Гарын авлагууд болон дуудлагууд
3. Санваарын зарчмууд


“3. Санваарын зарчмууд,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“3. Санваарын зарчмууд,” Ерөнхий гарын авлага..

Ариун сүмийн ойролцоо алхаж буй гэр бүл

3.

Санваарын зарчмууд

3.0

Оршил

Санваар бол Бурханы эрх мэдэл, хүч юм. Тэнгэрлэг Эцэг санваараар дамжуулан “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Мосе 1:39) Өөрийн ажлыг гүйцэлдүүлдэг. Бурхан дэлхий дээрх Өөрийн охид, хөвгүүдэд энэ ажлыг гүйцэтгэх эрх мэдэл, хүчийг өгдөг (1-р бүлгийг үзнэ үү).

3.1

Санваарын сэргээлт

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол санваарын эрх мэдэлтэй дэлхий дээрх цорын ганц байгууллага юм. Бошиглогч Иосеф Смит Аароны санваарыг мөн уг санваарын түлхүүрүүдийг Баптисч Иоханаас хүлээн авсан (Сургаал ба Гэрээ 13:1-ийг үзнэ үү). Тэрээр Мелкизедек санваарыг мөн уг санваарын түлхүүрүүдийг төлөөлөгч Петр, Иаков, Иохан нараас хүлээн авсан (Сургаал ба Гэрээ 27:12–13-ыг үзнэ үү).

Көртландын ариун сүмд Мосе, Елиас, Елиа нар Иосеф Смитэд үзэгдэж, хожмын өдрүүдэд Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд шаардагдах өөр эрх мэдлүүдийг даалгажээ (Сургаал ба Гэрээ 110:11–16-г үзнэ үү).

Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн бүр эдүгээ санваарын энэ бүх түлхүүрийг атгадаг. Эдгээр удирдагч Сүмийн бусад гишүүнд дуудлага өгч мөн Бурханы санваарын эрх мэдэл, хүчийг Түүний аврал, өргөмжлөлийн ажилд туслах зорилгоор ашиглах эрх мэдлийг олгодог.

3.2

Санваарын адислалууд

Гэрээ ба санваарын ёслолуудаар дамжуулан Бурхан Өөрийн бүх хүүхдэд агуу адислалуудыг боломжтой болгосон. Эдгээр адислалд дараах зүйлс орно. Үүнд:

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртэж, гишүүн болох

  • Ариун Сүнсний бэлэг хүлээн авах

  • Ариун ёслолоос хүртэх

  • Сүмийн дуудлага, үүрэгт ажилд үйлчлэх эрх мэдэл, хүчийг авах

  • Патриархын адислал ба эрүүл мэнд, тайтгарал, удирдамж заавар авах зэрэг санваарын бусад адислалыг хүлээн авах

  • Ариун сүмд Бурханы хүчээр хишиг хүртэх

  • Гэр бүлийнхээ гишүүдтэй мөнхөд лацдан холбогдох

  • Мөнх амьдрал амлагдах зэрэг болно.

Бурханы хүүхдүүд санваарын эдгээр адислалыг хүлээн авч, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахдаа агуу баяр баясгаланг мэдрэх боломжтой.

3.3

Мелкизедек санваар ба Аароны санваар

Сүмд санваар нь Мелкизедек санваар, Аароны санваар гэсэн хоёр хэсэгт хуваагддаг (Сургаал ба Гэрээ 107:1-ийг үзнэ үү).

3.3.1

Мелкизедек санваар

Мелкизедек санваар нь “Бурханы Хүүгийн жаягийн нэрээр Ариун санваар хэмээн нэрлэгддэг” (Сургаал ба Гэрээ 107:3). Энэ санваарын хүчээр Бурханы охид хөвгүүд Түүнтэй адил болох боломжтой (Сургаал ба Гэрээ 84:19–21; 132:19–20-ийг үзнэ үү).

