“32. Наманчлал ба Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурал,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).
“32. Наманчлал ба Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурал,” Ерөнхий гарын авлага.
32.
Наманчлал ба Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурал
32.
Оршил
Ихэнх наманчлал хувь хүн, Бурхан, уг хүний нүглээс болж хохирсон хүмүүсийн хооронд явагддаг. Гэсэн хэдий ч, заримдаа бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч наманчлахын тулд гаргаж буй Сүмийн гишүүдийн хичээл зүтгэлд туслах хэрэгтэй.
Бишоп, гадасны ерөнхийлөгч нар гишүүдэд наманчлахад нь туслахдаа хайрлаж, халамжлах сэтгэлээр хандана. Тэд хүмүүсийг өргөн дэмжиж, тэдэнд нүглээс холдож Бурханд хандахад нь тусалсан Аврагчийн үлгэр жишээг дагадаг (Матай 9:10–13; Иохан 8:3–11-ийг үзнэ үү).
Доор тоймлосноор, энэ бүлгийг хэн нэгнийг ноцтой гэм нүглээ наманчлахад нь туслах мөн бусдыг хамгаалах үүднээс ямар ямар чухал шийдвэр гаргаж, шаардагдах арга хэмжээг авах талаар удирдагчдад зааж чиглүүлэх зорилгоор эмхэтгэсэн болно.
-
Хувь хүний наманчлалд туслах Сүмийн үүрэг. 32.1–32.4-р хэсэгт наманчлал, өршөөл уучлалын талаарх Их Эзэний сургаалыг тайлбарладаг. Эдгээр хэсэгт Сүмийн гишүүнчлэлийг хязгаарлах эсвэл хасах гурван зорилгыг тайлбарладаг. Үүнээс гадна, наманчлахад туслах бишоп, гадасны ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагыг тайлбарладаг.
-
Хүмүүсийг наманчлахад ямар нөхцөл байдлаар туслахыг тодорхойлох. 32.5–32.7-р хэсэгт хэн нэгэнд наманчлахад нь туслахын тулд гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулах эсвэл хувийн зөвлөгөө өгөхийн аль нь илүү тохиромжтой болохыг шийдэхэд туслах удирдамж заавар орсон.
-
Хувийн зөвлөгөө өгөх. 32.8-р хэсэгт бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчийн өгөх хувийн зөвлөгөөний талаар удирдамж заавар орсон. Түүнчлэн энд Сүмийн гишүүнчлэлийн албан бус хязгаарлалтын талаар тайлбарладаг.
-
Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах. 32.9–32.14-р хэсэгт гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хэн хариуцахыг мөн хэрхэн хөтлөн явуулахыг болон гарч болох шийдвэрүүдийн талаар тайлбарладаг. Эдгээр шийдвэрийн үр дүнг мөн тайлбарласан байгаа.
-
Сүмийн гишүүнчлэлийн эрхийг эргүүлэн олгох. 32.15–32.17-р хэсэгт хувь хүн наманчилснаар Сүмийн гишүүнчлэлийн эрхээ хэрхэн сэргээж болохыг тайлбарладаг.
Өөрөөр заагаагүй бол гадасны ерөнхийлөгчид хамаарах зүйлс номлолын ерөнхийлөгчид мөн адил хамаарна. Бишопт хамаарах зүйлс салбарын ерөнхийлөгчид мөн хамаарна.
Тэргүүн зөвлөл нь ноцтой гэм нүглийг хэрхэн наманчлах тухай бодлого журам, үйл явцыг тодорхойлдог. Тэргүүн зөвлөлийг Сүмийн нууцлалын бүртгэлийн алба дэмжиж ажилладаг. Гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп ажил хэргийн болон бодлого журам тодруулах зорилгоор энэ албатай холбогдож болно. Тэргүүн зөвлөлийн албанд хандаж хүсэлт хэрхэн гаргах зааврыг энэ алба мөн өгч чадна. Холбоо барих мэдээллийг доор харуулав.
Утас: 1-801-240-2053, 1-800-453-3860, дотуур утасны 2-2053
Үнэ төлбөргүй дугаар (GSD Утсаар): 855-537-4357
ХУВЬ ХҮНИЙ НАМАНЧЛАЛД ТУСЛАХ СҮМИЙН ҮҮРЭГ
32.1
Наманчлал ба өршөөл уучлал
“Цэвэр бус нэг ч зүйл тэнгэрийн хаант улсыг өвлөж чадахгүй” (Aлмa 11:37 мөн 3 Нифай 27:19-ийг үзнэ үү) хэмээн Их Эзэн айлдсан. Бидний нүгэл биднийг цэвэр бус буюу Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд амьдрах зохисгүй болгодог. Тэдгээр нь мөн бидний амьдралд шаналал авчирдаг.
