Ирээд, Намайг дага
8-р сарын 31-ээс 9-р сарын 6. Хиламан 13–16: “Агуу их баяслын баярт мэдээ”


“8-р сарын 31-ээс 9-р сарын 6. Хиламан 13–16: ‘Агуу их баяслын баярт мэдээ,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“8-р сарын 31-ээс 9-р сарын 6. Хиламан 13–16,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Лемен үндэстэн Самуел хэрмэн дээр зааж байгаа нь

Лемен үндэстэн Самуел хэрмэн дээр, Арнолд Фрайберг

8-р сарын 31-ээс 9-р сарын 6

Хиламан 13–16

“Агуу их баяслын баярт мэдээ”

Лемен үндэстэн Самуелын заасан зүйлс болон бошиглолуудын аль нь ангийн тань гишүүдэд хамгийн тустай байна гэж та бодож байна вэ? Та Хиламан 13–16-г судалж байхдаа, эдгээр бүлгээс утга учиртай зүйлсийг олоход нь тэдэнд хэрхэн туслах талаараа тунгаан бодоорой.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг энэ долоо хоногт Хиламан 13–16-аас лемен үндэстэн Самуелын түүхийг уншихдаа мэдсэн, илүү сайн ойлгосон, хэрэгжүүлсэн зүйлээ хамтрагчтайгаа хуваалцахад урь. Тэдний цөөн хэдийг ангийнхантайгаа хуваалцахад урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Хиламан 13

Их Эзэний үйлчлэгчид Бурханы удирдамжийн дагуу ярьж, үйлддэг.

  • Их Эзэн лемен үндэстэн Самуелаас маш хэцүү санагдаж болох нэг зүйлийг хийхийг хүссэн ба энэ нь өөрийг нь уг хотоос өмнө нь хөөн гаргасан хүмүүст номлохыг хүссэн явдал байлаа. Хиламан 13:2–5-ыг унших нь ангийн гишүүдэд Их Эзэний өөрсдөөс нь хийхийг хүссэн хэцүү зүйлсийг санагдуулж болох юм. Энэ туршлагаа хуваалцахад тэднийг урь. Их Эзэн тэдэнд хэрхэн тусалсан бэ? Жишээлбэл, Их Эзэн хэн нэгэнд тэднээр дамжуулан хэлэхийг хүссэн ямар нэгэн зүйлийг тэдний зүрх сэтгэлд оруулсан тухай туршлагаа ангийн гишүүд хуваалцаж болох юм (4-р шүлгийг үзнэ үү). Ангийн гишүүд Их Эзэний удирдамжийг дагах үедээ ямар адислал харж байсан бэ?

    Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

    Бошиглогчид биднийг Есүс Христ рүү чиглүүлдэг.

  • Самуелын сэрэмжлүүлэг хатуу зүрх сэтгэлтэй нифайчуудад хандсан байсан ч Хиламан 13 бид бүгдэд зориулсан зарим сургамжийг багтаадаг. Түүний үгсээс хувийн шинжтэй ойлголтыг олоход нь ангийн гишүүдэд туслахын тулд, та тэднийг Хиламан 13-аас бидний өдрүүдэд хамааралтай нэг захиасыг хайхад урь. (Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол, та 8, 21–22, 26–29, 31, 38 зэрэг шүлгүүдийг самбар дээр бичиж болох юм.) Тэгээд тэд олсон зүйлээ хоёр хоёроороо болон жижиг бүлгээрээ эсвэл ангиараа хуваалцаж болно. Үүнтэй төстэй ямар захиасыг өнөөдөр бидэнд бошиглогчид өгсөн бэ?

