Ирээд, Намайг дага
11-р сарын 16–22. Ифер 6–11: “Хилэнцэт үйл зогсоогдож болохын тулд”


“11-р сарын 16–22. Ифер 6–11: ‘Хилэнцэт үйл зогсоогдож болохын тулд,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“11-р сарын 16–22. Ифер 6–11,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Тэнгис дэх жаредчуудын хөлгүүд

Би та нарыг далайн гүнээс дахин гаргаж ирэх болно, Жонатан Артур Кларк

11-р сарын 16–22

Ифер 6–11

“Хилэнцэт үйл зогсоогдож болохын тулд”

Мормоны Номд агуулагдсан цэдгүүд бидний өдрүүдэд зориулан бичигдсэн гэдгийг санаарай. Та заахаар бэлтгэх үедээ амьдралд тулгарах хүндрэл, бэрхшээлүүдийг туулахад нь ангийн гишүүдээ хүчирхэгжүүлэх зарчмыг эдгээр судрын түүхүүдээс ол.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та Ифер 6–11-ээс өөрсдөд нь утга учиртай зүйлсийг хуваалцахад ангийнханд туслахын тулд тэднийг эдгээр бүлгийг кино болгон хийж байна гэж төсөөлөхөд урьж болох юм. Тэд Ифер 6–11 дээрх ямар үгсээр энэ киног нэрлэхийг санал болгох вэ? Тэдэнд энэ тухай бодох цаг өгөөд, киног нэрлэх нэрээ хуваалцан, яагаад тэдгээр нэрийг сонгосноо тайлбарлахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Ифер 6:1–12

Их Эзэн мөнх бус амьдралын аянд маань биднийг хөтлөн удирдана.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээр жаредчуудын далайг гаталсан аяллыг өөрсдийнхөө мөнх бус амьдралын аянтай харьцуулахыг санал болгосон байдаг. Энэ үйл ажиллагааг гэртээ хийсэн ангийн гишүүдийг энэ харьцуулалтаас олсон ойлголтоо хуваалцахыг хүс. Ангидаа илүү олон харьцуулалтыг хийхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг Ифер 6:1–12-ыг уншиж, бэлгэдсэн утгатай байж болох (гэрэлтэх чулуу, хөлөг онгоц, салхи шуурга гэх мэт) нарийн ширийн тодорхойлолтыг олж, самбар дээр жагсаан бичихэд урь. Тэгээд ангийн гишүүд хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээрээ эдгээр шүлгийг судалж, эдгээр бэлгэдэл бидний амьдрал дахь юуг төлөөлж болох талаар ярилцаж болно. Жишээлбэл, бидний “амлагдсан нутаг” юу вэ? (8-р шүлэг). Бурхан биднийг аян замд маань хэрхэн удирддаг вэ?

  • Та Бурханд хандах нь өөрсдийн бэрхшээл зовлонг туулах явцад өсөж хөгжихөд маань хэрхэн тусалдаг талаар ярилцлага өрнүүлэхийн тулд Ифер 6:1–12-ыг ашиглаж болно. Жишээлбэл, “Нэмэлт эх сурвалж” дахь эшлэл нь 5–8-р шүлэгт дурдагдсан “ширүүн салхийг” амьдралын бэрхшээлүүдтэй харьцуулахад нь ангийн гишүүдэд тусалж чадна. Жаредчууд “их усанд хучигдах” үедээ юу хийсэн бэ? (7-р шүлэг). Ангийн гишүүд хэцүү бэрхшээл нь тэднийг урагшлахад тусалсан туршлагаа хуваалцаж болох юм. Тэдний зовлон бэрхшээлд хандсан хандлага “амлагдсан нутаг” руу урагшлахад нь хэрхэн тусалсан бэ? Их Эзэн тэднийг асуудал бэрхшээлээ даван туулахад хэрхэн тусалсан бэ? Тэднийг туршлага, бодлоо хуваалцахдаа Ифер 6 дээрх үгсийг хэрэглэхэд урамшуулан дэмж.