Бурханы шударга ёсны хуулийн дагуу бид үйлдсэн нүглийнхээ үр дагаврыг үүрэх ёстой (Алма 42:14, 17–18-ыг үзнэ үү). Гэхдээ Түүний нигүүлслийн агуу төлөвлөгөө “шударга ёсны шаардлагыг хангаж, мөн [биднийг] аюулгүйн гараар хүрээлж чадна” (Алма 34:16 мөн Мозая 15:9-ийг үзнэ үү).
Тэнгэрлэг Эцэг Өөрийн нигүүлслийн төлөвлөгөөг улиран тохиолгохын тулд Өөрийн Төрсөн Ганц Хүү Есүс Христийг бидний нүглийг цагаатгахаар илгээсэн (Алма 42:15-ыг үзнэ үү). Есүс бидний нүглийн төлөө шударга ёсны хуулийн дагуу ноогдох ёстой шийтгэлийг үүрсэн (Сургаал ба Гэрээ 19:15–19 мөн Алма 42:24–25-ыг үзнэ үү). Энэ золиосоор дамжуулан Эцэг, Хүү хоёр хоёулаа биднийг хязгааргүй хайрладгаа харуулсан (Иохан 3:16-г үзнэ үү).
Бид “наманчлалд хүргэх итгэлийг” үйлдэл болгох юм бол Тэнгэрлэг Эцэг биднийг өршөөж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нигүүлсэл үзүүлдэг (Алма 34:15 мөн Алма 42:13-ыг үзнэ үү). Бид цэвэршигдэн, өршөөгдсөнөөр Бурханы хаант улсыг өвлөн авах боломжтой болдог (Исаиа 1:18; Сургаал ба Гэрээ 58:42-ыг үзнэ үү).
Наманчлал бол зан аашаа өөрчлөхөөс илүү зүйл хийхийг шаарддаг. Энэ нь нүглээс холдож, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хандахыг хэлдэг. Энэ нь мөн зүрх сэтгэл, оюун ухааны хувьд өөрчлөгдөхөд хөтөлдөг (Мозая 5:2; Алма 5:12–14; Хиламан 15:7-г үзнэ үү). Наманчлалаар дамжуулан бид шинэ хүмүүс болж, Бурхантай нийцдэг (2 Коринт 5:17–18; Мозая 27:25–26-г үзнэ үү).
Наманчлах боломж нь Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн Хүүгийн бэлгээр дамжуулан бидэнд өгсөн хамгийн агуу адислалуудын нэг юм.
32.2
Сүмийн гишүүнчлэлийг хязгаарлах эсвэл хасах зорилго
Хувь хүн баптисм хүртэхдээ “Бурханы гэр бүл”-ийн нэгэн хэсэг болдог (Eфес 2:19). Баптисмын гэрээнд Христийн сургаал, зарлигуудын дагуу амьдрахыг хичээх амлалт багтдаг. Хүн алдаа гаргасан бол Есүс Христийн хүчирхэгжүүлэх, өршөөн уучлах хүчинд найдаж, Түүнд итгэх итгэлээ үйлдэл болгож, наманчилдаг.
Хэрэв гишүүн ноцтой гэм нүгэл үйлдсэн бол бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч наманчлахад нь түүнд тусална. Энэ үйл явцын хүрээнд тэрээр уг гишүүний Сүмийн гишүүнчлэлийн зарим эрхийг хэсэг хугацаанд хязгаарлах хэрэг гарч болно. Зарим нөхцөлд тэрээр уг хүнийг гишүүнчлэлээс түр хасах хэрэг ч гарч болох юм.
Шийтгэх зорилгоор хувь хүний гишүүнчлэлийг хязгаарладаггүй бас гишүүнчлэлээс хасдаггүй. Харин эдгээр арга хэмжээг авах нь заримдаа уг хүнд наманчилж, зүрх сэтгэлээ өөрчлөхөд нь туслахад шаардлагатай байдаг. Эдгээр нь мөн уг хүнд гэрээгээ шинэчилж, сахихын тулд сүнслэг байдлын хувьд бэлдэх цаг олгодог.
