“11-р сарын 23–29. Ифер 12–15: ‘Итгэлээр бүх зүйлс гүйцэлддэг,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“11-р сарын 23–29. Ифер 12–15,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020
11-р сарын 23–29
Ифер 12–15
“Итгэлээр бүх зүйлс гүйцэлддэг”
Энэ тоймын зорилго нь ангид юу болохыг үгчлэн заах явдал биш. Энэ нь хувийн илчлэлт дээр нэмэлт болохоос биш орлох ёсгүй юм. Та өөрийн хувийн судалгаа болон бэлтгэлийг хийхдээ Сүнсээр удирдуулж, тэгээд энэ тойм дахь үйл ажиллагаанууд ангийн гишүүдэд Ифер 12–15 дээрх чухал зарчмуудыг олж мэдэн, хуваалцахад тусалж болох эсэхийг хар.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас суралцахдаа ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахад нь тэдэнд туслахын тулд та самбар дээр “Би … сурсан,” “Би … гэрчлэлтэй,” “Би … мэдэрсэн” гэх мэт үгсийг бич. Ангийн гишүүдийг самбар дээрх мэдэгдлүүдийг гүйцээх ямар нэгэн зүйлийг Ифер 12–15 дээрээс хуваалцахад урь.
Сургаалыг заа
Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхдээ үнэний гэрчлэлийг хүлээн авдаг.
-
Та Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх гэдэг нь юу гэсэн утгатайг тунгаан бодоход ангийн гишүүдэд туслахын тулд тэднээс хөгжүүлэх гэдэг үгийг сонсох үед өөр ямар үг эсвэл зураг дүрс бодол санаанд нь орж ирж байгааг асууж болно. (Та бүр энэ үгийг толь бичгээс харж болно.) Биеийн тамирын дасгал бидний бие махбодод ямар нөлөө үзүүлдэг вэ? Бид энэ зарчмыг итгэлд хэрхэн хамааруулж чадах вэ? Бидэнд Христэд итгэх “итгэлээ хөгжүүлэх” ямар арга зам байдаг вэ? Ангийн гишүүд Ифер 12:2–22-ыг судалж, эдгээр шүлэгт дурдагдсан хүмүүс итгэлээ хэрхэн хөгжүүлсэн талаар ярилцаж болно. Бид тэдний жишээг хэрхэн дагаж чадах вэ? Эдгээр шүлэгт өгүүлснээр, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр ямар ямар үр дүнд хүрэх вэ?
-
Ифер 12:7–22 дээрх итгэлийн жишээнүүд нь Мормоны Номоос та нарын хамтдаа суралцсан сэтгэл өдөөм түүхүүдийн сайн давтлага болох юм. Ангийн гишүүд итгэлийн өөр бусад жишээг мөн тэдгээрээс юу ойлгож мэдсэнээ хуваалцаж болно (бусад жишээг Еврей 11-ээс үзэж болно). Тэд түүнчлэн өөрсдийн гэр бүлийн түүхээс эсвэл өөрсдийн амьдралаас итгэлийн жишээг хуваалцаж болно. Эдгээр жишээ нь Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэгт итгэх тэдний итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?
-
Ифер 12 нь итгэлийн тухай ойлголтоор болон үнэнээр дүүрэн байдаг. Ангийн гишүүд итгэлийн тухай өөрсдөд нь зааж байгаа шүлгүүдийг энэ бүлгээс олж болно. Мөн тэд олж мэдсэн зүйлээ самбар дээр бичиж болно.
Итгэл нь “илүү сайн дэлхийд найдах найдвар” руу хөтөлдөг.
-
Ангийн тань хэн нэгэн завинд яагаад зангуу чухал талаар хэлж өгч чадах уу? Та завь болон зангууны зургийг үзүүлээд (эсвэл самбар дээр зураад), зангуугүй завинд юу тохиолдох талаар ярилцаж болно. Бидэнд найдвар үгүй үед юу тохиолддог вэ? Дараа нь ангийн гишүүд Ифер 12:4-ийг уншиж, найдвар хэрхэн “[бидний] бодгальд зангуу” болдог талаар ярьж болно. Тэд түүнчлэн Ифер 12:1–9, 28, 32-ыг уншин, найдварын талаар олсон ойлголтоо хуваалцаж болно. Бид юуны төлөө найдах ёстой вэ? (Ифер 12:4; Моронай 7:41; түүнчлэн Иохан 16:33-ыг үзнэ үү).
Есүс Христийн ач ивээлээр дамжуулан сул дорой зүйлс хүчтэй болж чадна.
-
Та Ифер 12-оос сул дорой тал болон хүч чадлын талаар Моронайн ойлгож мэдсэн үнэнийг хувьдаа тусган авч үзэхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд сул доройн улмаас гутарч байж болох хүний талаар бодоход ангийн гишүүдийг урь. Дараа нь ангийн гишүүдийг Ифер 12:23–29-ийг уншаад, уг хүнд тусалж болох захиас олоход урамшуул. Хэрвээ Моронай өнөөдөр энд байсан бол уг хүнийг урамшуулахын тулд юу гэж хэлж магадгүй вэ? Ангийн гишүүд түүнчлэн Аврагч “сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгоход” (Ифер 12:27) тусалсан туршлагуудыг өөрсдийн амьдралаас хуваалцаж болно. Энэ өөрчлөлт нь хэн нэгэн хүн Аврагчид тулгуурлалгүйгээр өөрийгөө дээшлүүлэн хөгжүүлэх хичээл зүтгэлээс юугаараа өөр вэ? Энэ сэдвээр илүү ихийг мэдэхийн тулд “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн мэдэгдлийг үз.
