“7-р сарын 27-оос 8-р сарын 2. Aлмa 39–42: ‘Аз жаргалын агуу төлөвлөгөө,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“7-р сарын 27-оос 8-р сарын 2. Aлмa 39–42,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020
7-р сарын 27-оос 8-р сарын 2
Aлмa 39–42
“Аз жаргалын агуу төлөвлөгөө”
Алма 39–42 дээр Алмагийн заасан зүйлс сургаалын хувьд баялаг бөгөөд чухал үнэнийг тодруулж өгдөг. Та эдгээр бүлгийг судалж байхдаа ангийнханд тань аль үнэн нь хамгийн утга учиртай байж болох талаар мөн эдгээр үнэнийг олж илрүүлэхэд тэдэнд хэрхэн тусалж чадах талаар тунгаан бодно уу.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Та ангийн гишүүдэд Алма 39–42-ын талаарх бодол, ойлголтоо хуваалцах боломж олгохын тулд эдгээр бүлгийг товч давтаж, гүн сэтгэгдэл төрүүлсэн Алмагийн хэлсэн эсвэл хийсэн зүйлсийг олоход тэднийг урьж болно.
Сургаалыг заа
Бэлгийн харьцааны нүгэл нь Их Эзэний мэлмийд жигшүүрт хэрэг юм.
-
Кориантоны нүгэл болон наманчлалын туршлагын талаарх түүхээс бид юу мэдэж авч чадах вэ? Ангийн гишүүд Aлма 39:1–14-ийг уншиж, тэдний зарим нь Кориантон юуг буруу хийснийг, зарим нь түүнийг юу нүгэл үйлдэхэд хүргэснийг, бусад нь Алмагийн түүнд өгсөн зөвлөгөөг хайж олж болох юм. Тэд олсон зүйлээ хуваалцах үедээ үүнтэй адил алдаануудыг гаргахаас хэрхэн зайлсхийх талаар ярилцаж болно.
-
Хүмүүс бэлгийн харьцааны нүгэл үйлдэх үедээ олонтоо гутарч, сэтгэлээр унадаг бөгөөд өөрсдийгөө үнэ цэнгүй гэж боддог. Aлма 39–42 дээрх ямар зарчим наманчлалд хүргэх найдварыг мэдрэхэд нь ангийн гишүүдийг өдөөж чадах вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь Жой Д.Жонс эгчийн үгс зохистой байдал болон Бурханы мэлмий дэх үнэ цэнийн ялгааг ойлгоход нь ангийн гишүүдэд туслах болно. (Мөн Линн Г.Роббинс, “Дал дахин долоон удаа,” Ensign, May 2018, 21–23 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 24–27-г үзнэ үү.)
-
Ярилцлагынхаа нэг хэсэг болгож ариун явдлын талаарх Их Эзэний жишгийг ярилцах нь ангийн гишүүдэд тустай байж магад. Хэрвээ ярилцлага тань хийж болох, болохгүй зүйлсийн жагсаалтан дээр биш харин зарчмууд дээр төвлөрвөл илүү тустай. Жишээлбэл, та ангийн гишүүдийг Aлма 39 дээр Алмагийн Кориантонд заасан зарчмуудыг олж тодорхойлоход урьж болно. Түүнчлэн тэд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал” хэсгийг давтаж болох бөгөөд дараахтай адил асуултуудын талаар бодож болох юм. “Хэрвээ та энэ бүх зөвлөгөөг нэг зарчмаар дүгнэн хэлэх юм бол тэр нь ямар зарчим байх вэ?” эсвэл “Та ариун явдлын хуулийн дагуу амьдрахад тань туслах ямар зарчмуудыг эндээс олсон бэ?” Түүнчлэн ангийн гишүүд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө дээрх энэ хэсгийг мөн ариун явдлын хуулийн дагуу амьдарснаар ирэх адислалуудыг болон энэ хуулийг зөрчсөнөөс ирэх үр дагаврыг олж мэдэхээр давтан харж болно. Эдгээр зарчим дэлхийн заадаг зүйлсээс юугаараа ялгаатай вэ? Эдгээр зарчим бидний ариун явдлын хуулийн талаар боддог бодолд хэрхэн нөлөөлж байна вэ? Ангийнхан тань эдгээр асуултад хариулахдаа “Нэмэлт эх сурвалж” дахь Вэнди Нэлсон эгчийн үгсийг унших нь тустай байж магад.
