“7-р сарын 6–12. Алма 30–31: ‘Бурханы үгийн нөлөөлөх хүч,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“7-р сарын 6–12. Алма 30–31,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020
7-р сарын 6–12
Алма 30–31
“Бурханы үгийн нөлөөлөх хүч”
Алма 30–31-ийг уншиж, өөрийн амьдралд сүнслэг өдөөлт эрэлхийлсний дараа ангийн гишүүдийг тань ямар захиас адислах талаар сүнслэг өдөөлтийг сонс.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хэрвээ танд ангийн гишүүд хуваалцахдаа тээнэгэлзэж байна гэж санагдвал та тэдэнд Алма 30–31-ийг эсвэл энэ долоо хоногт гэртээ суралцахдаа хийсэн тэмдэглэлээ давтах цөөн хормыг гаргаж өгч болох юм. Тэгээд тэд өөрсдийн олсон нэг нөлөө бүхий захиасыг хамтрагчтайгаа эсвэл ангийнхантай хуваалцаж болно.
Сургаалыг заа
Дайсан биднийг хуурамч сургаалаар хуурахыг оролддог.
-
Таныг ангийнхныхаа хэрэгцээг бодож үзэхэд, үзүүлэнт хичээл нь сайн мэдээний үнэн болон Сатаны хууралтын хоорондын ялгааг ойлгоход тэдэнд туслах болов уу? Хэрэв тийм бол, та тэдэнд хуурамч мөнгө эсвэл тоглоомон хоол зэрэг хуурамч зүйлсийг жинхэнэ мөнгө юм уу жинхэнэ хоолны зүйлтэй хамтад нь үзүүлж болно. Хуурамч зүйлс нь жинхэнэ биш гэдгийг бид хэрхэн хэлж чаддаг вэ? Ангийнхан тэгээд Алма 30:6–31 дээрээс Корихорын хуурамч сургаалыг олж тогтоож чадна. Эдгээр сургаалын юу нь үнэмшилтэй байж болох вэ? Сатаны хуурамч сургаалын өгч чадахгүй юуг сайн мэдээний үнэн бидэнд өгдөг вэ? Үнэн ба хуурамч сургаалыг ялган танихад Алмад юу тусалсан тухай хуваалцахад ангийн гишүүдийг урь (Алма 30:32–54-ийг үзнэ үү). Ангийн гишүүд өөр ямар тустай арга замуудыг олсон бэ?
-
Өөрсдийгөө хуурамч сургаалын үр нөлөөнөөс хэрхэн хамгаалахад суралцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд, та Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх Христийг эсэргүүцэгчийн тодорхойлолтыг давтан харж болох юм. Алма 30:6–31 дэх аль аль шүлэг Корихор энэ тодорхойлолтод багтаж байгааг харуулж байна вэ? Түүний заасан зүйлсийн аль нь өнөө үеийн хуурамч сургаалтай төстэй вэ? (Алма 30:12–18, 23–28-ыг үзнэ үү). Бид эдгээр хуурамч сургаалд хууртагдахаас хэрхэн зайлсхийж чадах вэ?
Бүх зүйл Бурханыг гэрчилдэг.
-
Бид Алмагийн үеийнхтэй адил, зарим хүн нь Бурхан гэж үгүй хэмээн заадаг дэлхийд амьдардаг учраас Алма 30:39–44 дэх Алмагийн гэрчлэл ангийн тань гишүүдэд тус болж болох юм. Та эдгээр шүлгийг уншаад, Бурхан байдаг гэдгийг гэрчлэн, Алмагийн өгсөн баталгаа болон үнэнүүдийг самбар дээр жагсаан бичихэд тэднийг урьж болно. Бурхан амьдардаг гэдэг өөр ямар гэрчлэл бидэнд байдаг вэ? Энэ ярилцлагын хэсэг болгон “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын хэлсэн үгийг хуваалцах талаар бодож үз. Түүнчлэн та хэн нэгнийг “How Great Thou Art” (Hymns, no.86) зэрэг Бурханы сайн сайхны тухай дууллыг дуулахаар бэлтгэж ирэхэд урих юм уу та нар бүгдээрээ хамтдаа уг дууллыг дуулж болно.
-
Алма Корихортой ярьж байхдаа Корихор “[түүний] дотор зай эзлэхгүй байж болохын тулд Бурханы Сүнсийг холдуулжээ” (Алма 30:42) гэдгийг ойлгожээ. Ангийн гишүүдээс Aлма 30:39–46-аас Ариун Сүнсний талаар ярьсан өөр тохиолдлыг олж мэдэхийг хүс. Бурхан болон Есүс Христийн бодит байдлын талаар бидэнд гэрчлэхэд Ариун Сүнс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Эргэлзэж байгаа эсвэл асуулттай байгаа хүмүүст Ариун Сүнсээр дамжуулан үнэнийг эрэлхийлэхэд нь бид хэрхэн тусалж чадах вэ?
Бурханы үг хүмүүсийг зөв шударгад хөтлөх хүчтэй.
-
Танай ангийн гишүүдээс “Бурханы үгийн нөлөөлөх хүч” (Алма 31:5) өөрсдөд нь эсвэл тэдний мэддэг хэн нэгэнд амьдралдаа өөрчлөлт гаргахад нь тусалсан туршлагаа хуваалцах хүн байна уу? Тэд туршлагаасаа хуваалцахад бэлтгэлтэй байж болохын тулд та ангийн гишүүдтэй урьдчилан холбоо барих шаардлагатай. Тэднийг Алма 31 дээрээс өөрсдийнх нь туршлагад хамаарах шүлгүүдийг хуваалцахад урамшуул. Мөн ангийн бусад гишүүн Бурханы үг “[тэдний] оюун санаанд хүчтэйгээр нөлөө” (Aлма 31:5) үзүүлсэн арга замуудын талаар хуваалцаж болно. Гишүүдэд Бурханы үгийн хүчийн талаар гэрчилдэг өөр судруудыг унших нь тустай байж болох юм (“Нэмэлт эх сурвалж” дээрээс хэдэн жишээг үзнэ үү).
