Ирээд, Намайг дага
10-р сарын 12–18. 3 Нифай 20–26: “Та нар гэрээний хүүхдүүд”


“10-р сарын 12–18. 3 Нифай 20–26: ‘Та нар гэрээний хүүхдүүд,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“10-р сарын 12–18. 3 Нифай 20–26,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Христ нифайчуудад үзэгдсэн нь

Андрью Бозлийгийн зураг, Христ нифайчуудад үзэгдсэн нь

10-р сарын 12–18

3 Нифай 20–26

“Та нар гэрээний хүүхдүүд”

3 Нифай 20–26-г уншиж байхдаа, ангийнхаа хүүхдүүдтэй хуваалцахаар сүнсээр өдөөгдсөн үнэнийг олохын тулд “эдгээрийг хичээнгүйлэн судал” (3 Нифай 23:1).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийнханд Аврагчийн зургийг дамжуул. Зургийг авсныхаа дараа, Есүсийн Мормоны Ном дахь хүмүүс дээр ирэхдээ заасан эсвэл хийсэн ямар нэгэн зүйлийг хуваалцахад хүүхэд бүрийг урь. Тэд гэртээ болон Хүүхдийн хэсэгтээ мэдэж авсан ямар нэгэн зүйлээ хуваалцаж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

3 Нифай 20:1

Би зүрх сэтгэлдээ залбирч болно.

Хэрэв ангийнхан тань өнгөрсөн долоо хоногт залбирлын талаар мэдэж авсан бол та эдгээр үйл ажиллагааны аль нэгэнд үндэслэн хичээлээ зааж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Залбирахдаа юу хийдгийг үзүүлэхийг хүүхдүүдээс хүс. Тэд гар, толгой, нүд зэргээ ямар байдалтай байлгадаг вэ? Заримдаа бид Тэнгэрлэг Эцэгт хандан ярихыг хүсдэг ч өвдөг сөгдөх, нүдээ аних боломжгүй байж болно гэдгийг тайлбарла. Бид юу хийж чадах вэ? Хүүхдүүдэд 3 Нифай 20:1-ээс “[Есүс] зүрх сэтгэлдээ тэд залбирахаа үл зогсохыг тэдэнд зарлиг болгов” гэдгийг уншиж өг. Хүүхдүүдэд зүрх сэтгэл дотроо хэрхэн залбирч болох талаар хэл.

  • Самбарт ам болон зүрх зур. Хүүхдүүдийг ам руугаа зааж, залбирахдаа хэлдэг зарим зүйлээ хэлэхийг хүс. Дараа нь зүрх рүүгээ заагаад, бид эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ хэлж болохыг тайлбарла. Тэнгэрлэг Эцэг бидний сэтгэл, бодлыг мэддэгийг гэрчил.

3 Нифай 24:8–12

Аравны нэгээ төлөх нь адислалыг авчирдаг.

Баптисм хүртээгүй хүүхдүүд аравны нэг төлөх шаардлагагүй. Гэхдээ энэ хуультай холбоотой зарчим, адислалуудыг тэдэнд заахад хэзээ ч эртдэхгүй.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Анги тань цонхтой бол хүүхдүүдийг цонх руу харахад урь. Цонхыг нээхэд өрөөнд юу орж ирж болох вэ? 3 Нифай 24:10-ыг уншаад, биднийг аравны нэгээ төлөхөд “тэнгэрийн цонхнууд” нээгдэж, бидний амьдралд адислалууд орж ирэх боломжтой болдог гэдгийг тайлбарла.

  • Хүүхдүүдэд 10 ширхэг зоос (эсвэл өөр жижигхэн зүйл) үзүүл. Тэднийг тантай хамт зооснуудыг тоолоход урь. Бидэнд байгаа бүхэн Тэнгэрлэг Эцэгээс ирсэн адислалууд гэдгийг гэрчил. Нэг зоосыг тусад нь аваад, бид аравны нэгийг төлөхдөө Тэнгэрлэг Эцэгтээ орлогынхоо аравны нэгийг эргүүлэн өгдгийг тайлбарла. Аравны нэг Их Эзэний Сүмийг хэрхэн адисалдгийг төлөөлсөн зургуудыг үзүүл (ариун сүм барих, сайн мэдээг түгээх гэх мэт; Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 109–110, 118–119-ийг үзнэ үү).

