Ирээд, Намайг дага
10-р сарын 19–25. 3 Нифай 27–4 Нифай: “Илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй”


“10-р сарын 19–25. 3 Нифай 27–4 Нифай: ‘Илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“10-р сарын 19–25. 3 Нифай 27–4 Нифай,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Eсүс нифайчуудтай хамт залбирч байгаа нь

Христийн залбирал, Дэрик Хэгстэд

10-р сарын 19–25

3 Нифай 274 Нифай

“Илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй”

3 Нифай 274 Нифай-г хувиараа судлах нь заахад бэлтгэх хамгийн сайн арга зам юм. Энэ тойм дахь сургаал, санаанууд суралцах үедээ таны хүлээн авах сүнслэг өдөөлтүүдэд хариулахад тань тусалж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг хувиараа суралцах үедээ олсон ойлголтоо хуваалцахад урамшуулах нэг арга зам бол 3 Нифай 274 Нифай дээрээс ойлгож мэдсэн нэг үнэнтэй холбоотой сүмийн дууллыг олоход тэднийг урих явдал юм. Тэгээд тэд олсон сүмийн дууллаа болон эдгээр дуулал судар дахь үнэнтэй хэрхэн холбогдож байгаа талаар хуваалцаж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

3 Нифай 27:1–22

Есүс Христийн Сүм Түүний нэрээр нэрлэгддэг бөгөөд Түүний сайн мэдээн дээр үндэслэгдсэн байдаг.

  • Сүмийн нэрийн талаар ярилцах нь ангийн тань гишүүдийн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнчлэлд байгаадаа талархах талархлыг гүнзгийрүүлж болно. Ангийн гишүүдийг янз бүрийн байгууллагуудын нэрийг жагсааж, эдгээр нэр уг байгууллагуудын талаар бидэнд юу гэж хэлж байгааг дүрслэхэд урь. Тэгээд ангийн гишүүд 3 Нифай 27:1–12-ыг уншиж, Аврагч Өөрийн Сүмийн нэрийн талаар юу гэж заасныг олж мэдэж болно. Түүнчлэн тэд Христийн Сүмийн гишүүд байх нь тэдний хувьд ямар утга учиртай талаар хуваалцаж болно. Түүний нэрийг өөрсөд дээрээ авах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

  • Аврагчийн Сүмийн нэрийн ач холбогдлын талаар дараах байдлаар ярилцаж болох юм. 3 Нифай 27:1–22 дээр байгаа үнэний талаар ярилцсаны дараа та Сүмийн бүтэн нэрийг самбар дээр бич. Тэгээд ангийн гишүүд уг нэрээс үгсийг сонгоод, үг бүр нь бидний хэн гэдгийг мөн юунд итгэдгийг мэдэхэд хэрхэн тусалж байгаа талаар санаагаа хэлж болно. “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын зөвлөгөө тусалж магадгүй. Бид бусадтай итгэл үнэмшлийнхээ талаар хуваалцах үедээ Сүмийн нэрийг хэрэглэх нь яагаад чухал вэ?

  • Аврагч Өөрийнх нь сүм “[Өөрийнх нь] сайн мэдээн дээр тулгуурлах” (3 Нифай 27:10) ёстойг тайлбарласныхаа дараа Өөрийнх нь сайн мэдээ гэж юу болохыг тайлбарлан хэлсэн. Та ангийн гишүүдийг сайн мэдээ гэж юу болохыг найздаа хэрхэн тайлбарлахаа хуваалцахад урьж болно. Дараа нь 3 Нифай 27:13–22-ыг уншиж байхдаа, Аврагч Өөрийн сайн мэдээг хэрхэн тодорхойлсныг хайж олоход урь. Бид Аврагчийн хэлснийг хэрхэн дүгнэн хэлэх вэ? Бид сайн мэдээний талаарх Аврагчийн тодорхойлолтоос суралцахдаа өдөр тутмынхаа амьдралд сайн мэдээний дагуу хэрхэн амьдрах талаар ямар ойлголт олж авч байна вэ?

3 Нифай 29–30

Мормоны Ном бол Бурханы хожмын үеийн ажил гүйцэлдэж байгаагийн тэмдэг юм.

