Ирээд, Намайг дага
9-р сарын 28-аас 10-р сарын 11. 3 Нифай 17–19: “Болгоогтун, миний баясал дүүрэн байна”


“9-р сарын 28-аас 10-р сарын 11. 3 Нифай 17–19: ‘Болгоогтун, миний баясал дүүрэн байна,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“9-р сарын 28-аас 10-р сарын 11. 3 Нифай 17–19,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Христ нифайчуудад үзэгдсэн нь

Түүний дүр төрхөн гэрэл тэдний дээр гийгүүлэв, Гари Л.Капп

9-р сарын 28-аас 10-р сарын 11

3 Нифай 17–19

“Болгоогтун, миний баясал дүүрэн байна”

3 Нифай номын өмнөх бүлгүүд ерөнхийдөө Аврагчийн үгсэд төвлөрсөн байсан бол 17–19-р бүлэгт Түүний тохинууллын тухай болон хүмүүсийн дунд заасан сургаалуудын талаар өгүүлсэн байдаг. Эдгээр бүлгийг уншихад Сүнс Аврагчийн талаар юуг танд зааж байна вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Есүс Христ Өгөөмөр нутагт бүтэн өдрийн турш тохинуулахдаа Өөрийн сайн мэдээг зааж, амилсан бие махбод дээрх сорвио харж, мэдрэх боломжийг хүмүүст олгон, амлагдсан Аврагч мөн гэдгээ гэрчилжээ. Харин одоо Түүний явах цаг болсон байв. Тэр Эцэг рүүгээ эргэн очих хэрэгтэй байсан бөгөөд хүмүүст заасан зүйлсийг нь тунгаан бодох цаг хугацаа хэрэгтэйг Тэр мэдэж байлаа. Тиймээс Тэрээр дараа өдөр нь эргэн ирэхээ амлаад, цугласан олныг гэрт нь явуулан тараасан. Харин хэн ч тэндээс явсангүй. Тэд юу мэдэрснээ хэлээгүй ч “тэдэнтэй хамт дахин хэсэгхэн зуур ч гэсэн үлдэх” (3 Нифай 17:5) байх хэмээн найдаж байгааг нь Есүс мэдэрч байв. Түүнд хийх өөр чухал зүйлс байсан ч нинжин сэтгэлээ харуулах боломж тэр бүр товлосон цаг хугацаанд гарч ирээд байдаггүй тул Есүс тэдэнтэй дахиад хэсэг зуур хамт байхаар болов. Дараа нь тохиолдсон зүйл сударт цэдэглэгдсэн тохинууллын хамгийн энэрэнгүй жишээ байж болох юм. Тэнд байсан хүмүүс үүний талаар үгээр хэлшгүй байсан гэхээс өөр зүйл хэлээгүй (3 Нифай 17:16–17-г үзнэ үү). Есүс Өөрөө хүртэл энэхүү сүнсээр бялхсан гэнэтийн явдлыг “Эдүгээ болгоогтун, миний баясал дүүрэн байна” (3 Нифай 17:20) хэмээн энгийн үгсээр дүгнэн хэлжээ.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

3 Нифай 17

Миний хувьд Аврагч тохинууллын төгс үлгэр жишээ юм.

3 Нифай 11–18-д цэдэглэгдсэнээр, Христийн анхны айлчлалыг 2500 орчим хүн (3 Нифай 17:25-ыг үзнэ үү) гэрчилсэн. Гэсэн ч Аврагч хүн бүрд тохинуулах арга замыг олсон юм. Та энэ бүлэгт гарч буй Аврагчийн үлгэр жишээнээс тохинууллын талаар юу мэдэж авсан бэ? Тэрээр тохинуулахдаа ямар хэрэгцээ шаардлагыг нь хангасан бэ? Түүний үлгэр жишээ бусдад тохинуулахад тань хэрхэн туслах талаар тунгаан бод.

Есүс нифай үндэстэн хүүхдүүдийг адисалсан нь

Бяцхан үрсээ болгоогтун, Гари Л.Капп

3 Нифай 17:13–22; 18:15–25; 19:6–9, 15–36

Аврагч бидэнд хэрхэн залбирахыг заасан.

Аврагчийг таны төлөө залбирч байхыг сонсох ямар байхыг төсөөлөн бод. Тэр таны төлөө юу гэж хэлэх бол? Эдгээр бүлэгт байх Түүний сургаал болон залбирлууд энэ талаар танд санаа өгч болох юм. Та судлахдаа, хувийн залбирлаа илүү утга учиртай болгох юуг Христийн үлгэр жишээнээс сурсан бэ? Та амьдралдаа залбирлын ямар адислалуудыг харсан бэ?

3 Нифай 18:1–12

Би ариун ёслолоос хүртсэнээр сүнсээр дүүргэгдэж чадна.