  • I Want to Give the Lord My Tenth” (Children’s Songbook, 150) гэх мэт аравны нэгийн тухай дууг хамтдаа дуул. Бид яагаад аравны нэгийг төлдөг болохыг заасан үг хэллэгийг онцол.

3 Нифай 25:5–6

Тэнгэрлэг Эцэг намайг өвөг дээдсийнхээ тухай мэдэж аваасай хэмээн хүсдэг.

Эдгээр шүлэгт бошиглосноор, Елиа бидэнд гэр бүлийнхэнтэйгээ мөнхөд хамт байх боломжийг олгодог лацдан холбох түлхүүрүүдийг сэргээсэн.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 3 Нифай 25:6-г уншаад, “зүрх сэтгэл” гэсэн үгийг сонсох бүрдээ гараа зүрхэн тушаа газартаа тавихад хүүхдүүдийг урь. Тэнгэрлэг Эцэг “хүүхдүүдээ” буюу бид бүхнийг “эцгүүдийнхээ,” эцэг эх, эмээ өвөө, өвөг эцэг эхийнхээ тухай мэдэж аван, тэднийг хайрлах хайрыг мэдрээсэй хэмээн хүсдэг.

  • Нэг хүүхдийн эцэг юм уу эхийг өвөг дээдсийнхээ тухай ярихад урь. Эсвэл та нэг өвөг дээдсийнхээ түүхийг хүүхдүүдэд ярьж өг. Боломжтой бол зураг үзүүлнэ үү. Тэнгэрлэг Эцэг биднийг гэр бүлийнхэнтэй маань мөнхөд хамт байлгахын тулд ариун сүмийг бидэнд өгсөн тухай гэрчил. “Гэр бүл үүрд хамт байх болно” (Хүүхдийн дууны ном, 98) дууг хамтдаа дуул.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

3 Нифай 23:1, 5

Би судруудыг хичээнгүйлэн судалж чадна.

Есүс олон түмэнд судруудыг судал хэмээн хэлсэн ба тэдэнд бошиглогчдын үгсийг цэдэглэхийг анхааруулсан (3 Нифай 23:1, 5–13; 26:2-ыг үзнэ үү).

Боломжит үйл ажиллагаанууд

  • 3 Нифай 23:1, 5-ыг уншаад, гурван удаа давтагдсан үгийг олж мэдэхэд хүүхдүүдийг урь. Бошиглогчдын үгсийг эрэлхийлэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Эрэлхийлэх нь уншихаас хэрхэн өөр вэ? Судруудыг хэрхэн судалдгаа мөн тэдгээрээс олж мэдсэн зүйлээ хүүхдүүдэд хэл.

  • Хүүхэд бүрд жижигхэн карт эсвэл цаас өгөөд, дээр нь дуртай судрынхаа хэсгийг бичихэд урь. (Шаардлагатай бол тэдэнд санаа өг.) Бусад хүүхдийг нүдээ аньж байхад өөрийнхөө картыг нуух боломжийг тэдэнд ээлжлэн олго. Хүүхдүүд судруудыг хайж, олсны дараа хамтдаа уншихыг тэднээс хүс. Бид тухайн судраас ямар чухал зүйлийг олсон бэ?

3 Нифай 24:8–12

Аравны нэгийг төлөх нь тэнгэрийн цонхыг нээдэг.

