“8-р сарын 17–23. Хиламан 1–6: ‘Бидний Гэтэлгэгчийн хад,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“8-р сарын 17–23. Хиламан 1–6,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020
8-р сарын 17–23
Хиламан 1–6
“Бидний Гэтэлгэгчийн хад”
Та ангийнхнаа сайн мэдэх үү? Долоо хоног тутамд ангийнхаа нэг гишүүнийг илүү сайн мэддэг болохыг хичээ. Ингэснээр та заахаар бэлдэж байхдаа тэдний хэрэгцээг илүү сайн санаж чадна.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг эдгээр бүлгээс мэдэж авсан нэг зарчмыг заахдаа ашиглаж болох ямар нэгэн зүйлийг хуваалцах бэлтгэлтэйгээр ангидаа ирэхэд урь. Бид эдгээр зарчмыг бусдад заах ямар өөр арга зам байдаг вэ?
Сургаалыг заа
Бардамнал биднийг Сүнснээс болон Их Эзэний хүчээс холдуулдаг.
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд нифайчуудыг нэрвэсэн “бардамналын тойргийг” дүрсэлдэг. Ангийн хэн нэгэн нь энэ тойргийг самбар дээр зурж болох юм. Ангийн гишүүд Хиламан 1–6-аас энэ тойргийн өөр өөр хэсгийг харуулж байгаа шүлгийг олж, тэдгээрийг бүдүүвч зураг дээр холбогдох хэсгүүдийнх нь хажууд бич. (Хэрэв ангийн гишүүдэд тусламж хэрэгтэй бол та тэдэнд Хиламан 3:24–36; 4:11–26-г үзэхийг санал болго.) Бид заримдаа нифайчуудтай юугаараа адил байдаг вэ? Бид тэдний бардамнах хандлагаас хэрхэн зайлсхийж чадах вэ? Та бас “Chapter 18: Beware of Pride” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 229–40)-ийн хэсгээс зааж болно.
-
Та ангийн гишүүдийг Хиламан 4:13 болон 24–26-г уншихад урьж, “Та надад үргэлж хэрэгтэй” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 12) гэх зэрэг бидний Бурханаас хамааралтай байдгийг заадаг сүмийн дууллыг олоход урьж болох юм. Бардамнал яагаад биднийг Бурханаас холдуулдаг вэ? Бид Бурханаас хамааралтай гэдгээ хэрхэн ухаарах вэ? Ангийн гишүүд даруухан байсны улмаас Их Эзэний Сүнс болон хүчээр хэрхэн хүчирхэгжүүлэгдэж байсан талаараа хуваалцаж болох юм.
-
Хиламан 3:33–34 дээр дүрслэгдсэн Сүмийн гишүүд Сүмийн бусад гишүүнийг хавчиж байсан. Тэд бардам зангийнхаа улмаас, ядуу дорой нэгнийг дээрэлхэж мөн өөр олон янзын нүгэл үйлдсэн (Хиламан 4:11–13-ыг үзнэ үү). Хамтдаа Хиламан 3:33–34 болон 4:11–13-ыг уншиж, биднээс ялгаатай байж болох Сүмийн бусад гишүүнийг хамруулан бусад хүнд илүү найрсаг хандаж, хүндэтгэл үзүүлэх арга замуудын талаар ярилцахыг ангийн гишүүдээс хүсэх талаар бодож үз. Та түүнчлэн ангийн гишүүдийг бусдын найрсаг бус үйлдлээс болж зовж шаналж байж болох хэн нэгний талаар бодож, уг хүнийг хүчирхэгжүүлж, урамшуулахад хэрхэн туслах талаар тунгаан бодоход урьж болно.
Бид зүрх сэтгэлээ Бурханд зориулснаар ариусдаг.