“Мелкизедек санваар нь ерөнхийлөн удирдах эрхийг атгадаг.” Энэ нь “дэлхийн бүх үед сүм дэх бүх албан тушаалд сүнсний зүйлүүдэд үйлчлэх хүч болон эрх мэдэлтэй” байдаг (Сургаал ба Гэрээ 107:8). Энэхүү эрх мэдлээр дамжуулан Сүмийн удирдагчид Сүмийн бүх сүнслэг ажлыг удирдан явуулж, гүйцэтгэдэг (Сургаал ба Гэрээ 107:18).

Сүмийн ерөнхийлөгч бол Мелкизедек санваарын тэргүүлэх дээд прист юм (Сургаал ба Гэрээ 107:65–67). Гадасны ерөнхийлөгч бол гадасныхаа тэргүүлэх дээд прист юм (Сургаал ба Гэрээ 107:8, 10-ыг мөн энэ гарын авлагын 6-р бүлгийг үзнэ үү). Бишоп бол тойргийнхоо тэргүүлэх дээд прист юм (Сургаал ба Гэрээ 107:17; мөн энэ гарын авлагын 7-р бүлгийг үзнэ үү).

Мелкизедек санваарын албан тушаал, үүрэг хариуцлагын тухай мэдээллийг 8.1-ээс үзнэ үү.

3.3.2

Аароны санваар

Аароны санваар бол “Мелкизедек санваарын … хавсралт” юм (Сургаал ба Гэрээ 107:14-ийг үзнэ үү). Үүнд:

  • Тэнгэр элч нарын тохинуулал

  • Наманчлалын сайн мэдээ

  • Нүглээс ангижрахын төлөө хүртэх баптисм зэрэг гаднах ёслолуудыг гүйцэтгэх түлхүүрүүд орно.

(Сургаал ба Гэрээ 13:1; 84:26–27; 107:20-ийг үзнэ үү.)

Бишоп бол тойргийн Аароны санваарын ерөнхийлөгч юм (Сургаал ба Гэрээ 107:15-ыг үзнэ үү).

Аароны санваарын албан тушаал, үүрэг хариуцлагын тухай мэдээллийг 10.1.3-аас үзнэ үү.

3.4

Санваарын эрх мэдэл

Санваарын эрх мэдэл бол Бурханыг төлөөлөх, Түүний нэрээр үйлдэх эрх мэдэл юм. Сүмд санваарын бүх эрх мэдлийг санваарын түлхүүр атгадаг хүмүүсийн удирдлага доор ашигладаг.

Сүмийн зохистой эрэгтэй гишүүд санваар хүртэж, санваарын албанд томилогдсоноор санваарын эрх мэдлийг хүлээн авдаг. Сүмийн бүх гишүүн Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд туслахаар онцгойлон адислагдаж, томилогдсоноор өөрсдөд нь итгэмжлэн хүлээлгэсэн эрх мэдлийг ашиглаж болно. Гишүүд нь Бурханы эрх мэдлийг хэрхэн ашиглаж байгаа тухайд Түүний өмнө, мөн тэргүүлэн удирдуулахаар томилсон хүмүүсийнх нь өмнө хариуцлага хүлээдэг (3.4.4-ийг үзнэ үү).

3.4.1

Санваарын түлхүүрүүд

Санваарын түлхүүр бол Бурханы хүүхдүүдийн төлөө санваарыг хэрхэн ашиглахыг удирдан чиглүүлэх эрх мэдэл юм. Сүмийн бүх санваарын эрх мэдлийг хэрхэн ашиглахыг санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүс удирдан чиглүүлнэ (Сургаал ба Гэрээ 65:2-ыг үзнэ үү).

3.4.1.1

Санваарын түлхүүрийг атгагчид

Есүс Христ санваарын бүх түлхүүрийг атгадаг. Доор тайлбарласны дагуу, Бурханы ажлыг гүйцэлдүүлэхэд туслах тодорхой дуудлагад ашиглуулах зорилгоор эрэгтэй хүмүүст Түүний удирдлаган доор санваарын түлхүүрүүдийг өгдөг.

