Рассэлл Баллард, “Их Эзэнд итгэл найдвараа тавь,Ensign, Nov. 2013, 43–45 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50–53-ыг үзнэ үү)

Иаков 6:4–7

Их Эзэн нигүүлслийн мутраа бидний зүг хэрхэн сунгадаг вэ? Эдгээр шүлэг дэх “үнэнч байх” гэдэг нь ямар утгатай вэ? Их Эзэн хэрхэн бидэнд үнэнч байдаг вэ? Бид хэрхэн Түүнд үнэнч байж болох вэ?

Иаков 7:1–12

Бид хүмүүс бусдыг хэрхэн төөрөгдүүлэн удирддаг талаар эдгээр шүлгээс юу сурч болох вэ? Бид хэрхэн Иаковын үлгэр жишээг дагаж, Христэд итгэх итгэлдээ тууштай байж чадах вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Судар цээжил. Гэр бүлийн тань хувьд утга учир бүхий судрын хэсгийг сонгоод, тэдэнтэй хамт цээжил. Ахлагч Ричард Г.Скотт “Цээжилсэн судар нь цаг хугацаа өнгөрсөн ч холдож хөндийрөхгүй үнэнч анд болдог” хэмээн заасан (“Судрын хүч,” Ensign, Nov. 2011, 6 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган,  6).