“Суралц—Дээд талын хугацаа: 85 минут,” Бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдийг зохицуулах нь (2016)
“Суралц—Дээд талын хугацаа: 85 минут,” Бүлгүүдийг зохицуулах нь
Суралц—Дээд талын хугацаа: 85 минут
Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг гэж юу вэ? (10 минут)
-
Үз:“Би Өөрийн гэгээнтнүүдийг хангана” (“I Will Provide for My Saints,”) (srs.lds.org/videos дээрх “Бүлгүүдийг зохицуулах нь” хэсгийн “Видео эх сурвалжууд”-д байгаа). (Видео бичлэг байхгүй бол үргэлжлүүлэн унш.)
-
Ярилц:Миний Есүс Христэд итгэх итгэл сүнслэг болон материаллаг байдлын хувьд бие даахад маань хэрхэн нөлөөлөх вэ?
-
Унш:Бие даах чадвар хөгжүүлэх бүлгийн зорилго бол хүмүүст амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөд туслах явдал юм. Ахлагч М.Рассэлл Баллард “Зөвлөлдөх нь бодит үр дүнг авчрах хамгийн үр дүнтэй арга гэдэгт би итгэдэг. Зөвлөл нь Их Эзэний арга зам бөгөөд ариун судруудад цэдэглэснээр Тэрээр тэнгэрлэг зөвлөлөөр дамжуулан дэлхий ертөнц дээрх бүх зүйлийг бүтээсэн гэдгийг би мэднэ” хэмээн заасан юм (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 49).
Зөвлөлийн хүрээнд хамтарч ажиллах нь бүлгийн гишүүдэд ганцаар байснаас илүү их авьяас чадвар, сүнслэг өдөөлт, туршлага, мэдлэгийг ашиглах боломж олгодог. Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг:
-
Санхүүгийн менежмент, илүү сайн ажилтай болох, боловсролоо дээшлүүлэх, бизнесээ эхлүүлэх эсвэл өргөжүүлэх гэсэн нийтлэг ашиг сонирхол дээр тулгуурлан ажиллаж буй 8–12 гишүүнээс бүрдэнэ.
-
Хүн бүрд ижил тэгш оролцох таатай нөхцөлийг бүрдүүлсэн аюулгүй орчин юм.
-
12 долоо хоногийн туршид долоо хоног бүр уулзаж, шинэ ур чадвар, дадал хэвшилд суралцана.
-
Гишүүдэд бие биенээсээ суралцаж, нэг нэгнээ урамшуулан дэмжих боломж олгох зорилгоор зөвлөлийн загварыг ашиглана.
-
Долоо хоног бүр гишүүд сурч буй зүйлийнхээ дагуу үйлдэх амлалт өгнө.
-
Гишүүд амлалтаа биелүүлсэн эсэхээ бие биенийхээ өмнө тайлагнана.
-
-
Ярилц:Бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүд нь таны оролцож байсан бусад ажлын хэсэг эсвэл ангиас юугаараа өөр байна вэ?
Зохицуулагчийн хувьд таны гүйцэтгэх үүрэг (15 минут)
-
Үз:“Бүлгийг хэрхэн зохицуулах вэ?” srs.lds.org/videos дээрх “Бүлгүүдийг зохицуулах нь” хэсгийн “Видео эх сурвалжууд”-д байгаа. (Видео бичлэг байхгүй бол үргэлжлүүлэн унш.)
-
Ярилц:Видео бичлэг дээрх зохицуулагч багшийн оронд зохицуулагч болохын тулд юугаа өөрчлөх хэрэгтэй байна вэ? Энэ нь бүлгийнхэнд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Унш:Их Эзэн Сүм дэх зөвлөл, бүлгүүдийн талаар: “Бүгдээрээ нэг зэрэг яригчид бүү байг; бүгдээрээ ярихад бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд, мөн хүн болгон тэгш боломжтой байж болохын тулд харин нэг нь хэсэг хугацаанд ярьж, мөн бүгдээрээ түүний хэлэхийг сонсог” хэмээн хэлсэн (С ба Г 88:122; налуу бичилт нэмэгдсэн).
Бие даах чадвар хөгжүүлэх бүлэгт хэнийг ч багшаар дууддаггүй! Зохицуулагчийн хувьд таны ажил бол бүлгийн гишүүдэд материалуудад заасныг дагаж, хэлэлцүүлэгт оролцож, Сүнсийг урихад туслах явдал юм. Таныг сэдвээр мэргэшсэн хүний тань хувьд дуудаагүй. Харин үүний оронд та бүлгийн гишүүний хувиар оролцож, өгсөн амлалтаа биелүүлж, хамтдаа суралцах ёстой. Доорх зарчмуудыг дагах (тодоор бичсэн) нь танай бүлгийнхэнд амжилттай сайн туршлага олж авахад тусална.
