Ирээд, Намайг дага
11-р сарын 30-аас 12-р сарын 6. Моронай 1–6: “Тэднийг зөв замд байлгахын тулд”


“11-р сарын 30-аас 12-р сарын 6. Моронай 1–6: ‘Тэднийг зөв замд байлгахын тулд,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“11-р сарын 30-аас 12-р сарын 6. Моронай 1–6,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Алма Мормоны усанд баптисм хүртээж буй нь

Минэрва Тэйчэрт (1888–1976), Алма Мормоны усанд баптисм хүртээсэн нь, 1949–1951, хавтан дээр тосон будгаар, 91 x 122 см. Бригам Янгийн Их Сургуулийн Урлагийн музей, 1969

11-р сарын 30-аас 12-р сарын 6

Моронай 1–6

“Тэднийг зөв замд байлгахын тулд”

Моронай өөрийнх нь бичсэн зүйл хожмын өдрүүдэд амьдарч байгаа хүмүүст “чухал” (Моронай 1:4) байгаасай гэж хүссэн. Та Моронай 1–6-г уншиж байхдаа, таны заадаг хүмүүст хамгийн хэрэгтэй байх зүйлсийн талаар залбирч байгаад бодож үз.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Заримдаа ангийн гишүүдэд уншсан зүйлсээ санах багахан хугацаа өгөх юм бол тэд хувиараа судлахдаа олж авсан ойлголтуудаа хуваалцах илүү боломжтой байдаг. Та хичээлийн эхэнд Моронай 1–6-р бүлгийн гарчгуудыг давтаж харахад цөөн хором зарцуулж болох юм. (Энэ нь түүнчлэн гэртээ уншаагүй ангийн гишүүдэд тустай байж болно.) Тэгээд ангийн гишүүдийг өөрсдөд нь утга учиртай санагдсан шүлгийг бүлгүүдээс хайж олон, ангийнхантай хуваалцахад урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Moронай 2–6

Санваарын ёслолуудыг Их Эзэний зарлигласнаар гүйцэтгэх ёстой.

  • Хэрвээ ангийн тань гишүүд (эсвэл тэдний хайртай хүмүүс) санваарын ёслолуудыг хүлээн авахаар бэлтгэж байгаа бол, Моронай 2–6 дээр Моронайн ёслолуудын талаар заасан зүйлсийг давтаж үзэх нь ашиг тустай байж болох юм. Ангийн гишүүд дараахын адил жишээг жүжигчлэн тоглохоор хоёр хоёроороо ажиллаж болно. (1) Таны эрэгтэй дүү санваарт томилогдох гэж байна. Та Моронай 3-аас ямар зөвлөгөөг өгөх вэ? (2) Өөр шашинтай нэгэн найз чинь долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх нь яагаад шаардлагатай юм бэ гэж гайхаж байна. Та юу гэж хэлэх вэ? (Моронай 4–5-ыг үзнэ үү). (3) Таны охины баптисм болох дөхөж байгаа боловч охин тань өөрийгөө бэлэн гэж бодохгүй байна. Та түүнд хэрхэн туслах вэ? (Моронай 6:1–3-ыг үзнэ үү). Жүжигчлэн тоглосны дараа ангийнхан нэг нэгнээсээ юу ойлгож мэдсэнээ ярилцаж болно. Тэд түүнчлэн эдгээртэй адил ёслолууд хэрхэн тэднийг Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд ойртуулсан талаар гэрчлэлээ хуваалцаж болно.

  • Та баптисмд бэлтгэх талаарх ярилцлагыг эхлүүлэхийн тулд ангийн гишүүдээс тэднийг номлол, гэрлэлт, эцэг эх болох эсвэл шинэ ажилд орох зэрэг чухал үүргүүдэд хэрхэн бэлдсэн арга замуудыг дүрслэн ярихыг хүс. Тэр бэлтгэлийг Моронай 6:1–3-т дүрсэлсэн, баптисмд тэнцэхийн тулд хийх хэрэгтэй бэлтгэлтэй харьцуулахад ямар байна вэ? (мөн Мозая 18:8–10; С ба Г 20:37-г үзнэ үү). Эдгээр хэсэгт жагсаасан шинж чанарууд яагаад баптисм хүртэхэд шаардлагатай байдаг вэ? Бид энэ ёслолд бэлтгэлтэй эсэхээ хэрхэн мэддэг вэ? Ангийн гишүүдийг баптисм хүртсэнээсээ хойш эдгээр жишгийг хэр сайн дагаж байгаа талаар, мөн сайжрахын тулд юу хийж чадах талаараа тунгаан бодоход урамшуул. Та тэднийг хүлээн авсан сэтгэгдлээ бичиж, байн байн харж байхад урьж болно.

