Гарын авлагууд болон дуудлагууд
28. Өвөг дээдсийн өмнөөс гүйцэтгэх ариун сүмийн ёслолууд


“28. Өвөг дээдсийн өмнөөс гүйцэтгэх ариун сүмийн ёслолууд,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020).

“28. Өвөг дээдсийн өмнөөс гүйцэтгэх ариун сүмийн ёслолууд,” Ерөнхий гарын авлага.

28.

Өвөг дээдсийн өмнөөс гүйцэтгэх ариун сүмийн ёслолууд

28.0

Удиртгал

Ариун сүм ба ариун сүмийн ажлын талаар энэ бүлэгт болон 38.4-т хариулагдаагүй асуулт гарвал бишоп гадасныхаа ерөнхийлөгчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Гадасны ерөнхийлөгч асуултыг Тэргүүн Зөвлөлийн ажлын албанд тавьж болно.

Гадасны ерөнхийлөгч, бишопууд гишүүдэд нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс ёслол гүйцэтгүүлэхдээ эерэг дурсамжтай үлдэхээр бэлтгэхэд тусалдаг. Тэд ариун сүмийн ажлын сургаалын үндсийг зааж, ариун сүмийн ажлыг гүйцэтгэхтэй холбоотой хүлээх хугацаа, бусад бодлого журмыг ойлгуулахад анхаарах замаар үүнийг хийдэг.

28.1

Ерөнхий удирдамж

Ерөнхийдөө гишүүд нас барсан хүмүүсийн өмнөөс ариун сүмийн ёслолуудыг тухайн хүний нас барсан өдрөөс хойш нэг жил өнгөрсний дараа гүйцэтгэж болно. Хэрэв нас барсан хүн сүүлийн 110 жилд төрсөн мөн ёслолуудыг гүйцэтгэх гэж байгаа хүн нь ойрын хамаатан (салаагүй эхнэр, нөхөр, насанд хүрсэн хүүхэд, эцэг, эх, ах, эгч, дүү) биш бол ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхээр төлөвлөхийн өмнө ойрын хамаатан саднаас нь зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

Нас барсан хүн гагцхүү ёслолуудыг нь хүлээн зөвшөөрч мөн хүлээн авах шаардлагуудыг хангасан тохиолдолд үйлдсэн ёслолууд хүчинтэй байна (Сургаал ба Гэрээ 138:19, 32–34-ийг үзнэ үү).

Лацдан холбох бодлого журмыг 38.4-өөс үзнэ үү.

28.2

Нас барагсдын өмнөөс ёслолуудыг гүйцэтгэх

28.2.1

Нас барагсдын өмнөөс гүйцэтгэх ёслолуудад хэн оролцож болох тухай

Зохих насанд хүрсэн, түүнчлэн ариун сүмийн хязгаартай ашиглах эрхийн бичигтэй гишүүд нас барагсдын өмнөөс баптисм хийлгэж, гишүүнээр батлуулахад оролцож болно (26.4.3-ыг үзнэ үү). Хүчинтэй ариун сүмийн эрхийн бичигтэй хишиг хүртсэн гишүүд нас барагсдын төлөө хийгдэх бүх ёслолд оролцож болно (26.5-ыг үзнэ үү).

тусгай хэрэгцээт гишүүд дараах нөхцөлд нас барагсдын өмнөөс ариун сүмийн ажил гүйцэтгэж болно. Үүнд:

  • Ёслолыг ойлгох хангалттай оюуны чадавхтай бол

  • Өөрсдийгөө авч явах чадвартай эсвэл тэдэнд хэрэгтэй тусламж үзүүлж чадах, ариун сүмийн эрхийн бичигтэй хамаатан садан, найзуудтайгаа хамт байгаа бол.

28.2.2

Нас барагсдын өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулах

Баптисмын ёслолуудад оролцохыг хүсэж байгаа гэр бүлийн болон гадас, тойргийн гэх мэт зохион байгуулалттай бүлгүүд ерөнхийдөө ариун сүмтэй урьдаас холбоо барин, цаг тохирдог. Зохион байгуулалттай бүлгүүдийг нэг буюу түүнээс олон насанд хүрсэн хүн дагалдан явах ёстой бөгөөд удирдагчдын тоо бүлгийн хүйс бүрийг зохих ёсоор төлөөлсөн байхад анхаарах ёстой. Эдгээр насанд хүрэгч ариун сүмийн хүчинтэй эрхийн бичигтэй байх ёстой.

Баптисмын өрөөнд тусалдаг ах, эгч нар ариун сүмийн ёслол гүйцэтгэгч ажилтнаар онцгойлон адислагдсан байх шаардлагагүй. Хишиг хүртсэн ах нар, хишиг хүртээгүй Мелкизедек санваартан, Аароны санваарын пристүүд баптисмын ёслолыг гүйцэтгэж болно.

