“3-р сарын 16–22. Иаков 5–7: ‘Их Эзэн бидэнтэй хамт хөдөлмөрлөдөг,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“3-р сарын 16–22. Иаков 5-7,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020
3-р сарын 16–22
Иаков 5–7
Их Эзэн бидэнтэй хамт хөдөлмөрлөдөг
Иаков 5–7-д байгаа үнэнүүдийг хүүхдүүдэд хэрхэн хамгийн сайн арга замаар заахаа мэдэхийн тулд судалж, тунгаан бодож, залбир. Хүлээж авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Иаков 5–7-д байгаа захиасуудын талаар ярилцлага эхлүүлэхийн тулд, Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн хайрыг амьдралдаа мэдрэхэд нь тусалдаг зүйлсийн талаар ярихад хүүхдүүдийг урь. Бид бусдыг хайрлах хайраа хэрхэн харуулдаг вэ?
Сургаалыг заах нь: Бяцхан хүүхдүүд
Номлогчид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд үйлчилдэг.
Хүүхдүүдийн ойлгож чадах арга замаар чидун модны ёгтлолыг хэрхэн хуваалцахаа бодож үз.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Модны зургийг үзүүлж эсвэл мод харуулахаар гадаа гарч, Иаков 5 дахь чидун модны ёгт үлгэрийн гол утгыг товч дүгнэ. Жишээлбэл: жимсний талбайн Эзэн (тэр Есүсийг төлөөлж болно) тэдэнд маш хайртай учраас чидуны моддоо (энэ нь дэлхий дээрх хүмүүсийг төлөөлж болно) арчлахын тулд маш шаргуу хөдөлмөрлөсөн. Тэр моддыг арчлахад туслуулахаар ажилчдыг (тэд номлогчдыг төлөөлж болно) дуудсан юм. Хүүхдүүдэд уншиж өгөхөөр Иаков 5 дээрээс нэг юм уу хоёр шүлгийг (71–72-р шүлэг гэх мэт) сонго.
-
Та хүүхдүүдээс номлолд үйлчилсэн хэн нэгнийг мэддэг эсэхийг асуу эсвэл өөрийн таньдаг хэн нэгний талаар ярь. Газрын зургаас эдгээр номлогчийн үйлчилж байгаа газрыг олоход хүүхдүүдэд тусал. Иаков дэлхийнхнийг хэдэн бүлэг чидун модтой зүйрлэсэн гэдгийг тайлбарла. Модод нь дэлхий дээрх хүмүүстэй адил бөгөөд тэдгээр модыг арчлах нь Бурханы хүүхдүүдийн төлөө номлогчдын хийдэг зүйлстэй адил юм. Номлогчид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг адислахын тулд юу хийдэг вэ? “Үйлчлэхээр дуудагдлаа” (Хүүхдийн дууны ном, 94–95) гэх мэт дуунаас энэ асуултын хариултыг хамтдаа хай. Бид хэрхэн номлогчидтой адил байж чадах вэ?
Тэнгэрлэг Эцэг надад хайртай.
Та ангийнхандаа Бурхан Өөрийн бүх хүүхдэд хайртай мөн Өөрийн “нигүүлслийн мутрыг” тэдний зүг сунгадаг гэдгийг хэрхэн зааж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг өөрсдийгөө тэврэхэд урь. Хайртай хүндээ тэврүүлэхэд бидэнд ямар санагддаг вэ? Хүүхдүүдэд Иаков 6:5-ыг уншиж өгөөд, “[Бурхан] та нарт үнэнч,” “түүний нигүүлслийн мутар та нарын зүг сунгагдсан” гэдэг хэсгүүд Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай мөн Өөр дээр нь хэзээ нэгэн өдөр буцаж ирэхийг хүсдэг гэсэн утгатай гэдгийг тайлбарла.
-
“Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (Хүүхдийн дууны ном, 42–43) зэрэг хайрын тухай дууг хамт дуул. Аврагчийн хайрыг мэдрэхэд тэдэнд тусалдаг зүйлсийг нэрлэхэд хүүхдүүдийг урь.
Би үнэн гэдгийг мэдэх зүйлийнхээ төлөө зогсож чадна.
Эсэргүүцэлтэй тулгарахдаа үнэнийг хамгаалан зогсох үед бат бөх гэрчлэл нь тусалсан хүний тухай сайн жишээ бол Иаков юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийн ойлгож чадах арга замаар Иаков, Шерим хоёрын (Иаков 7:1–23) түүхийг ярьж өг. Та “10-р бүлэг: Иаков ба Шерим” (Мормоны Номын түүхүүд, 27–29 юм уу ChurchofJesusChrist.org дээрх холдогдох видео бичлэг)-ийг ашиглаж болно. Тэгээд уг түүхийг дахин ярьж өгөхдөө, энэ удаад хүүхдүүдээр нарийн тодорхой хэсгийг яриул. Иаковоос юу сурсныг нь тэднээс асуу. Бид түүний жишээг хэрхэн дагаж чадах вэ?
-
“Зөвийг чи хий” эсвэл “Үнэний төлөө зогс” (Хүүхдийн дууны ном, 80, 81) зэрэг зөвийг сонгох тухай дуу дуулахад хүүхдүүдийг урь. Тэднээс зөв юм уу үнэн гэсэн үгсийг хэлэх бүрдээ босож зогсохыг хүс.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Их Эзэн Өөрийн хүмүүсийг халамжилдаг.
