“Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагыг ашиглах нь,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагыг ашиглах нь,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагыг ашиглах нь
Ням гаргийн ангид заахаар бэлтгэх нь
Гэртээ хувиараа болон гэр бүлээрээ суралцах нь сайн мэдээнээс суралцах гол төв нь байх ёстой. Энэ нь танд төдийгүй зааж буй хүмүүсийн тань хувьд үнэн юм. Та заахаар бэлтгэхдээ, судартай холбоотой өөрийн гэсэн туршлагатай болохоос эхэл. Таны хамгийн чухал бэлтгэл судруудыг судлан, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэн, Христэд ирэх үед тохионо.
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь таны хувиараа суралцах, заах бэлтгэлээ хангах хоёрын аль алинд чухал юм. Энэ нь судруудад байдаг сургаалын зарчмуудын талаар илүү гүн гүнзгий ойлгоход тань тусална. Энэ нь түүнчлэн танд ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судар судлах үйл явцаа сайжруулахдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглахад урьж мөн урамшуулах боломж олгоно (үүнийг хийхэд туслахын тулд, энэ эх сурвалжид байгаа “Хувиараа болон гэр бүлээрээ судлах үйл явцыг дэмжих санаанууд”-ыг үзнэ үү). Та ингэхдээ гэр бүлийн нөхцөл байдлаасаа болж гэр бүлээрээ судраас тогтмол судлах эсвэл гэр бүлийн үдэш хийх боломжгүй ангийн гишүүдэд мэдрэмжтэй хандахаа сана.
Таныг бэлтгэх явцад, зааж буй хүмүүсийн тань талаар, сударт байгаа зарчмууд тэдний Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлийг хэрхэн бэхжүүлэх талаар, тэднийг судраас бие даан судалж байхдаа тэдгээр зарчмыг олж мэдэхэд нь хэрхэн урамшуулан дэмжих талаар бодол, сэтгэгдэл төрөх болно.
Заах санаанууд
Та заахаар бэлдэхдээ, энэ эх сурвалж дахь заах тоймыг судалснаар нэмэлт сүнслэг өдөөлт хүлээн авч болох юм. Та эдгээр санааг хийх алхмуудыг заасан зааварчилгаа гэхээс илүүтэй өөрийн гэсэн өдөөлт авах санаанууд гэж бодох хэрэгтэй. Та ангийнхаа гишүүдийг мэддэг бөгөөд ангидаа хамтдаа суралцах үедээ тэднийг илүү сайн мэддэг болох болно. Түүнчлэн Их Эзэн тэднийг мэддэг бөгөөд ангийн гишүүдэд гэртээ сайн мэдээнээс суралцахад нь нэмж туслах хамгийн сайн арга замуудаар таныг сүнслэгээр өдөөх болно.
Заахад бэлтгэхдээ ашиглаж болох Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав болон Сүмийн сэтгүүлүүд дээрх санаанууд зэрэг бусад олон эх сурвалж бий. Эдгээр болон бусад эх сурвалжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Нэмэлт эх сурвалж”-аас үзнэ үү.
Зарим анхаарах зүйл
-
Багшийн хувьд та ангийн гишүүдийн хувиараа болон гэр бүлээрээ сайн мэдээнээс ойлгож мэдсэн зүйлийг дэмжих, урамшуулах, түүн дээр нь суурилан заах чухал үүрэгтэй. Ангийн зарим гишүүн гэртээ сайн мэдээнээс суралцахгүй байж болох ч тэдэнд гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгохыг урамшуулж, тусалснаар том өөрчлөлт гаргаж чадна.
-
Ангийн гишүүд үнэн сургаалыг ойлгож, хэрэгжүүлснээр тэдний Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөх үйл явц улам гүнзгийрэх болно. Тэднийг Ариун Сүнснээс хүлээн авсан сэтгэгдлээ бичиж тэмдэглэн, түүний дагуу үйлдэж байхад урамшуул.
-
Заах нь лекц унших болон ярилцлагыг зүгээр нэг удирдахаас илүү. Таны нэг үүрэг бол сэнхрүүлэх бөгөөд сударт суурилсан оролцоог урамшуулах явдал юм. Түүнчлэн та судруудыг судлах үедээ хүлээн авсан, сүнслэгээр өдөөгдсөн аливаа ойлголтуудаа хуваалцаж болно.
-
Ангийн тань олон гишүүн гэртээ судраас суралцахдаа сүнслэг туршлагуудыг олж авч байгаа гэдгийг санаарай. Та тэдэнд гэртээ юу сурч байгаагаа мөн энэ нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар хуваалцах олон боломжийг олгосноор тэдний сайн мэдээнээс суралцах явцыг дэмжиж чадна.
-
Тэнгэрлэг Эцэг таныг багшийн хувьд амжилттай байгаасай хэмээн хүсдэг. Тэрээр танд тус болох, багшийн зөвлөлийн хурал гэх мэт олон эх сурвалжийг өгсөн. Та эдгээр хурал дээр өөрт тулгарсан асуудлуудын талаар бусад багштай зөвлөлдөж болно. Мөн та Христтэй адил заах зарчмуудын тухай ярилцаж, дадлага хийж болно.
-
Зарим хүн заах боломжтой үедээ хамгийн сайн суралцдаг. Зарим тохиолдолд, ангийн гишүүдэд болон өсвөр үеийнхэнд хичээлийн нэг хэсгийг заах боломж олгох талаар бодож үзнэ үү. Энэ шийдвэрээ ангийн гишүүдийн хэрэгцээ мөн чадварт үндэслэн гарга. Хэрэв та ангийн нэг гишүүнийг заахад урих болбол тухайн гишүүнд энэхүү эх сурвалж болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагад буй санаануудыг ашиглан, урьдчилан бэлтгэхэд нь цаг гарган тусал. Багшаар дуудагдсаны хувьд та тухайн ангид юу заагдаж байгаад хариуцлага хүлээнэ гэдгээ сана.
-
Энэхүү эх сурвалжид жилийн бүх долоо хоногт зориулсан заах тойм багтсан. Ням гаргийн анги ороогүй ням гаргуудад гэр бүлүүд гэртээ Сургаал ба Гэрээг, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав дээр төлөвлөсөн хуваарийн дагуу үргэлжлүүлэн уншина. Та Ням гаргийн хичээл ороогүй долоо хоногийн хичээлийг алгасан зааж болно, эсвэл нэг хичээл дээр олон хичээлийг нийлүүлэн зааж болно.