Гарын авлагууд болон дуудлагууд
31. Ярилцлага ба зөвлөгөө


“31. Ярилцлага ба зөвлөгөө,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020).

“31. Ярилцлага ба зөвлөгөө,” Ерөнхий гарын авлага.

31.

Ярилцлага ба зөвлөгөө

31.1

Ярилцлага

Гадасны ерөнхийлөгч, бишоп бүр “Израилд шүүгч” (Сургаал ба Гэрээ 107:72) юм. Тэр энэ эрх мэдлээр зохистой эсэхийг тодорхойлж, санваарын ярилцлагыг хөтлөн явуулдаг. Тэр эдгээр ярилцлагад Их Эзэнийг төлөөлнө. Иймээс тэрээр гишүүдийг адисалж, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахад тэдэнд туслахыг эрэлхийлэх ёстой.

31.1.1

Зохистой байдлын ярилцлагын ерөнхий заавар

Гадасны ерөнхийлөгч, бишоп, тэрчлэн (эрх мэдэл олгогдсон үед) тэдний зөвлөхүүд энэ хэсэгт тоймлосноор зохистой эсэхийг тодорхойлох ярилцлагыг хөтлөн явуулдаг. Тэд эдгээр ярилцлагын үед Сүнсний удирдамжийг авахын тулд сүнслэг байдлын хувьд өөрсдийгөө бэлдсэн байх ёстой. Тэд мөн ялган таних хүчийг эрэлхийлэх ёстой. Энэ бол үнэнийг, түүнчлэн тухайн гишүүний хэрэгцээг ялган таньж харахад тэдэнд тусалдаг сүнсний бэлэг юм (Сургаал ба Гэрээ 46:27–28-ыг үзнэ үү).

Зохистой эсэхийг тодорхойлохдоо ганцаарчлан ярилцах ёстой. Гэсэн хэдий ч ярилцлагад орж буй хүн өөр нэг насанд хүрсэн хүнийг ярилцлагын үеэр урьж, байлцуулж болно.

Зохистой эсэхийг тодорхойлох ярилцлагын үед анхааралтай сонсох нь чухал. Гадасны болон бишопын зөвлөлийн гишүүн ярилцаж байгаа хүндээ чин сэтгэлээсээ, бүрэн дүүрэн анхаарлаа хандуулах ёстой. Ярилцлага хийж байгаа хүн тавьсан асуултуудыг нь гишүүн ойлгож байгаа эсэхэд анхаарна. Тэрээр ярилцлагад хүндэтгэлтэй хандаж, яаруу тэвдүү хийхгүйн тулд хангалттай цаг гаргана.

31.1.2

Санваарын ярилцлагын ерөнхий заавар

Гадасны ерөнхийлөгч, бишоп болон тэдний зөвлөхүүд өөрсдийн хариуцдаг санваарын удирдагчидтай тогтмол ярилцана. Эдгээр ярилцлагын нэг зорилго бол удирдагчдаас ажил үүргийнх нь талаарх тайланг авах явдал юм. Өөр нэг зорилго бол удирдагчдад өмнөө зорилго тавьж, тавьсан зорилгодоо хүрэх төлөвлөгөө гаргахад туслах явдал мөн. Тохиромжтой үед эдгээр ярилцлагын үеэр төсөв, зарлагыг бас хянан хэлэлцдэг.

Санваарын ярилцлага хийж байгаа хүн удирдагчдыг дуудлагаа гүйцэтгэхийн тулд гаргаж байгаа хүчин чармайлтад нь зааварлаж, урамшуулан дэмжиж, сүнслэгээр өдөөх ёстой. Тэр бас удирдагчдад талархаж, хувийн болон гэр бүлийнх нь амьдралд тэднийг хүчирхэгжүүлэх ёстой.

31.1.3

Гадасны ерөнхийлөгчийн хөтлөн явуулах ярилцлага

Гадасны ерөнхийлөгч гадасны гишүүдтэй дараах ярилцлагуудыг хийдэг. Үүнд:

  • Хувийн хишиг хүртэх, ариун сүмд гэрлэх эсвэл лацдан холбогдох гэж байгаа гишүүдэд ариун сүмийн эрхийн бичиг олгох ярилцлага (26.3.1-ийг үзнэ үү)Хувийн хишиг хүртэж байгаа эсвэл гэрлэж байгаа эсвэл ариун сүмд лацдан холбуулсан хүмүүст зориулагдсан

  • Бүрэн цагийн номлогчийн үйлчлэлд тодорхойлох ярилцлага (24.4.2-ыг үзнэ үү)

  • Бүрэн цагийн номлогчдыг гэртээ буцаж ирснийх нь дараа үйлчлэлээс нь чөлөөлөх ярилцлага (24.8.2-ыг үзнэ үү)

  • Эрх олгогдсон үед гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, патриарх, бишопоор үйлчлэх дуудлагын ярилцлага

  • Ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, гадасны бичиг хэргийн ажилтнаар үйлчлэх дуудлагын ярилцлага

  • Гишүүдэд ноцтой нүглээ наманчлахад нь туслах ярилцлага зэрэг юм (32-р бүлгийг үзнэ үү).

