Ирээд, Намайг дага
10-р сарын 26-аас 11-р сарын 1. Мормон 1–6: “[Бүгдэд] … наманчлахыг ятгаж чадаасай билээ би”


“10-р сарын 26-аас 11-р сарын 1. Мормон 1–6: ‘[Бүгдэд] … наманчлахыг ятгаж чадаасай билээ би,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“10-р сарын 26-аас 11-р сарын 1. Мормон 1–6,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Мормон алтан ялтаснууд дээр бичиж байгаа нь

Мормон ялтаснуудыг хураангуйлж буй нь, Том Ловэлл

10-р сарын 26-аас 11-р сарын 1

Мормон 1–6

“[Бүгдэд] … наманчлахыг ятгаж чадаасай билээ би”

Та Мормон 1–6-г уншиж байхдаа ёсон бусын цаг үед Мормоны адил итгэлтэй үлдэхэд нь ангийн гишүүдэд туслах үнэнийг олж мэд.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Заримдаа гишүүд өөрсдийн бодлыг цэгцлэх цаг байгаагүй учраас ойлголтоо хуваалцахаас татгалздаг. Тэдэнд энэ тал дээр туслахын тулд Мормон 1–6-г гэртээ судлахдаа олж авсан мэдлэгээ бичиж авах цөөн минут гаргаж өгөөд, дараа нь тэднээс хуваалцахыг хүс.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Мормон 1–6

Бид өөрсдийн эргэн тойрон дахь ёсон бусаас үл хамааран зөв шударга амьдарч чадна.

  • Ангийн тань олон гишүүн ёс бус дэлхийд зөв шударга амьдрахыг хичээж байсан Мормоны туршлагыг ойлгож чадна. Тэд Мормоны жишээнээс ойлгож мэдсэн зүйлээ хуваалцаж болох юм. Энэ ярилцлагад туслахын тулд та ангийн гишүүдийг Мормоны шинж чанарыг харуулж байгаа шүлгүүдийг олж, самбар дээр эдгээр чанарыг жагсаахад урь (жишээлбэл, Мормон 1:2–3, 15–16; 2:1, 23–24; 3:1–3, 12, 17–22-ыг үзнэ үү). Эдгээр чанар нь Мормонд сүнслэг байдлын хувьд хүчирхэг үлдэхэд нь хэрхэн тусалсан бэ? Эдгээр нь бидэнд Мормоны адил байхад хэрхэн тусалж чадах вэ?

    Нифайчууд болон леменчүүд дайтаж байгаа нь

    Тулалдаан, Хорхе Кокко

  • Мормон өнөө үеийн хүмүүст шууд хандан олон удаа бичсэн. Mормон 3:17–22 болон 5:10–24 дээрх түүний бидэнд хандсан үгсээс бид юу мэдэж авч чадах вэ? Ангийн гишүүн бүрд “Мормоны бидэнд өгсөн зөвлөгөө” гэж дээр нь бичсэн цаас өгч, эдгээр шүлгээс өнөө үед хамаатай захиас олоход тэднийг урамшуул. Өнөөгийн дэлхийд сүнслэг байдлын хувьд хүчтэй үлдэхэд маань тус болох Мормоны зөвлөгөөг бид хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

  • Хэрвээ та өсвөр үеийнхэнд заадаг бол бага залуудаа зөв шударга удирдагчид байж чадна гэдгийг ойлгоход нь тэдэнд туслахын тулд Мормоны жишээг ашиглаж болно. Хэрвээ та насанд хүрэгчдэд заадаг бол өсвөр үеийнхнийг сайн удирдагчид байхад туслах боломжуудын талаар ярилцлагыг өрнүүлэхийн тулд түүний жишээг ашиглаж болно. Ярилцлага эхлүүлэхдээ, та ангийн зарим гишүүнийг Moрмон 1-ийг, бусдыг нь Moрмон 2-ыг давтаж, Мормонд залуу насанд нь өгөгдсөн удирдах боломжуудыг анхаарахыг хүс. Түүнийг агуу удирдагч болгосон ямар ямар шинж чанар түүнд байсан бэ? Ангийн гишүүд зөв шударга хүүхдүүд, өсвөр үеийнхний хүчит нөлөөг харж байсан жишээнүүдээс хуваалцаж болно. Тэд эсвэл тэдний мэддэг залуу хүмүүс Мормоны адил шинж чанартай удирдагчид байх боломжийн талаар ярилцаж болно.