    Жаредчууд ан амьтдын хамт аялж байгаа нь

    Жаредчуудын Ази тивийг туулсан аялал, Минэрва Тэйчэрт

Ифер 6:7–18, 30; 9:28–35; 10:1–2

Биднийг даруу байвал Их Эзэн адисалдаг.

  • Жаредчуудын түүхийн ихэнх хэсэг нь бардамнал, ёс бус байдлын сөрөг үр дагаврыг харуулдаг ч бидний сурч болох, даруу байдал болон хөгжил дэвшлийн зарим үеийг мөн харуулдаг. Ангийн гишүүдэд эдгээр эерэг жишээнээс суралцахад нь туслахын тулд та ангийг хоёр бүлэг болгон хуваагаад, нэг бүлэгт Ифер 6:7–18 ба 30-ийг, нөгөө бүлэгт Ифер 9:28–35 ба 10:1–2-ыг уншуулахаар оноож өг. Эдгээр шүлгээс жаредчууд өөрсдийгөө даруусгасан эсвэл өөрсдийн нөхцөл байдлаас болж даруусгагдсан нотолгоог мөн Их Эзэн үр дүнд нь тэднийг хэрхэн адисалсан тухай олохыг тэднээс хүс. Ангийн гишүүдэд хангалттай цаг өгсний дараа, бүлэг бүрээс гишүүдийг ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Даруу байх нь биднийг хэрхэн Бурханд ойртуулдаг вэ? Энэ үйл ажиллагаан дээр “Та надад үргэлж хэрэгтэй” (Сүмийн дуулал ба хүүхдийн дуу, 12) зэрэг даруу байдлын тухай дууллыг дуулж эсвэл сонсож болно.

Ифер 7–11

Зөв шударга удирдагчид хүмүүсийг Бурхан руу удирддаг.

  • Албан ёсоор удирдлагын байр сууринд байгаагүй хүмүүс ч жаредчуудын зөв шударга болон ёсон бус хаадын жишээнээс суралцаж болно. Эдгээр түүх биднийг гэртээ болон орон нутагтаа мөн сүмд илүү сайн удирдагчид болоход тусална. Та ангийн гишүүдээс өөрсдийн сайн удирдагч гэж бодож байгаа хэн нэгний талаар бодохыг хүссэнээр энэ сэдвээрх ярилцлагыг эхлүүл. Уг хүний зарим шинж чанарыг товч хуваалцаж, самбар дээр жагсаан бичихэд тэднийг урь. Тэгээд та ангийн гишүүн бүрийг Ифер 7–11 дээрх жаредчуудын хаадын нэгний талаар мэдэж авахад хуваарилж болно. (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээр хаадыг болон тэдний хаанчлалыг дүрсэлдэг судрын эшлэлүүдийг жагсаасан.) Ангийн гишүүд эдгээр хаан болон тэдний удирдлагаас ойлгож мэдсэн зүйлсээ хуваалцаж, өөрсдийн олсон шинж чанаруудыг самбар дээрх жагсаалтад нэмж болно. “Нэмэлт эх сурвалж” дээр удирдагчийн өөр бусад сайн шинж чанарыг жагсаасан. Хэдийгээр бидэнд тодорхой удирдагчийн томилгоо байхгүй ч гэсэн хэрхэн эдгээр шинж чанарыг хөгжүүлж мөн удирдагчид байж чадах вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та Ифер 12–15-ыг уншихад нь ангийн гишүүдийн сонирхлыг өдөөхийн тулд эдгээр бүлэгт Моронай Их Эзэнд өөрийн бичиж байсан цэдгийн талаарх зарим эргэлзээг илэрхийлсэн гэдгийг дурдаж болох юм. Их Эзэний хариулт нь сул дорой санагдаж байгаа үед маань бидэнд тусалж чадна.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бидэнд тохиолдох зовлон бэрхшээл мөнх амьдралыг хүлээн авахад биднийг бэлтгэдэг.