Их Эзэн дэлхий дээрх Бурханы хаант улсад хамаарах бүх түлхүүрийг Өөрийн төлөөлөгч бүрд хүртээсэн. Хамгийн ахмад, амьд төлөөлөгч бол Сүмийн ерөнхийлөгч бөгөөд санваарын тэдгээр бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэлтэй дэлхий дээрх цорын ганц хүн мөн (Сургаал ба Гэрээ 81:1–2; 107:64–67, 91–92; 132:7-г үзнэ үү).

Сүмийн ерөнхийлөгчийн удирдлаган доор дараах санваарын удирдагчдад түлхүүрүүдийг өгдөг ба тэд ийн хүлээн авснаар өөр өөрийн хариуцсан үүрэгт ажлыг тэргүүлэн удирддаг. Үүнд:

  • Гадас, дүүргийн ерөнхийлөгч

  • Бишоп, салбарын ерөнхийлөгч

  • Мелкизедек болон Аароны санваарын чуулгын ерөнхийлөгч

  • Ариун сүмийн ерөнхийлөгч

  • Номлолын ерөнхийлөгч ба номлогчийг бэлтгэх төвийн ерөнхийлөгч

  • Сүмийн түүхэн газруудын ерөнхийлөгч

Эдгээр удирдагч өөрсдийн дуудлагад онцгойлон адислагдахдаа санваарын түлхүүрийг хүлээн авдаг.

Санваарын түлхүүрийг бусдад, тухайлбал орон нутгийн санваарын удирдагчдын зөвлөхүүд, Сүмийн байгууллагуудын ерөнхийлөгчид өгдөггүй. Онцгойлон адислагдаж, санваарын түлхүүр атгадаг нэгний удирдлаган доор үүрэг даалгавар хүлээн авахад эдгээр удирдагчид эрх мэдэл өгөгддөг. Сүмийн байгууллагуудын ерөнхийлөгч нь санваарын түлхүүр атгагчдын удирдлага доор тэргүүлэн удирддаг (4.2.4-ийг үзнэ үү).

Тойргийн зөвлөлийн хурал

3.4.1.2

Бурханы ажлын дэг жаяг

Санваарын түлхүүрүүд нь Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг эмх цэгцтэй хийх боломжоор хангадаг (Сургаал ба Гэрээ 42:11; 132:8-ыг үзнэ үү). Санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүс үүрэг хариуцлагынхаа хүрээнд Их Эзэний ажлыг тэргүүлэн удирддаг. Тэргүүлэх энэхүү эрх мэдэл нь зөвхөн тухайн удирдагчийн дуудлагын тодорхой үүрэг хариуцлагад л хүчинтэй. Санваарын удирдагч дуудлагаас чөлөөлөгдөхдөө цаашид эдгээр түлхүүрийг атгахаа больдог.

Сүмд үйлчилдэг бүх хүн санваарын түлхүүр атгадаг нэгний удирдлага доор онцгойлон адислагдаж, томилогддог.

3.4.2

Санваар хүртээх ба санваарт томилох

Санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүсийн удирдлага доор Аароны болон Мелкизедек санваарыг зөвхөн Сүмийн зохистой эрэгтэй гишүүдэд хүртээдэг (Сургаал ба Гэрээ 84:14–17-г үзнэ үү). Зохих санваар хүртээсний дараа тухайн хүнийг дикон юм уу ахлагч гэх мэт уг санваарын албанд томилно. Санваартан тухайн албаны эрх, үүрэг хариуцлагын дагуу санваарыг ашигладаг (Сургаал ба Гэрээ 107:99-ийг үзнэ үү).