  • Та тэмдгүүдийн тухай ярьснаар 3 Нифай 29–30-ийн талаарх ярилцлагыг эхлүүлж болно. Жишээлбэл, ангийн гишүүд шуурга ирж байгааг эсвэл улирал солигдож байгааг бидэнд мэдүүлдэг тэмдгүүдийг нэрлэж болно. Тэгээд тэд Мормоны “эдгээр үгс” (мөн 3 Нифай 21:1–7-г үзнэ үү) хэмээн нэрлэсэн Мормоны Ном ирсэн явдал юуг илэрхийлснийг ойлгож мэдэхийн тулд 3 Нифай 29:1–3-ыг уншиж болох юм. Их Эзэн 3 Нифай 29:4–9 дээр хожмын өдрүүдэд Бурханы ажлыг “жигшин эсэргүүцэх” эсвэл “үгүйсгэх” хүмүүст ямар захиасыг өгсөн бэ? Мормоны Номыг өдөр бүр унших нь өнөө үед бусад хүний “жигшин эсэргүүцэх” эсвэл “үгүйсгэх” тэдгээр зүйлд итгэх бидний итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ? Та ангийн гишүүдийг 3 Нифай 30 дээрх Их Эзэний урилгыг уншиж, энэ урилгыг хүлээн авахад нь тэдэнд Мормоны Ном хэрхэн тусалсан талаар хуваалцахад урьж болно.

4 Нифай

Есүс Христ болон Түүний сайн мэдээнд хөрвөгдөх нь нэгдмэл байдал болон аз жаргал руу хөтөлдөг.

  • 4 Нифай дээрх түүх нь Есүс Христэд илүү бүрэн дүүрэн хөрвөгдөхийг хичээснээр хувь хүн, гэр бүл, тойрог, гадасны хувьд бидний амьдралд ирж болох баяр хөөрийг дүрслэн харуулдаг. Ангийн гишүүдийг 4 Нифай 1:1–18-ыг судалж, хүмүүс бүгдээрээ Их Эзэнд хөрвөгдсөн байсан үед тэдэнд ирсэн адислалуудыг самбар дээр бичихийг хүс. Тэдний хөрвөлт бие биедээ хандах хандлагад нь хэрхэн нөлөөлсөн бэ? Ангийн гишүүд сайн мэдээ гэр бүлд нь болон тойрогт нь хэрхэн үүнтэй адил адислалуудыг авчирсан талаар хуваалцаж болно. Бидний хүн нэг бүр хэрхэн 4 Нифай дээрх хүмүүсийн адил амьдарч болохыг мөн өөрсдийн эргэн тойрон дахь хүмүүсийг хэрхэн илүү нэгдмэл, аз жаргалтай байхад урамшуулж болохыг ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд та “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн үгийг уншиж болно. Ангийн гишүүд ахлагч Кристоффэрсоны дүрсэлсэн гурван зүйл дээр хэрхэн хувь хувьдаа хичээж зүтгэж байгаагаа хянан үзэж болно.

  • Мормоны Номын хүмүүс олон зууны туршид өөрсдийгөө нифайчууд, леменчүүд болон -чууд/-чүүд гэж нэрлэн ялгадаг байсан боловч Аврагчийг тэдний дунд тохинуулсны дараа эдгээр ялгах нэр байхгүй болсон. Ангийн гишүүд 4 Нифай 1:17-г хамтдаа уншаад, өнөөдөр манай нийгэмд ямар төрлийн “-чууд/-чүүд” буюу бүлгүүд байдаг талаар бодлоо хуваалцаж болох юм. Бид ийм хуваагдлыг ялан дийлж мөн үнэхээр “Христийн хүүхдүүд болон нэгдэх”-ийн (17-р шүлэг) тулд юу хийж чадах вэ?