Та хүүхдүүдэд аравны нэгийн талаар заахдаа, тэднийг “хүлээн авах хангалттай зай байхгүй болтол адислалыг” (3 Нифай 24:10) хүлээн авахад бэлддэг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Самбарт Хэрэв би аравны нэгийг төлөх юм бол Их Эзэн болно гэж бич. Хүүхдүүдийг 3 Нифай 24:8–12-ыг уншаад, энэ өгүүлбэрийг гүйцээж бичих хэллэгүүдийг олоход тэдэнд тусал. Аравны нэгийг төлснийхөө төлөө адислагдсан туршлагаасаа хуваалц.

  • Самбарт хэд хэдэн мөнгөн дүнг бичээд, мөнгөн дүн бүрээс яг хэдэн төгрөгийг(10 хувь) аравны нэг болгон төлөхийг бодож гаргахад хүүхдүүдэд тусал. Аравны нэгийн өргөлийн маягтыг хэрхэн бөглөхийг тэдэнд үзүүл.

  • Их Эзэний Сүмийг адислахын тулд аравны нэгийг ямар ямар арга замаар (ариун сүм барих, сайн мэдээг түгээх, судруудыг хэвлэх гэх мэт) ашигладгийг самбарт жагсааж бичихэд хүүхдүүдэд тусал. Аравны нэг Сүмийг хэрхэн адисалдаг арга замыг зурахыг (эсвэл Сүмийн сэтгүүлүүдээс зургууд олохыг) хүүхдүүдээс хүс.

3 Нифай 25:5–6

Тэнгэрлэг Эцэг намайг өвөг дээдсийнхээ тухай суралцаасай гэж хүсдэг.

Ариун сүмд орох насанд хүрэхдээ өвөг дээдсийнхээ өмнөөс ёслолуудыг хийж болохын тулд өвөг дээдсээ хайж олоход нь хүүхдүүдийг хэрхэн өдөөж урамшуулж болохыг бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • 3 Нифай 25:5–6-д хожмын үед болох үйл явдлын тухай өгүүлсэн бошиглол агуулагдсан байдгийг хүүхдүүдэд хэл. Тэднийг эдгээр шүлгийг уншаад, энэ нь юу болохыг олж мэдэхийг хүс. Энэ бошиглол гүйцэлдсэн гэдгийг гэрчлээд, Сургаал ба Гэрээ 110:13–16-аас үүний талаар уншихад хүүхдүүдийг урь (мөн Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 95-ыг үзнэ үү). Биднийг өвөг дээдсийнхээ талаар суралцаж, тэдний төлөө ариун сүмийн ажлыг хийх үед бидний зүрх сэтгэл эцгүүд рүү маань эргэдэг гэдгийг тайлбарла.

  • Баптисм хүртэх боломжгүйгээр нас барсан нэг өвөг дээдсийнхээ тухай хүүхдүүдэд ярь. Боломжтой бол зургийг нь үзүүл. Тэнгэрлэг Эцэг энэ хүнд хайртай учраас Тэрээр ариун сүмд түүнд зориулан баптисмын ёслолыг хүлээн авах арга замыг бэлдсэн талаар гэрчлэлээ хуваалц. Өвөг дээдсийнхээ тухай мэдрэмжийг тань дүрсэлсэн байж болох үг хэллэгийг 3 Нифай 25:6-аас олохыг хүүхдүүдээс хүс.

  • Гэр бүлийн модыг эцэг эх, өвөө эмээгийнхээ нэрээр бөглөхөд хүүхдүүдэд тусал. Тэднийг эцэг эхээсээ нэрс нэмж бичихэд нь туслахыг хүсэхэд урамшуул.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Эцэг эхээсээ эсвэл өвөө эмээгээсээ өвөг дээдсийнхээ тухай түүх ярьж өгөхийг хүсэхэд хүүхдүүдийг урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүд янз бүрийн арга замаар суралцдаг. Хүүхдүүд шинэлэг, олон янзын үйл ажиллагаагаар дамжуулан суралцах дуртай. Тэдэнд хөдөлж, бүх мэдрэхүйгээ ашиглаж, шинэ зүйл оролдож үзэх боломж олгох үйл ажиллагаануудыг ашигла. (Аврагчийн арга барилаар заах нь,25-ыг үзнэ үү.)