Есүс Христийн Сүмийн эрэгтэй хүн бүр бусдад үйлчлэхээр Мелкизедек санваарыг хүлээн авч мөн ашиглахын тулд зохистой байхыг хичээх ёстой. Эрэгтэй хүн энэ санваарыг хүлээн авахдаа санваарын үүрэг хариуцлагаа итгэлтэйгээр гүйцэтгэнэ хэмээн гэрээ байгуулдаг. Тэр бас мөнхийн адислалын тангараг буюу амлалтыг Бурханаас хүлээн авдаг (Сургаал ба Гэрээ 84:33–44-ийг мөн Судруудын удирдамж, “Санваарын тангараг ба гэрээ”-г үзнэ үү).

Санваар хүртээж, томилох тухай мэдээллийг 8.1.1, 10.6, 18.10, 38.2.5-аас үзнэ үү.

3.4.3

Сүмд үйлчлэх санваарын эрх мэдлийг итгэмжлэн олгох

Сүмд үйлчлэх санваарын эрх мэдлийг дараах арга замаар гишүүдэд итгэмжлэн олгодог. Үүнд:

  • Сүмийн дуудлагад онцгойлон адисалснаар

  • Сүмийн тэргүүлэх удирдагчдаас үүрэг даалгавар хүлээлгэн өгснөөр

3.4.3.1

Онцгойлон адислах

Сүмийн гишүүд санваарын түлхүүр атгадаг хүмүүсийн удирдлаган доор онцгойлон адислагдахдаа тухайн дуудлагынхаа хүрээнд үйлдэх эрх мэдлийг Бурханаас хүлээн авдаг. Жишээлбэл:

  • Бишопоор дамжуулан тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр дуудагдаж, онцгойлон адислагдсан эмэгтэйд тойргийн Халамжийн нийгэмлэгийн ажлыг удирдан явуулах эрх мэдэл өгөгддөг.

  • Бишопын зөвлөлийн гишүүнээр дамжуулан Хүүхдийн хэсгийн багшаар дуудагдаж, онцгойлон адислагдсан эрэгтэй, эмэгтэй хүнд тойргийн Хүүхдийн хэсгийн хүүхдүүдэд заах эрх мэдэл өгөгддөг.

Дуудагдаж, онцгойлон адислагдсан бүх хүн дор бүрдээ өөр өөрийн тэргүүлэн удирддаг хүнийхээ удирдлага доор үйлчилнэ (3.4.1.2-ыг үзнэ үү).

Сүмийн гишүүд дуудлагаасаа чөлөөлөгдөхдөө дуудлагатай нь холбоотой эрх мэдлийг цаашид эдлэхээ больдог.

Сүмийн дуудлагад гишүүдийг онцгойлон адислах тухай дэлгэрэнгүй мэдээллийг 18.11-ээс үзнэ үү.

3.4.3.2

Үүрэг даалгавар

Сүмийн тэргүүлэх удирдагчид үүрэг даалгавраар дамжуулан эрх мэдлийг итгэмжлэн өгдөг. Эдгээр үүрэг даалгаврыг эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүлээн авахдаа Бурханаас үйлдэх эрх мэдэл хүлээн авдаг. Жишээлбэл:

  • Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга нь бүсүүдэд үйлчлэх, гадасны чуулганыг тэргүүлэн удирдахаар томилогдсон Далын гишүүдэд ийн үйлдэх эрх мэдлийг итгэмжлэн өгдөг.

  • Номлолын ерөнхийлөгч нь бусад номлогчийг удирдаж, сургах үүрэг даалгавартай эрэгтэй, эмэгтэй номлогчдод ийн үйлдэх эрх мэдлийг итгэмжлэн өгдөг.

  • Сүм нь тохинуулагч ах, эгчээр үйлчлэх эрх мэдлийг Сүмийн гишүүдэд итгэмжлэн өгдөг. Бишопын удирдлага доор ахлагчийн чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид тэднийг хуваарилах үед энэ эрх өгөгддөг.

