Ирээд, Намайг дага
12-р сарын 14–20. Моронай 10: “Христэд ирэгтүн, мөн Түүгээр төгөлдөржигтүн”


“12-р сарын 14–20. Моронай 10: ‘Христэд ирэгтүн, мөн Түүгээр төгөлдөржигтүн,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“12-р сарын 14–20. Моронай 10,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Христ нифайчуудад үзэгдсэн нь

Та нар мэдэж болохын тулд, Гари Л.Капп

12-р сарын 14–20

Моронай 10

“Христэд ирэгтүн, мөн Түүгээр төгөлдөржигтүн”

Ангийн тань гишүүд энэ жил Мормоны Номыг уншихдаа утга учиртай туршлага олсон байж болно. Эдгээр туршлага дээр үндэслэн, судруудаас судалж байхад ангийн хүн бүрийг урамшуул.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та Моронайг энэ ангид зочилж байна хэмээн төсөөлөхөд ангийн гишүүдийг урь. Тэд түүний Моронай 10 дээр бичсэн зүйлийн талаар түүнд юу гэж хэлэх вэ? Тэдний хувьд онцгой утга учиртай шүлэг байна уу? Тэд эдгээр шүлэгтэй холбоотой өөрсдийн бодол сэтгэгдлийг хуваалцаж болох юм.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Моронай 10:3–7

Би Ариун Сүнсний хүчээр үнэнийг мэдэж чадна.

  • Хэрэв ангийн гишүүд Моронай 10:3–5-ыг анхааралтай судлах юм бол шинэ ойлголт авна. Тэдэнд туслахын тулд та эдгээр шүлгээс чухал үгсийг тусгай цааснууд дээр бичээд, ангийн гишүүн бүрд эсвэл ангийн гишүүдийн бүлэг бүрд нэг нэг цаас өг. Эдгээр үг ямар утгатайг мөн үүнийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд тэд юу хийж чадах талаар тунгаан бодох эсвэл ярилцахад тэднийг урь. Та нар тэгээд Моронай 10:3–5-ыг хамтдаа уншиж, хэн нэгний судалсан үгс дээр түр зогсон, ангийн уг гишүүнээр үүний талаарх санаа бодлыг нь хуваалцуулж болно.

  • Эдгээр шүлэг дэх Моронайн урилга дээр үйлдсэн туршлагаасаа хуваалцахад нь ангийн гишүүдийг урамшуулахын тулд та тэднийг нэг найз, эсвэл гэр бүлийн гишүүнийг Мормоны Номын талаар гэрчлэлтэй болоход урамшуулахыг хичээж байна гэж төсөөлөн бодоход урь. Тэд Моронай 10:3–7-г хэрхэн ашиглаж болох вэ? Тэд ямар туршлага хуваалцаж болох вэ? “Ариун Сүнсний хүчээр” ямар нэгэн зүйлийг мэдэх гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход нь бид бусдад хэрхэн тусалж чадах вэ? (Mоронай 10:5).

Моронай 10:8–25

“Бурханы бэлгүүдийг бүү үгүйсгэ.”

  • “Бурханы бэлгүүдийг үгүйсгэхгүй бай” гэсэн сануулга нь ялангуяа энэ хожмын өдрүүдэд яагаад чухал вэ? (Моронай 10:8). Ангийн гишүүдийг Моронай 10:8–18-ыг уншиж байхдаа энэ асуултын талаар тунгаан бодоход урамшуул. Та сүнслэг бэлэгт итгэх ангийн гишүүдийн итгэлийг бэхжүүлэхийн тулд тэднийг Моронай 10:9–16 дээр жагсаасан бэлэг бүрийг хэрэглэж байгаа хүмүүсийн жишээг хуваалцахад урьж болох юм. Жишээнүүд нь судруудаас болон Сүмийн түүхээс эсвэл өөрсдийнх нь амьдралаас байж болно. (Мормоны Ном дахь жишээнүүдийг “Нэмэлт эх сурвалж” хэсэгт санал болгосон.) Түүнчлэн та эдгээр шүлэгт дүрслэгдсэн зарим бэлэг Мормоны Ном гарч ирэхэд хэрхэн харагдсан тухай ярилцаж болох юм. Мормоны Номын талаар гэрчлэлтэй болохыг эрэлхийлж байгаа хүн сүнслэг бэлгүүдэд итгэх нь яагаад чухал вэ? Бид заримдаа өөрсдийн амьдралд эдгээр бэлгийг “үгүйсгэх” юуг хийдэг вэ? Эдгээр бэлэг бидэнд “Христэд ирж, мөн түүгээр төгөлдөржихөд” (Moронай 10:30–33-ыг үзнэ үү) хэрхэн тусалдаг вэ?