  • Ангийн гишүүд 4 Нифай-д дүрслэгдсэн Сионы нийгмийн бууралт доройтлоос юу ойлгож мэдэх вэ? Та тэднийг 4 Нифай 1:19–34-ийг судалж, Аврагчийг айлчлан ирсний дараагийн 200 шахам жилд хүмүүсийн амсаж өнгөрүүлсэн нэгдмэл байдал, аз жаргал юунаас болж эцэслэснийг олж мэдэхэд урьж болно. Эдгээр шүлэг дэх ямар үнэн амьдралдаа болон нийгэмдээ бидний өөрчлөх хэрэгтэй байгаа хандлага, зан авирыг тодорхойлоход бидэнд тусалдаг вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Мормон 1–6-д нифайчуудын ард түмнийг сүйрэлд хөтөлсөн эмгэнэлт явдлуудыг дүрсэлсэн байдаг. Ангийн гишүүдийг эдгээр бүлгийг уншихад урамшуулахын тулд нифайчуудаас олж харсан, өнөө үед тохиолдож байгаа зүйлсийг эрж олоход урь.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Христийн Сүмийн нэр.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард:

“Аврагч яагаад ийм урт нэрийг Өөрийн сэргээгдсэн Сүмд өгсөн юм бол гэж би олонтоо бодож байсан. Нэр нь урт санагдаж болох ч бид энэ нэр нь Сүмийн утга учрыг бүхэлд нь тодорхойлдог гэж бодвол үнэхээр товч бөгөөд тодорхой санагдана. Өөр ямар нэр үүнээс илүү утга учиртай, товч тодорхой байж чадах билээ?

Сүмийн нэрийн үг бүр чухал. Англи хэлэнд манай Сүмийн нэрийн хамгийн эхэнд байдаг The гэдэг ялгац гишүүн нь дэлхий дээрх шашнуудын дундах сэргээгдсэн манай Сүмийн онцгой байр суурийг харуулдаг.

Есүс Христийн Сүм гэдэг үгс нь энэ бол Түүний Сүм гэдгийг тунхагладаг [3 Нифай 27:8-ыг үзнэ үү]. …

Хожмын Үеийн гэдэг үгс нь энэ Сүм бол Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр байгуулсантай адил Сүм, гэхдээ энэхүү хожмын өдрүүдэд сэргээгдсэн гэдгийг тайлбарладаг. Урвах эсвэл итгэлээс салах явдал гарснаас болж манай цаг үед Түүний үнэн, бүрэн төгс сүмийг сэргээх нь шаардлагатай болсон гэдгийг бид мэднэ.

Гэгээнтнүүдийн гэдэг үг нь Сүмийн гишүүд нь Есүс Христийг дагаж, Түүний хүслийн дагуу үйлдэхийг хичээж, зарлигуудыг нь сахиж мөн Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт дахин амьдрахад бэлдэж байдаг гэсэн утгатай. Гэгээнтэн гэдэг нь Христийг дагах гэрээ байгуулснаар өөрсдийн амьдралыг ариун байлгахыг эрэлхийлдэг хүмүүсийг хэлж байгаа юм” (“Нэрний ач холбогдол,” Ensign, Nov. 2011, 80 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93–94).

Сионыг барихад юу шаардлагатай вэ?

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Сион бол иргэдийнхээ зан чанар, харьцаа хандлага, итгэл бишрэлийн улмаас л Сион байдаг [Moсе 7:18-ыг үзнэ үү]. … Хэрэв бид гэр орон, салбар, тойрог, гадаснууддаа Сионыг байгуулж чадвал эдгээр жишгийг ханган биелүүлэх ёстой. Үүний тулд (1) Бид нэг зүрх сэтгэл, нэг оюун ухаантай болж нэгдэх, (2) хувь хүмүүсийн хувьд, хамт олноороо ч ариун хүмүүс болох нь, (3) өөрсдийнхөө дундах ядуу зүдүү байдлыг үгүй болгохуйц тийм үр дүнтэйгээр гачигдалтай хүмүүсийг анхаарч халамжлах нь зайлшгүй чухал болно. Сион ирэхээр эдгээр зүйл тохионо гээд бид хүлээгээд сууж болохгүй, эдгээр зүйл тохиох үед л Сион ирэх болно” хэмээн заажээ (“Come to Zion,” Ensign, Nov. 2008, 38 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46).

Заах чадвараа сайжруулах

Олон төрлийн заах арга барил ашигла. Нэг тодорхой заах загвартай байх нь хялбар байж болох ч заах өөр өөр арга нь ангийн янз бүрийн гишүүдэд хүрдэг. Сүүлийн үед заасан арга барилуудынхаа талаар бодож үз. Та түүх, үзүүлэнт хичээл, зураг гэх мэтийг хэрэглэсэн үү? (Аврагчийн арга барилаар заах нь, 7).