Moрмон 2:10–15

Наманчлал нь харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг шаарддаг.

  • Наманчлалд хүргэдэг харуусал, наманчлалд хүргэдэггүй харууслын хоорондын ялгааг ойлгож мэдэхийн тулд Moрмон 2:10–15-ыг хамтдаа уншиж, дараахын адил асуултуудын талаар ярилцахыг бодож үз. Наманчлалын явцад “харуусал” ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? “Наманчлалд хүргэдэг … харуусал” болон “яллагдагсдын харууслын” хооронд ямар ялгаа байдаг вэ? “Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй” байхад бидэнд ямар хандлага, зан авир тусалж чадах вэ?

Мормон 3:12

Бид бусдын хийсэн сонголтуудтай санал нийлэхгүй байгаа ч тэднийг хайрлаж чадна.

  • Мормоны адил, ангийн тань олон гишүүн адилхан итгэл үнэмшилтэй бус хүмүүстэй холбоо харилцаатай байдаг. Ангийн гишүүдэд өөрсдийн ялгаанаас үл хамааран бусдыг хайрлах талаар заахдаа та Мормоны туршлагыг хэрхэн ашиглаж болох вэ? Moрмон 3:12-ыг хамтдаа уншаад, Мормон өөрийнх нь захиасыг үл хайхарч, Бурханы эсрэг санаатайгаар эсэргүүцсэн тэдэнд хайраа харуулсан цаг үеүдийн талаар ярилцахыг бод (жишээлбэл, Mормон 1:16–17; 2:12-ыг үзнэ үү). Ангийн гишүүд өөрсдийнх нь адил итгэл үнэмшил, эрхэм чанаруудыг хуваалцдаггүй хүмүүсийг хайрлах талаар ямар туршлага хуваалцаж чадах вэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэг дэх ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн үгс нэмэлт зөвлөгөөг өгдөг.

Мормон 6:17

Есүс Христ биднийг хүлээн авахаар мутраа дэлгэн зогсдог.

  • Өөрсдийнхөө үйлдсэн нүглээс өршөөгдөх найдваргүй гэж бодож байж болох хүмүүсийн хувьд Аврагч “таныг хүлээн авахаар гараа дэлгэн” зогсож байгаа гэсэн Мормоны дүрслэл найдварыг өгнө. Moрмон 6:17-г хамтдаа уншиж, Есүс Христийн гараа дэлгэж байгаа зургийг үзүүл. Энэ шүлэг Аврагчийн бидэнд туслах хүслийн талаар юу зааж байна вэ? Та түүнчлэн ийм захиасыг заадаг сүмийн дууллыг дуулах талаар бодож үз. Та мөн “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны туршлагыг хуваалцаж, наманчлал боломжтой гэдгийг ойлгоход нь бусдад хэрхэн тусалж чадах талаар ярилцахыг ангийнхнаас хүсэж болно.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та түүнчлэн ангийн гишүүдээс ирээдүйн хүмүүст юу гэж захиа бичих талаар бодохыг хүсэж болно. Moрмон 7–9 дээрээс бид Мормон, Моронай хоёр хэдэн зууны өмнө манай үеийн хүмүүст зориулж юу бичсэнийг уншдаг.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийг хайрлах нь.

Ахлагч Даллин Х.Өүкс:

“Бид хөршөө хайрлах, зөрчилдөхөөс зайлсхийх зэрэг сайн мэдээний сургаалыг дагах хэрэгтэй. Христийг дагалдагчид бол зөв боловсон байдлын үлгэр жишээ байх ёстой. Бид бүх хүнийг хайрлан, сайн сонсогч байж, чин сэтгэлээсээ шүтэж байгаа сүсэг бишрэлийг нь үнэн сэтгэлээсээ сонирхож байгаагаа харуулах ёстой. Бид санал нийлэхгүй байж болох ч адайр зөрүүд байж болохгүй юм. Маргаантай сэдвийн талаарх бидний байр суурь, үг хэл хэрүүл маргаан үүсгэхээр байж болохгүй. Бид өөрсдийн байр суурийг ойлгуулж, тайлбарлахдаа мөн хүмүүсийн үзэл бодолд нөлөөлөхдөө ухаалаг хандах ёстой. Ингэхдээ бид шашны талаарх өөрсдийн чин сэтгэлийг тэдэнд ойлгуулан; үзэл бодлоо илэрхийлж, шашнаа эрх чөлөөтэй шүтсэнд гомдох хэрэггүй гэдгийг тэднээс хүсэх нь зүйтэй юм. Та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд” (Maтай 7:12) гэсэн Аврагчийн алтан дүрмийг дагаасай хэмээн би та бүхнийг урьж байна.