Дэлхийн 2-р дайны хүнд хэцүү жилүүдийн үед Ерөнхий чуулган дээр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Чарлз А.Каллис ийн хэлсэн. “Жаредчуудыг амлагдсан нутгийг зорин, хөлөг онгоцондоо суун аялах үед хүчит, ширүүн шуурга болсон. Салхи шууран, тэд тэрхүү хүнд хэцүү аяллын туршид байнгын аюулд байв. Бурхан тэднийг дэмжиж байлаа. Салхи шуурга догширч, замдаа сүйрэл учруулж байсан хэдий ч үргэлж Амлагдсан нутгийн зүг үлээж байсан талаар бид уншдаг. Бидний туулж байгаа эдгээр бэрхшээл, тохиож байгаа аймшигт дайн, хэцүү зүйлс бүгдээрээ Бурханы хүчин доор байгаа. Тэр сонгосон үедээ болон тэнгэрлэг зорилгуудаа гүйцэлдүүлсэн үед тэдгээрийг зогсоож чадна. Гэхдээ зовлонгийн далайг туулах явц дахь бидний зовлон зүдгүүр, туршлагуудыг Бурхан бидний сайн сайхны төлөө өгдөг бөгөөд хэрвээ бид Түүнийг дуулгавартай дагах аваас, энэ бүхэн нь биднийг амралтын газар, гайхамшигт ирээдүй, мөнх амьдрал руу түлхэж байгаа гэдгийг мартахгүй байцгаая” (Conference Report, Apr. 1943, 62).

Зөв шударга удирдагчийн шинж чанарууд.

“Бурханы хаант улсад агуу байх, удирдагч байх гэдэг нь Бурхан хүмүүсийг хэрхэн харж байгаагаар үнэнхүү харж, тэдэнд гар сунган тусалж, тэдэнд үйлчлэх гэсэн утгатай. Мөн энэ нь аз жаргалтай нэгэнтэй хамт баясах, гашуудах нэгэнтэй хамт уйлах, гутарсан нэгнийг зоригжуулах, Христ биднийг хайрласны адил хөршөө хайрлах гэсэн утгатай юм. …

… Сүмд удирдах гэдэг нь бусдад нэг их зааварлаад байх хэрэг биш бөгөөд энэ нь бусдад туслахдаа Бурханы заавраар удирдуулах хүсэлтэй байх тухай юм” (Дийтр Ф.Угдорф, “Та нарын дундах хамгийн агуу нь,” Ensign, May 2017, 79–80 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 65–66).

“Зөвхөн сайн нь л нэг нэгнийгээ агуу үйлчлэл, агуу үр бүтээл, агуу хүч чадалд өргөн урамшуулах чадвартай байдаг” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 244).

Удирдагчдыг хүчтэй байх ёстой гэж дэлхий зааж байхад Их Эзэн даруу байх ёстой хэмээн заадаг. Дэлхийн удирдагчид хүч, нөлөөг өөрсдийн авьяас, ур чадвар, өмч хөрөнгөөр олдог. Харин Христтэй адил удирдагчид хүч нөлөөг ‘сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар олж авдаг’ [С ба Г 121:41]” (Стифэн В.Өүэн, “Агуу удирдагч агуу дагалдагч байдаг,” Ensign, May 2016, 75 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 57).

Заах чадвараа сайжруулах

Хүндэтгэл бүхий орчинг урамшуулан дэмж. Ангийн тань гишүүн бүр санаа зовохгүйгээр бодол, сэтгэгдлээ хуваалцаж байна гэж та бодож байна уу? “Ангийн гишүүдийн хүн нэг бүр анги доторх Сүнсэнд нөлөөлдөг болохыг ойлгоход нь тэдэнд тусал. Хүн бүр туршлага, асуулт, гэрчлэлээ чөлөөтэй хуваалцах боломжтой, нээлттэй, хайраар дүүрэн, хүндэтгэлтэй орчинг үүсгэхийн тулд тэднийг өөртөө туслуулахад урамшуулан дэмж (Аврагчийн арга барилаар заах нь, 15).