Хиламан 14; 16:13–23

Зүрх сэтгэлээ хатууруулдаггүй тэдний итгэлийг тэмдгүүд болон гайхамшгууд хүчирхэгжүүлдэг.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээрх энэ долоо хоногийн тоймд “[бид] түүний нэрэнд итгэж болохын тулд” (Хиламан 14:12) Их Эзэний бидэнд өгсөн тэмдгүүдийг хайхыг санал болгодог. Ангийн гишүүд энэ санааны талаар тунгаан бодох зуураа олж мэдсэн зүйлээ хуваалцаж болно. Бидний амьдрал дахь тэмдгүүд нь Самуелын зөгнөн хэлсэн тэмдгүүд шиг сүртэй биш, гэхдээ илүү хувийн шинж чанартай байж болно гэдгийг онцлон хэлэхээ бүү мартаарай. Хиламан 14:28–30 дээр тэмдгүүдийн өөр ямар зорилгыг дурдсан байна вэ? Ангийн гишүүд бас өөрсдөд нь итгэлээ хөгжүүлэхэд туслахын тулд Их Эзэний хийсэн бусад зүйлийн тухай хуваалцаж болно.

  • Самуелын бошиглолууд хэрхэн гүйцэлдсэн талаар унших нь ангийн гишүүдийн Есүс Христэд болон Түүний зорилгод итгэх итгэлийг өсгөнө. Ангийн гишүүд Хиламан 14-ийг ашиглан, нэг талд нь Христийн төрөлт, нас баралтын талаарх Самуелын бошиглолуудыг, нөгөө талд нь эдгээр бошиглол гүйцэлдсэн судрын эшлэлүүдийг жагсаасан хүснэгтийг хийж болно. Эдгээр эшлэлийн зарим нь 3 Нифай 1:15–21 болон 3 Нифай 8:5–25 дээрх шүлгүүдийг багтааж болох юм. Эдгээр бошиглол болон тэдгээрийн биелэлтийн талаар мэдэх нь бидэнд яагаад чухал вэ?

  • Ангийн гишүүд Хиламан 16 болон судар дээрх бусад хэсгээс тэмдэг, гайхамшгуудыг үзэх нь хүнийг Христэд гарцаагүй итгэхэд хүргэдэггүй гэдгийг анзаарсан байж магадгүй. Тэмдгүүдийг үзсэн боловч итгээгүй хүмүүсийн тухай зарим жишээг судруудаас хуваалцахад тэднийг урь. Хиламан 16:13–23-т өгүүлснээр, лемен үндэстэн Самуелын цаг үед олон хүн яагаад тэмдгүүд болон бошиглолуудад итгэдэггүй байсан бэ? Сатан өнөөдөр хүмүүсийг “өөрсдийнхөө чадал хийгээд … мэргэн ухаан дээр тулгуурлахад” хэрхэн ятгадаг вэ? (Хиламан 16:15). Үүнтэй төстэй алдаа гаргахаас зайлсхийхэд маань туслах юуг бид энэ түүхээс ойлгож мэдэх вэ?

Хиламан 15:3

Их Эзэн хайрладаг хүмүүсээ цээрлүүлдэг.

  • Самуелын үгс олон хатуу зэмлэлийг агуулдаг хэдий ч Хиламан 15:3 нь Их Эзэний цээрлүүлэлтийн талаар өвөрмөц ойлголт бидэнд өгдөг. Үүнийг ойлгоход нь ангийн гишүүдэд туслах нэг арга бол энэ шүлгийг хамтдаа уншиж, Самуелын бошиглолууд, сэрэмжлүүлгээс харагдаж байгаа Бурханы хайр, нигүүлслийн нотолгоог хуваалцахад тэднийг урих явдал юм. Их Эзэний өгч байгаа цээрлүүлэлт хэрхэн Түүний хайрын тэмдэг байж болох вэ?

  • Ангийн гишүүдэд Хиламан 15:3 дээрх захиасыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд ахлагч Д.Тодд Кристоффэрсоны заасан бурханлаг зэмлэлийн гурван зорилгыг хуваалцаж болно (“Нэмэлт эх сурвалж” гэдгийг үзнэ үү). Ангийг гурван бүлэг болгон хуваарилаад, бүлэг тус бүрээс эдгээр зорилгын нэгийг ярилцахыг хүс (“Нэмэлт эх сурвалж” хэсэгт санал болгосон судрууд болон видео бичлэг тусална). Тэгээд бүлэг тус бүр Их Эзэн хайрладаг хүмүүсээ зэмлэдэг гэдгийг илүү сайн ойлгоход тэдэнд туслах ойлголтыг өөрсдийн ярилцлагаас хуваалцаж болно.