Аюулгүй орчин бүрдүүл. Долоо хоног бүр оролцогчид амлалтаа биелүүлэхэд гаргасан ахицаа бүлгийнхэндээ нээлттэй тайлагнаж байна. Тэд илүү бие даасан болох аяллынхаа явцад алдаа гаргаж, бүтэлгүйтнэ. Энэ нь ердийн бөгөөд эрүүл үзэгдэл юм. Оролцогчид оролдлого хийж, бүтэлгүйтэж, эцэст нь амжилтад хүрэх аюулгүй орчинд байгаагаа мэдрэх нь нэн чухал.
-
Ярилц:Та ямар арга замаар оролцогчдод бүлгийнхээ хүрээнд аюулгүй, тав тухтай, хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн мэдрэмжийг мэдрэхэд тусалж болох вэ?
-
Унш:Оролцоог дэмж. Зохицуулагчийн хувьд та бүлгийнхнээсээ илүү ярих ёсгүй. Та тэдний нэгэн хэсэг болж, хүн бүрийг саналаа хуваалцахад туслах ёстой.
-
Ярилц:Та хэлэлцүүлэгт хэт түрэмгийлэн оролцож эсвэл огт оролцохгүй байгаа хүнтэй хэрхэн харьцах вэ?
-
Унш:Цагтаа эхэлж, цагтаа дуусга. Бүлгийн гишүүд цугларалт цагтаа эхэлж, цагтаа дуусна гэдэгт итгэлтэй байх ёстой. Хэсэг, үйл ажиллагаа бүрд цагийн хязгаар тавьж өгсөн. Долоо хоног бүр та хэн нэгэнд цаг бүртгэх үүргийг хариуцуулж болно.
-
Ярилц:Та бүлгийн цуглааныг цагт нь явуулахын тулд өөр юу хийж болох вэ?
-
Унш:Гишүүдийн үг хэллэгийг ач холбогдолтой, эерэг байлга. Бүлгийн гишүүдийн мэдэхгүй хүн байсан ч бусдыг шүүмжилсэн түүхийг огт хуваалцаж болохгүй.
-
Ярилц:Та бүлгийн гишүүдийн үг хэллэгийг асуудалд төвлөрсөн, хүндэтгэлтэй байхад хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ?
Бие даах чадвар хөгжүүлэх бүлгийн уулзалтын бүтэц (40 минут)
-
Үз:“‘Явж мөн хий’ суралцахуй,” (“Go and Do’ Learning,”) (srs.lds.org/videos дээрх “Бүлгүүдийг зохицуулах нь” хэсгийн “Видео эх сурвалжууд”-д байгаа.) (Видео бичлэг байхгүй бол үргэлжлүүлэн унш.)
-
Унш:Бүлгийн цугларалт бүр таван хэсгээс бүрдэнэ. Та аль ч хэсгийг алгасаж болохгүй.
-
Тайлагна:Энэ хэсэгт бүлгийн оролцогчид өөрсдийн хийсэн ажлыг үнэлж, ахиц дэвшлээ бүлгийнхэндээ тайлагнана. Тэд шинэ ур чадвар, дадал хэвшлээр дадлага хийснээр сурсан зүйлсээсээ хуваалцана. Үнэлгээ хийх явц нь шинэ дадал хэвшлийг бий болгоход нэн чухал. (20–30 минут шаардана.)
-
Ярилц:Ахиц дэвшлээ бүлгийнхэндээ нээлттэй тайлагнах нь бидэнд хэрхэн туслах вэ?
-
Миний суурь зарчим:Энэ хэсэгт гишүүд итгэл, боловсрол, шаргуу хөдөлмөрийн зарчмуудыг мөн Их Эзэнд итгэлтэй байхад суралцан, амьдралдаа хэрэгжүүлдэг. Долоо хоног бүр оролцогчид өөрсдөд нь илүү бие даах чадвартай болоход туслах нэг үндсэн зарчмыг авч үзнэ. (20 минут шаардана.)
-
Ярилц:Бид яагаад бүлэгтээ сургаал болон материаллаг байдлыг дээшлүүлэх ур чадварын аль алинд суралцдаг вэ?
-
Суралц:Энэ хэсэгт бүлгийн оролцогчид материаллаг байдлын хувьд бие даахад туслах шинэ санаа, ур чадварын талаар уншин, авч хэлэлцэж, тэдгээрээр дадлага хийнэ. (40–50 минут шаардана.)
