Ирээд, Намайг дага
9-р сарын 7–13. 3 Нифай 1–7: “Тэргүүнээ өргөгтүн мөн урамтай байгтун”


“9-р сарын 7–13. 3 Нифай 1–7: ‘Тэргүүнээ өргөгтүн мөн урамтай байгтун,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“9-р сарын 7–13. 3 Нифай 1–7,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Нифайчууд шөнө үгүй өдрийг нүдээр үзсэн нь

Нэг өдөр, нэг шөнө, нэг өдөр, Хорхэ Кокко

9-р сарын 7–13

3 Нифай 1–7

“Тэргүүнээ өргөгтүн мөн урамтай байгтун”

Ангидаа 3 Нифай 1–7 дээрх тодорхой зарчмууд дээр анхаарлаа төвлөрүүлэхэд Ариун Сүнс таныг удирдаж болох юм. Тэдгээр нь хэрэгцээтэй байгаа нэгнийг адислах яг тэр зарчмууд байж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та гэртээ сурч буй зүйлээ хуваалцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд тэднээс 3 Нифай 1–7-оос олсон зарим үнэнийг болон эдгээр үнэн бичигдсэн судрын эшлэлийг жижиг цаасан дээр бичихийг хүс. Жижиг цааснуудыг саванд хийгээд, ангиараа ярилцахын тулд хэд хэдэн цаас сугалж гарга. Ангийн гишүүдийг хуваалцах үед ярилцлагыг гүнзгийрүүлж мөн ангийн бусад гишүүдийг оролцуулахад туслах холбогдох санаанууд уг тойм дээр байгаа эсэхийг бод.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

3 Нифай 1–7

Хөрвөлт нь тууштай хичээл зүтгэлийг шаарддаг үйл явц юм.

  • 3 Нифай 1–7 нь Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөгдсөн, хөрвөгдөөгүй хүмүүсийг дүрсэлсэн. Эдгээр бүлгийн хоорондын ялгаа юунаас болсныг олж мэдэхэд нь ангийнханд туслахын тулд та Хөрвөлтийг сулруулдаг үнэмшил ба үйлдлүүд мөн Итгэлийг батжуулдаг үнэмшил ба үйлдлүүд гэсэн гарчгууд бүхий хүснэгтийг самбар дээр зур. Дараах судрын эшлэлүүдийг ангийн гишүүдэд хуваарилж, олсон зүйлээ хүснэгтэд бичихэд урь (эхний эшлэлийн жишээг харуулав).

    Бид эсэргүүцлээс үл хамааран хөрвөлтөө хэрхэн баттай байлгаж чадах вэ?

  • Ангийнхан тань 3 Нифай 1:27–30 дээр “өсвөр үеийнхэн” гэж нэрлэсэн хүмүүсийг хэрхэн хүчирхэгжүүлэх талаар илүү ихийг олж мэдэхийг сонирхож болох юм. Залуу нифайчууд болон леменчүүд яагаад өөрсдийн эргэн тойрон дахь ёсон бусыг эсэргүүцэх чадалгүй байсан шалтгаануудыг эдгээр шүлгээс олохыг та ангийн гишүүдээс хүсэж болно. Энэ нь өнөөдрийн өсвөр үеийнхэнд тулгараад байгаа зарим бэрхшээлийн талаар мөн тэдэнд Христэд итгэх итгэлийг хөгжүүлэхэд туслах хамгийн сайн арга замуудын талаар ярилцахад хүргэж болно. “Нэмэлт эх сурвалж” дээр зарим санаа байгаа.

3 Нифай 1:4–21; 5:1–3

Их Эзэн Өөрийнхөө бүх үгийг гүйцэлдүүлнэ.