  • Эдгээр шүлэгт дүрслэгдсэн сүнслэг бэлгүүдийг судлах өөр нэгэн арга бол самбар дээр дараахтай адил асуултуудыг бичих явдал юм. Сүнслэг бэлгүүд гэж юу вэ? Тэдгээр нь хэнд өгөгддөг вэ? Тэдгээр нь яагаад өгөгддөг вэ? Бид тэдгээрийг хэрхэн хүлээж авдаг вэ? Тэгээд ангийн гишүүдийг хариултуудыг олохын тулд Моронай 10:8–25-ыг судлахад урь. (“Нэмэлт эх сурвалж” хэсэг дэх ерөнхийлөгч Бригам Янг, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс нарын үгс бас тусалж болно.) 9–16-р шүлэгт жагсаан бичсэн сүнслэг бэлгүүдээс гадна, бидний хүлээн авсан эсвэл адислагдсан өөр ямар “Бурханы бэлгүүд” байдаг вэ? (Moронай 10:8). Та түүнчлэн ахлагч Брүс Р.Макконкигийн заасан зүйлийг хуваалцахыг хүсэж болох юм. “Сүнсний бэлгүүд нь тоолшгүй олон мөн янз бүр байдаг. Илчлэгдсэн үгэнд жагсаагдсан бэлгүүд нь нигүүлсэнгүй Бурханы Өөрийг нь хайрлаж, Өөрт нь үйлчлэх хүмүүст хэмжээлшгүйгээр цутгагддаг тэнгэрлэг ач ивээлийн жишээ юм” (A New Witness for the Articles of Faith [1985 он], 371).

Moронай 10:30–33

Би Есүс Христийн ач ивээлээр дамжуулан төгөлдөржиж чадна.

  • “Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн” хэмээх Моронайн урилгыг хүлээн авахад ангийн гишүүдэд тань юу тусална гэж та бодож байна вэ? (Moронай 10:32). Энэ сэдвийн тухай дууллаар эхлэх нь ярилцлагад тань сүнсийг урьж болох ба ангийн гишүүд уг дуулал болон Моронай 10:30–33-т олдсон үнэний хоорондох, өөрсдийн харж байгаа ямар нэгэн холбоог хуваалцаж болох юм. Христэд ирэх гэдэг нь юу гэсэн утгатай талаар бид эдгээр шүлгээс болон энэ дууллаас юу ойлгож авч байна вэ? “Христэд төгс төгөлдөр” байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (түүнчлэн С ба Г 76:50–53, 69-ийг үзнэ үү). “Есүсээр дамжин төгс болгогдох” (С ба Г 76:69) гэдэг нь юу гэсэн утгатай талаар бодлоо хуваалцаж мөн ангийн гишүүдийг бодлоо хуваалцахад урамшуул.