Гадасны ерөнхийлөгч бишопыг дэмжиж, удирдамж заавар өгөхөөр тогтмол ярилцана. Тэрээр гадасны патриархтай наад тал нь жилд хоёр удаа ярилцлага хийдэг (6.6.4-ийг үзнэ үү).

31.1.4

Гадасны ерөнхийлөгчийн эсвэл томилогдсон зөвлөхүүдийн хөтлөн явуулах ярилцлага

Гадасны ерөнхийлөгч эсвэл томилогдсон зөвлөх гадасны гишүүдтэй дараах ярилцлагуудыг хийдэг. Доорх зорилгуудын алинаар нь ч ярилцахын өмнө гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн тухайн хүн бишоп эсвэл бишопын зөвлөлийн томилогдсон гишүүнтэй ярилцаж, зохистой гэдэг нь тогтоогдсон байх ёстойг анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • Ариун сүмийн эрхийн бичгийг шинэчлэх ярилцлага (26.3.1-ийг үзнэ үү)

  • Ахлагч, дээд пристийн албан тушаалд томилох ярилцлага (38.2.5.1-ийг үзнэ үү)

  • 30.8-д харуулсны дагуу Сүмийн албан тушаалуудад үйлчлэх дуудлагын ярилцлага

  • Сүмийн их сургууль, коллежид элсэн суралцахыг дэмжсэн зөвшөөрөл олгох ярилцлага (15.3-ыг үзнэ үү)

  • Тасралтгүй Боловсролын Сангийн хөтөлбөрт хамрагдахыг дэмжсэн зөвшөөрөл өгөх ярилцлага (зээлийн хөтөлбөр зөвшөөрөгдсөн газарт) (22.13-ыг үзнэ үү) гэх зэрэг болно.

Хэрэв гадасны ерөнхийлөгчийн зөвлөх ярилцлагын үеэр наманчлах шаардлагатай гэм нүгэл зэрэг ноцтой асуудлыг олж тогтоовол уг гишүүний талаар бишопт нэн даруй мэдэгдэнэ.

31.1.5

Бишопын хөтлөн явуулах ярилцлага

Бишоп тойргийн гишүүдтэй дараах ярилцлагуудыг хийнэ. Үүнд:

  • Хувийн хишиг хүртэх, ариун сүмд гэрлэх эсвэл лацдан холбогдох гэж байгаа гишүүдэд ариун сүмийн эрхийн бичиг олгох ярилцлага (26.3.1-ийг үзнэ үү)Хувийн хишиг хүртэж байгаа эсвэл гэрлэж байгаа эсвэл ариун сүмд лацдан холбуулсан хүмүүст зориулагдсан

  • Шинэ хөрвөгчдөд олгодог хязгаартай ашиглах эрхийн бичиг олгох ярилцлага (26.4.2-ыг үзнэ үү)

  • Номлогчоор үйлчлэхийг горилогчийг тодорхойлох ярилцлага (24.4.2-ыг үзнэ үү)

  • Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлөөс эрх мэдэл олгосон үед ахлагч, дээд пристийн албанд томилох ярилцлага (38.2.5.1-ийг үзнэ үү)

  • Жил тутмын аравны нэгийн тайлан хэлэлцүүлэг хийх ярилцлага (34.4.1.5-ыг үзнэ үү)

  • Тойргийн байгууллагын ерөнхийлөгчөөр үйлчлэх дуудлагын ярилцлага

  • Пристийн албанд томилох ярилцлага (38.2.5.2-ыг үзнэ үү)

  • Эрэгтэй хөрвөгчдийг Аароны санваарын албанд томилох ярилцлага (38.2.5.2-ыг үзнэ үү)

  • Пристийн чуулгын туслахаар үйлчлэх дуудлагын ярилцлага

  • Өсвөр үеийнхэнтэй ярилцах ярилцлага (31.1.7-г үзнэ үү)

  • Мацгийн тусламж олгох ярилцлага (22.2.2.-ыг үзнэ үү)

  • Сүмийн их сургууль, коллежид элсэх, үргэлжлүүлэн суралцахыг дэмжсэн зөвшөөрөл олгох ярилцлага (15.3-ыг үзнэ үү)

  • Гишүүдэд ноцтой нүглээ наманчлахад туслах ярилцлага гэх зэрэг юм (32-р бүлэгийг үзнэ үү).

Бишоп бас ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчтэй тус тусад нь болон хамтад нь тогтмол уулзана (8.3.1 болон 9.3.1-ийг үзнэ үү).

31.1.6

Бишопын эсвэл томилогдсон зөвлөхүүдийн хөтлөн явуулах ярилцлага

Бишоп эсвэл бишопын томилсон зөвлөх тойргийн гишүүдтэй дараах ярилцлагуудыг хийнэ. Үүнд: Зөвхөн бишоп л ариун явдлын хууль, үүнтэй холбоотой асуудлууд болон өөр бусад ноцтой гэм нүглийн талаар хөндөж ярина. Хэрэв зөвлөх нь наманчлал шаардах гэм нүгэл зэрэг ноцтой асуудалтай тулгарвал тухайн гишүүний талаар бишопт даруй мэдэгдэнэ.

