Судрууд
3 Нифай 22


Бүлэг 22

Эцсийн өдрүүдэд, Сион болон түүний гадаснууд байгуулагдах болно, мөн Израил нигүүлслээр мөн энхрий зөөлөн сэтгэлээр цуглуулагдах болно—Тэд ялах болно—Исаиа 54-тэй харьцуул. Ойролцоогоор МЭ 34 он.

1 Мөн тэгээд бичигдсэн тэр нь улиран тохиох болно: Ай дуулагтун, үргүй нэгэн, хүүхэд төрүүлээгүй чи; дуулж эхэл, мөн чангаар хашхирагтун, хүүхэд төрүүлэхийн өвдөлтийг туулаагүй чи; учир нь үргүй эмэгтэйн хүүхдүүд гэрлэсэн эхнэрийн хүүхдүүдээс илүү олон хэмээн Их Эзэн хэлж байна.

2 Майхныхаа зайг томсго, мөн тэд майхныхаа ханыг сунгаг; бүү гамна; олсоо уртасгаж мөн гадсаа бөхлөгтүн;

3 Учир нь чи баруун гар тийш мөн зүүн тийш хальж, мөн чиний үр удам харийнханд байсныг өвлөж мөн эзгүйрсэн хотуудыг оршин суугчидтай болгоно.

4 Бүү ай, учир нь чи ичгүүрлэгдэхгүй; бас шившиглэгдэхгүй, учир нь чи ичгүүр болгогдохгүй; өөрөөр хэлбэл залуугийнхаа ичгүүрийг чи мартах болно, мөн залуугийнхаа шившгийг санахгүй, мөн чи бэлэвсрэлийнхээ шившгийг цаашид санахгүй.

5 Учир нь чамайг бий болгогч, чиний эр нөхөр, Түмний Их Эзэн гэдэг нь түүний нэр билээ; мөн чиний Гэтэлгэгч, Израилын Ариун Нэгэн—бүхэл дэлхийн Бурхан хэмээн тэрбээр нэрлэгдэх болно.

6 Учир нь Их Эзэн чамайг залуу насандаа гологдсон эхнэр, хаягдсан мөн сэтгэлдээ гашуудсан эмэгтэй хэмээн дуудсан гэж чиний Бурхан хэлж байна.

7 Би чамайг агшин зуур л орхисон, харин агуу нигүүлслээр би чамайг цуглуулах болно.

8 Бяцхан хилэгнэлдээ би чамаас агшин зуур нүүрээ нуусан, харин үүрдийн нинжин сэтгэлээр би чамд нигүүлсэл үзүүлэх болно хэмээн Их Эзэн Гэтэлгэгч чинь хэлж байна.

9 Энэ мөч нь миний хувьд Ноагийн ус мэт, учир нь би Ноагийн ус дэлхийг дахин бүрхэхгүй хэмээн тангарагласны адил, үүнчлэн би чамд хилэгнэхгүй хэмээн тангарагласан бөлгөө.

10 Учир нь уулс одож мөн толгод зөөгдөх болно, харин миний нинжин сэтгэл чамаас одох нь үгүй, бас миний энх амгалангийн гэрээ цуцлагдахгүй хэмээн чамайг нигүүлсдэг тэрхүү Их Эзэн хэлж байна.

11 Ай зүдэрсэн, хуй салхинд шидэгдсэн, мөн тайтгаруулагдаагүй чи! Болгоогтун, би чулууг чинь гялалзсан өнгөөр барина, мөн суурийг чинь индранилаар тавих болно.

12 Мөн цонхнуудыг чинь би гартаамаар, мөн хаалгануудыг чинь нал эрдэнээр, мөн хэрмүүдийг чинь үнэт чулуугаар хийх болно.

13 Мөн бүх хүүхдүүд чинь Их Эзэнээр сургагдах болно; мөн хүүхдүүдийн чинь амар амгалан агуу байх болно.

14 Зөв шударга байдалд чи өсгөн бэхжүүлэгдэх болно; чи айхгүй учир дарлал хавчлагаас хол байх болно, мөн айдсаас хол байна, учир нь энэ нь чамд ойртохгүй.

15 Болгоогтун, тэд гарцаагүй чиний эсрэг нэгдэн цуглах болно, миний хүслийн эсрэгээр буюу; чиний эсрэг нэгдэн цуглах хэн боловч чиний тусын тулд унах болно.

16 Болгоогтун, гал дахь нүүрсээ үлээн, мөн ажлынхаа багажийг хийдэг дархныг бүтээсэн би; мөн устгах сүйтгэгчийг бүтээсэн бөлгөө би.

17 Чиний эсрэг бүтээгдсэн ямар ч зэвсэг амжилтад хүрэхгүй; мөн шүүлтэд чамайг доромжлох хэл болгоныг чи буруушаах болно. Энэ нь Их Эзэний үйлчлэгчдийн өв, мөн тэдний зөв шударга байдал надаас бөлгөө хэмээн Их Эзэн хэлж байна.

Хэвлэх