“10-р сарын 12–18. 3 Нифай 20–26: ‘Та нар гэрээний хүүхдүүд,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“10-р сарын 12–18. 3 Нифай 20–26,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020
10-р сарын 12–18
3 Нифай 20–26
“Та нар гэрээний хүүхдүүд”
Есүс судрын талаар ярихдаа судал гэдэг үгийг олон удаа хэрэглэсэн байдаг (3 Нифай 20:11; 23:1, 5-ыг үзнэ үү). Та 3 Нифай 20–26-г уншиж байхдаа юуг хайх вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хүмүүсийг Израилын угсаа зэрэг нэр томьёо хэрэглэхийг сонсоод, танд өөрийн тань тухай ярьж байгаа мэт санагддаг уу? Нифайчууд болон леменчүүд Израилын шууд удмынхан байсан ба тэдний түүх бүр Иерусалимаас эхэлдэг. Гэхдээ тэдний заримд Иерусалим “алс холд байх нутаг, бидний мэдэхгүй тэр нутаг” (Хиламан 16:20) мэт санагддаг байсан байх. Тийм ээ, тэд “Израилын модны мөчир” боловч “биеэсээ гээгдсэн” байсан юм (Алма 26:36; 1 Нифай 15:12-ыг үзнэ үү). Гэхдээ Аврагч тэдэнд үзэгдэхдээ Өөрийнх нь хувьд гээгдээгүй гэдгийг тэднийг мэдээсэй хэмээн хүссэн. “Та нар бол Израилын угсааных” мөн “гэрээнийх болой та нар” (3 Нифай 20:25) гэж Тэрээр айлдсан. Өнөөдөр та хэний удам угсаа гэдгээс эсвэл хаана амьдардгаас тань үл хамааран Тэрээр баптисм хүртэж, Өөртэй нь гэрээ байгуулсан хүн бүрд Израилын угсааных, “гэрээний” хүмүүс хэмээн мөн адил хэлж болох юм. Өөрөөр хэлбэл, Есүс Израилын угсааны талаар ярьж байгаа нь таны тухай ярьж байна гэсэн үг. “Дэлхийн бүх үндэстэнг” адисал гэсэн зааварчилгаа танд зориулагдсан (3 Нифай 20:27). “Дахин сэрэгтүн, мөн хүч чадлаа авагтун” гэсэн урилгыг танд өгсөн (3 Нифай 20:36). Мөн Түүний “миний сайхан сэтгэл чамаас одох нь үгүй, бас миний энх амгалангийн гэрээ хөндөгдөхгүй” гэсэн эрхэм нандин амлалт танд зориулагдсан билээ (3 Нифай 22:10).
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Хожмын өдрүүдэд Бурхан агуу хийгээд гайхамшигт ажлыг гүйцэтгэнэ.
Аврагч цугларсан олонд зарим гайхалтай амлалтыг өгч, Өөрийн гэрээт хүмүүсийн ирээдүйн талаар бошиглосон. Харин Түүний гэрээт хүмүүст та ч бас ордог. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бид Их Эзэний гэрээт хүмүүсийн дунд байх болно. Эдгээр амлалт биелэгдэхэд биечлэн оролцох боломж бидэнд байна. Ямар сайхан цаг үед бид амьдарна вэ!” хэмээн хэлсэн (“The Gathering of Scattered Israel,” Ensign or Liahona, Nov. 2006, 79).
3 Нифай 20–22 дээрх Аврагчийн үгсээс эцсийн өдрүүдийн тухай бошиглолуудыг олж мэд. Эдгээр бошиглолын аль нь таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөж байна вэ? Та энэ бүлгүүд дэх бошиглолуудыг гүйцэлдүүлэхэд туслахын тулд юу хийж чадах вэ?
3 Нифай 21:1–7 нь Мормоны Ном (2, 3-р шүлэг дэх “эдгээр зүйлүүд”) ирсэн нь Бурханы амлалтууд аль хэдийн гүйцэлдэж эхэлсний тэмдэг гэдгийг харуулдаг. Тэр амлалтууд юу вэ мөн Мормоны Ном тэдгээрийг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалдаг вэ?
Мөн Рассэлл М.Нэлсон, “Израилын итгэл найдвар” (өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3)-ыг үзнэ үү.
Аврагч намайг бошиглогчдын үгсийг судлаасай гэж хүсдэг.
Эдгээр бүлэг дэх Есүсийн үг, үйлдлүүд судрын талаарх Түүний бодлыг илчилдэг. Та 3 Нифай 20:10–12; 23; 26:1–12-аас судрын талаар юу мэдэж авсан бэ? Таныг “эдгээрийг хичээнгүйлэн судлахад” сүнслэгээр өдөөх юуг та энэ шүлгүүдээс олсон бэ? (3 Нифай 23:1).