Үүрэг даалгавраар итгэмжлэн өгөгдсөн эрх мэдэл нь тодорхой үүрэгт ажилд, үргэлжлэх хугацаанд хамаарна.

Итгэмжлэн өгөх үүрэг даалгаврын тухай нэмэлт мэдээллийг 4.2.5-аас үзнэ үү.

3.4.4

Санваарын эрх мэдлийг зөв шударгаар ашиглах

Сүмийн удирдагч ба гишүүд хүртээсэн эсвэл итгэмжлэн өгсөн санваарын эрх мэдлийг бусдын амьдралыг адислахын тулд ашигладаг.

Энэхүү эрх мэдлийг зөвхөн зөв шударга байдалд ашиглаж чадна (Сургаал ба Гэрээ 121:36-г үзнэ үү). Үүнийг сэнхрүүлэл, тэсвэр тэвчээр, нинжин сэтгэл, эелдэг дөлгөөн байдал, хайр, найрсаг байдлаар ашиглана (Сургаал ба Гэрээ 121:41–42-ыг үзнэ үү). Удирдагчид эв нэгдлийн сүнсээр бусадтай зөвлөлдөж, илчлэлтээр дамжуулан Их Эзэний тааллыг эрэлхийлнэ (Сургаал ба Гэрээ 41:2-ыг үзнэ үү). Бусадтай зөвлөлдөх тухай нэмэлт мэдээллийг 4.4.3-аас үзнэ үү.

Санваарын эрх мэдлийг ашигладаг хүмүүс өөрсдийн хүсэл бодлыг бусдад тулгадаггүй. Мөн тэд үүнийг аминч зорилгоор ашигладаггүй. Хэрэв хүн энэ эрх мэдлийг зөв шударга бус байдлаар ашиглах юм бол “тэнгэр өөрийгөө татан авдаг [мөн] Их Эзэний Сүнс гашууддаг” (Сургаал ба Гэрээ 121:37).

Зарим Сүмийн дуудлагад тэргүүлэн удирдах үүрэг хариуцлага ордог. Сүмд тэргүүлэн удирдах тухай мэдээллийг 4.2.4-өөс үзнэ үү.

Хоёр эрэгтэйтэй ярилцаж буй эмэгтэй

3.5

Санваарын хүч

Санваарын хүч бол Бурхан үр хүүхдүүдээ адислахад ашигладаг Өөрийнх нь хүч юм. Бурханы санваарын хүч Сүмийн эмэгтэй, эрэгтэй бүх гишүүн Түүнтэй байгуулсан гэрээгээ сахих үед тэдэнд хүрдэг. Гишүүд санваарын ёслолыг хүлээн авахдаа эдгээр гэрээг байгуулдаг. (Сургаал ба Гэрээ 84:19–20-ийг үзнэ үү.)

Гишүүд санваарын хүчийн дараах адислалуудыг хүртэх боломжтой. Үүнд:

  • Амьдралыг нь чиглүүлэх удирдамж чиглүүлэг

  • Томилогдсон, онцгойлон адислагдсан эсвэл хүлээн авсан үүрэгт ажлаа хэрхэн биелүүлэхээ олж мэдэх илчлэлт

  • Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёртой илүү адил болоход хэрэгтэй тусламж ба хүч чадал

3.5.1

Гэрээ

Гэрээ бол Бурхан, Түүний хүүхдүүд хоорондын ариун нандин амлалт юм. Бурхан гэрээний нөхцөлийг өгдөг бөгөөд Түүний хүүхдүүд эдгээр нөхцөлийг дагахаа хүлээн зөвшөөрдөг. Бурхан Өөрийн хүүхдүүдийг гэрээгээ сахисан тохиолдолд адислахаа амладаг.

Гишүүд аврал, өргөмжлөлийн ёслолыг хүлээн авахдаа Бурхантай гэрээ байгуулдаг (18.1-ийг үзнэ үү). Эцсээ хүртэл тэвчин гэрээгээ сахисан бүх хүн мөнх амьдралыг хүлээн авна (2 Нифай 31:17–20; Сургаал ба Гэрээ 14:7-г үзнэ үү).