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч 32.5–32.14-т заасны дагуу гишүүнчлэлийн хязгаарлалт эсвэл хасалтыг хянан хариуцдаг. Эдгээр арга хэмжээ нь наманчлалын нөхцөлүүдийг дагалддаг. Хувь хүн чин сэтгэлээсээ наманчилсан бол Сүмийн гишүүнчлэлийн эрхээ сэргээлгэж болно.
Гишүүнчлэлийг хязгаарлах эсвэл гишүүнчлэлээс хасах шаардлагатай бол бишоп юм уу гадасны ерөнхийлөгч Ариун Сүнсний удирдамжийг болон энэ бүлэг дэх зааврыг дагана. Тэрээр хайрын сүнсээр үйлдэнэ (32.3-ыг үзнэ үү).
Сүмийн гишүүнчлэлийн хязгаарлалт бол иргэний эсвэл эрүүгийн биш, зөвхөн шашны хязгаарлалт юм. Эдгээр нь зөвхөн уг хүний Сүмд эзлэх байр суурьд нөлөөлдөг. (Сургаал ба Гэрээ 134:10-ыг үзнэ үү.)
Гишүүнчлэлийг хязгаарлах эсвэл гишүүнчлэлээс хасах гурван шалтгаан бий.
32.2.1
Бусдыг хамгаалахад туслах
Хамгийн анхны зорилго бол бусдыг хамгаалахад туслах явдал юм. Заримдаа хувь хүн бие махбод эсвэл сүнслэг байдалд заналхийлдэг. Эдгээр нь түрэмгий авирлах, биед гэмтэл учруулах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, мансууруулах бодис хэрэглэх, залилах, урвах гэх мэт байдлаар илэрч болох юм. Хэн нэгэн эдгээр байдал, өөр ноцтой арга замаар аюул занал учруулах үед бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч сүнслэг өдөөлтөөр дамжуулан бусдыг хамгаалах арга хэмжээ авдаг (Алма 5:59–60-ыг үзнэ үү).
32.2.2
Наманчлалаар дамжуулан Есүс Христийн гэтэлгэгч хүчнээс хүртэхэд хувь хүнд туслах
Хоёр дахь шалтгаан нь наманчлалаар дамжуулан Есүс Христийн гэтэлгэгч хүчнээс хүртэхэд хувь хүнд туслах явдал юм. Энэ үйл явцаар дамжуулан тухайн хүн Бурханы бүх адислалаас дахин хүртэхүйц цэвэр ариун, зохистой болох боломжтой.
Аврагч “харууссан зүрх, гэмшсэн сэтгэл” нь нүглээсээ өршөөгдөхийн тулд Түүний шаарддаг золиос болохыг заасан (3 Нифай 9:20). Үүнд нүгэл болон нүглийн үр дагаварт чин сэтгэлээсээ гэмших явдал багтдаг (2 Коринт 7:9–10-ыг үзнэ үү).
Хүн ноцтой нүгэл үйлдсэн тохиолдолд гишүүнчлэлийг хязгаарлах эсвэл хасах нь наманчилж, нүглээ бодитоор орхиж, нүглийн үр дагаврыг ойлгоход шаардагддаг харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг хөгжүүлэхэд түлхэц өгдөг. Энэхүү ойлголт нь хүмүүст Бурхантай байгуулсан гэрээнийхээ үнэ цэнийг илүү сайн ойлгож, ирээдүйд тэдгээр гэрээгээ сахих хүсэлтэй болоход туслах юм.
32.2.3
Сүмийн нэр төрийг хамгаалах
Гурав дахь шалтгаан бол Сүмийн нэр төрийг хамгаалах явдал юм. Хэрэв хувь хүний үйлдэл Сүмд ноцтой хор хөнөөл учруулбал түүний Сүмийн гишүүнчлэлийг хязгаарлах эсвэл гишүүнчлэлээс хасах шаардлага гарч болно (Алма 39:11-ийг үзнэ үү). Ноцтой гэм нүглийг нууж хаах, дарах биш, харин авч хэлэлцсэнээр Сүмийн нэр төрийг хамгаалдаг.