Хиламан 16

Бошиглогч биднийг Их Эзэн рүү чиглүүлдэг.

  • Хиламан 16-д Самуелын заасан зүйлсийг хүлээн авсан хүмүүсээс бид юу ойлгож авч болох вэ? Бид түүнийг эсэргүүцсэн хүмүүсээс юу ойлгож болох вэ? Ангийн гишүүд амьд бошиглогчдыг дагахын ач холбогдлын талаар хэрхэн гэрчлэлтэй болсноо хуваалцахыг сонсох нь урам төрүүлэм байж болно. Тэд түүнчлэн Хиламан 16 юм уу “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Андэрсэны үгсийг ашиглан, яагаад бошиглогчийг дагахаар сонгодог талаар хэн нэгэнд хэрхэн тайлбарлах талаар хуваалцаж болно.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн гишүүдийг дараагийн долоо хоногт 3 Нифай 1–7-г уншихад урамшуулахын тулд, тэдний энэ долоо хоногт уншсан олон бошиглол эдгээр бүлэгт биелэгдэх болно гэдгийг хэлж болно.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бурханлаг зэмлэлийн зорилгууд.

Д.Тодд Кристоффэрсон бурханлаг зэмлэлийн гурван зорилгыг хуваалцсан (“Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулганыг үзнэ үү). Үүнд:

  1. “Биднийг наманчлахад ятгахын тулд.” Ифер 2:14–15; Сургаал ба Гэрээ 1:27; 93:41–50; 105:6-г үзнэ үү.

  2. “Биднийг ариусгаж, цэвэршүүлэхийн тулд.” Мозая 23:21–22; Сургаал ба Гэрээ 101:1–5; 136:31-ийг үзнэ үү.

  3. “Бурхан өөрийн илүү сайн зам гэж мэдэх зам руу бидний амьдралыг хөтлөхийн тулд.” Ахлагч Кристоффэрсоны хэлсэн үгэнд байгаа ерөнхийлөгч Хью Б.Браун болон улаалзганын бутны талаарх түүхийг үзнэ үү.

Бид бошиглогчтой байгаадаа баярладаг.

Ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.

“Бошиглогч Аврагч болон бидний хооронд зогсдоггүй. Харин тэр бидний хажууд зогсон, Аврагч руу очих замыг заадаг. Бошиглогчийн хамгийн агуу үүрэг хариуцлага бөгөөд бидэнд өгдөг хамгийн үнэ цэнтэй бэлэг нь Есүс бол Христ гэсэн түүний баттай гэрч, тодорхой мэдлэг юм. Эртний Петрийн адил бошиглогч маань ‘[Тэр бол] Христ, амьд Бурханы Хүү’ хэмээн тунхагладаг [Матай 16:16; түүнчлэн Иохан 6:69-ийг үзнэ үү].

Ирээдүйн нэгэн өдөр, бид мөнх бус амьдралаа эргэн хараад, амьд бошиглогчийн үед амьдарч байсандаа баясан цэнгэх болно. Тэр өдөр бид ийнхүү хэлж залбираасай.

Бид түүнийг сонссон. Бид түүнд итгэсэн. Бид түүний үгсийг итгэлтэй бас тэвчээртэй судалсан. Бид түүний төлөө залбирсан. Бид түүний хажууд зогссон. Бид хангалттай даруу байж, түүнийг дагасан. Бид түүнд хайртай” (“Бурханы бошиглогч,” Ensign May 2018, 27 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32).

Заах чадвараа сайжруулах

Зааж байгаа хүмүүсээ таньж мэд. Ямар ч хоёр хүн адилхан байдаггүй. Таны зааж буй хүн бүр онцгой өвөрмөц байдал, хэтийн төлөв, авьяас чадвартай. Суралцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд та эдгээр ялгааг хэрхэн ашиглаж болох талаар мэдэхийн төлөө залбир. Та зааж буй хүмүүсээ илүү сайн ойлгосноор утга учиртай, дурсамжтай заах мөчүүдийг бүтээж чадна. (Аврагчийн арга барилаар заах нь, 7-г үзнэ үү.)