  • Ариун сүмийн эрхийн бичгийг шинэчлэх болон хязгаартай ашиглах эрхийн бичиг авах ярилцлага (26.3, 26.4, 26.5-ыг үзнэ үү)

  • 30.8.1 дээрх Сүмийн албан тушаалуудад үйлчлэх дуудлагын ярилцлага

  • Сүмд бүртгэлтэй эсвэл бүртгэлгүй боловч эцэг, эх хоёрын нэг нь эсвэл асран хамгаалагч нь Сүмийн гишүүн, 8 настай хүүхдүүдийн баптисм, гишүүний баталгааны ярилцлага (38.2.3.3-ыг үзнэ үү)

  • Диконы чуулгын ерөнхийлөгч, зөвлөх, нарийн бичиг; багшийн чуулгын ерөнхийлөгч, зөвлөх, нарийн бичиг; пристийн чуулгын нарийн бичиг; Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч, зөвлөх, нарийн бичгээр үйлчлэх дуудлагын ярилцлага. Гэхдээ диконы болон багшийн чуулгын ерөнхийлөгчдийг зөвхөн бишоп онцгойлон адисална.

  • 11 настай хүүхдүүдийг Хүүхдийн хэсгээс дэвшихэд ярилцах ярилцлага. Энэ ярилцлагаар бишоп эсвэл томилогдсон зөвлөх залуу эрэгтэйчүүдийг Аароны санваар хүлээн авах зохистой мөн бэлэн эсэхийг тодорхойлохын тулд ярилцана. Тэрээр Залуу эмэгтэйчүүдийн хөтөлбөрт хамрагдахаар бэлдэж байгаа залуу эмэгтэйчүүдтэй ярилцдаг.

  • Диконы эсвэл багшийн албан тушаалд томилох ярилцлага (38.2.5.2-ыг үзнэ үү)

  • Өсвөр үеийнхэн, ганц бие залуучуудтай ярилцах ярилцлага (31.1.7 ба 31.1.8-ыг үзнэ үү)

  • Патриархын адислалын ярилцлага (38.2.12-ыг үзнэ үү)

  • Өөр тойрогт санваарын ёслолын дуу хоолой болохыг хүсэж байгаа боловч ариун сүмийн эрхийн бичиггүй санваартан ах нартай ярилцах ярилцлага Хэрэв тухайн хүн зохистой бол бишопын зөвлөлийн гишүүн Ёслол гүйцэтгэх зөвшөөрлийн маягтыг бөглөж, гарын үсэг зурна.

  • Цэргийн албанд элсэж буй гишүүдтэй ярилцах ярилцлага (38.9.2-ыг үзнэ үү)

  • Тасралтгүй Боловсролын Сангийн хөтөлбөрт хамрагдахыг дэмжсэн зөвшөөрөл өгөх ярилцлага (зээлийн хөтөлбөр зөвшөөрөгдсөн газарт) (22.13-ыг үзнэ үү) гэх зэрэг болно.

31.1.7

Өсвөр үеийнхэнтэй ярилцах ярилцлагын удирдамж

31.1.7.1

Эцэг эхийн үүрэг

Эцэг эхчүүд хүүхдүүддээ Есүс Христийн сайн мэдээг заах үндсэн үүрэгтэй. Тэд хүүхдүүддээ сүнслэг байдлын хувьд өсөж хөгжих, ариун нандин гэрээ байгуулахад бэлдэж, гэрээгээ сахихад нь тусалдаг. Эцэг эхчүүд түүнчлэн зохистой байх талаар хүүхдүүддээ зөвлөж, наманчлан, сайжрахад нь тусалдаг. Бишоп ба Сүмийн бусад удирдагч эцэг эхчүүдэд энэ тал дээр гаргаж буй хүчин чармайлтад нь тусламж дэмжлэг үзүүлдэг.

31.1.7.2

Ярилцлагын талаарх бишопын харилцаа

Залуу эмэгтэйг Залуу эмэгтэйчүүдийн байгууллагад ороход мөн залуу эрэгтэйг Аароны санваар хүлээн авахад бэлтгэх үед бишоп ярилцлагын талаарх дараах мэдээллийг өсвөр үеийнхэн, тэдний эцэг эхтэй хуваалцдаг. Тэрээр жил тутмын ариун сүмд орох, санваар хүлээн авахад бэлдэх зэрэг цуглааны нэгэн хэсэг болгон эсвэл өөр шаардлагатай үед үүнийг хийх боломжтой.

  • Эцэг эхчүүд хүүхдүүдээ харж халамжлах, тэдэнд зааж сургах гол үүрэгтэй.

  • Бишоп эсвэл аль нэг зөвлөх нь залуу эрэгтэй, залуу эмэгтэйтэй 31.1.7.3-т тоймлосон шалтгаанаар жилд доод тал нь хоёр удаа ярилцана. Бишопын зөвлөлийн гишүүн өсвөр үеийнхний асуултад хариулах, дэмжлэг үзүүлэх, үүрэг даалгавар өгөх зэрэг зорилгоор уулзаж болно.

