Ирээд, Намайг дага
9-р сарын 28-аас 10-р сарын 11. 3 Нифай 17–19: “Болгоогтун, миний баясал дүүрэн байна”


“9-р сарын 28-аас 10-р сарын 11. 3 Нифай 17–19: ‘Болгоогтун, миний баясал дүүрэн байна,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“9-р сарын 28-аас 10-р сарын 11. 3 Нифай 17–19,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Есүс нифайчуудад үзэгдсэн нь

Түүний дүр төрхөн гэрэл тэдний дээр гийгүүлэв, Гари Л.Капп

9-р сарын 28-аас 10-р сарын 11

3 Нифай 17–19

“Болгоогтун, миний баясал дүүрэн байна”

Та хувиараа судар судалснаар заахад бэлтгэж эхлэх хэрэгтэй. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага суралцахад тань тус дэм болох бөгөөд энэ тойм таныг заахад бэлтгэхэд туслах санаануудаар хангах болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

3 Нифай 17:1–3-т Аврагч хүмүүсийг гэр орондоо харьцгаан, дахин заалгахаар буцаж ирэхийнхээ өмнө “оюун санаагаа бэлтгэхэд” урьсан. Та ангийн гишүүдээсээ өнөөдрийн ярилцлагад хэрхэн бэлтгэсэн бөгөөд юуны талаар тунгаан бодсоныг нь асууж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

3 Нифай 17; 18:24–25, 28–32

Аврагч бол тохинууллын төгс үлгэр жишээ мөн.

  • Бид бүгдэд бусдад тохинуулах боломж байдаг бөгөөд бид бүгдээрээ энэ тал дээр сайжирч болох юм. Аврагчийн тохинуулах жишээнээс суралцах нэг арга зам бол 3 Нифай 17-г ангиараа уншин, тохинууллын талаар зааж байгаа зүйлийг олох бүрдээ энэ талаар ярилцахад ангийн гишүүдийг урих явдал юм. Аврагчийг тохинууллын агуу жишээ болгодог Түүний ямар шинж чанарын талаар бид ойлгож мэддэг вэ? Бид Аврагчийн жишээнээс тохинууллын ямар үнэнийг мэдэж авч болох вэ? Та түүнчлэн нэмэлт ойлголтуудыг 3 Нифай 18:24–25 болон 28–32-оос хайж болно. Ангийн гишүүд Аврагчийн тохинууллын үлгэр жишээг дагахын тулд ямар тодорхой зүйл хийхээр өдөөгдөж байгаа талаар ярилцаж болно.

    Есүс нифайчуудын хүүхдүүдийг адисалсан нь

    Бяцхан хүүхдүүдээ харагтун, Гари Л.Капп

3 Нифай 17:13–22; 18:15–25; 19:6–9, 15–36

Аврагч бидэнд хэрхэн залбирахыг заасан.

  • Ангийн гишүүдэд 3 Нифай 17–19 дээрх залбирлын олон жишээнээс болон залбирлын талаарх сургаалаас суралцахад туслахын тулд та самбар дээр Хэн? Яаж? Хэзээ? мөн Яагаад? гэж бичээд, дараах шүлгүүдээс залбиралтай холбоотой хэсгийг уншиж байхдаа эдгээр асуултын хариултыг олж мэдэхэд ангийнхныг урь. Үүнд: 3 Нифай 17:13–22; 18:15–25; 19:6–9; 15–36. Ангийн гишүүд эдгээр шүлгийг уншихдаа өөр ямар ойлголт олж авсан бэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн үг энэ ярилцлагад нэмэр болно. Та түүнчлэн ангийн гишүүдийг хувийн болон гэр бүлийн залбирлаа илүү утга учиртай болгохын тулд юу хийдэг талаар хуваалцахад урьж болно (3 Нифай 18:18–21-ийг үзнэ үү).

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм нь эдгээр шүлгийг уншихдаа залбирлын талаар тунгаан бодох асуултуудыг санал болгодог. Та ангийн гишүүдээс эдгээр асуултын талаарх ойлголтоо хуваалцахыг хүсэж болно. Эсвэл та ангийн хэд хэдэн гишүүнийг 3 Нифай 17–19 дээрээс залбирлын талаар ойлгож мэдсэн ямар нэг зүйлээ ярилцах бэлтгэлтэй ирэхэд урьж болно. Тэд залбирлуудаа илүү утга учиртай болгохын тулд юу хийхээр өдөөгдсөн бэ?

