Ирээд, Намайг дага
9-р сарын 21–27. 3 Нифай 12–16: “Би бол хууль, мөн гэрэл”


“9-р сарын 21–27. 3 Нифай 12–16: ‘Би бол хууль, мөн гэрэл,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“9-р сарын 21–27. 3 Нифай 12–16,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Есүс арван хоёр төлөөлөгчийг харуулж байгаа нь

3 Нифай: Миний сонгосон энэ арван хоёр, Гари Л.Капп

9-р сарын 21–27

3 Нифай 12–16

“Би бол хууль, мөн гэрэл”

Ангийн тань хүн бүр 3 Нифай 12–16 дээрх Аврагчийн олон хүчирхэг сургаалаас өөрсдөд нь утга учиртай ямар нэгэн тодорхой зүйлийг олох болно. Ангийн гишүүдээр өөрсдөд нь гүн сэтгэгдэл төрүүлсэн зарчмуудыг хуваалцуул.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүн бүрд 3 Нифай 12–16-аас ойлгож мэдсэн зүйлээ хуваалцах боломж олгохын тулд та самбар дээр 12-оос 16 хүртэлх дугаарыг бич. Тэгээд ангийн гишүүд эдгээр бүлгээс өөрсдөд нь гүн сэтгэгдэл төрүүлсэн нэг шүлгийг хайж, уг шүлгийн дугаарыг самбар дээрх холбогдох бүлгийн дугаарын доор бичиж болно. Хамтдаа унших цөөн шүлгийг сонгоод, яагаад тэдгээр нь утга учиртай болохыг ярилц.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

3 Нифай 12–14

Аврагчийн сургаал бидэнд хэрхэн жинхэнэ шавь байхыг харуулдаг.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрх энэ долоо хоногийн тоймд “Есүс Христийн жинхэнэ шавь нар …” гэдэг үгсийг гүйцээж бичихийн тулд 3 Нифай 12–14-ийг дүгнэхийг санал болгодог. Энэ үйл ажиллагааг хийсэн ангийн гишүүн байвал ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахыг хүсэж байгаа эсэхийг нь та асууж болох юм. Эсвэл та 3 Нифай 12:3–16, 38–44; 13:1–8, 19–24 болон 14:21–27 гэсэн эшлэлүүдээр самбар дээрх дутуу өгүүлбэрийг (эсвэл хувиараа суралцахдаа олсон өөр бусад судрын хэсгийг) бичиж болно. Ангийн гишүүд хувь хувьдаа эсвэл бүлгээрээ унших нэг хэсгийг сонгоод, эдгээр шүлгийн зааж байгаа зүйл дээр үндэслэн уг өгүүлбэрийг гүйцээж бичих арга замыг санал болгож болно. Ангийн гишүүдийг эдгээр шүлгээс мэдэж авсан зүйлсийн улмаас Есүс Христийг илүү итгэлтэй дагахын тулд юу хийх талаараа тунгаан бодох эсвэл бичихэд урамшуул.

  • Та 3 Нифай 12:48 дээрх Аврагчийн үгсийг ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд нэг юм уу түүнээс олон гишүүнийг ахлагч Жэффри Р.Холландын “Тиймээс та нар эцэст нь төгс бай” (Ensign Nov. 2017, 40–42 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 40–42) гэдэг захиасыг хичээлээсээ өмнө уншаад, энэ шүлгийг ойлгоход нь тэдэнд туслах ойлголтуудыг хуваалцахад урь.

3 Нифай 12:21–30

Бидний бодол санаа үйлдэл хийхэд хөтөлдөг.