-
Тунгаан бод:Энэ хэсэгт бүлгийн оролцогчид уулзалтаараа сурч, мэдсэн зүйлсээ тунгаан бодож мөн бичиж тэмдэглэнэ. Тэд Их Эзэнээс удирдамж эрэлхийлэн, сайжруулах арга замыг олж тогтооно. Энэ хэсгийг бүү алгасаарай. (5–10 минут шаардана.)
-
Ярилц:Чимээгүй, хоорондоо ярилцахгүйгээр тунгаан бодох нь Ариун Сүнсэнд бидэнд заах боломжийг хэрхэн олгодог вэ?
-
Амлалт өг:Энэ хэсэгт бүлгийн оролцогчид цугларалтынхаа үеэр авч хэлэлцэн, суралцсан шинэ ур чадвар, дадал хэвшлээрээ дадлага хийх амлалт өгнө. Амлалт өгч, амлалтаа биелүүлэх нь шинэ дадал хэвшлийг суулгах үйл явцад нэн чухал. Оролцогчид тусламж авахын тулд бүлгийн нэг гишүүнийг үйлдэх хамтрагчаар сонгоно. Үйлдэх хамтрагчид долоо хоногийн турш бие биенээ шалгаж мөн урамшуулан дэмжиж, дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Түүнчлэн оролцогчид сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэн, найз нөхдөдөө заах амлалт өгнө. (5–10 минут шаардана.)
-
Ярилц:Яагаад үйлдэх хамтрагчтай байх нь чухал вэ?
-
Үйлд:Оролцогчид долоо хоногийн туршид өгсөн амлалтынхаа дагуу үйлдэж, амьдралынхаа хэв маягийг өөрчлөх ёстой. Сурсан зүйлийнхээ дагуу үйлдэж, заах нь бие даах ур чадвар, дадал хэвшлийг хөгжүүлэхэд тусалдаг. (Долоо хоногт 3–8 цаг шаардана.)
-
Ярилц:Би бүлгийнхээ гишүүдэд долоо хоногийн туршид сайн дадал хэвшлийг хөгжүүлэхэд нь хэрхэн тусалж болох вэ?
-
Унш:Одоо та нар цугларалтын бүтцийн талаар мэдсэн тул цугларалтыг бодит байдалд хөтлөн явуулж, дадлага хийцгээе.
Хүмүүс бүлэгт хэрхэн нэгдсэн бэ? (10 минут)
-
Үз:“Бие даах чадвар хөгжүүлэх бүлгийг сонгох нь,” (“Choosing a Self-Reliance Group,”) (srs.lds.org/videos дээрх “Бүлгүүдийг зохицуулах нь” хэсгийн “Видео эх сурвалжууд”-д байгаа.) (Видео бичлэг байхгүй бол үргэлжлүүлэн унш.)
-
Унш:Бүлэгт нэгдэх үйл явц гурван алхмаас бүрддэг.
Нэгд, тойргийн зөвлөлийнхөн гишүүдийг бие даах чадвар хөгжүүлэх төвийн онцгой цугларалтад урина.
Хоёрт, онцгой цугларалтад оролцсон гишүүд дараах зүйлсийг олж мэднэ. Үүнд:
-
Бие даасан байдлын тухай сургаал, зарчмуудаас суралцана.
-
Өөрсдийн одоогийн сүнслэг болон материаллаг хэрэгцээнд үнэлгээ хийнэ.
-
Өөрсдийнхөө ур чадварыг хөгжүүлэх бүлгийг сонгоно.
-
Бүлгийн цугларалт хийх өдөр, цаг, газрыг сонгоно.
Гуравт, гишүүд ихэвчлэн онцгой цугларалтад оролцсоноос хойш нэг долоо хоногийн дараа бүлгийн цугларалтад сууж эхэлнэ.
-
Зохицуулагчийн арын албаны үүрэг хариуцлага (10 минут)
Бүлгийн бүртгэл
-
Унш:Эхлээд бүлгийг бүртгээд, дараа нь бүлгийн төгсгөлд тайлангаа бөглөж явуулах нь чухал. Энэ үйл явц танд бүлгийн гишүүдэд зориулан гэрчилгээ захиалах, сургалтын нэмэлт материал авах, Сүмийн бие даах чадвар хөгжүүлэх хөтөлбөрийг сайжруулахад туслах боломж олгодог. Дараах зааварчилгааг уншина уу.