Зөвхөн хишиг хүртсэн ах нар гишүүнээр баталж, баптисмын санд эсвэл гишүүнээр батлах өрөөнд бүртгэгчээр үйлчилж болно.

Ариун сүмийн хүчинтэй эрхийн бичигтэй гишүүн, тэр дундаа хязгаартай ашиглах эрхийн бичигтэй гишүүн төлөөлөн гүйцэтгэх баптисмын ёслолд гэрчээр оролцож болно. Эдгээр насанд хүрэгчид болон өсвөр үеийнхэн гишүүдэд туслах, хувцас алчуурыг тараах, боломжтой газарт компьютерын систем дээр баптисмын болон гишүүнээр батлах ёслолыг бүртгэх зэрэг баптисмын өрөөнд хийдэг үүрэгт ажилд нь тусалж болно.

28.3

Тодорхой нөхцөл байдал

28.3.1

Нас барахаасаа өмнө ариун сүмд орох боломжгүй байсан гишүүд

Нас барсан хүн нь ариун сүмд орох зохистой байсан, мөн орох байсан ч өөрсдөөс нь үл хамаарах шалтгаанаар ариун сүмд орох боломжгүй байсан гишүүдийн хувьд тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхийн тулд нэг жил хүлээх шаардлагагүй. Нас барахдаа зохистой байсан боловч зохих насанд хүрээгүйн улмаас хишгээ хүртэж чадаагүй 8 ба түүнээс дээш настай хүүхэд, өсвөр үеийнхэн энд багтана (мөн 28.3.4-ийг үзнэ үү). Ийм хүүхэд, өсвөр үеийнхнийг оршуулахад ариун сүмийн хувцсаар хувцаслахгүй.

Ёслол гүйцэтгэхийн тулд тухайн хүнийг нас барах үед хүчинтэй байсан ариун сүмийн эрхийн бичиг нь эсвэл нас барсан хүний зохистой байдлыг нотолсон бишопынх нь захидал гэр бүлийн гишүүдэд нь байх ёстой. Ёслолыг гүйцэтгэхийн өмнө ариун сүмийн эрхийн бичгийг нь эсвэл бишопын захидлыг ариун сүмд авчирч үзүүлэх хэрэгтэй.

28.3.2

Баптисм хүртсэнээс хойш нэг жилийн дотор нас барсан гишүүд

Хэрэв зохистой гишүүн баптисм хүртэж, гишүүнээр батлуулснаас хойш нэг жилийн дотор нас барсан бол гишүүнээр батлуулснаас хойш нэг жилийн дараа ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэж болно (28.3.1-ийг үзнэ үү).

28.3.3

Төрөхөөсөө өмнө нас барсан хүүхдүүд (амьгүй төрсөн эсвэл зулбасан хүүхдүүд)

Төрөхөөсөө өмнө нас барсан хүүхдүүдэд зориулж ариун сүмийн ёслол гүйцэтгэх шаардлагагүй. Энэ нь эдгээр хүүхдийн мөнх амьдралд гэр бүлийнхээ нэгэн хэсэг байх боломжийг үгүйсгэж байгаа хэрэг биш юм. Эцэг эхийг Их Эзэнд итгэж, Түүнээс тайтгарал эрэлхийлэхэд урамшуулдаг. Нэмэлт мэдээллийг 38.7.3-аас үзнэ үү.

28.3.4

Найман нас хүрэхээсээ өмнө нас барсан хүүхдүүд

Найман нас хүрэхээсээ өмнө нас барсан хүүхдийн төлөө ариун сүмд баптисм болон хувийн хишгийн ёслол үйлдэх шаардлагагүй. Ийм хүүхдийг зөвхөн эцэг эхтэй нь лацдан холбоно. Хэрэв хүүхдийг амьд байхад нь эцэг эхтэй нь холбосон эсвэл хүүхэд гэрээнд төрсөн бол ямар ч ёслолыг төлөөлөн гүйцэтгэхгүй.

28.3.5

Оюуны тусгай хэрэгцээт нас барсан хүн

Оюуны тусгай хэрэгцээт нас барсан дараах хүмүүст ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Хариуцлагатай байсан гэдэг нь мэдэгдэж байсан хүмүүс (Сургаал ба Гэрээ 20:71-ийг үзнэ үү)

  • Хариуцлагатай байсан эсэх нь мэдэгдэхгүй байгаа хүмүүс

Хэрэв нас барсан хүн оюуны тусгай хэрэгцээт, хариуцлага хүлээх чадваргүй байсан нь тодорхой бөгөөд гэрээнд төрөөгүй байсан бол зөвхөн эцэг, эхтэй нь лацдан холбох ёслолыг гүйцэтгэнэ. Тухайн хүн 8-аас дээш насалсан байсан ч ариун сүмийн бусад ёслол шаардлагагүй бөгөөд тэдгээрийг гүйцэтгэдэггүй (Сургаал ба Гэрээ 137:10-ыг үзнэ үү).