  • Энэ бол энэ жилийн Мормоны Номын талаарх хамгийн сүүлчийн ярилцлага учраас та ангийн гишүүдийг уг номоос суралцахдаа мэдэрч мөн ойлгож мэдсэн зарим зүйлээ хуваалцахыг хүсэж болох юм. Та нар ангийн гишүүдэд үүнийг хийхэд нь туслахын тулд Моронай 10:32–33-ыг хамтдаа уншиж, Мормоны Ном нь тэдэнд Христэд ирэхэд хэрхэн тусалсан талаар цөөн хором тунгаан бодохыг хүс. Та ийнхүү асууж болно. Мормоны Ном Бурханыг илүү ихээр хайрладаг болоход бидэнд хэрхэн тусалсан бэ? Энэ нь бидэнд Христийн ач ивээлд илүү бүрэн дүүрэн тулгуурлахад хэрхэн тусалсан бэ? Энэ нь бидэнд Аврагчийн хүчийг “үгүйсгэхгүй байхад” хэрхэн тусалсан бэ? Мормоны Номын талаар мөн энэ ном Есүс Христийг гэрчилдэг талаар гэрчлэлээ хуваалцахад ангийн гишүүдийг урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та нар дараа жил Сургаал ба Гэрээг судлах гэж хүсэн хүлээхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд Моронай 10:9–16-г давтан үзээд, эдгээр бэлэг бүгд Сүмд өнөөдөр ил тод харагддагийг тайлбарла. Бид Сургаал ба Гэрээг уншиж байхдаа, Түүний ажлыг хожмын өдрүүдэд хийхийн тулд Бурханы бэлгүүд болон хүч хэрхэн ашиглагдсаныг харах болно.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Мормоны Ном дахь сүнслэг бэлгүүдийн үзүүлэлтүүд.

Ерөнхийлөгч Бригам Янгийн сүнслэг бэлгүүдийн талаарх гэрчлэл.

Итгэл. Та сайн мэдээний зарчмуудад итгэж, Бурханы бэлэг болох итгэлийг олох юм бол тэрээр илүү их итгэлийг нэмж, итгэл дээр итгэлийг нэмсээр байдаг. …

Эдгээх бэлэг. Эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхдүүд Бурханы хүчээр, гар тавигдан адислагдсанаар эдгээгдэж байгаа олон зуун жишээний талаар гэрчлэхээр би энд байна. Олон хүн үхлийн хаалган дээр байхдаа эдгээгдэж, мөнхийн байдлын даваан дээр оччихоод буцаж ирэхийг би харж байсан; биеэ орхичихсон байсан зарим сүнс буцаж ирэхийг би харж байсан. Аврагчийн амлалтын дагуу гар тавилтаар өвчтэй хүмүүс эдгэрэхийг харж байснаа би гэрчилж байна. …

Бошиглол, илчлэлт, мэдлэг. Эрэгтэй, эмэгтэй хүн бүр илчлэгч байж, бошиглолын сүнс болох Есүсийн гэрчлэлтэй байж, өөрсдийнх нь талаарх Бурханы оюун, хүслийг урьдаас харж, хилэнцээс зайлсхийж, сайныг сонгож чадна” (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 252–253).

Сайн бэлэг болгоноос зууран барь.”

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс сүнслэг бэлгүүдийг эрэлхийлсэн нь ээжийг нь хэрхэн адисалсан тухай ярьсан. “Аав маань нас барснаас болж бэлэвсэн ээж минь ганцаардаж байв. Гурван жаахан хүүхдээ өсгөх хариуцлагаа биелүүлэхийн төлөө тэр хэрхэн залбирдаг байсан гээч! Тэр эрэлхийлж байсан ба зохистой байсан мөн адислагдсан юм! Түүний залбирлууд олон арга замаар хариулагдсан ба түүнчлэн сүнслэг бэлгүүдийг хүлээн авсан билээ. Түүнд олон бэлэг байсан, гэхдээ миний онцлон санаж байгаа нь итгэлийн болон гэрчлэлийн мөн мэргэн ухааны бэлэг байсан юм” (“Spiritual Gifts,” Ensign, Sept. 1986, 72).

Заах чадвараа сайжруулах

Суралцагчдад хуваалцах цаг гаргаж өг. “Суралцагчид мэдэж авсан зүйлээ хуваалцаж байхдаа зөвхөн Сүнсийг мэдэрч, гэрчлэлээ хүчирхэгжүүлээд зогсохгүй, ангийнхаа бусад гишүүнийг үнэнийг өөрсдөө олж мэдэхэд урамшуулан дэмждэг” (Аврагчийн арга барилаар заах нь, 30).