  • Өсвөр үеийнхнийг сүнслэг байдлын хувьд бэлдэхэд нь туслахын тулд ариун сүмийн эрхийн бичиг, санваарын томилгоо, номлолын дуудлага гэх зэрэг ариун нандин ажлыг гүйцэтгэхэд зориулан ярилцах шаардлагатай. Удирдагчид өсвөр үеийнхнийг ийм ярилцлагад бэлдэхэд нь туслахдаа эцэг эхчүүдтэй хамтран ажилладаг.

  • Эцэг эхчүүд сүнслэг удирдамж авах эсвэл наманчлалтай холбоотой туслалцаа хэрэгтэй үедээ бишоптойгоо уулзахыг хүүхдүүдээ урамшуулан дэмждэг.

  • Хэрэв өсвөр үеийнхэн хүсвэл, бишоп эсвэл түүний зөвлөхүүдийн нэгтэй уулзахдаа эцэг эхээ эсвэл өөр насанд хүрсэн хүнийг урьж хамт байж болно.

31.1.7.3

Ярилцлагын зорилго

Бишоп, түүний зөвлөхүүд өсвөр үеийнхнийг удирдах, урамшуулан дэмжих, тэдэнд заах ариун үүрэг хариуцлагатай. Ганцаарчилсан ярилцлага нь үүнийг үр дүнтэй гүйцэтгэх нэг чухал арга зам юм. Ийм ярилцлагын үеэр бишоп ба түүний зөвлөхүүд өсвөр үеийнхэнд Аврагчийн шавь болох талаар заадаг. Тэд өсвөр үеийнхэнд Аврагчийг болон Түүний сургаалыг хэр сайн дагаж байгаагаа эргэцүүлэн бодоход тусалдаг. Ярилцлагууд нь сүнслэг байдлын хувьд урам зориг өгөх ёстой.

Ярилцлагууд нь Бурханы хүүхдийн хувьд хязгааргүй чадавхтай болохыг нь өсвөр үеийнхэнд бататгаж өгөх боломж олгодог. Мөн ярилцлагууд өсвөр үеийнхнийг Тэнгэрлэг Эцэгт илүү ойртон, амьдралаа бүхий л талаар сайжруулах төлөвлөгөө гаргахад урамшуулах боломж олгодог.

Бишопууд Аврагчийн төлөөлөгчийн хувьд тэнгэрлэгээр томилогдсон Израилын шүүгчид юм. Энэ үүргийнхээ хүрээнд тэд ярилцаж, зохистой эсэхийг тодорхойлж, гэм нүглээ наманчлахад нь өсвөр үеийнхэнд тусалдаг.

Ярилцлага явуулж буй хүмүүс хайраа илэрхийлж, анхааралтай сонсох ёстой. Тэд өөрсдөө аль болох бага ярьж, өсвөр үеийнхнийг ярихад урамшуулан дэмжих ёстой.

31.1.7.4

Ярилцлагын давтамж

Бишоп тойргийнхоо залуу эрэгтэй, залуу эмэгтэй бүртэй жилд дор хаяж ?нэг удаа ярилцана. Боломжтой бол тэрээр 16, 17 настай залуу эрэгтэй, залуу эмэгтэй бүртэй жилд хоёр удаа ярилцана. Боломжгүй бол тэрээр зарим ярилцлагыг зөвлөхдөө даалгана.

Бишоптой жил тутмын ярилцлагад орсны дараа өсвөр үеийнхний хамрагддаг Аароны санваарын чуулга эсвэл Залуу эмэгтэйчүүдийн ангид хяналт тавьдаг бишопын зөвлөлийн зөвлөх тухайн жилийн туршид өөр цагт 11–15 насны залуу эрэгтэй, залуу эмэгтэй бүртэй ярилцана.

Бишоп сүнсний өдөөлт, мэргэн ухаанаар ярилцлагын давтамжийг зохицуулж болно. Зарим өсвөр үеийнхэнд илүү их анхаарал тавих хэрэгтэй байхад бусадтай нь дээр санал болгосноос арай цөөн удаа ярилцаж болно. Гэхдээ бүх хүнтэй жилд ядаж нэг удаа ярилцаж байх ёстой. Тойргийн гишүүдийн тоо, газар нутгийн байршил, хуваарь, бусад нөхцөл байдал нь ярилцлагын давтамжид нөлөөлж болно.

31.1.7.5

Ярилцах асуудлууд

Ярилцлагын гол зүйлсэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн үйл хэрэг, Цагаатгал, сэргээгдсэн сайн мэдээний талаарх тухайн өсвөр насны хүүхдийн гэрчлэл хэрхэн өссөн зэрэг нь орно. Бишоп, түүний зөвлөхүүд баптисмын гэрээгээ сахих нь хэчнээн чухал болохыг онцолно. Тэд өсвөр үеийнхэнд өдөр бүр зөв шударга амьдарснаар ариун сүмийн гэрээнүүдийг байгуулж, түүнийгээ сахихад бэлдэхийг заадаг. Бишопын зөвлөлийн гишүүд өсвөр үеийнхнийг ганцаараа болон гэр бүлийнхэнтэйгээ тогтмол залбирч, судраас суралцахад урамшуулан дэмждэг. Мөн тэд өсвөр үеийнхнийг эцэг эхтэйгээ илүү ойр дотно байхад урамшуулдаг.