Нийтэд түгээмэл үзэл бодол, хууль журам нь бидний байр суурь, жишигт таарахгүй байх нь бидэнд тааламжгүй байсан ч үр дагаврыг нэр төртэй хүлээн авч, сөрөг талынхантайгаа зөв боловсон харьцаж байх нь зүйтэй” хэмээн тайлбарласан (“Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах нь,” Ensign, Nov. 2014, 27 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 29).

Наманчлал бол боломжтой зүйл.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дараах туршлагыг хуваалцсан.

“Өнгөрсөн жил ахлагч Давид С.Бакстэр бид хоёр гадасны чуулган руу явж байхдаа нэг ресторанд орсон юм. Удалгүй машин руугаа буцаад явж байхад маань нэг эмэгтэй ойртож ирээд биднийг дуудав. … Тэр биднээс Сүмийн ахлагчид уу гэж асуусан. Биднийг тийм гэж хариулахад тэрээр нүгэлд автагдсан эмгэнэлт амьдралынхаа түүхийг нууж хаалгүй ярьсан юм. Тэр дөнгөж 28 настай ч хүнд хэцүү амьдралтай байв. Тэр өөрийгөө үнэ цэнгүй, ямар ч хүсэн мөрөөдөх зүйлгүй гэж бодож байв. Түүнийг ярих үед сайхан сэтгэлтэй гэдэг нь харагдаж эхэлсэн. Тэрээр нулимс дуслуулан, найдвараа алдсан энэ байдлаасаа гарах, дээшлэх найдвар байгаа эсэхийг асуусан юм.

Бид “Тийм ээ, найдвар байгаа. Найдвар нь наманчлалтай холбоотой. Та өөрчлөгдөж чадна. Та “Христэд ир[ж], мөн түүгээр төгөлдөржи[ж]” [Moронай 10:32] чадна хэмээн хэлэв. Бид түүнд үүнийг хойшлуулахгүй байхыг ятгасан [Алма 13:27; 34:33-ыг үзнэ үү]. Тэр даруухнаар эхэр татан уйлж, чин сэтгэлээсээ бидэнд талархав.

Ахлагч Бакстэр бид хоёр цааш явах замдаа тэр явдлын талаар тунгаан бодсон. Бид Аароны найдвараа алдсан нэгэнд хэлсэн зөвлөгөөг дурсан санасан юм. ‘Хэрэв та бүх нүглүүдээ наманчилбал, мөн Бурханы өмнө доош бөхийвөл, … итгэлтэйгээр түүний нэрийг дуудвал, тэгвэл та хүссэн тэрхүү найдварыг хүлээн авах болно’ [Aлма 22:16]. …

… Нүглийн намагт шигдсэн 28 настай эмэгтэйд төдийгүй бидний хүн нэг бүрд наманчлалын сайхан адислал боломжтой гэдгийг би тунхаглаж байна. Энэ нь Их Эзэнд болон Түүний ариун ажилд бүрэн хөрвүүлэгдсэнээр ирдэг.”

Түүнчлэн ерөнхийлөгч Нэлсон “санаа зовсон Мормоны ‘би найдвар үгүй байв, учир нь тэдний дээр ирэх Их Эзэний шүүлтүүдийг би мэдсэн юм; учир нь тэд алдсуудаа наманчилсангүй, харин өөрсдийг нь бүтээсэн Нэгэнийг дуудалгүйгээр амийнхаа төлөө тэмцсэн ажгуу’ (Мормон 5:2) хэмээн бичсэн нүгэлт хүмүүсийг санадаг” гэж хэлсэн билээ (“Repentance and Conversion,” Ensign or Liahona, May 2007, 102, 104).

Заах чадвараа сайжруулах

Сүнслэг өсөлт гэрт бий болдог. Ангийн гишүүд тань долоо хоног бүр сүмээс гадуур 165 цагийг өнгөрөөдөг. Энэ хугацаанд тэд сайн мэдээний талаар өөрсдөд нь зааж байгаа сүнслэг туршлагыг туулдаг. Суралцагчдыг долоо хоногийн туршид мөн гэртээ ойлгож мэдсэн зүйлсээ хуваалцахад урамшуулах асуултуудыг тавь” (Аврагчийн арга барилаар заах нь, 18).