  • 3 Нифай 1:4–21 болон 5:1–3 дээрх түүхүүдийг унших нь ангийн тань гишүүдийн Их Эзэний амлалтуудад итгэх итгэлийг хүчирхэгжүүлнэ. Ангийн гишүүд хамтдаа 3 Нифай 1:4–7-г уншаад, хэрэв тэд эдгээр шүлэгт дүрслэгдсэн итгэгчид байсан бол ямар санагдаж болох байсныг самбар дээр жагсаан бичиж болох юм. Тэд түүнчлэн өнөөдөр бидэнд тулгарч болох ижил төстэй нөхцөл байдлуудын талаар бодож болно. Бид 3 Нифай 1:8–21 болон 5:1–3 дээрээс Их Эзэний тухай болон Түүний амлалтуудын талаар юу мэдэж авч чадах вэ? Ярилцлагаа өргөжүүлэхийн тулд та Бурханд найдах тухай дууллыг давтаж болно. Ангийн гишүүд эсэргүүцлээс үл хамааран тэдний Бурханд итгэх итгэл найдвар шагнагдаж байсан туршлагуудыг хуваалцаж болно.

3 Нифай 1:4–15; 5:12–26; 6:10–15; 7:15–26

Бид Есүс Христийн шавь нар билээ.

  • Мормон “Болгоогтун, Есүс Христийн шавь билээ би” хэмээн тунхагласан (3 Нифай 5:13). Шавь байна гэдэг нь юу болох талаар ангийнхантай хамт дэлгэрэнгүй авч үзэхийн тулд та ангийн гишүүдийг 3 Нифай 1:4–15; 5:12–26; 6:10–15 болон 7:15–26-аас Христийн шавь хүний шинж чанар, итгэл үнэмшил болон үйлдлүүдийг хайж олоход урьж болох юм. Та ангийн гишүүдэд Есүс Христийн илүү сайн шавь болохын тулд өөрсдийн хийж чадах зүйлийг тунгаан бодож, бичиж авах цөөн хэдэн минут гаргаж өгөх талаар бодно уу.

3 Нифай 2:11–12; 3:12–26; 5:24–26

Зөв шударга хүмүүс цуглах үед Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлж мөн хамгаалж чадна.

  • Нифайчуудын Гадиантоны дээрэмчдийг ялсан шалтгаануудын нэг нь тэд хөрвөгдсөн леменчүүдтэй хүчээ нэгтгэн, Зарахемлад “нэгдэн цугла” (3 Нифай 3:22) гэсэн Лаконеусын сүнслэгээр өдөөгдсөн удирдамжийг дагасан явдал байв. Энэ нь ангийн тань гишүүдэд ямар сургамж өгч болох вэ? Та өөрсдийн эргэн тойрон дахь зөв шударга хүмүүсээр хүчирхэгжсэн туршлагаа хуваалцахыг тэднээс хүсэж болно. Тэгээд та ангийн гишүүдийг 3 Нифай 3:12–26-г давтан, нифайчуудын цугласан шалтгааныг мөн тэдний авсан адислалуудыг олж мэдэхэд урьж болно. Бид гэр бүлийн гишүүдтэйгээ хамт байхдаа эсвэл салбар тойрогтоо цуглах үедээ хэрхэн үүний адил адислалуудыг авдаг вэ? Бид 3 Нифай 5:24–26-аас цугларалтын талаар өөр юу ойлгож мэдэх вэ?

  • 3 Нифай 3-ыг унших нь бид хамтдаа зөв шударга байдалд цугларах үедээ хэр илүү их хүчтэй байдгийг харахад нь ангийн гишүүдэд туслах боломж байж болох юм. Ямар нэгэн сул дорой зүйл өөр бусад зүйлтэй нийлээд хэрхэн илүү хүчтэй болдгийг харуулсан үзүүлэнт хичээлийг заах талаар бод. 12–26-р шүлэгт дүрслэн өгүүлснээр, хамтдаа цуглан нэгдэхийн ашиг тусыг нифайчуудад ятгахыг тэднээс хүслээ гэж төсөөлөхөд ангийн гишүүдийг урь. Тэд эдгээр шүлгээс уншсан зүйлс дээрээ үндэслэн үүнийг хэрхэн үйлдэх талаар ярилцахаар бүлгүүд болон ажиллаж болох юм. Тэдний санал бодлыг хуваалцуул. Тэгээд та нар ангиараа дараахтай адил асуултуудыг ярилцаж болно. Гадиантоны дээрэмчидтэй адилтгаж болох ямар бэрхшээлтэй бид тулгардаг вэ? Бид гэр орон, салбар, тойргоо хэрхэн хоргодох газар болгож болох вэ?