Иаков өөрийн хүмүүсийг Христэд ирэхэд урихад туслахын тулд чидуны модны ёгтлолыг эш татсан. Энэ нь таны заадаг хүүхдүүдэд ч мөн адил тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдэд чидун модны ёгтлолыг товчлон, Иаков 5:3–4, 28–29, 47, 70–72 гэх мэт гол шүлгүүдийг уншиж, тайлбарлаж өгөн, эдгээр шүлэгт дүрслэгдэж байгаа зүйлсийн зургийг зурахад хүүхдүүдийг урь. Их Эзэн Өөрийн хүмүүсийн талаар ямар бодолтой байдаг талаар бид энэ шүлгээс юу сурч болох вэ? Таныг тэдэнд 61–71-р шүлгийг товч ярьж өгөх зуур чидун модыг арчилж байгаа дүр үзүүлэхийг хүүхдүүдээс хүс (тэд нүх ухах, услах гэх мэт дүр үзүүлж болох юм). Жимсний талбайн Эзэн (Есүс Христ) моддыг хэрхэн сайн харж хандаж байсныг харуулах зүйлсийг олохын тулд Иаков 5:11, 41, 47 болон 72-ыг уншихад хэдэн хүүхдийг урь. Аврагч биднийг харж ханддаг гэдгээ харуулан юуг хийдэг вэ? Энэ үйл ажиллагаанд “Old Testament Olive Vineyard” (ChurchofJesusChrist.org) видео бичлэг тусалж чадна.
-
Иаков 5 дээрх жимсний талбай, жимсний талбайн эзэн, зарц, чидуны модод зэрэг бэлгэдлүүдийг самбар дээр жагсаан бич. Тэгээд эдгээр бэлгэдлийг төлөөлж болох дэлхий, Аврагч, Сүмийн удирдагчид юм уу номлогчид, Бурханы хүмүүс гэх мэт үгсийн дарааллыг алдагдуулан бичсэн өөр жагсаалт гарга. Эдгээр бэлгэдлийг дурдсан шүлгүүдийг Иаков 5-аас хамтдаа уншаад, бэлгэдэл бүрийг холбогдох утгатай нь холбон зураас зурахад хүүхдүүдэд тусал (тухайлбал, 3–4, 28–29, 47, 70–72-р шүлгийг үзнэ үү).
Тэнгэрлэг Эцэг надад хайртай бөгөөд намайг наманчлах үед өршөөх болно.
Бурхан тэдэнд хайртай мөн тэднийг чин сэтгэлээсээ наманчлах үед өршөөх болно гэдгийг ойлгоход зааж байгаа хүүхдүүддээ туслах нь чухал юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбар дээр Тэнгэрлэг Эцэг ба Бид гэсэн гарчигтай хоёр багана бүхий хүснэгт зур. Иаков 6:4–5-ыг хамт уншаад, ангийн нэг хэсгээс Бурханд хамаарах үгсийг, нөгөө хэсгээс бидэнд хамаарах үгсийг олохыг хүс. Тэдний олж мэдсэн зүйлийг тохирох багананд бич. Ойлгохгүй байгаа үгсийг нь тодорхойлоход тэдэнд тусал.
-
Ахлагч Аллэн Д.Хэйнигийн “Хэнд итгэснээ санагтун” гэдэг захиасаас шавартай нүхэн дотор бохир заваан болсон тухай түүхийг хуваалц (Ensign юм уу 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган,, 117). Энэ түүх биднийг Бурханы хаант улсад аврагдахын тулд юу хийх ёстой гэж зааж байна вэ? Бид Иаков 6:4–5-аас өөр юу сурч байна вэ?
Би үнэн гэдгийг нь мэддэг зүйлийнхээ төлөө зогсож чадна.
Та хүүхдүүдийг Иаковын адил үнэний төлөө зогсоход нь хэрхэн урамшуулж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Иаков 7:1–23-ыг удирдамж болгон Иаков, Шерим хоёрын хоорондын яриаг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдийг урь. Эсвэл “Jacob and Sherem” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүл. Хүүхдүүдээс өөрийн дуртай түүхийн хэсгээс ярихыг хүс. Иаков өөрийн үнэн гэж мэдэж байсан зүйлсийн төлөө хэрхэн зогссон бэ? Зөв зүйлийн төлөө зогссон туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь эсвэл өөрийн туршлагаас хуваалц.
-
“Зөвийг чи хий” эсвэл “Үнэний төлөө зогс” (Хүүхдийн дууны ном, 80, 81) зэрэг зөвийг сонгох тухай дууг дуулахад хүүхдүүдийг урь. Тэднийг хэдэн бүлэг болгон хуваарилж, дэмжиж, итгэдэг нэг зүйлийг нь төлөөлөх үзүүлэн ба зар бүтээхэд тэднийг урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Аврагчийн хайрыг мэдрэхэд нь гэр бүлдээ туслах арга замыг, тухайлбал жимсний талбайн Эзэн өөрийн чидун моддыг хэрхэн халамжилсан талаар сурсан зүйлээ тайлбарлах гэх мэт арга замыг бодоход хүүхдүүдийг урь.