  • Есүс бидний залбирах ёстой шалтгааныг заасан (3 Нифай 18:15–18-ыг үзнэ үү). Түүний заасан зүйлсийг ойлгоход ангийнханд үзүүлэнт хичээл тус болж магадгүй. Жишээ нь, та Сатаны нөлөөг төлөөлүүлэхийн тулд нэг савыг усаар дүүргээд, нэг аяганы (үргэлж залбирахыг төлөөлдөг) ёроолд нэг цаасыг (биднийг төлөөлдөг) бат бөх тогтоо. Аягыг доош харуулж, устай сав руу доош түлх. Энэ нь усаар хүрээлэгдсэн ч гэсэн уг цаас аяганы ёроолд хуурай үлдэх юм. Энэ үзүүлэнт хичээл болон 3 Нифай 18:15–18 нь бидэнд залбирлын талаар юу зааж байна вэ? (түүнчлэн С ба Г 10:5-ыг үзнэ үү). “Үргэлж залбирах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Залбирал нь хэрхэн бидэнд Сатаны нөлөөг эсэргүүцэхэд тусалж чадах вэ? Та ангийн гишүүдэд залбирлаа сайжруулахын тулд юу хийхээр өдөөгдөж байгаагаа бичиж авах цөөн хормыг гаргаж өгөх талаар бод.

3 Нифай 18:1–12

Бид ариун ёслолоос хүртэхдээ сүнслэг байдлын хувьд тэжээгдэж чадна.

  • 3 Нифай 18 дээрх ариун ёслолын тухай Аврагчийн сургаалын талаар ярилцлагыг эхлүүлэхийн тулд та ангийнхнаа бүлгүүдэд хуваарилж, бүлэг бүрд дараах судруудын нэгийг уншиж, ярилцуулахаар өгч болно. Үүнд: Матай 26:26–28; 3 Нифай 18:1–12; Сургаал ба Гэрээ 20:75–79; 27:1–4. Оногдсон хэсгээ уншсаныхаа дараа бүлэг бүр өөрсдийн уншсан шүлгүүдэд хариу нь байгаа, ариун ёслолын талаарх нэг, хоёр асуултын талаар бодож, эдгээр асуултыг самбар дээр бичиж болно. Тэгээд ангийн бусад гишүүн эдгээр асуултын хариултыг судруудаас хайж болно. Ангийн гишүүд түүнчлэн ариун ёслолоос хүртэхдээ хэрхэн илүү утга учиртай болгох талаар ярилцаж болно.

  • Ариун ёслолоос хүртэхдээ “ханах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (3 Нифай 18:4–5, 9; 20:9-ийг үзнэ үү). Ангийн гишүүдийг 3 Нифай 18:1–12-ыг хамтдаа уншиж байхдаа хоёр хоёроороо энэ асуултын талаар ярилцахад урих талаар бодож үз. Та түүнчлэн ангийн гишүүдийг ариун ёслолоос хүртэж байхдаа сүнслэг байдлын хувьд “ханасан” хамгийн сүүлийн тохиолдлоо тунгаан бодоход урьж болно. Тэд ариун ёслолоос “ханахад” бидэнд саад болж, сатааруулдаг зүйлсийн талаар ярилцаж, эдгээр саадыг хэрхэн даван туулах талаар зарим санааг хуваалцаж болох юм.

3 Нифай 19:9–15, 20–22

Есүс Христийн шавь нар Ариун Сүнсний бэлгийг эрэлхийлдэг.

  • Хамгийн их хүсэн мөрөөддөг ямар нэгэн зүйлээ бодохыг ангийнхнаас хүс. Тэд үүнийг хүлээн авахын тулд юуг хийхэд бэлэн байна вэ? Энэ нь 3 Нифай 19:9–15 болон 20–22-т өгүүлснээр арван хоёр шавийн “хамгийн их хүссэн” зүйлийн талаарх ярилцлагыг өрнүүлж болох юм. Энэ нь юуны учир тэдэнд маш чухал байсан байж болох вэ? Энэ нь яагаад бидэнд чухал вэ? Эдгээр шүлэгт өгүүлснээр бид хэрхэн Ариун Сүнсний нөхөрлөлийг хичээнгүйлэн эрэлхийлж чадах вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Их Эзэн “Исаиагийн үгс агуу” (3 Нифай 23:1) хэмээн хэлсэн. Та ангийн гишүүдийг 3 Нифай 20–26-г уншихад урамшуулахдаа эдгээр бүлэгт Есүс Исаиагийн зарим “агуу” үгийг тайлбарласан гэдгийг хэлж болно. Исаиагийн эдгээр үг яагаад агуу талаар тунгаан бодоход ангийн гишүүдийг урь. Тэднийг дараагийн ням гарагт сурсан зүйлээ хуваалцахад бэлэн ирэхэд урамшуул.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Залбирлын үнэ цэн.