3 Нифай 3:1–13

Бид Сатанаас айх хэрэггүй.

  • Гадиантоны дээрэмчдийн удирдагч Гиддианхайн бичсэн захиа нь нифайчуудыг айлгаж, хуурах оролдлого байсан юм. Ангийн гишүүд 3 Нифай 3:2–10 дээрх түүний үгсийг давтаж, өнөөдөр Сатаны биднийг хуурахыг хичээдэг арга замуудтай харьцуулж болох юм. Бид нифайчуудын ерөнхий шүүгч Лаконеусын хариунаас юу мэдэж авч болох вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Дараагийн долоо хоногийн хичээлд зориулан ангийн гишүүдийг 3 Нифай 8–11-ийг уншихад урамшуулахын тулд тэдэнд 3 Нифай 11 нь Мормоны Номын “тэргүүн чухал үйл явдал” буюу Есүс Христийн нифайчуудын дундах хувийн тохинууллыг агуулдаг гэдгийг хэл (Мормоны Номын Оршил гэдгийг үзнэ үү).

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Өсвөр үеийнхэнд итгэлтэй болоход туслах нь.

Далын ахлагч Валери В.Кордон өсвөр үеийнхэнд сайн мэдээнд үнэнч үлдэхэд нь туслах гурван арга замыг санал болгосон. Үүнд:

  1. “Гэр орондоо илүү хичээнгүй байж, санаа тавих. … Хүчирхгээр заах нь гэр бүлдээ сайн мэдээг хадгалж үлдэхэд нэн чухал бөгөөд шаргуу байдал, хичээл зүтгэлийг шаардана. Бид өдөр бүр гэр бүлээрээ мөн хувиараа судар судлахыг дадал хэвшил болгох урилгыг олон удаа хүлээн авч байсан. Үүнийг хийдэг олон гэр бүл өдөр бүр илүү эв нэгдэлтэй болж, Их Эзэнтэй илүү нягт харилцаатай болон адислагддаг.”

  2. “Гэр орондоо хүчирхэг үлгэр жишээ үзүүлэх. … Хүүхдүүддээ ариун сүмд гэрлэж, мацаг барин, Хүндэтгэлийн өдрийг ариун байлгахын ач холбогдлын тухай зүгээр нэг ярих нь хангалтгүй. Биднийг чадах чинээгээрээ ойр ойрхон ариун сүмд орох цаг гаргаж байгааг тэд харах ёстой. Ойр ойрхон мацаг барин, Хүндэтгэлийн өдрийг ариун байлгах итгэл үнэмшлийг маань тэд харах ёстой.”

  3. “Уламжлал. … Гэр бүлийн хувьд бид Хүндэтгэлийн өдрийг ариун байлгахад эсвэл гэр орондоо өдөр бүр судар судалж, залбирахад саад болох аливаа уламжлалаас зайлсхийх хэрэгтэй. Бид порнографын болон бусад бүх хилэнцэт нөлөөний эсрэг гэрийнхээ цахим хаалгыг хаах хэрэгтэй. Бид өнөө үеийн дэлхийн уламжлалуудтай тэмцэхийн тулд хүүхдүүддээ бурханлаг мөн чанар, амьдралын зорилгынх нь талаар мөн Есүс Христийн тэнгэрлэг номлолын талаар заахдаа судруудыг болон орчин үеийн бошиглогчдын дуу хоолойг ашиглах хэрэгтэй” (“Сайн мэдээний хэл,” Ensign, May 2017, 56–57 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 42–45; налуу бичилт нэмэгдсэн).

Заах чадвараа сайжруулах

Асуудалтай байгаа хүмүүсээ оролцуул. Заримдаа асуудалтай байгаа ангийн гишүүд хайр мэдрэхийн тулд оролцох хэрэгтэй байдаг. Дараагийн хичээлд тодорхой үүрэг гүйцэтгэхийг тэднээс хүс эсвэл тэд сүм рүү ирэх унаатай эсэхийг бататга. Тэд эхэндээ хичээл зүтгэлд тань хариулахгүй байсан ч бүү бууж өг. (Аврагчийн арга барилаар заах нь, 8–9-ийг үзнэ үү.)