Бишоп, түүний зөвлөхүүд зарлигуудыг дуулгавартай дагах талаар ярилцахдаа ариун сүмийн хязгаартай ашиглах эрхийн бичгийн ярилцлагын асуулт, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дахь жишиг, тайлбаруудыг зохих ёсоор ашигладаг. Удирдагчид ярилцлагаа өсвөр үеийнхний ойлгоц, асуултад тохируулна. Тэд ёс суртахууны хувьд цэвэр ариун байх талаарх ярилцлага нь сониуч занг нь хөдөлгөж, туршиж үзэх хүсэл сонирхлыг нь өдөөхгүй байхад анхаарах ёстой.

Бишоп, түүний зөвлөхүүд доор жагсаан бичсэн сэдвүүдийг мөн хэлэлцэж болно.

Санваарын томилгоо. Тэд залуу эрэгтэйчүүдтэй Аароны санваарыг атгаснаас ирдэг адислал, хүлээн авдаг үүргүүдийн талаар ярилцдаг (Сургаал ба Гэрээ 20:46–60; 84:31–48; уг сэдэвтэй холбоотой сүүлийн Ерөнхий чуулганы үг мөн 10.1.1, 10.1.2-ыг үзнэ үү).

Семинар. Тэд семинарын насны өсвөр үеийнхэнтэй ярилцахдаа семинарт тогтмол хамрагдахыг урамшуулан дэмжиж, байнга оролцсоноор ирдэг адислалуудыг онцолно.

Номлогчоор үйлчлэх. Тэд залуу эрэгтэйчүүдийг бүрэн цагийн номлолд үйлчлэхэд нь бэлдэхэд онцгой анхаарна (24.4.2-ыг үзнэ үү). Залуу эрэгтэйчүүдийг номлолд үйлчлэхийг урамшуулан дэмждэг бол залуу эмэгтэйчүүдийг өөрөө хүсвэл номлогчоор үйлчлэхэд тодорхойлж болно (24.0-ийг үзнэ үү). Тэд зохистой байх, сайн мэдээнээс суралцах, гэрчлэлээ хөгжүүлэх зэрэг замаар сүнслэг байдлын хувьд бэлдэх талаар ярилцдаг. Тэд мөн бие бялдар, оюун ухаан, сэтгэл санаа, санхүүгийн хувьд бэлтгэлтэй байх тухай ярилцана.

Бүрэн цагийн номлогчоор үйлчлэхийг горилогчид зориулсан ярилцлагын жишиг асуултууд ChurchofJesusChrist.org/mss дээр байгаа. Бишоп номлолын ярилцлагаас өмнө эдгээр асуултын талаар номлолд үйлчлэхийг горилогчтой мөн эцэг эхтэй нь ярилцдаг.

Залуу эрэгтэйчүүд бүрэн цагийн номлогчоор үйлчлэхээс хүндэтгэх шалтгаанаар чөлөөлөгдөх нөхцөл байдалд бишопын зөвлөлийн гишүүд болгоомжтой хандах хэрэгтэй (24.3.3-ыг үзнэ үү). Шаардлагатай бол бишоп залуу эрэгтэй, эмэгтэйчүүдтэй Сүмийн үйлчлэлийн номлол хийх боломжийн талаар ярилцана (24.2.2-ыг үзнэ үү).

Ариун сүм. Тэд ариун сүмийн гэрээ, гэрлэлтээс ирдэг адислалуудыг, түүнчлэн эдгээр адислалыг хүлээн авахад тавигддаг шаардлагуудыг өсвөр үеийнхэн ойлгосон байхад анхаарна. Ариун сүмийн эрхийн бичиг шинээр олгох эсвэл сунгахын тулд тэд хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичгийн ярилцлагын жишиг асуултуудыг тавина. Шаардлагатай бол тэд өсвөр үеийнхний нас, нөхцөл байдалд тохируулан асуултуудыг өөрчилнө.

31.1.8

Ганц бие залуучуудтай ярилцлага хийх

Бишоп эсвэл томилогдсон зөвлөх ганц бие залуу бүртэй ярилцана. Ихэвчлэн жилд нэг удаа ярилцана. Гэвч бишопын зөвлөл сүнсний өдөөлт, мэргэн ухаанаар эдгээр ярилцлагын давтамжийг өөрчилж болно.

31.1.9

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулан, Сүмд дахин нэгдэх гэж байгаа хүмүүстэй ярилцлага хийх

Сүмийн гишүүнчлэлээс нэрээ хасуулсан эсвэл гишүүнчлэлээс татгалзсан боловч баптисм хүртэж, гишүүнээр батлуулах замаар дахин элсэхийг хүссэн хүмүүстэй ярилцах ярилцлагын зааврыг 32.16.2-оос үзнэ үү.