3 Нифай 18:1–12-ыг уншиж байхдаа, ариун ёслолоос хүртэх нь таныг сүнслэг байдлын хувьд “ханахад” (3 Нифай 18:3–5, 9; мөн 3 Нифай 20:1–9-ийг үзнэ үү) хэрхэн туслахыг тунгаан бод. Жишээ нь, та ариун ёслолоос хүртэхдээ өөрийнхөө үйлдлийг эргэн харж, тунгаан бодоход хүргэх “Би Аврагчийн талаар болон Түүний миний төлөө хийсэн золиослолын талаар юу гэж боддог вэ?” “Түүний золиослол миний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?” эсвэл “Би шавийн хувьд юуг сайн хийж байгаа болон юуг сайжруулах вэ?” гэх мэт асуултуудын жагсаалт гаргаж болно.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгс ариун ёслол таныг сүнсээр дүүргэгдэхэд туслах нэг аргын талаар тунгаахад бодоход тусалж болно. Тэр: “Ариун ёслолын үеэр та өөрийн амьдралыг үнэлж цэгнэхдээ бодол санаагаа зөвхөн хийсэн буруу зүйлс дээрээ биш, Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр өөрөөр тань бахархаж, сэтгэл хангалуун байгааг мэдэрч байсан тэр цаг үе болон зөв үйлдлүүд дээрээ төвлөрүүлдэг байх гэж би найдаж байна. Мөн та ариун ёслолын үеэр эдгээр зүйлийг олж харахад туслахыг Бурханаас гуйхад цаг гаргасан ч болно. … Намайг ийн үйлдэхэд, хэдийгээр би төгс төгөлдөрт хүрэхэд хол байгаа ч өчигдрийнхөөсөө өнөөдөр илүү сайжирсныг Сүнс надад батлан хэлж өгдөг. Аврагч байгаа болохоор энэ нь надад би маргааш илүү сайн болж чадна гэсэн итгэлийг төрүүлдэг юм” хэмээн хэлсэн (“Түүнийг үргэлж сана,” Лиахона, 2018 оны 2-р сар).

3 Нифай 18:36–37; 19:6–22

Есүс Христийн шавь нар Ариун Сүнсний бэлгийг эрэлхийлдэг.

Саяхан хэлсэн залбирлынхаа тухай бод. Залбирлууд тань таны чин хүслийн талаар танд юуг заадаг вэ? Цугларсан олон Аврагчийн хамт нэг өдрийг өнгөрүүлээд, Ариун Сүнсний бэлэг буюу “хамгийн их хүссэн түүнийхээ төлөө залбирав” (3 Нифай 19:9). Эдгээр шүлгийг уншиж байхдаа, Ариун Сүнсний нөхөрлөлийг авахыг хүсэх өөрийн хүслийг тунгаан бод. Ариун Сүнсний нөхөрлөлийг эрэлхийлэх талаар та юу мэдэж авсан бэ?

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

3 Нифай 17

Та энэ бүлгийг гэр бүлийнхэнтэйгээ хамт уншихдаа үе үе зогсож, эдгээр үйл явдлыг өөрсдийн биеэр мэдэрч байна гэж төсөөлөхөд гэр бүлийнхнийгээ урь. Тухайлбал, “Та ямар зовлон бэрхшээлээ Аврагчаар эдгээлгэхээр Түүний өмнө авчрах вэ?” “Та Түүнийг таны өмнөөс юу гэж залбираасай гэж хүсэж байна вэ?” эсвэл “Таны хайртай ямар хүмүүсийг адислаасай гэж та Түүнээс хүсэж байна вэ?” гэх мэтээр асууж болно. Энэ бүлгийг унших нь Есүсийн адил гэр бүлийнхээ хүн нэг бүрийн төлөө залбирахад сүнсээр өдөөж магад.

3 Нифай 18:1–12

Ариун ёслолоос хүртэж “ханах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Бид үүнийг хэрхэн мэдэрдэг вэ? 5-7-р шүлгээс Есүс яагаад бидэнд ариун ёслолын ёслолыг өгсөн талаар бид юу мэдэж авч болох вэ?

3 Нифай 18:17–21

Бид эдгээр шүлгээс залбирлын зорилгын талаар юу мэдэж авч болох вэ? Бид хувь хүнийхээ болон гэр бүлийнхээ залбирлын сүнслэг хүчийг хэрхэн нэмэгдүүлж болох вэ?

3 Нифай 18:25; 19:1–3

Та гэр бүлийнхээ сайн мэдээгээр дамжуулан олж авсан аль туршлагаа эргэн тойрныхоо бүх хүнийг мэдрээсэй гэж хүсдэг вэ? Бид эдгээр бүлэгт байгаа хүмүүсийн үлгэр жишээг даган, Христэд бусдыг авчирч, бидний сайн мэдээнээс олсон зүйлийг тэдэнд “тэмтэрч мөн харж болох” боломж олгохын тулд хэрхэн (3 Нифай 18:25) “үлэмж шаргуу хөдөлмөрлөх” (3 Нифай 19:3) вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Суралцах үйл явцыг тань удирдах боломжийг Сүнсэнд олго. Ариун Сүнс таныг өдөр бүр сурч мэдэх хэрэгтэй зүйлс рүү тань хөтлөх болно. Түүний сүнсний өдөөлт таныг өөр сэдвээс уншихыг эсвэл сургалтын ердийн аргаасаа арай өөр байдлаар судлахыг санал болгож болох ч тэдгээрт мэдрэмжтэй ханд. Жишээ нь, та 3 Нифай 18-аас ариун ёслолын тухай уншихад Сүнс танд тухайн сэдвийг заахдаа төлөвлөснөөсөө илүү их цаг зарцуулах хэрэгтэй гэсэн мэдрэмжийг төрүүлж болно.

Есүсийг болон нифай үндэстэн хүүхдүүдийг хүрээлэн буй тэнгэр элчүүд

Тэд тэнгэр нээгдэхийг үзэв, Волтэр Рэйн