Эцэг эх, Сүмийн удирдагчид, мөн бусад хүн хувь хүмүүсийг сайн мэдээний ёслолуудыг хүлээн авахаар гэрээ байгуулахаар бэлтгэхэд нь тусална. Тухайн хүнийг байгуулах гэж буй гэрээгээ ойлгосон байхад тэд анхаарна. Гэрээ байгуулсных нь дараа үүнийгээ сахихад түүнд тусална. (Moзая 18:8–11, 23–26-г үзнэ үү.)

3.5.2

Ёслол

Ёслол нь санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг ариун нандин зан үйл юм. Ёслолууд үргэлж Есүс Христийн сайн мэдээний нэгэн хэсэг байсаар ирсэн (Эхлэл 1:28; Мосе 6:64–65-ыг үзнэ үү).

Олон ёслолын үеэр, хувь хүмүүс Бурхантай гэрээ байгуулдаг. Үүний жишээнд баптисм, ариун ёслол, хишиг, гэрлэлтийн лацдан холбох ёслол гэх зэрэг орно. Патриархын адислал эсвэл өвчтөнийг адислах зэрэг бусад ёслолоор хувь хүмүүс гэрээ байгуулдаггүй, харин гэрээгээ сахихад нь туслах удирдамж чиглүүлэг, хүч чадлыг хүлээн авдаг.

Ёслолууд нь хувь хүмүүсийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр луу чиглүүлдэг бэлгэдэл бүхий утга агуулгатай байдаг. Гэрээнүүдийг багтаадаг ёслолуудын хувьд бэлгэдэл нь өгсөн амлалт, итгэлтэй байснаар хүлээн авах адислалуудаа ойлгоход хувь хүмүүст тусалдаг.

Ёслол бүр нь хувь хүнд арвин баялаг сүнслэг адислалыг хүлээн авах боломж олгодог. Их Эзэн “[санваарын] ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг” (Сургаал ба Гэрээ 84:20) хэмээн илчилсэн. Аврал, өргөмжлөлийн ёслолууд мөнх амьдралд нэн чухал. Дэлгэрэнгүй мэдээллийг 18.1-ээс үзнэ үү.

Амьд хүмүүс аврал, өргөмжлөлийн ёслолуудыг өөрсдөө хүлээн авдаг. Боломжтой газруудад тэд ариун сүмд эргэн очиж, эдгээр ёслолыг нас барсан хүмүүсийг төлөөлөн гүйцэтгэнэ. Нас барагсдын өмнөөс ёслолууд гүйцэтгэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг 28-р бүлгээс үзнэ үү.

Санваарын адислал авч буй эмэгтэй

3.6

Санваар ба гэр орон

Гэрээгээ сахидаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хүүхдүүд гээд Сүмийн бүх гишүүн гэр орондоо өөрсдийгөө болон гэр бүлийнхнийгээ хүчирхэгжүүлэхэд тусалдаг Бурханы санваарын хүчээр адислагддаг (3.5-ыг үзнэ үү). Энэ хүч нь гишүүдэд Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг хувийн болон гэр бүлийнхээ амьдралд гүйцэтгэхэд тусална (2.2-ыг үзнэ үү).

Мелкизедек санваартай эрэгтэйчүүд гэр бүлийнхээ гишүүдэд удирдамж чиглүүлэг өгч, эдгээн, тайтгаруулахаар санваарын адислалуудыг өгч болно. Мөн хэрэгтэй үед Сүмийн гишүүд эдгээр адислалыг хамаатан садан, тохинуулагч ах нар, орон нутгийн Сүмийн удирдагчдаасаа авахаар эрэлхийлж болно. Санваарын адислалуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 18.13, 18.14-өөс үзнэ үү.