32.3
Израилын шүүгчдийн үүрэг хариуцлага
Бишоп болон гадасны ерөнхийлөгчийг Израилын шүүгч байхаар дуудаж, онцгойлон адисалдаг (Сургаал ба Гэрээ 107:72–74-ийг үзнэ үү). Тэд Сүмийн гишүүдэд наманчлахад нь туслахдаа Их Эзэнийг төлөөлөх санваарын түлхүүрүүдийг атгадаг (Сургаал ба Гэрээ 13:1; 107:16–18-ыг үзнэ үү).
Бишоп, гадасны ерөнхийлөгч хоёр нь хувийн зөвлөгөө өгөх замаар наманчлахад байнга тусалдаг. Энэ тусламжид Сүмийн гишүүнчлэлийн зарим эрхийг түр хугацаагаар албан бусаар хязгаарлах явдал орж болох юм. (32.8-ыг үзнэ үү.)
Зарим ноцтой гэм нүглийн хувьд удирдагчид гишүүнчлэлийн зөвлөлийг хуралдуулан, наманчлахад нь тусалдаг (32.6 ба 32.9–32.14-ийг үзнэ үү). Энэ тусламжид Сүмийн гишүүнчлэлийн зарим эрхийг албан ёсоор хязгаарлах эсвэл уг хүнийг гишүүнчлэлээс түр хасах явдал орж болно (32.11.3, 32.11.4-ийг үзнэ үү).
Бишоп, гадасны ерөнхийлөгч нар Бурхан Өөрийн хүүхдүүдийг хайрладаг гэдгийг ойлгоход Сүмийн гишүүдэд тусалдаг. Тэрээр тэднийг аз жаргалтай байж, адислалуудаас хүртээсэй хэмээн хүсдэг тул тэдний дуулгавартай байдалд болон наманчлалд ихээхэн анхаардаг.
Гишүүдэд наманчлахад нь туслахдаа бишоп, гадасны ерөнхийлөгч хоёр хайрлан халамжлах үүднээс хандана. Садар самуун үйлдэгч эмэгтэйд Аврагч хэрхэн хандсаныг удирдамж заавраа болговол зохино (Иохан 8:3–11-ийг үзнэ үү). Хэдийгээр Тэрээр уг эмэгтэйн гэм нүглийг өршөөсөн хэмээн хэлээгүй ч түүнийг буруутгаагүй. Оронд нь Тэрээр “цаашид нүгэл үйлдэхгүй” бай, нүглээ наманчил, амьдралаа өөрчил хэмээн айлдсан.
Эдгээр удирдагч “гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт … баяр хөөр болдог” (Лук 15:7) тухай заадаг. Тэд тэвчээртэй хандаж, дэмжлэг тусламж үзүүлж, өөдрөг байж, найдвар төрүүлдэг. Тэд Аврагчийн цагаатгагч золиосны ачаар бүх хүн наманчлан, цэвэр ариун болж чадна гэдгийг зааж, үүнийг гэрчилдэг.
Бишоп, гадасны ерөнхийлөгч хоёр хүн тус бүрд наманчлахад нь хэрхэн туслахаа мэдэхийн тулд Сүнснээс удирдамж эрэлхийлдэг. Зөвхөн хамгийн ноцтой гэм нүглийн хувьд удирдагчид ямар арга хэмжээ авах ёстойг Сүмээс жишиг тогтоож өгсөн байдаг (32.6 мөн 32.11-ийг үзнэ үү). Ямар ч нөхцөл өөр хоорондоо адилхан байдаггүй. Удирдагчдын өгөх зөвлөгөө ба тэдний туслах наманчлалын үйл явц сүнслэгээр өдөөгдсөн байх ёстой бөгөөд хувь хүн бүрийн хувьд өөр өөр байж болно.
Их Эзэн хувь хүн бүрийн нөхцөл байдал, чадавх, сүнслэг байдлын төлөвшлийг мэддэг. Эдгэрч, нүглийг давтан үйлдэх уруу таталтыг сөрөн зогсохын тулд шаардлагатай өөрчлөлт хийхэд нь гишүүдэд хэрхэн туслахаа таньж мэдэхэд Ариун Сүнс удирдагчдад тусалдаг.
Хэн нэгнийг наманчлан, Бурхан руу эргэн ирж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан эдгэрэхэд нь туслах явдал бол хувь хүний хувьд тохиож болох хамгийн баярт үйл явдал юм. Сургаал ба Гэрээ 18:10–13-т ийн тайлбарладаг.
“Бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун;
Учир нь, болгоогтун, Их Эзэн чиний Гэтэлгэгч махан бодид үхлийг амссан билээ; иймийн тул бүх хүмүүн наманчилж, мөн түүнд ирж болохын тулд бүх хүмүүний зовлонг тэрээр биеэрээ амссан бөлгөө.
Мөн тэрээр бүх хүмүүнийг өөртөө наманчлалын нөхцөлд авчирч болохын тулд тэрээр нас барагсдаас дахин босож ирсэн билээ.
Мөн наманчилдаг сүнсэнд түүний баяр хөөр хэчнээн агуу их билээ!”
32.4
Нүглээ хүлээх, нууцыг хадгалах, төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдэх
32.4.1
Нүглээ хүлээх
Наманчлал нь нүглээ Их Эзэний өмнө хүлээхийг шаарддаг. “Хүн нүглүүдээ наманчилдаг эсэхийг та нар үүгээр нь мэдэж болно—болгоогтун, тэрээр тэдгээрийг хүлээж мөн орхих болно” хэмээн Есүс Христ айлдсан (Сургаал ба Гэрээ 58:43 мөн Мозая 26:29-ийг үзнэ үү).
Сүмийн гишүүн ноцтой гэм нүгэл үйлдэх үед наманчлах үйл явцад нь бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчдөө нүглээ хүлээх явдал багтдаг. Үүний дараа тэрээр наманчлалын сайн мэдээний түлхүүрүүдийг тэдний төлөө ашиглах боломжтой (Сургаал ба Гэрээ 13:1; 84:26–27; 107:18, 20-ийг үзнэ үү). Энэ нь тэдэнд эдгэрэхэд нь мөн Аврагчийн Цагаатгалын хүчээр сайн мэдээний замд эргэн ороход нь тусалдаг.
Нүглээ хүлээхийн гол зорилго бол гишүүд өөрчлөгдөж, эдгэрэхэд Их Эзэнээс бүрэн дүүрэн тусламж эрэлхийлж болохын тулд ачаанаасаа салахыг дэмжих явдал юм. “Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй” (2 Нифай 2:7) болоход нүглээ хүлээх явдал тусалдаг. Нүглээ сайн дураараа хүлээх нь уг хүний наманчлах хүсэлтэй байгааг харуулдаг.
Гишүүнийг нүглээ хүлээх үед бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч 32.8 дээрх зөвлөгөө өгөх удирдамжийг дагана. Тэрээр гишүүнд наманчлахад нь туслах зохих нөхцөл байдлын талаар залбиран, удирдамж эрэлхийлнэ (32.5-ыг үзнэ үү). Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах нь тустай эсэхийг тэр бодож үзнэ. Хэрэв Сүмийн бодлого журмаар гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай бол тэрээр энэ талаар тайлбарлана (32.6, 32.10-ыг үзнэ үү).
Заримдаа гишүүн эхнэр нөхөртөө эсвэл өөр хэн нэгэнд хохирол учруулсан байдаг. Наманчлалын нэгэн хэсэг болгон тэр тухайн хүний өмнө буруугаа хүлээж, уучлал хүсдэг. Ноцтой нүгэл үйлдсэн өсвөр үеийнхнийг ихэнхдээ эцэг эхтэйгээ зөвлөлдөхөд уриална.
32.4.2
Гэм буруугаа хүлээгээгүй эсвэл үгүйсгэсэн ноцтой нүгэл
Бишоп, гадасны ерөнхийлөгч ноцтой нүглийн талаар ерөнхийдөө тухайн хүнээс нүгэл хүлээх явцад нь эсвэл өөр хэн нэгнээс олж мэддэг. Тэрээр мөн тохиож болзошгүй ноцтой нүглийн талаарх сүнслэг өдөөлтийг Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авч болох юм. Хэрэв тэр хэн нэгний нүгэл үйлдэж байгааг Сүнсний удирдамжаар мэдрэх юм бол тухайн гишүүнтэй ярилцах цаг товлож болно. Ярилцах үеэрээ санаа зовж байгаагаа эелдэг, хүндэтгэлтэй байдлаар хэлж, ямар нэгэн байдлаар буруутгасан өнгө аясаар ярихаас зайлсхийнэ.