31.2

Зөвлөгөө өгөх

31.2.1

Ерөнхий удирдамж

Гадасны ерөнхийлөгч, бишопууд нь сүнслэг удирдамж эрэлхийлж, хувийн хүнд асуудалтай тулгарсан, сургаалын талаар асуух зүйл байгаа эсвэл ноцтой гэм нүгэл үйлдсэн гадас, тойргийн гишүүдэд зөвлөгөө өгнө. Тухайн гишүүн ноцтой гэм нүгэл үйлдээгүй л бол гадасны ерөнхийлөгч, бишопууд дээрх зөвлөгөө өгөх ярилцлагуудын заримыг зөвлөхүүддээ даалгаж болно. Зарим гэр бүл санхүүгийн хүндрэлтэй тулгарах гэх мэт тохиолдолд бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч нь тусалж чадах Мелкизедек санваартнуудад зөвлөгөө өгөх үүргийг даалгаж болно. Бишоп, гадасны ерөнхийлөгчөөс гишүүнд зөвлөгөө өгөх үүргийг даалгасан хүн үүрэг өгсөн удирдагчдаа тогтмол тайлагнана. Тэр хүн мөн мэдээллийн нууцыг хадгалах ёстой.

Сүмийн гишүүд шийдэл, хариултаа өөрсдөө олохын тулд чин сэтгэлээсээ залбирч, судраас суралцах маягаар хичээл зүтгэл гаргах ёстой. Хэрэв үүний дараа тэдэнд тусламж хэрэгтэй бол эхлээд бишоптойгоо зөвлөлдөх нь зүйтэй. Шаардлагатай бол бишоп тэднийг гадасны ерөнхийлөгч рүү явуулж болно. Орон нутгийн удирдагчид гишүүдэд хувийн асуудлаар Сүмийн удирдах газар луу утасдах, очиж уулзах эсвэл захидал бичихгүй байхыг сануулах ёстой (38.8.26-г үзнэ үү).

Гадасны ерөнхийлөгч болон бишопт сүнслэг ба материаллаг байдлын хувьд тусламж хэрэгтэй гишүүдийн зөвлөгч нь байхад шаардлагатай ялган таних чадвар, илэрхийлэлтийг хүлээн авах эрх олгогдсон байдаг. Тэд аль нэг гишүүнд зөвлөгөө өгөхийн өмнө ялган таних хүч, Сүнсний удирдамжийг эрэлхийлэх замаар сүнслэг байдлын хувьд өөрсдийгөө бэлдэх ёстой. Энэ удирдамж нь ихэвчлэн сэтгэгдэл, бодол санаа эсвэл мэдрэмж төрөх маягаар орж ирдэг. Сүнс нь судар, хожмын үеийн бошиглогчдын сургаалыг сануулах замаар удирдагчдад нөлөөлдөг.

Удирдагчид зөвлөгөө өгөхдөө судар, хожмын үеийн бошиглогчдын үгсийг байнга эш татах ёстой. Эдгээр сүнслэгээр өдөөгдсөн үгсийг соргог мэдрэмж, энэрэл хайр, халуун дулаан сэтгэлээр хэрэглэх ёстой. Эдгээр үгийг албадан шахах, айдас төрүүлэхийн тулд биш, харин сүнслэгээр өдөөж, урам зориг өгөхийн тулд хэрэглэвэл зохино.

Удирдагчид ярилцах тохиромжтой цагийг товлох ёстой. Удирдагчид маш завгүй байдаг тул хэдхэн минут л зарцуулах боломжтой юм байна гэсэн сэтгэгдлийг гишүүдэд төрүүлэх ёсгүй. Удирдагчид ярилцлага эхлэхэд гишүүдийг биеэ барихгүй байхад нь туслах ёстой.

Хэрэв гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп гишүүнд зөвлөгөө өгөхөд бэлэн биш байгаагаа мэдэрвэл, ярилцлагын цагийг дахин товлох хэрэгтэй. Цаг товлох хооронд ?тэрээр судлах, залбирах, тэрчлэн шаардлагатай бол мацаг барих замаар удирдамж эрэлхийлдэг. Тэр мөн санваарын удирдагчтайгаа зөвлөлдөж болно.

31.2.2

Сүнслэг байдлын хувьд бие даах

Удирдагчид сүнслэг байдлын хувьд бие даахад гишүүдийг урамшуулан дэмждэг. Удирдагчид зөвлөгөө өгч байгаа хүмүүсийнхээ өмнөөс шийдвэр гаргахаас зайлсхийх ёстой. Оронд нь тэд Их Эзэний удирдамжаар өөрсдөө шийдвэрээ гаргахад нь туслах хэрэгтэй.

Гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп нь зөвлөгөө өгч байгаа хүмүүстээ шийдлийг нь тэр даруй гаргаж өгөхөөс зайлсхийвэл зохино. Тэрээр тэдэнд өөрсдийнхөө асуудал, асуултуудад сайн мэдээний сургаал эсвэл авралын төлөвлөгөөний агуулгын хүрээнд дүн шинжилгээ хийж, бие даан шийдвэр гаргахад нь тусалдаг. Чухамдаа өөрсдөө судруудаас шийдэл, хүч чадлыг хэрхэн олохыг тэрээр гишүүдэд заадаг.