-
Бидний сонголтууд бусдад нөлөөлдөггүй буюу бидний үйлдсэн нүгэл надад л хамаатай зүйл гэж бодоход заримдаа амархан байдаг. Aлма 39:11–12 дээр Кориантоны сонголтуудын үр нөлөөний талаар Алма түүнд юу гэж заасан бэ? Ангийн гишүүдийг тэдний хийж байгаа сайн, муу сонголтууд хэнд нөлөөлж байж болох талаар тунгаан бодоход урь. Түүнчлэн тэд бусдын үйлдэл болон жишээнүүд зөвийг сонгоход нь хэрхэн тусалсан тухай хуваалцаж болно.
Есүс Христийн Цагаатгал гэтэлгэлийн төлөвлөгөөг боломжтой болгодог.
-
Алма Кориантонд бид бүгдийн ойлгох хэрэгтэй үнэнийг, тэр дундаа амьдралын зорилго, сүнсний дэлхий, амилуулалт, шүүлтийн үнэний талаар заасан. Алмагийн заасан зүйлсээс нэгийг сонгож, ангийн гишүүдэд Aлма 40–42-оос (хувиараа эсвэл хоёр хоёроороо) хайж, энэ сэдвийн талаар олж чадах аль болох олон үнэнийг бичихэд зориулан хоёр минут гаргаж өг. Ангийн гишүүд тэгээд өөрсдийн олсон зүйлсийг нэг нэгэнтэйгээ эсвэл ангийнхантайгаа хуваалцаж болно. Цаг байгаа бол та өөр сэдвийг сонгон, энэ үйл ажиллагааг дахин хийж болно. Алмагийн хүү Кориантоны хувьд эдгээр үнэнийг ойлгох нь яагаад чухал байсан бэ?
-
Энэ амьдралын дараах бодгалийн байдлын талаарх Алмагийн дүрслэл энэ амьдралд Аврагч дээр ирэхийн болон нүглээ наманчлахын чухлыг ойлгоход ангийн гишүүдэд тусална. Та самбар дээр Зөв шударга (наманчлагч) ба Ёсон бус (үл наманчлагч) гэж бичээд, ангийн гишүүдийг Алма 40:11–26-аас эдгээр бүлэг хүн тус бүрийн байдал нас барсных нь дараа ямар байхыг дүрсэлсэн үг, хэллэгийг олж, самбар дээр жагсаан бичихэд урьж болно. Эдгээр сургаал биднийг наманчлахад хэрхэн өдөөж чадах вэ? Сүнсний дэлхийд юу тохиолддог талаар илүү ихийг мэдэхийн тулд, 1 Петр 3:18–20; 4:6 болон Сургаал ба Гэрээ 138:29–37-г үзнэ үү.
-
“Сэргээгдсэн,” “сэргээлт” гэдэг үгсийг сонсох үед ангийн тань гишүүдийн оюун санаанд ямар бодол төрдөг вэ? Алма эдгээр үгийг хэрхэн ашигласныг Aлма 41 дээрээс хайж олоход тэднийг урь. Тэр үүгээрээ юу хэлэх гэсэн бэ? Бидэнд юу сэргээгдэх вэ? Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг “сэргээлтийн төлөвлөгөө” гэж ойлгох нь яагаад тустай байж болох вэ? (2-р шүлэг).
-
Ангийн тань зарим гишүүн Кориантонд байсан байж магадгүй дараах асуултыг хуваалцаж болох юм. Биднийг хайрладаг Бурхан Өөрийн хүүхдүүдийг шийтгэх нь шударга эсвэл зөв гэж үү? (Aлма 42:1-ийг үзнэ үү). Эсвэл та ангийн гишүүдээс энэ асуултад хэрхэн хариулах талаараа тунгаан бодохыг мөн Алма 42:7–26-аас хариултыг хайхыг хүс.
-
Хэрвээ та зохимжтой гэж бодвол ангийн тань гишүүд Aлма 42 дээрх нэг шүлгийг олж, Аврагчийн Цагаатгал бидэнд яагаад хэрэгтэй гэдгийг тайлбарласан энгийн зураг, бэлгэдлийг зурвал тэдэнд ашиг тустай байж болно. Ангийн гишүүд зурсан зүйлээ хуваалцаж, ангийн бусад гишүүн уг зургийн төлөөлж байгаа шүлгийг олохыг хичээж болно. Тэгээд тэд Аврагчийн золиосын ач холбогдлын талаар мэдсэн зүйлээ ярилцаж болно.