-
Бүлгийн эхний цугларалтаас өмнө srs.lds.org/report хаягаар орж, группийн бүртгэлийн маягтыг татаж ав. Маягтыг бүлгийн эхний цугларалтаар бөглөж дуусга. Маягтыг бөглөж дуусгасныхаа дараа srs.lds.org/report хаягаар орж, мэдээллийг оруул.
-
Долоо хоног бүр гадасны бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэнтэй холбогдож, цугларалтад суусан хүмүүсийн болон бүлгийн гишүүнийхээ амжилтын түүхийг мэдэгд.
-
Бүлгийн сүүлчийн цугларалтаас өмнө srs.lds.org/report хаягаар орж, группийн мэдээлэл дуусгах маягт, батламж хүсэх маягт зэргийг татаж ав. Маягтыг бүлгийн сүүлчийн цугларалтаар бөглөж дуусга. Маягтыг бөглөж дууссаныхаа дараа, srs.lds.org/report хаягаар орж, мэдээллийг оруулна.
-
Долоо хоног бүр анги танхим болон видео бичлэгээ бэлдэх нь
-
Унш:Танай гадасны бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэн та нарт зориулан Сүмийн байранд өрөө захиална. Долоо хоног бүр та хэдэн минутын өмнө ирж, ширээ, сандлыг байрлуулна. Та мөн аудио, видео төхөөрөмжийг бэлдэж, дүрс, дуу нь ажиллаж байгаа эсэхийг шалгана.
“Илүү сайн ажилтай болох нь” бүлгийг зохицуулах нь
Хэрэв та “Илүү сайн ажилтай болох нь” бүлгийг зохицуулж байгаа бол хоёр зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Нэгд, та бие даах чадвар хөгжүүлэх төвийн онцгой цугларалт дээр бүлгээ бүрдүүлж байхдаа гишүүдийг бүлгийн цугларалт бүрд сонирхож буй ажлынхаа жагсаалтыг авчирч байхад урь.
Хоёрт, цугларах хувилбарууд тань уян хатан гэдгийг санаарай. Хавсралтын 16–17-р хуудсыг уншина уу. Цугларалтын хувилбаруудыг бие даах чадварын онцгой цугларалт дээр танай бүлгийг сонгосон хүмүүст танилцуулна уу.
Дүгнэлт
-
Унш:Та зохицуулагчаар үйлчилж байхдаа энэхүү жагсаалтыг байнга уншиж бай.
Та бүлгийн дараагийн цугларалтын өмнө юу хийх вэ?
-
Бүлгийн гишүүдэд цугларах өдөр, цаг, газрыг утасдаж хэл эсвэл мессежээр сануул.
-
Зохицуулахад туслах материалыг унш, гэхдээ хичээл заахад бүү бэлд.
-
Та бүртгүүлсэн хүн бүрд дасгал ажлын дэвтэр нэг нэгийг мөн нэмж хоёр хувийг өгөхийг гадасны бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнээс хүс.
-
Эрт ирж, сандал, ширээ болон видео бичлэгүүдийг зохих ёсоор бэлтгэж тавь.
-
Бал, харандаагаа мартсан хүмүүст бал, харандаа авчир.
Та бүлгийн цугларалтын үеэр юу хийх вэ?
-
Бүлгийн гишүүдийг халуун дотно хүлээн авч, тэдэнтэй танилц.
-
Тэдний ололт амжилт, гаргасан ахицыг олж харан, магтан сайшаа.
-
Хуваарийн дагуу явуулахын тулд цаг бүртгэгч томил.
-
Бүлгийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд урамшуул.
-
Цугларалтуудын хооронд өгсөн амлалтынхаа дагуу үйлдэх тухай онцол.
-
Бүлгийн гишүүдэд нууц мэдээллийг чандлан хадгалахыг сануул.
Та бүлгийн цугларалтын дараа юу хийх вэ?
-
Эхний болон сүүлчийн цугларалтын дараа srs.lds.org/report руу орж, бүртгүүлж, тайлагнаж, гэрчилгээ захиална.
-
Үйлдэх хамтрагчдыг долоо хоногийн явцад нэг нэгэнтэйгээ холбогдон, бие биендээ туслахад урамшуулан дэмж.
-
Гадасны бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэнтэй долоо хоног бүр холбогдож, бүлгийн ирцийг болон цугларалт хэрхэн явагдсаныг мэдэгд.
-
Дараагийн бүлгийн цугларалтын материалыг залбирч судал.
-
Сүнслэг байдлаараа бэлдэж, хүлээн авсан өдөөлтийнхөө дагуу үйлд.