  • 3 Нифай 12:21–30-ийн талаар ярилцах нь ангийн гишүүдэд бодол санаагаа хянах нь хэрхэн үйлдлээ хянахад бидэнд тусалдгийг олж харахад тусална. Ярилцлагыг эхлүүлэхдээ та самбар дээр Бидний зайлсхийх хэрэгтэй үйлдлүүд болон Тэдгээрт хүргэх бодол, мэдрэмжүүд гэдэг гарчигтай хүснэгтийг зурж болно. Тэгээд та ангийн гишүүдийг 3 Нифай 12:21–22 болон 27–30-ийг судалж, уг хүснэгтийг бөглөж эхлэхэд урь. Ангийн гишүүд өөр ямар үйлдэл болон бодол санааг энэ жагсаалтад нэмж болох вэ? Бид хэрхэн “эдгээр зүйлийн нэгээхнийг ч зүрх сэтгэлдээ оруулахыг хүлцэх ёсгүй вэ”? (3 Нифай 12:29). Бодолд маань орж ирэх үед бид тэдгээрийг хэрхэн гаргах вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны зөвлөгөөг уншсаны дараа та Бидний хөгжүүлмээр байгаа Христийнхтэй адил үйлдлүүд болон Тэдгээрт хүргэх бодол санаанууд гэсэн гарчигтай шинэ хүснэгтийг хийж, ангиараа бөглөж болно.

3 Нифай 13:1–8, 16–18

Бид үйлчлэл, шүтлэг бишрэлээ зөв шалтгаанаар хийх ёстой.

  • 3 Нифай 13-ыг судлах нь ангийн гишүүдэд яагаад сайн үйлс хийдгээ хянаж шалгах боломжийг олгодог. Ярилцлага эхлүүлэхийн тулд та нар хамтдаа 1–2 болон 16-р шүлгийг уншиж, хоёр нүүртэн гэдэг үгийн дараах тодорхойлолтыг хуваалц. “Нүүр үзүүлэгч гэх [Шинэ Гэрээнд хэрэглэгдсэн] энэ грек үг нь ‘жүжигчин,’ эсвэл ‘дүрээ хэтрүүлэгч … нэгэн’ гэдэг утгатай.” Ангийн нэг юм уу хоёр гишүүн ядуу хүмүүст юм өгч байгаа эсвэл мацаг барьж байгаа дүр үзүүлэх буюу жүжиглэж болох юм. Дүр үзүүлэх, жүжиглэх нь яагаад хоёр нүүртний сайн зүйрлэл байдаг вэ? Бид үйлчлэх, залбирах, мацаг барихаа хоёр нүүртэй биш, чин сэтгэлийнх байлгахад хэрхэн анхаарах вэ?

  • Ангийн гишүүд 3 Нифай 13:1–8 болон 16–18 дээр дурдагдсан сайн үйлсийг олж тогтоосны дараа эдгээр зүйлийг хийхэд хүнд юу нөлөөлж болох талаар эсвэл Бурханы биднээс хийхийг хүсдэг бусад зүйлийн талаар ярилцаж болно. Бидний сайн зүйлс хийдгийн шалтгааныг асуусан хүнд бид юу гэж хэлэх вэ? Ангийн гишүүдийг эдгээртэй адил сайн үйлс хийх хувийн сэдлүүдээ тунгаан бодоход урамшуул. Бид хэрхэн өөрсдийн сэдлийг ариусгаж чадах вэ?

3 Нифай 14:7–11

Хэрвээ бид Тэнгэрлэг Эцэгээс “сайн зүйлсийг” эрэлхийлэх аваас хүлээн авах болно.

  • Гуйж, эрэлхийлж мөн тогш гэсэн Их Эзэний урилгыг ойлгохын тулд эдгээр үг ямар утгатайг олж мэдэх нь тустай. Их Эзэн биднийг юу хийхэд урьдаг талаар эдгээр үг бүр ямар утгыг агуулдаг вэ? Бид хэрхэн гуйж, эрэлхийлж мөн тогшдог вэ? 3 Нифай 14:7–8 дээрх амлалтууд бидний амьдралд хэрхэн биелэгдсэн бэ? Түүнчлэн ангийн гишүүд “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зөвлөгөөг давтан үзэж, түүний асууж байгаа асуултууд болон өгч байгаа урилгуудыг олж мэдэж болно. Ангийн гишүүдэд түүний асуултын хариултыг мөн түүний урилгын дагуу үйлдэх өөрсдийн төлөвлөгөөг тунгаан бодож, хариулж бичих цаг гаргаж өг.