    Зураг
    Адислал хүлээн авч буй залуу эмэгтэй

    Ёслолууд санваарын хүчээр гүйцэтгэгддэг.

Moронай 4–5

Ариун ёслолоос хүртэх нь бидэнд Есүс Христэд ойртоход тусалдаг.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд ариун ёслолтой холбоотой суралцах үйл ажиллагаануудыг санал болгосон. Та ангийн цөөн гишүүнийг эдгээр үйл ажиллагааг гэртээ хийн, ойлгож мэдсэн зүйлээ ангидаа хуваалцахад бэлдэж ирэхэд урьж болох юм. Түүнчлэн ангийн гишүүдийг өөрсдийгөө болон гэр бүлээ ариун ёслол хүртэх нандин туршлагад бэлтгэхийн тулд юу хийдгээ нэг нэгэнтэйгээ хуваалцахад урь.

  • Бидний олонх нь ариун ёслолын залбирлыг олон удаа сонсож байсан ч уг үгсийн утгыг нэг их бодож байсан болов уу? Та ангийн гишүүдэд эдгээр залбирлыг тунгаан бодоход нь туслахын тулд, ариун ёслолын хоёр залбирлыг цээжээр бичих хэдэн хором өг. Тэгээд тэднийг бичсэн зүйлээ Моронай 4:3 болон 5:2-той харьцуулахад урь. Тэд юуг амархан санасан бэ? Тэд юуг мартсан бэ? Тэд эдгээр залбирлаас өмнө нь анзаараагүй ямар нэгэн зүйлийг ажигласан уу? Ангийн гишүүдийг ариун ёслолын залбирлаас өөрт нь гүн сэтгэгдэл төрүүлдэг үгсийг эсвэл энэхүү ёслолын ариун нандин байдлыг мэдрэхэд тусалдаг үгсийг хуваалцахад урь. Ангийн гишүүдийн ариун ёслолд талархах талархлыг гүнзгийрүүлэхийн тулд ангийн нэг гишүүнийг ариун ёслолын нэг дууг дуулж эсвэл тоглоход урих талаар бодож үз. Та мөн “Always Remember Him” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж болно.

Моронай 6:4–9

Есүс Христийн шавь нар нэг нэгэндээ тохинуулдаг.

  • “Бурханы сайн үгээр тэжээгдэж байхын” (Моронай 6:4) ач холбогдлыг ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд зүйрлэлийг ашиглах талаар бодож үз. Жишээлбэл, ургамлын үрсэлгээнд юм уу нялх хүүхдэд ямар тэжээл хэрэгтэй байдаг вэ? Тэжээл хэрэгтэй ямар нэг зүйлийг мартах юм бол юу тохиолдох вэ? Сүмийн шинэ эсвэл буцаж ирж байгаа гишүүд тэжээл хэрэгтэй ургамал эсвэл нялх хүүхэдтэй юугаараа төстэй вэ? Ангийн гишүүд бие биенээ хэрхэн сүнслэг байдлын хувьд “тэжээж” болох санаануудыг олохын тулд Моронай 6:4–9-ийг судал. Мөн тэд “Нэмэлт эх сурвалж” дээрээс санаануудыг олж болно. Та өөр нэг шавийнхаа өөрт тань тохинуулсан явдлын талаар хуваалцаж болно. Ангийн гишүүд үүнтэй адил туршлагаасаа хуваалцах хүсэлтэй байж болох юм.

  • Моронай 6:4–9 нь ангийн гишүүдэд “Христийн сүмийн хүмүүсийн дунд тоологдож” мөн сүмийн цуглаануудад оролцох үед хэрхэн адислагддаг талаар ойлгоход тусална. Зохион байгуулагдсан сүмийн хэрэгцээний талаар эргэлзээтэй байдаг хэн нэгэнд бид эдгээр адислалыг хэрхэн тайлбарлаж болох вэ? Ангийн гишүүд эдгээр шүлгийг судалж, хуваалцаж болох зүйлийг олж болох юм. Эсвэл тэд Сүмийн гишүүдийн хувьд хүлээн авсан зарим адислалыг жагсаан бичиж болно (Д.Тодд Кристоффэрсон,“Сүм яагаад хэрэгтэй вэ,” Ensign, Nov. 2015, 108–11 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х. 101–105-ыг үзнэ үү). Бид “ойр ойрхон цуглахдаа” бусад шавь “Бурханы сайн үгээр дурсагдан мөн тэжээгдэж” байгаад анхаарахын тулд юуг хийж чадах вэ? (Mоронай 6:4–5).