28.3.6

Нас барсанд тооцогдсон хүмүүс

Нас барсанд тооцогдсон хүмүүст зориулсан ариун сүмийн ёслолуудыг нас барсан гэж тооцсоноос хойш 10 жилийн дараа гүйцэтгэж болно. Энэ бодлого журам нь (1) дайны талбарт болон далайд алга болсон эсвэл нас барсныг нь хуулийн дагуу зарласан; (2) нас барсан нь тодорхой боловч цогцос нь олдохгүй байгаа хүмүүст хамаарна.

Бусад бүх тохиолдолд сураггүй алга болсон хүмүүсийн төрсөн өдрөөс хойш 110 жилийн дараа ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэж болно.

28.3.7

Амиа хорлосон хүмүүс

Амиа хорлосон хүмүүст зориулсан ариун сүмийн ёслолуудыг нас барсан өдрөөс нь хойш нэг болон түүнээс дээш жилийн дараа гүйцэтгэж болно.

28.3.8

Гишүүнчлэлээс нэрээ татаж авсан эсвэл Сүмийн гишүүнчлэлээс татгалзсан хүмүүс

Нас барах үедээ гишүүнчлэлээс нэрээ татаж авсан эсвэл Сүмийн гишүүнчлэлээс татгалзсан байсан хүмүүсийн өмнөөс ариун сүмийн ёслол гүйцэтгэхэд Тэргүүн Зөвлөлийн зөвшөөрөл шаардлагатай. Гэр бүлийн гишүүн нь Тэргүүн Зөвлөлийн албанд хандан захиа бичих ёстой. Маягт бөглөх шаардлагагүй. Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч шаардлагатай бол энэ хүсэлтэд тусалж болно.

28.4

Хувийн хишиг хүртэх ёслолыг магадлах

Зарим үед нас барсан хүний амьд байхдаа баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан мэдээллийг яаж ч эрж хайгаад нотлох боломжгүй үе бий. Хэрэв тухайн хүн хувийн хишиг төлөөлүүлэн хүртсэн ч амьд байхдаа баптисм хүртэж, гишүүнээр батлуулсныг нь батлах боломжгүй бол уг хүний өмнөөс төлөөлөн баптисм хүртэж, гишүүнээр батлах ёстой. Төлөөлөн үйлдсэн баптисм ба гишүүний баталгааны дараа хувийн хишиг, лацдан холболтыг дахин гүйцэтгэх шаардлагагүй.

28.5

Ариун сүмийн адислалыг сэргээх

Хувийн хишгээ хүртсэн хүмүүс Сүмээс гишүүнчлэлээ хасуулсны дараа эсвэл сүмийн бүртгэлээс өөрсдийн нэрийг хасуулсны дараа баптисм хүртэж, гишүүнээр батлагдсан бол өөрсдийн санваар, ариун сүмийн адислалуудыг зөвхөн адислал сэргээх ёслолоор дамжуулан хүлээн авч болно. Эдгээр адислал энэхүү ёслолоор дамжин сэргээгддэг тул тухайн хүнийг санваарын аль нэг албан тушаалд дахин томилж, хувийн хишиг хүртээдэггүй. Амьд хүмүүст зориулж энэ ёслолыг гүйцэтгэх тухай мэдээллийг 32.17.2-оос харна уу.

Нас барагсдын өмнөөс энэ ёслолыг гүйцэтгэхийн тулд Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Нас барсан хүний гэр бүлийн гишүүд Тэргүүн Зөвлөлийн албанд захиа бичин, нас барсан гэр бүлийн гишүүнийхээ санваарын болон ариун сүмийн адислалуудыг сэргээх хүсэлт тавьж болно. Шаардлагатай бол бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч энэ хүсэлтэд нь тусалж болно.

Зарим хүн хишиг хүртээгүй боловч гэрээнд төрсөн эсвэл гишүүнчлэлээс түдгэлзүүлэх юм уу татгалзахаасаа өмнө эцэг эхтэйгээ лацдан холбуулсан байдаг. Энэ хүмүүс баптисм хүртэж, гишүүнээр батлуулсныхаа дараа дахин лацдан холбуулах шаардлагагүй.

Хэвлэх