“7-р сарын 20–26. Aлма 36–38: ‘Бурханд найдан, амьдар,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“7-р сарын 20–26. Алма 36–38,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020
7-р сарын 20–26
Aлма 36–38
“Бурханд найдан, амьдар”
Та заахаар бэлтгэх үедээ ангийн гишүүд Алма 36–38-тай холбоотой утга учир бүхий туршлагатай байх магадлалтай гэдгийг санаарай. Та эдгээр туршлагыг хэрхэн баяжуулж болох вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Судруудаас ойлгож мэдэж авч байгаа зүйлсээ хуваалцахад нь ангийн гишүүдийг урамшуулах нэг арга зам бол ангийнхныг гурван хэсэг болгон хуваарилаад, хэсэг бүрд Алма 36–38-аас нэг нэг бүлэг оноож өгөх явдал юм. Хэсэг бүрийг өөрсдөд нь оногдсон бүлгээс сүнслэгээр нөлөөлсөн шүлгийг олж, хуваалцахад урь.
Сургаалыг заа
Бид даруу байж, наманчилснаар Бурханаас төрж чадна.
-
Ангийн тань зарим гишүүн яагаад тэд Алмагийн адил сэтгэл хөдөлгөсөн хөрвүүлэлтийн туршлагыг туулаагүй юм бол гэж гайхаж байж магадгүй. Та ахлагч Дэвид А.Бэднарын заасан зүйлийг хуваалцвал тэдэнд тустай байж магад. “Бидний олны хувьд хөрвүүлэлт нь цаг хугацаа шаардсан үйл явц бөгөөд энэ нь хүчтэй буюу сэтгэл хөдөлгөсөн үйл явдлын үр дүнд бий болдог нэг удаагийн явдал биш юм” (“Их Эзэнд хөрвүүлэгдэв,” Ensign Nov. 2012, 107–8 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 131–132). Алмагийн хөрвөгдсөн талаарх зарим зүйл ховор тохиолддог ч түүний туршлага бид бүгдэд хөрвөлтийнхээ үйл явцад хэрэгжүүлэх хэрэгтэй зарчмуудыг заадаг. Та эдгээр зарчмыг олж, самбар дээр бичихийн тулд Aлма 36-г судлахад ангийн гишүүдийг урьж болно. Биднийг Есүс Христийн сайн мэдээнд илүү ихээр хөрвөгдөхөд өөр юу тусалсан бэ?
-
Алма өөрийн хөрвөлтийг дүрслэхдээ “Бурханаас төрөх” гэдэг үгсийг хэрэглэсэн. Ангийн гишүүдэд энэ санааг ойлгоход нь туслахын тулд тэдгээрийг хувьдаа эсвэл хоёр хоёроороо дараах шүлгүүдийг уншаад, Бурханаас төрсөн байх гэдэг нь ямар утгатай болохыг олж мэдэхэд урь. Үүнд: 1 Иохан 4:7; Мозая 5:7; 27:25–26; Алма 5:14; 22:15. Олж мэдсэн зүйлээ хуваалцахыг ангийн гишүүдээс хүс. Тэгээд тэд дараах асуултын хариуг олохын тулд Aлма 36-г судалж болно. Хүмүүс Бурханаас төрсөн үедээ юуг мэдэрч бас үйлддэг вэ? Бурханаас хэрхэн төрж байгаа талаараа тунгаан бодоход нь ангийн гишүүдэд туслахын тулд та “Нэмэлт эх сурвалж” дээрээс ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн үгийг хуваалцаж болно.
Судрууд нь “мэргэн зорилгын тулд” хадгалагдсан билээ.