Хэрэв гишүүний үйлдсэн ноцтой нүглийг батлах мэдээллийг бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч мэдсээр байхад тэрээр үгүйсгэх юм бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулж болно. Гэхдээ дан ганц сүнслэг өдөөлт хүлээн авах нь зөвлөлийн хурлыг хуралдуулах хангалттай үндэслэл болохгүй (Сургаал ба Гэрээ 10:37-г үзнэ үү). Шаардлагатай бол удирдагч нэмэлт мэдээлэл цуглуулж болно. Тэрээр 32.4.3, 32.10.2 дээрх удирдамж зааврыг баримтална.
32.4.3
Мэдээлэл цуглуулах
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулахын өмнө бишоп юм уу гадасны ерөнхийлөгч хэрэгтэй бүх мэдээллийг цуглуулна. Гишүүний хүлээсэн нүглийн талаарх мэдээлэл ихэвчлэн хангалттай байдаг. Энэ мэдээлэл гэр бүлийн гишүүн, Сүмийн өөр удирдагч, хохирогчоос эсвэл нүгэл хамтран үйлдсэн хүнээс ирж болно.
Бишоп, гадасны ерөнхийлөгч мэдээллийг цуглуулахдаа зөвхөн санваарын удирдагчдад таарч тохирсон арга барилыг ашиглах ёстой. Тэр хүний гэрийг тандах юм уу зөвшөөрөлгүй бичлэг хийх ёсгүй. Түүнчлэн тэрээр хуульд нийцэхгүй ямар ч арга барилыг хэрэглэж болохгүй.
Худал гүтгэлэг ховор боловч тохиолддог. Санваарын удирдагчид ганц хүний үгээс өөр мэдээлэл хомсхон байвал болгоомжтой хандвал зохино. Жишээлбэл, садар самуун үйлдсэн гэж буруутгагдаж байгаа гишүүн үүнийг үгүйсгэж болно. Сударт “түүний талаарх үг бүр нь Сүмийн хоёр гэрчээр үндэслэгдэх ёстой” (Сургаал ба Гэрээ 42:80) хэмээн тайлбарласан байдаг. “Хоёр гэрч” гэдэг нь хоёр тусдаа мэдээллийн эх сурвалж гэсэн утгатай. Үүнд оролцогчийн мэдээлэл ба өөр найдвартай эх сурвалж багтаж болно. Заримдаа санваарын удирдагч нэмэлт мэдээлэл гарч иртэл хүлээн, арга хэмжээ авахаа хойшлуулах хэрэг гарч болно.
Сүмийн удирдагч гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд зориулан мэдээлэл цуглуулахдаа, тухайн гишүүнийг хууль сахиулах байгууллагаас мөрдөн байцааж байгааг мэдэх юм бол тэр даруй хийж байгаа зүйлээ зогсоох ёстой. Удирдагч хуулийн үйл явцад саад болсон гэж тооцогдохоос зайлсхийхийн тулд ийн үйлддэг. АНУ, Канадад ийм нөхцөл байдлын талаар хууль эрх зүйн зөвлөгөө авах бол гадасны ерөнхийлөгч нь Сүмийн ерөнхий зөвлөлийн алба руу
1-800-453-3860, дотуур утас 2-6301
1-801-240-6301
АНУ, Канадаас бусад оронд гадасны ерөнхийлөгч нь бүсийн албаны хуулийн зөвлөхтэй холбогдоно.
Ерөнхийдөө иргэний болон эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа хэргийн талаар шүүхийн эцсийн шийдвэр гapтaл гаргасан үйлдлийг гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар авч хэлэлцдэггүй. Зарим тохиолдолд шүүхийн давж заалдах хугацаа дуустал эсвэл давж заалдах өргөдлийг хэрэгсэхгүй болгох хүртэл гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хойшлуулах нь зүйтэй байж болох юм.
32.4.4
Нууц хадгалах
Бишоп, гадасны ерөнхийлөгч, тэдний зөвлөхүүд бусдын хуваалцсан бүх мэдээллийн нууцыг хадгалах ариун үүрэгтэй. Энэхүү мэдээлэл ярилцлага хийх, зөвлөгөө өгөх мөн нүглээ хүлээх үеэр ирж болно. Гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд оролцож байгаа бүх хүн мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй. Хэрэв гишүүдийн хуваалцсан мэдээллийн нууцыг хадгалахгүй бол тэд нүглээ хүлээх эсвэл удирдамж заавар авахаа болих тул нууцыг хадгалах нь маш чухал юм. Мэдээллийн нууцыг хадгалах үүргээ биелүүлэхгүй байснаар гишүүдийн итгэлийг алдаад зогсохгүй, тэдний удирдагчдадаа итгэх итгэл алдрахад хүрдэг.