  • Ангийн зарим гишүүн “гуйсан болгон хүлээн авдаг” (3 Нифай 14:8) гэж Аврагчийн ямар утгаар хэлснийг сайн ойлгохгүй байж магад. Яагаад зарим залбиралд хариу ирдэггүй вэ мөн яагаад бид заримдаа өөрсдийн хүсээгүй хариултыг авдаг вэ? Дараах судруудын заримыг ангиараа давтах нь эдгээр асуултад хариулахад тусалж болох юм. Үүнд: Исаиа 55:8–9; Хиламан 10:4–5; 3 Нифай 18:20; Сургаал ба Гэрээ 9:7–9; 88:64. Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урамшуул. Эдгээр ойлголт нь бидний залбиралд хэрхэн нөлөөлж болох вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та ангийн гишүүдийг 3 Нифай 17–19-ийг гэртээ уншихад өдөөхийн тулд Аврагчийг өөрсдийнх нь болон гэр бүлийнх нь төлөө залбирч байгааг сонсох ямар байхыг төсөөлөн бодоход урьж болно. Эдгээр бүлэгт тэд энэхүү ариун нандин туршлагыг туулсан хүмүүсийн талаар уншина.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бид бодол санаагаа хянаж чадна.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон:

“Оюун бодол нь нэг удаадаа нэг л жүжгийн хэсгийг тоглож болох тайзтай зүйрлэгддэг. Өөрт тань хайртай Их Эзэний жигүүрийн талаас таныг адислах тэр зүйлийг оюун санааны тайзан дээр тань тавихыг оролдож байна. Мөн өөрийг тань үзэн яддаг чөтгөрийн жигүүрийн талаас таныг зүхэх тэр зүйлийг оюун бодлын тайзан дээр тань тавихыг оролдож байна.

Та өөрөө тайзны менежер бөгөөд тайзан дээр аль бодол санаааг гарахыг шийддэг хүн нь та. … Та өөрийн бодож байгаа шиг буюу өөрийн оюун бодлын тайзан дээр байнга гаргаж байгаа шигээ болно. …

Хэрэв бодол маань бидний хэн гэдгийг тодорхойлдог юм бол мөн бид Христийн адил болох ёстой юм бол бид Христийн боддогийг бодох ёстой” гэж заасан (“Think on Christ,” Ensign, Apr. 1984, 10–11).

Бурхан тантай ярихыг хүсдэг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн хэлсэн.

“Таны эрэл танд юу нээж өгөх вэ? Танд ямар мэргэн ухаан дутагдаж байна вэ? Та мэдэх эсвэл ойлгох шаардлагатай ямар зайлшгүй хэрэгцээг мэдэрч байна вэ? Бошиглогч Иосефын үлгэр жишээг дага. Байнга очиж болох нам жим газар ол. Бурханы өмнө өөрийгөө даруусга. Тэнгэрлэг Эцэгтээ зүрх сэтгэлээ уудал. Хариулт, тайтгарал авахаар Түүнд ханд.

Өөрийн асуудал, айдас, сул талуудын талаар, тийм ээ, бүр зүрхний хүсэл эрмэлзлийнхээ талаар Есүс Христийн нэр дээр залбир. Тэгээд сонс! Оюундаа ирэх бодол санааг бичиж ав. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглээд, хийхээр өдөөгдсөн үйл хэргүүдээ хийж дуусга. …

Бурхан тантай ярихыг үнэхээр хүсдэг үү? Тийм ээ! … Би таныг хувийн илчлэлт хүлээн авах одоогийн сүнслэг ур чадвараа нэмэгдүүлэхэд урьж байна.

Тэнгэр дэх Эцэг тань таныг мэдээсэй гэж хүсэж байгаа асар олон зүйл бий” (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 95 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 118–119).

Заах чадвараа сайжруулах

Суралцагчдад бие биеэ өргөн дэмжихэд тусал. “Танай анги дахь хүн бүр сайн мэдээний дагуу амьдрахтай холбоотой гэрчлэл, бодол санаа, туршлагын эх сурвалж болно. Тэднийг нэг нэгэнтэйгээ хуваалцаж, бие биеэ өргөн дэмжихэд урь” (Аврагчийн арга барилаар заах нь, 5).