31.2.3

Асуулт тавьж, анхааралтай сонсох

Гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп нь зөвлөгөө өгөхдөө тухайн гишүүний нөхцөл байдлыг ойлгоход туслах асуултуудыг тавьдаг. Тэрээр шаардлагагүй хэт олон асуулт тавьж байцаахаас зайлсхийнэ. Асуултууд нь тийм эсвэл үгүй гэсэн хариулт өгөх биш, харин мэдрэмж, бодол санаагаа илэрхийлэх боломж олгохоор байвал зохино. Гишүүд голчлон ярих ёстой.

Гишүүдийг ярьж байхад гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп чин сэтгэлээсээ бүрэн анхаарал тавьж сонсоно. Сонсох нь өөртөө итгэх итгэл, харилцан итгэлцэл төрүүлэхэд туйлын чухал. Ихэвчлэн зовлон бэрхшээл, асуудал дээрээ ажиллаж байхад нь хүмүүст үгийг нь сонсох итгэлтэй хүн хэрэгтэй байдаг.

31.2.4

Наманчлах ба уруу таталтыг эсэргүүцэх

Хэрэв гишүүн ноцтой гэм нүгэл үйлдсэн бол гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп нь наманчлахад нь хайраар, хатуу байр сууринаас хандаж тусална. Тэрээр наманчлахад Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгох, гэмшсэн зүрх, харууссан сэтгэлтэй байх, нүглээ хүлээн зөвшөөрөх, орхих, өршөөл эрэлхийлэх, учруулсан хохирлыг барагдуулах, зарлигуудыг тууштай сахина гэдгээ харуулах зэрэг нь ордог тухай заадаг. Шаардлагатай бол тэрээр Сүмийн гишүүнчлэлийн зарим эрхийг хязгаарлаж болно. Тэрээр Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай байж болох нөхцөл байдал, үүнийг хуралдуулах журмыг мэддэг байх ёстой (32-р бүлгийг үзнэ үү).

Удирдагчид гишүүдэд зөвлөгөө өгөхдөө уруу таталтыг сөрөн зогсоход туслах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад нь тусалдаг. Жишээлбэл, үерхэн дотносож байгаа эсвэл гэрлэлтэд нь хүнд асуудал тулгарсан, тусдаа амьдрах болсон, салсан, ёс суртахууны жижиг асуудалтай тэмцэж байгаа гишүүдэд гэм нүгэл үйлдэхээс сэргийлэхэд туслах зөвлөгөө өгөх нь тэднийг хамгаалж, хүчирхэгжүүлж болно. Тэргүүлэх албан тушаалтнууд гишүүдийг ийм тусламж хүсэхийг нь хүлээж суулгүйгээр тэднийг урьж авчран, зөвлөгөө өгч болно.

31.2.5

Гэрлэх, салах, тусдаа амьдрах

Санваарын албан тушаалтан хэнтэй гэрлэхийг зөвлөх ёсгүй. Бас эхнэр юм уу нөхрөөсөө салахыг зөвлөх ёсгүй. Ийм шийдвэрийг хувь хүн өөрөө гаргах ёстой.

Гэрлэлт салалтаар төгссөн эсвэл эхнэр, нөхөр хоёр тусдаа амьдарч байгаа бол тэд Сүмийн удирдагчдаасаа байнга зөвлөгөө авбал зохино. Салалт, тусдаа амьдарч байгаатай холбоотой ноцтой гэм нүгэл үйлдсэн бол тэд Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар орох хэрэгтэй байж болно (32-р бүлгийг үзнэ үү).

Эхнэр, нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа эсвэл салах гэж байгаа гишүүдэд гэр бүл салалтыг нь хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэх хүртэл болзохгүй байхыг зөвлөнө.

31.2.6

Мэргэжлийн зөвлөгөө ба эмчилгээ

Гишүүдэд бишопын болон түүний томилсон бусад хүний сүнслэгээр өдөөгдсөн тусламжаас гадна боломжтой газарт зохих мэргэжлийн зөвлөгөө авах нь тус болж болох юм. Энэхүү зөвлөгөө буюу эмчилгээ нь гишүүдэд амьдралд тулгарах зовлон бэрхшээлийг ойлгож, эрүүл, зөв арга замаар хариу арга хэмжээ авахад тусалж чадна.

Мэргэжлийн зөвлөхтэй уулзан, сэтгэл санааны хувьд бие даахад туслах ойлголт, ур чадварыг олж авах нь сул доройн илрэл биш юм. Харин энэ нь даруу байдал, хүч чадлын илэрхийлэл байж болно.

Гишүүд энэ төрлөөр мэргэшсэн, зохих зөвшөөрөлтэй, нэр хүндтэй зөвлөхийг няхуур нямбай шалган сонгох хэрэгтэй. Зөвлөхүүд тусламж хүссэн хүний сонгох эрх, үнэт зүйл, итгэл үнэмшлийг хүндэтгэх нь зүйтэй. Эдгээр үнэт зүйлийг мэргэжлийн зөвлөгөө өгөх хүмүүс авч хэлэлцвэл зохино.