-
Ангийн тань гишүүд энэ долоо хоногт Алма 31-ийг судалж байхдаа зорамчуудын төлөө залбирсан Алмагийн жишээгээр сүнслэгээр өдөөгдсөн байж магадгүй. Сайн мэдээний замаас гарсан эсвэл итгэлийн хувьд асуудалтай байгаа гэр бүлийн гишүүд юм уу найз нөхдөдөө хэрхэн хүрч туслах талаар тэд энэ бүлгээс юу мэдэж авсныг нь асуухыг бодож үз. Түүнчлэн та тэднийг Алма 31-ийг хамтдаа судалж, зорамчуудыг аврахад нь Алмад тусалсан ямар шинжүүдийг түүнээс олж харснаа самбар дээр жагсаан бичихийг хүс. Бусдыг аврах хичээл зүтгэлдээ бид Бурханы үгийг хэрхэн илүү ихээр ашиглаж болох вэ? (Нэмэлт ойлголт авахын тулд “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Жэффри Р.Холландын үгийг хуваалцаж болно.)
-
Алмагийн адилаар бусдын нүглийн төлөө шаналж байгаа хүмүүст туслах юуг ангийн гишүүд Алма 31:30–38 дээрээс олсон бэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Зорамчуудын дундаас Алмагийн илрүүлсэн худал хуурмагийн эсрэг арга хэмжээ авахын тулд ямар сургаалыг эсвэл сайн мэдээний зарчмуудыг зааж болохыг ангийн гишүүдээс асуу. Алма 32–35-ыг уншиж байхдаа, өөрчлөгдөх хэрэгтэй гэдгээ ойлгоход нь зорамчуудад туслахын тулд Алма хэрхэн Бурханы үгийг ашигласныг олж мэдэх болно гэдгийг хэл.
Нэмэлт эх сурвалж
Бурханы үгийн хүчийн тухай судрууд.
Бүх зүйл Бурхан байдгийг харуулдаг.
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард Бурхан байдаг талаар Алмагийн өгсөн “мөнхийн баталгаанууд” “өнөөдөр бидэнд гэрчилсээр” байгаа хэмээн заасан (Aлма 30:44-ийг үзнэ үү).
“Огторгуйгаас дэлхийг харсан сансрын нисгэгчид дэлхийг ямар үзэсгэлэнтэй, амьд харагддаг талаар ярьдаг. Америкийн Нэгдсэн Улсын сенатч Жэйк Гарн сансарт ниссэн талаараа ийнхүү ярьсан байдаг. ‘Миний хувьд дэлхийн гоо үзэсгэлэнг үгээр илэрхийлэхийн аргагүй. Дуу чимээний хурдаас хорин тав дахин илүү хурдтайгаар аялж байхдаа сансраас дэлхийг харах нь уулга алдам, гайхал төрүүлэм сүнслэг сэтгэгдэл төрүүлдэг. Би бас огторгуйн түнэр харанхуй руу, олон сая гэрлийн жилийн зайд байгаа түм буман од эрхсийг харж чадаж байв. Ертөнц төсөөлөхийн аргагүй өргөн уудам юм. Гэхдээ би бүх зүйлд Бурханы мутар оролцсоныг ойлгосон. Би сансарт долоо хонохдоо түүний оршихуйг мэдэрч байсан билээ. Бурхан энэ дэлхийг болон хорвоо ертөнцийг бүтээснийг би мэднэ. … Бурхан амьд бөгөөд бид бүгдийн Бүтээгч гэдгийг би мэднэ’ (М.Рассэлл Баллардад бичсэн захианаас, 1988 оны 3-р сарын 3)” (“God’s Love for His Children,” Ensign, May 1988, 58).
Бусдыг Бурханы үгээр тэжээх нь
Ахлагч Жэффри Р.Холланд ийнхүү заасан.
“Бид өсвөр үеийнхнийг болон шинэ гишүүдийг амьдралд нь дарамт шахалт ирэх үед дэмжин тэтгэх арга замаар халамжилж байна уу? Аль эсвэл сүнслэг байдлын хувьд ямар ч илчлэггүй шашны хоол өгөөд байна уу? … Хэдэн жилийн өмнө болсон хахир хүйтэн өвөл гэдсэндээ дүүрэн өвстэй хэрнээ өлсгөлөнгөөс болж үхсэн нэлээд тооны бугыг ерөнхийлөгч Боид К.Пакэр анзаарчээ. Туслахаар төлөөлөн явсан хүмүүс хэрэгтэй байсан жинхэнэ тэжээлийн оронд орлуулагч зүйлийг өгсөн байжээ. Харамсалтай нь тэд бугыг хооллосон боловч шим тэжээл өгөөгүй байв. …
Сатан заахдаа чимээгүй биш байхад бид яагаад чимээгүй байх ёстой юм бэ? Бид гэртээ хүүхдүүддээ зааж байна уу эсвэл сүмийн цуглааны өмнө л гарч зогсож байна уу? Өөрсдийн итгэлийг хэзээ ч олж харахад хэцүү байлгахгүй байцгаая. … Судар дээр үндэслэсэн үг хэлж бай. Илчлэгдсэн сургаалыг заа” (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26–27).