-
Алмагийн хүү Хиламандаа ариун нандин цэдгүүдийг өгөхдөө хэлсэн үгсийг судлах нь ангийн гишүүдийг өөрсдийн амьдралд судрын хүчийг хэрхэн мэдэрснээ хуваалцахад тусална. Судруудын талаар Алмагийн Хиламанд өгсөн захиасуудыг олохын тулд Алма 37-г давтахад тэднийг урамшуул (ялангуяа 1–19 болон 43–47-р шүлгийг үзнэ үү). Судрууд бидний хувьд ариун нандин гэдгийг бид хэрхэн харуулдаг вэ? Бид хэрхэн Алмагийн адилаар, хайртай хүмүүстээ “эдгээр бүх зүйлийг эрхэмлэн хадгалахыг” зааж чадах вэ? (Aлма 37:2). Судрууд бидэнд хэрхэн “[Бурханы] хүчийг үзүүлдэг” вэ? (Aлма 37:14).
-
Судруудтай байхын адислалуудын талаар ойлгож мэдэх нэг арга зам нь Алма 37 дээр Алмагийн Хиламанд итгэмжлэн өгсөн ариун нандин цэдгүүд болон бусад зүйлийн талаар хэлсэн үгсийг судлах явдал юм. Та самбар дээр ариун нандин зүйлс болох Нифайн ялтаснууд болон гуулин ялтаснууд (Алма 37:2–20), Иферийн хорин дөрвөн ялтас ба хөрвүүлэгчид (Aлма 37:21–37) болон Лиахона (Aлмa 37:38–47) зэргийг жагсаан бичиж болно. Алмагийн эдгээр зүйл тус бүрийн талаар юу гэж заасныг ойлгож мэдэхийн тулд ангийн гишүүд эдгээр шүлгийг уншиж болно. Судрууд ямар арга замаар бидний ой ухааныг тэлж чадах вэ? (Алма 37:8-ыг үзнэ үү). Өнөөдөр бид өөрсдийн амьдралд судруудтай байхын адислалуудын талаар Алмагийн үгсээс юу мэдэж авч чадах вэ?
“Өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг.”
-
Бурханы ажил дахь “өчүүхэн мөн энгийн зүйлүүдийн” ач холбогдлыг заахын тулд Алма хоёр жишээг, тухайлбал судруудыг болон Лиахонаг өгсөн (Aлма 37:6–7, 41–42; түүнчлэн 1 Нифай 17:41-ийг үзнэ үү). Эдгээр жишээг давтан харсныхаа дараа ангийн гишүүд Бурханы ажлын өчүүхэн мөн энгийн зүйлсийн талаар өөрсдийн амьдралаас жишээ хуваалцаж болох юм. Та ангийн нэг, хоёр гишүүнтэй урьдаас холбоо барьж, амьдралд нь агуу зүйлсийг авчирсан өчүүхэн нэг зүйлийг ангидаа авчрахыг хүсэх хэрэгтэй. Та мөн “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хэлсэн үгийг хуваалцаж болох юм. Ангийн гишүүдэд энэ зарчмыг өөр дээрээ тусган авч үзэхэд нь туслахын тулд та дараах асуултуудыг тавьж болно. Яагаад бид заримдаа өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг хийдэггүй вэ? Бид өөрсдийгөө болон гэр бүлээ хэрхэн энэ хандлагыг даван туулахад нь урамшуулж чадах вэ?
Христийн үгс биднийг өдрөөс өдөрт удирдаж чадна.
-
Бурханы үгийг Лиахонатай зүйрлэх нь ангийн гишүүдийг судруудаас уншихдаа илүү хичээнгүй, тууштай байхад урамшуулна. Та энэ талаар ярилцлага өрнүүлэхийн тулд ангийн гишүүдэд хоёр хоёроороо Aлма 37:38–47-г уншиж, Лиахона, Бурханы үг хоёрын хоорондын адил төстэй байдлыг олж мэдэхэд урь. Та тэднийг шүлэг бүрээс адил төстэй зүйл олоход уриал. Тэгээд та самбарт шүлэг бүрийн дугаарыг бичээд, олсон адил төстэй зүйлсээ дугааруудынх нь хажууд бичихийг ангийн гишүүдээс хүс. Энэ харьцуулалт бидэнд судраас судлахад хэрхэн хандах хэрэгтэй талаар юу санал болгож байна вэ?
Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцах нь хайртай хүмүүсийг маань хүчирхэгжүүлж чадна.
-
Алмагийн хүү Шиблондоо хэлсэн үгс өөрсдийн хайртай хүмүүсийг сайн мэдээний дагуу амьдрахад нь хэрхэн хүчирхэгжүүлж, урамшуулах талаар сайн жишээг үзүүлдэг. Ангийн гишүүд энэ бүлгийг уншаад, Алма Шиблоныг хэрхэн хүчирхэгжүүлснийг олж тогтоо. Aлма 38 богинохон бүлэг учир та ангиараа хамтдаа уншиж ч болно. Тэгээд ангийн гишүүд өөрсдөд нь утга учиртай санагдсан хэсгүүдийг эсвэл гэр бүлийн гишүүд болон найзуудыг нь хүчирхэгжүүлэх санаануудыг өгсөн хэсгүүдийг хуваалцаж болох юм.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүд ноцтой алдаа гаргасан хайртай хүндээ хэрхэн зөвлөгөө өгөхөө мэдэхгүй байж үзсэн үү? Тэд Aлма 39–42-оос үүнд тустай ойлголтуудыг олох болно гэдгийг тайлбарла.
Нэмэлт эх сурвалж
Хөрвөлт нь шинэ төрөлт шиг юм.
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Бид зөвхөн Есүс Христэд итгэх итгэлээр мөн Сүнсний бидэн дээрх нөлөөллөөр ирдэг энэхүү хүчирхэг өөрчлөлтийг туулаад шинэ хүн адил болдог. Иймээс энэ өөрчлөлтийг шинэ төрөлттэй адилтгадаг. Та нарын мянга мянга нь энэхүү өөрчлөлтийг мэдэрсэн. Та нар нүгэлт, заримдаа бүр ноцтой, том нүгэл бүхий амьдралаа орхиж, мөн амьдралдаа Христийн цусыг хэрэгжүүлснээр цэвэр ариун болдог. Та нарт хуучин байдалдаа буцан очих хүсэл үгүй болно. Та үнэндээ шинэ хүн болжээ. Зүрх сэтгэлийн өөрчлөлт гэдэг нь ийм л утгатай юм” гэж заасан (“A Mighty Change of Heart,” Ensign, Oct. 1989, 4).
Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс.
Ахлагч Даллин Х.Өүкс ийн заажээ.
“Өглөөгүүр явж байгаад харсан нэг зүйл өчүүхэн хийгээд энгийн зүйлс цаг хугацааны явцад хэрхэн хүчтэй байж болохыг надад сануулсан юм. … Явган хүний өргөн, бат бөх бетонон зам хагарсан байна. Энэ нь газар доорх том, хүчтэй түлхэлтийн үр дүн байсан болов уу? Үгүй ээ, ийнхүү хагарсан нь хажуугийн модны үндэсний нэгэн жижиг салаа бага багаар түрж урган, гарч ирснээс болсон байлаа. …
Үүнтэй адил судруудын болон амьд бошиглогчдын заадаг өчүүхэн бөгөөд энгийн зүйлс цаг хугацааны явцад хүчтэй нөлөө үзүүлдэг. Бидэнд заасанчлан, судраас суралцах үйл явцыг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг хэмээн тооцно уу. Эсвэл итгэлтэй хожмын үеийн гэгээнтний хувьд хувийн болон өвдөг сөгдөн хийх гэр бүлийн залбирлыг тогтмол хийх ёстой зүйл гэж үзнэ үү. … Хэдийгээр эдгээр зүйл нь өчүүхэн бөгөөд энгийн мэт байж болох ч цаг хугацааны явцад хүчтэй сүнслэг түлхэц, өсөлт болох юм. Учир нь эдгээр өчүүхэн бөгөөд энгийн зүйл бүр биднийг гэгээрүүлж, үнэн рүү хөтөлдөг Ариун Сүнсний нөхөрлөлийг урин авчирдаг” (“Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс,” Ensign May 2018, 90 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110–111).