Хүмүүсийг дарангуйлах маягаар бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжааг нь өөрчлөх буюу засах гэх мэт аливаа эмчилгээг Сүм хориглодог. (“Ижил хүйсийн хүнд сэтгэл татагдах” ба “Трансжендер хүмүүс гэдгийг үзнэ үү.”)

АНУ, Канадад бишоп болон гадасны ерөнхийлөгч сайн мэдээний зарчимд нийцсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх эх сурвалжуудыг мэдэж авахын тулд Гэр бүлийн үйлчлэлийн албатай холбоо барьж болно. Холбоо барих мэдээллийг доор харуулав.

1-801-240-1711

1-800-453-3860, дотуур утас 2-1711

FamilyServices.ChurchofJesusChrist.org

Бусад бүсийн хувьд удирдагчид бүсийн албаар дамжуулан Гэр бүлийн үйлчлэлийн албаны мэргэжилтэнтэй эсвэл халамжийн болон бие даах чадвар хөгжүүлэх төвийн менежертэй холбогдож болно.

Хэрэв гишүүд мэргэжлийн зөвлөгөө авах үйлчилгээний хөлсийг хувиасаа эсвэл даатгалаасаа гаргаж чадахгүй бол бишоп мацгийн өргөлийн сангаас тусламж үзүүлэх боломжтой. Сүмээс тусламж дэмжлэг үзүүлэхтэй холбоотой зарчмуудыг 22.4-өөс үзнэ үү.

31.2.7

Санваарын адислал

Хэрэв зөвлөгөө авч байгаа гишүүн чин сэтгэлээсээ хүсвэл гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп түүнд санваарын адислал өгч болно.

31.3

Мэдээллийн нууцыг хадгалах

Удирдагчид дуудлагадаа үйлчилж байхдаа болон дараа нь ярилцах, зөвлөгөө өгөх үед ярилцсан асуудлуудын нууцыг хадгалах ёстой. Итгэл эвдэх нь найдвар, гэрчлэл, сүсэг бишрэлийг нурааж болно. Ярилцсан, зөвлөгөө өгсөн хүнээсээ зөвшөөрөл аваагүй бол удирдагч хувь хүний асуудлыг бусадтай, үүний дотор зөвлөхүүд болон эхнэртэйгээ ярилцах ёсгүй.

Хэрэв бишопын болон гадасны ерөнхийлөгчийн зөвлөх тухайн хүний тухай ярилцах зайлшгүй асуудалтай тулгарвал үүнийг гишүүнд тайлбарлаж, гишүүний талаар бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчид тэр даруй мэдэгдэх ёстой.

Хэрэв тухайн хүн шинэ тойрог эсвэл гадсанд шилжвэл, шилжин явж байгаа нэгжийн тэргүүлэх албан тушаалтан гишүүнчлэлийн арга хэмжээ эсвэл шийдвэрлэгдээгүй ноцтой асуудлын талаарх мэдээллийг тухайн хүний шинэ тэргүүлэх албан тушаалтанд өгөх хэрэгтэй байж болно (мөн 32.4.4-ийг үзнэ үү). Ингэх нь хувийн нууцыг хадгалах журмыг зөрчихгүй. Гэхдээ тэргүүлэх албан тушаалтан шийдвэрлэгдсэн гэм нүглийн тухай мэдээллийг хуваалцах ёсгүй.

31.4

Буруу ойлголт өгөхөөс зайлсхийх

Бишопын юм уу гадасны ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл томилогдсон удирдагч хүүхэд, өсвөр үеийнхэнтэй эсвэл эмэгтэй хүнтэй ярилцахдаа эцэг эхийг нь эсвэл насанд хүрсэн өөр хүнийг зэргэлдээх юм уу хүлээлгийн өрөөнд эсвэл үүдний танхимд байхыг хүсэх ёстой. Ярилцлагад орж байгаа хүн хүсвэл, өөр нэг насанд хүрсэн хүнийг ярилцлагын үеэр байлцуулж болно. Удирдагчид буруу ойлголт төрүүлж болох бүх нөхцөл байдлаас зайлсхийвэл зохино.

31.5

Хүчирхийлэлд хариу арга хэмжээ авах

Санваарын удирдагч нь хүнтэй ярилцаж эсвэл зөвлөгөө өгч байхдаа хүүхэд, эхнэр нөхөр эсвэл өөр хүнийг хүчирхийлсэн тохиолдлын талаар мэдээлэл авч болно. Хүчирхийллийн ямар ч хэлбэртэй эвлэрч болохгүй. Хүчирхийллийн тухай мэдээлэх, хариу арга хэмжээ авах тухай удирдамж 38.6.2.1-д бий.

Хүчингийн хэргийн эсвэл өөр бэлгийн халдлагын хохирогч болсон хүнд хэрхэн зөвлөх талаар мэдээллийг 38.6.18.2-оос үзнэ үү.

Хэвлэх