-
Моронайн туршлага нь Аврагчийн ач ивээл хэрхэн бидний сул дорой талыг хүч чадал болгож өгч чаддагийг үзүүлж байгаа судрын олон жишээний нэг юм. Ангийг бүлгүүдэд хуваарилаад, бүлэг бүрд сул дорой талтай байсан хэн нэгнийг судраас сонгож, Их Эзэн тэр хүнийг хэрхэн хүч чадалтай болгосон талаар ярилцахыг даалгах нь тустай байж магадгүй. Зарим жишээг “Нэмэлт эх сурвалж” хэсэгт санал болгосон. Та түүнчлэн ангийн гишүүдэд Судруудын удирдамж эсвэл Итгэлдээ үнэнч байх нь (77–78-р хуудас) товхимлоос ач ивээл гэсэн үгийн тодорхойлолтыг давтан харахыг санал болгож болно. Тэдний ойлгож мэдсэн судрын жишээнүүд Аврагчийн ач ивээлийн хүч чадлыг хэрхэн дүрсэлж байна вэ? Бид энэ хүчийг амьдралдаа хэрхэн урих вэ?
-
Өөрсдийн сул дорой талыг өөр хэн нэгний давуу талтай харьцуулах нь түгээмэл байдаг. Моронай хүртэл өөрийгөө Жаредын ахтай харьцуулахааргүй гэж бодож байв (Ифер 12:24-ийг үзнэ үү). Өөрийгөө бусадтай харьцуулах нь яагаад аюултай вэ? Ифер 12:26–27-д өгүүлснээр, Их Эзэн биднээс өөрсдийн сул дорой талыг хэрхэн харахыг хүсдэг вэ? (“Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн мэдэгдлийг үзнэ үү). Тэр биднийг бусдын сул дорой байдлыг хэрхэн хараасай гэж хүсдэг вэ? (Ифер 12:26-г үзнэ үү).
Бошиглогчдыг эсэргүүцэх нь сүнслэг байдлын хувьд аюулд хүргэдэг.
-
Ифер 12-т заагдаж байгаа чухал үнэнийг авч үзэхдээ та ангидаа 13–15-р бүлэг дээр их хугацаа зарцуулахгүй байхаар сонгож болох юм. Гэсэн хэдий ч ангийн нэг гишүүнээс эдгээр бүлэгт юу тохиолддогийг товч дүгнэхийг хүсэх нь тустай. Энэ түүхээс утга учиртай захиасыг олоход нь ангийн гишүүдэд туслахын тулд, та тэднийг жаредчуудын уналтаас сурсан зүйлээ “… тийн бид харав” гэдэг үгсийг ашиглан гүйцээхийг хүсэж болно. Тэдний уналт юугаараа нифайчуудын уналттай төстэй байсан бэ? (жишээлбэл, Ифер 15:19 болон Моронай 8:28-ыг үзнэ үү). Их Эзэн биднийг энэ түүхээс юу ойлгож мэдээсэй гэж хүсэж байна вэ? Түүнчлэн бид жаредчуудын хувь заяанаас зайлсхийхийн тулд юу хийж чадах вэ? Мөн ангийн гишүүд Иферийн номын төгсгөл Омнай 1:19–22; Мозая 8:8; Мозая 28:11–18-тай хэрхэн холбогдож байгааг эргэн харж болно.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Дараагийн долоо хоногт ангийн гишүүд Моронайн номыг судалж эхлэх болно. Моронай эхэндээ Иферийн номын дараа илүү олон зүйл бичихгүй байхаар төлөвлөж байсан ч бодож байснаасаа илүү удаан амьдарсан гэдгийг мэдэх нь тэдний хувьд сонирхолтой байж магадгүй. Энэ долоо хоногт тэд Моронайн нас барахаасаа өмнө бичихээр сүнслэгээр өдөөгдсөн эцсийн захиасуудыг уншиж эхэлнэ.
Нэмэлт эх сурвалж
Сүнслэг үйл явц нь өөрсдийн сул дорой байдлыг харахыг шаарддаг.
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Ифер 12:27-ийн тухай ярихдаа ийн заасан. “Моронай ‘эдгээр үгсийг сонсоод, тайтгаруулагд[сан]’ (Ифер 12:29) гэж хэлжээ. Эдгээр нь биднийг ч бас тайтгаруулна. Өөрийн сул талыг олж хардаггүй хүмүүс өсөж хөгждөггүй. Таныг даруу байж, Аврагчид хандахад тусалдаг учраас сул талаа мэдэх нь адислал юм. Сүнс таныг тайтгаруулаад зогсохгүй Цагаатгалаар таны мөн чанарыг дамжуулан өөрчилдөг хүчин зүйл юм. Тийн сул дорой зүйлс хүчирхэг болдог” (“Амар амгалангаа Би та нарт үлдээнэ,” Ensign, May 2017, 16 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 134).
Жишээнүүд: Сул доройчууд хүчирхэг болгогдсон нь.
-
Инох (Мосе 6:31–34; 7:13)
-
Moсе (Гэтлэл 4:10–12; 14:31)
-
Гидеон (Шүүгчид 6:12–16; 8:22–23)
-
Петр (Лук 5:8–10; 22:55–62; Үйлс 4:13–21)
-
Моронай (Ифер 12:23–29)
-
Иосеф Смит (Иосеф Смит—Түүх 1:28; С ба Г 35:17; 135:3)