-
Хиламан 3:33–35 нь “хавчлага … [эсвэл] их зовлонг” (34-р шүлэг) туулж байж магадгүй ангийнханд тань маш их тайвшралыг авчирч болох юм. Та ангийн гишүүдийг эдгээр шүлгийг уншаад, хавчигдаж байгаа хэн нэгэнд тэдний өгч болох зөвлөгөөг олоход урьж болох юм. Эсвэл ангийн гишүүд 35-р шүлэгт дүрслэгдсэн зүйлсийг хийснээр хэцүү бэрхшээлт цаг үед хэрхэн “баясал хийгээд тайтгарлыг” олсноо хуваалцаж болно.
-
Ангийн гишүүдийг Хиламан 3:33–35-ыг болон “Нэмэлт эх сурвалж” дээрээс ариусгагдах тухай эшлэл, мэдэгдлүүдийг судлахад урих талаар бод. Эдгээр шүлэг, мэдэгдэл нь ариусгагдах талаар юу зааж байна вэ? Мацаг барилт болон залбирал нь Хиламан 3:35-д дүрслэгдсэн адислалуудыг хэрхэн авчирдаг вэ? Бид хэрхэн зүрх сэтгэлээ Бурханд зориулдаг вэ? (Хиламан 3:35-ыг үзнэ үү). Энэ нь бидэнд цэвэр ариун болоход хэрхэн тусалж чадах вэ? Түүнчлэн та “Нэмэлт эх сурвалж” дээр байгаа мэдэгдэл, эшлэлүүдээс нэг нэгийг бичсэн цааснуудыг бэлтгэн тарааж, ангийн гишүүдийг санамсаргүйгээр нэгийг сонгон судлахад урьж болно. Тэгээд тэд ариусгалын талаар мэдэж авсан зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцаж болох юм.
Хэрэв бид Есүс Христийг сууриа болговол унахгүй байх болно.
-
Сатан бидний амьдралд “өөрийн хүчит салхийг” илгээдэг. Ангийн тань олон хүн үүнийг аль хэзээний туулж мэдэрсэн байгаа бөгөөд ирээдүйд үүний адил илүү олон шуурга тохиох болно. Амьдралаа Есүс Христ дээр барьж босгосноор эдгээр шуургад бэлтгэхэд нь ангийн гишүүддээ туслахын тулд юу хийж чадах вэ?
Та ариун сүмийн эсвэл өөр бусад барилгын зургуудыг үзүүлэн, өөрсдийнхөө амьдралыг нэгэн барилгатай харьцуулснаар ярилцлагаа эхлүүлж болно. Барилгачин хүн ямар сонголт хийх хэрэгтэй байдаг вэ? Амьдрал хэрхэн босгогдож байгаад нөлөөлдөг ямар ямар сонголтыг бид хийдэг вэ? Тэгээд та нар хамтдаа Хиламан 5:12-ыг уншиж, өөрсдийн амьдралыг Есүс Христ дээр барих гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ярилцаж болно. Бид өөрсдийн амьдралыг барьж босгох үед Түүнийг сууриа болгох нь бидний хийх бусад сонголтод хэрхэн нөлөөлдөг вэ?
Ангийн гишүүд Аврагчийг сууриа болгосон нь амьдралын шуургуудыг сөрөн зогсоход тэдэнд хэрхэн тусалсан талаар хуваалцаж болох юм. Тэднийг ямархуу амьдралыг барьж босгож байгааг мөн амьдрал нь Христ дээр бат суурилагдаж байгаа эсэхэд хэрхэн анхаарах талаар тунгаан бодох цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. “Нэмэлт эх сурвалж” дахь Солт Лэйкийн ариун сүмийн тухай түүх ярилцлагад тань тус болж болох юм.
Итгэл маань “[бидний] хүлээн авсан нотолгоонуудын агуу ихийн” учир хүчирхэгждэг.