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хэрвээ таныг эдгээр бүлэгт хэцүү цаг үед итгэлтэй үлдэхэд нь хүүдээ туслахын тулд Мормоны бичсэн хоёр захиа байдаг хэмээн тайлбарлавал ангийн гишүүд дараа долоо хоногт Моронай 7–9-ийг илүү дуртай уншиж магадгүй.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бурханы үгээр тэжээгдэх нь.

Ахлагч Жэффри Р.Холланд: “Ихэнх хүнд эдгээр нь чухал ч гэсэн тэд сүмд ирэхдээ сайн мэдээний талаар цөөн мэдээлэл олж мэдэх эсвэл хуучин найзуудтайгаа уулзах гэж ирдэггүй. Тэд сүнслэг туршлага эрэлхийлж ирдэг. Тэд амар амгаланг хүсдэг. Тэд итгэлээ хүчирхэгжүүлж, найдвараа шинэчлэхийг хүсдэг. Товчхондоо, тэд Бурханы сайн үгээр тэжээгдэж, тэнгэрийн хүчээр хүчирхэгжихийг хүсдэг” хэмээн заасан (“A Teacher Come from God,” Ensign, 1998 оны 5-р сар, 26).

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ийнхүү тайлбарласан. “Шинэ хөрвөгчдийг Бурханы үгээр тэжээх нь хүн болгоны ажил. Энэ нь гэрийн багш болон айлчлагч багш нарын [одоо тохинуулагч ах, эгч нарын] ажил билээ. Энэ нь бишопын зөвлөл, санваарын чуулга, Халамжийн нийгэмлэг, Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн Хүүхдийн хэсгийн ажил юм.

Би өнгөрсөн ням гаргийн мацгийн болон гэрчлэлийн цуглаанд сууж байлаа. 15, 16 орчим насны нэгэн хөвгүүн цугларагсдын өмнө зогсоод, баптисм хүртэхээр шийдсэнээ хэллээ.

Дараа нь багш нарын чуулгын хөвгүүд нэг нэгээрээ микрофон авч, түүнийг хайрладгаа мөн зөв зүйл хийж байгааг нь болон түүнтэй хамт байж, тусална гэдгээ илэрхийлсэн юм. Найздаа баяр талархал, урмын үгс хайрлаж байгаа тэдгээр залуу эрэгтэйг харахад үнэхээр гайхамшигтай байсан. Тэр бүх хөвгүүн мөн өнгөрсөн долоо хоногт баптисм хүртсэн хүү ч гэсэн номлолд явах болно гэдгийг би баттай мэдэж байна.

Саяхны нэг хэвлэл мэдээллийн хурал дээр надаас “Та өнөөдөр Сүмийн ажлыг харахдаа юунд нь хамгийн сэтгэл хангалуун байдаг вэ?” гэж асуусан юм.

Би ‘Сайн мэдээ хүмүүсийн амьдралд юу хийж байгааг харахдаа би хамгийн ихээр сэтгэл хангалуун байдаг. Энэ нь тэдний амьдралд шинэ зорилгыг өгдөг. Энэ нь тэдэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй үзэл бодлыг өгдөг. Энэ нь тэдний харааг тэнгэрлэг, язгуурт зүйлс өөд өргөдөг. Харахад гайхамшигтай зүйлс тэдэнд тохиолддог. Тэд Христ өөд харж, амилдаг’ гэж хариулсан билээ.

… Би та нарын хүн нэг бүрийг энэ ажилд туслахыг гуйж байна” (“Converts and Young Men,” Ensign, May 1997, 48).

Заах чадвараа сайжруулах

Сүнсний өдөөлтийг эрэлхийл. Эдгээр тоймыг дагах ёстой удирдамж гэж харахын оронд заадаг хүмүүсийнхээ хэрэгцээний талаар бодохдоо сүнслэг удирдамж хүлээн авах санаа болгон ашигла.

Хэвлэх