Аврагч Өөрт нь эргэж ирэх хүмүүст нигүүлсэнгүй ханддаг.
3 Нифай 22 болон 24 дээр Аврагч суурийн өнгөт чулуу, нүүрсний гал, цэвэршүүлэгдсэн мөнгө, тэнгэрийн цонхнууд гэх мэт тод томруун дүр зураг, зүйрлэлээр дүүрэн Исаиагийн болон Малахигийн үгсийг эш татдаг. Тэдгээрийг жагсаан бичих нь сонирхолтой байж болох юм. Эдгээр нь тус бүрдээ Бурханы Өөрийн хүмүүстэй харилцах харилцааны талаар танд юу зааж байна вэ? Жишээ нь, 3 Нифай 22:4–8 нь Бурханыг эр нөхөртэй, Түүний хүмүүсийг эхнэртэй зүйрлэдэг. Эдгээр дүрслэлийн талаар унших нь Их Эзэнтэй харилцах харилцааныхаа талаар бодоход таныг хүргэж болох юм. Эдгээр бүлэг дэх амлалтууд таны амьдралд хэрхэн биелэгдсэн бэ? (ялангуяа 3 Нифай 22:7–8, 10–17; 24:10–12, 17–18-ыг үзнэ үү).
Миний зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ эргэх ёстой.
Амлагдсан ёсоор Елиаг дахин ирэхийг дэлхий даяарх иудейчүүд олон зууны турш хүсэн хүлээж байгаа. 1836 онд Елиа дахин ирж, Көртландын ариун сүм дотор Иосеф Смитэд үзэгдсэн гэдгийг хожмын үеийн гэгээнтнүүд мэддэг (С ба Г 110:13–16-г үзнэ үү). Зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь эргүүлэх ажил буюу ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил аль хэдийн хийгдэж эхэлсэн. Зүрх сэтгэлээ өвөг дээдэс рүүгээ эргүүлэхэд тань тусалсан ямар ямар туршлага танд байдаг вэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.
3 Нифай 22:2
Энэ шүлгийг уншсаныхаа дараа та гэртээ байгаа зүйлээрээ майхан босгож, Сүм нь аглаг буйдад байх майхантай юугаараа адилхан болохыг ярь. “Аргамжаагаа уртасгаж” мөн “гадсаа бөхлөгтүн” гэдэг нь ямар утгатай байж болох вэ? Бид бусдыг Сүмд “хоргодох газар” олоход хэрхэн урьдаг вэ? (“Welcome” ComeUntoChrist.org дээрх видео бичлэгийг үзнэ үү).
3 Нифай 23:6–13
Хэрвээ Аврагч манай гэр бүлийн бичсэн цэдгүүдийг шалгавал Тэрээр бидэнд ямар ямар асуулт тавих байсан бэ? Цэдэглэгдэх ёстой чухал үйл явдал эсвэл сүнслэг туршлага байгаа юу? Одоо гэр бүлийн цэдэгтэй болох эсвэл дээр нь нэмж бичих мөн юу бичихээ хамтдаа зөвлөлдөхөд тохиромжтой цаг байж болох юм. Гэр бүлийн тань бага насны гишүүдэд цэдгээ гэрэл зургаар болон зурсан зургаар чимэглэх нь таалагдаж магадгүй. Яагаад гэр бүлийнхээ сүнслэг үйл явдлуудыг бичиж тэмдэглэх нь чухал вэ?
3 Нифай 24:7–18
Эдгээр шүлэгт амласан аравны нэгээ төлснөөр ирэх адислалуудаас бид хэрхэн хүртэж байсан бэ? Ахлагч Дэвид А.Бэднарын “Тэнгэрийн цонхнууд” (Ensign, Nov. 2013, 17–20 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19–22) захиас гэр бүлийнхэнд тань эдгээр адислалыг олж харахад тусална.
3 Нифай 25:5–6
Та гэр бүлийнхнийхээ зүрх сэтгэлийг эцгүүд рүүгээ эргүүлэхэд хэрхэн тусалж болох вэ? Та гэр бүлийнхээ нэг гишүүнд нэг өвөг дээдсийнхээ талаар судалж, ойлгож мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах даалгавар өгч болно (FamilySearch.org-ийг үзнэ үү). Эсвэл та нар ариун сүмийн ёслолуудыг нь хийлгэх хэрэгтэй өвөг дээдсээ олж, ёслолуудыг нь хийж гүйцэтгэхээр ариун сүм явах төлөвлөгөөг хамтдаа гаргаж болно.
Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.