Нэмэлт эх сурвалж
Бодгалийн үнэ цэн агуу юм.
Жой Д.Жонс эгч ийн заасан.
“Би үнэ цэн, зохистой байдал гэсэн хоёр чухал үгийг хооронд нь ялгаж салгах хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Тэдгээр нь адилхан биш, өөр өөр утга агуулгатай. Сүнслэг үнэ цэн гэдэг нь өөрөө өөрсдийгөө дэлхийнхний адил биш, харин Тэнгэрлэг Эцэгийн адил үнэлэхийг хэлнэ. Бидний үнэ цэнийг энэ дэлхий дээр ирэхээс бүр өмнө тодорхойлсон. ‘Бурханы хайр хязгааргүй бөгөөд үүрд мөнхөд байх болно.’
Нөгөөтээгүүр, дуулгавартай байснаар зохистой болдог. Хэрэв бид гэм нүгэл үйлдсэн бол зохисгүй болж болох ч бидний үнэ цэн хэзээ ч алдагдахгүй. Бид наманчилж, үнэ цэнээ алдалгүйгээр Есүстэй адилхан байхыг үргэлжлүүлэн хичээх болно. Ерөнхийлөгч Бригам Янгийн зааснаар “Дэлхий дээрх одоо байгаа хамгийн өчүүхэн жижиг, хамгийн доод зиндааны сүнс ч гэлээ… ертөнцүүдтэй тэнцэхүйц үнэ цэнтэй.” Юу ч болсон бай, бид Тэнгэрлэг Эцэгийн мэлмийд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй” (“Хэмжээлшгүй үнэ цэн,” Ensign Nov. 2017, 14 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141).
Янаг дотно байдлын талаар дэлхийнхний үзэл бодол Бурханы үзэл бодлоос өөр.
Вэнди Нэлсон эгч дэлхийнхэн бэлгийн харьцааг, тухайлбал “дэлхийнхний сексийг” хэрхэн үздэгийг “Бурханаас томилогдсон гэрлэлт дэх янаг дотно байдалтай” харьцуулжээ.
“Дэлхийнхний сексийн хувьд юу ч тохиолдож болно. Гэрлэлтийн янаг дотно байдлын хувьд Сүнсийг, таны болон ханийн тань бодгалийг гомдоон сэвтээх хэл ярианаас авхуулаад, дуу хөгжим, кино гээд бүхий л зүйлсээс зайлсхийхийн тулд асар их анхаарал халамж шаарддаг.
Дэлхийнхний секс шунаг тачаангуй бөгөөд хайрыг үгүй болгодог бол гэрлэлтийн янаг дотно байдал илүү их хайрыг төрүүлдэг.
Дэлхийнхний секс эрэгтэй, эмэгтэйчүүдийг, тэдний бие махбодыг дорд үздэг бол гэрлэлтийн янаг дотно байдал эрэгтэй эмэгтэйчүүдийг хүндэтгэж, бие махбодыг мөнх бус амьдралын агуу шагналын нэг гэж үздэг.
Дэлхийнхний сексийн үед хувь хүмүүс ашиглагдаж, зовж, илүү ганцаардмал байдлыг мэдэрдэг. Гэрлэлтийн янаг дотно байдалд эхнэр нөхрүүд илүү нэгдмэл болж, илүү ихээр хайр, халамж, ойлголцлыг мэдэрдэг.
Дэлхийнхний секс газар авч, яваандаа харилцааг үгүй болгодог. Гэрлэлтийн янаг дотно байдал гэрлэлтийг хүчирхэгжүүлдэг. Энэ нь эхнэр, нөхрийн амьдралыг болон тэдний гэрлэлтийг дэмжиж, эдгээж мөн ариусгадаг. …
Дэлхийнхний секс хэзээ ч амлалтаа биелүүлдэггүй учраас бүрэн донтолт болдог. Бурханаас томилогдсон гэрлэлтийн янаг дотно байдал нь гайхамшигтай бөгөөд гэрээгээ сахигч нөхөр, эхнэрүүдийн хувьд мөнхөд үргэлжлэх болно” (“Love and Marriage” [worldwide devotional, Jan. 8, 2017], broadcasts.ChurchofJesusChrist.org).