-
Ням гаргийн хичээлээр цугларахын адислалуудын нэг нь Хиламан 5:50-д гарч байгаа леменчүүдийн адил нэг нэгнийхээ итгэлийг хүчирхэгжүүлэх боломж юм. Та нар Хиламан 5:50-ийг хамтдаа уншаад, 20–49-р шүлэгт “[леменчүүдийн] сонсож мөн харсан зүйлсийг” олж мэдэхийг ангийнхнаас хүсэж болно. Дараа нь ангийн гишүүд тэнгэр элч, галан баганыг хараагүй ч гэлээ сайн мэдээ үнэн гэдэгт итгэхэд хүргэсэн зарим сүнслэг туршлагаа нэг нэгэнтэйгээ хуваалцаж болно. Тэд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний ямар ямар итгэл үнэмшилтэй нотолгоог харж байсан бэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хиламан 7–12 нь Нифай хэрхэн Их Эзэний итгэл найдварыг олсон болон түүнд агуу хүч өгөгдсөн талаар дүрслэн өгүүлдэг. Тэд эдгээр бүлгийг уншсанаар өөрсдийн амьдралд Бурханы найдварыг хэрхэн илүү ихээр хүлээн авахыг сурч чадна гэдгийг ангийнхандаа санал болгож болох юм.
Нэмэлт эх сурвалж
Есүс Христээр дамжуулан ариусгагдах нь.
-
Ариусгагдах гэж “Есүс Христийн Цагаатгалаар нүглээс ангид, ариун, цэвэр ариун болох үйл явц”-ыг хэлнэ (Судруудын удирдамж, “Ариусгал,” scriptures.ChurchofJesusChrist.org.)
-
“Бид нэгэнт чин сэтгэлээсээ наманчилсан бол Христ бидний гэм нүглийн ачааг авч хаях болно. Бид өршөөгдөж, цэвэр ариун болгогдсон гэдгээ өөрсдөө мэдэж авах болно. Ариун Сүнс бол Ариусгагч бөгөөд тэрээр бидэнд үүнийг батлах болно. Өршөөгдсөн тухай өөр ямар ч гэрчлэл үүнээс агуу байна гэж үгүй” (Dieter F. Uchtdorf, “Point of Safe Return,” Ensign or Liahona, May 2007, 101).
-
“Христийн цусаар ариусгагдана гэдэг нь цэвэр, ариун мөн гэгээн болох гэсэн үг юм. Зөвтгөл нь үйлдсэн нүглүүдийн шийтгэлийг арилгадаг бол ариусгал нь нүглүүдийн үр нөлөө эсвэл толбыг арилгадаг” (D. Todd Christofferson, “Justification and Sanctification,” Ensign, June 2001, 22).
-
“Хүний хүсэл, мөрөөдөл, бодлоороо Бурханыг болон Түүний шаардлагуудыг бүрэн дагах үед уг хүн ариусгагдсан байдаг” (Brigham Young, “Discourse,” Deseret News, Sept. 7, 1854, 1).
-
Бид Есүс Христийн Цагаатгалын улмаас Ариун Сүнсний хүчээр ариусгагддаг (Еврей 13:12; Алма 13:10–12; 3 Нифай 27:19–20; Моронай 10:32–33; С ба Г 76:40–42-ыг үзнэ үү).
-
Бид ариусгагдсаныхаа дараа ч тэнгэрлэг ач ивээлээ алдах боломжтой (С ба Г 20:30–34-ийг үзнэ үү).
Бат бөх суурь.
Солт Лэйкийн ариун сүмийн барилгын ажлын үеэр суурийн чулуунууд том цуурсан байхыг олж мэджээ. Барилгын ажил эхлээд хэдийн есөн жил өнгөрсөн байсан ч ерөнхийлөгч Бригам Янг суурийн цуурсан чулуунуудыг авч, чанар сайтай чулуугаар солихыг зааварласан байна. Цуурч эвдэрсэн суурийн чулуунуудыг гарган авч, газрын түвшинд хүртэл барихад ахиад таван жил зарцуулсан юм. Ерөнхийлөгч Янг “Би мянган жилийг дуустал бат сүндэрлэх ариун сүм баригдахыг хармаар байна” гэж хэлжээ (“Remarks,” Deseret News, Oct. 14, 1863, 97).