Ахлагч Ричард Г.Скотт залбирлын үнэ цэнийн тухай гэрчилсэн.

“Бид Тэнгэрлэг Эцэгт хандан, Түүний Хайрт Хүү, Есүс Христийн нэрээр залбирдаг. Бид ёс суртахууны хувьд цэвэр ариун, дуулгавартай, зохистой бодол санаатай, Түүний хүссэн зүйлийг биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх үед залбирал хамгийн үр дүнтэй байдаг. Даруухан бөгөөд итгэлтэй залбирал удирдамж өгч, амар амгаланг авчирдаг.

Мэдрэмжээ эв хавгүй илэрхийлж байгаадаа бүү санаа зов. Нигүүлсэнгүй, бүхнийг ойлгодог Эцэгтэйгээ зүгээр л ярилц. Та бол Түүний эрхэм хайрт хүүхэд бөгөөд Тэр таныг төгс хайрлан, туслахыг хүсдэг. Та залбирч байхдаа Тэнгэр дэх Эцэг ойрхон байгааг мөн өөрийг тань сонсож байгаа гэдгийг санаарай.

Сайн залбирлын түлхүүр нь зөв асуултууд тавьж сурах явдал мөн. Хүсэж байгаа зүйлсээ гуйхын оронд Түүний таны төлөө хүсэж байгаа зүйлсийг чин сэтгэлээсээ эрэлхийлэх талаар бод. Тэгээд та Түүний хүслийг олж мэдэхдээ үүнийг гүйцэлдүүлэх хүчтэй байхаар хөтлөгдөхийн төлөө залбир.

Хэрвээ танд Эцэгээс хол байгаа мэт санагдвал энэ нь олон шалтгаанаас болж байж болно. Учир шалтгаан нь юу ч байлаа гэсэн, таныг тусламж гуйн үргэлжлүүлэн залбирах үед Тэр ойролцоо байгаа гэдэг итгэлийг тань сэргээх зүйлсийг хийхэд таныг удирдан хөтөлнө. Залбирах хүсэлгүй байгаа үедээ ч залбир. Заримдаа та хүүхэд адил, алдаа гаргачихаад Эцэгтээ уг асуудлаар хандаж чадахгүй гэж бодож магадгүй. Тэр үе бол таны хамгийн ихээр залбирах хэрэгтэй цаг үе юм. Өөрийгөө эалбирахад зохисгүй гэж хэзээ ч бүү бод.

“Бид өөрийн хүч чадлаас давсан, хойшлуулшгүй асуудлуудтай тулгарч, түүнийгээ шийдвэрлэх хүчгүй гэдгээ ухаарах хүртлээ залбирлын хэмжээлшгүй их хүчийг үнэхээр ойлгож чадах болов уу гэдэгт би эргэлздэг. Тэр үед бид даруусаж, Тэнгэрлэг Эцэгээс бүрэн хамааралтайгаа ухаарч, Түүнд хандах болно. Тиймээс та шаардлагатай бол удаанаар, эрч хүчтэйгээр сэтгэлээ чанга илэрхийлж чадах чимээгүй газрыг олох нь тустай байдаг” (“Using the Supernal Gift of Prayer,” Ensign or Liahona, May 2007, 8).

Заах чадвараа сайжруулах

Христийнхтэй адил хайрыг хөгжүүл. Хэрвээ ангид тань найзын нөхөрлөл хэрэгтэй байгаа гишүүн байгаа бол түүнийг ангийн нэг хэсэг гэдгээ мэдрэхэд нь хэрхэн туслах талаар бод. Жишээлбэл, та ангийн өөр нэг гишүүнийг түүнтэй хамт сууж, найзлахад урьж болох юм.