Мэдээллийн нууцыг хадгалах үүргийнхээ дагуу бишоп, гадасны ерөнхийлөгч, тэдний зөвлөхүүд зөвхөн дараах нөхцөлд мэдээллийг хуваалцаж болно. Үүнд:
-
Тэд гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах эсвэл холбогдох асуудлын талаар гишүүний гадас, номлолын ерөнхийлөгч, бишоптой зөвшилцөх хэрэгтэй. Гадасны ерөнхийлөгч хариуцсан Бүсийн далтай мөн зөвшилцөж болно. Шаардлагатай бол Бүсийн дал гадасны ерөнхийлөгчийг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй холбож өгнө. Зөвхөн гадасны ерөнхийлөгч зөвлөлийн хурлыг хуралдуулж эсвэл уг хурлын эцсийн шийдвэрийг гаргана.
-
Гишүүнчлэлийн арга хэмжээг эсвэл өөр бусад ноцтой асуудлыг шийдээгүй байхад уг хүн шинэ тойрог руу нүүж (эсвэл санваарын удирдагч дуудлагаасаа бууж) болно. Ийм тохиолдолд удирдагч асуудлуудын тухай мөн авах гэж байгаа арга хэмжээний талаар шинэ бишоп юм уу гадасны ерөнхийлөгчид мэдэгдэнэ (32.14.7-г үзнэ үү). Уг гишүүн бусдад аюул занал учруулахаар байгаа бол энэ талаар тухайн удирдагчид мөн мэдэгдэнэ.
-
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч тойрог, гадасных нь хил хязгаарын гадуур амьдардаг Сүмийн гишүүн ноцтой гэм нүгэлд оролцсон байж болохыг олж мэдэж болно. Энэ тохиолдолд тэрээр тухайн гишүүний бишоптой ганцаарчлан холбогдоно.
-
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын үеэр энэ мэдээллийг хуваалцах шаардлагатай. Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын үеэр цуглуулж, хуваалцсан бүх мэдээлэл нууц байна.
-
Тодорхой хүмүүстэй мэдээллийг хуваалцах зөвшөөрлийг тухайн гишүүн удирдагчид өгч болно. Тэдгээр нь эцэг эх, Сүмийн удирдагчид эсвэл дэмжлэг тусламж үзүүлж болох өөр хүмүүс байж болно. Удирдагч нь гишүүний зөвшөөрснөөс өөр хүмүүст мэдээллийг хуваалцахгүй.
-
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын шийдвэрийн талаар хязгаарлагдмал мэдээллийг хуваалцах шаардлага гарч болно (32.12.2-ыг үзнэ үү).
Бусад бүх нөхцөлд удирдагч 32.4.5 дээрх удирдамжийг авч үзвэл зохино. Хуулийн дагуу төрийн зохих байгууллагад мэдэгдэхийг шаарддаг, хүүхэд хүчирхийлэх гэх мэт гэмт хэрэг эдгээр нөхцөлд ордог.
Бусдыг хамгаалж, хуулийг дагахад нь удирдагчдад туслахын тулд бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг Сүмээс гаргаж өгдөг. Боломжтой бол энэхүү удирдамжийг хүлээн авахын тулд удирдагчид хүчирхийллийн асуудлаар тусламж үзүүлэх Сүмийн утас руу нэн даруй холбогдоно (32.4.5; 38.6.2.1-ийг үзнэ үү). Боломжгүй бол гадасны ерөнхийлөгч бүсийн албаны хуулийн зөвлөхтэй холбоо барина.
Зөвхөн ганцхан нөхцөлд бишоп, гадасны ерөнхийлөгч энэ удирдамжийг эхэлж дагалгүйгээр нууц мэдээллийг хуваалцаж болно. Хүний аминд аюултай хор хөнөөл эсвэл ноцтой гэмтэл учрахаас урьдчилан сэргийлэхийн тулд мөн зөвлөгөө авах хугацаа байхгүй тохиолдолд мэдээллийг хуваалцах шаардлагатай. Ийм тохиолдолд хувийн мэдээллийн нууцыг хадгалах үүргээс бусдыг хамгаалах үүрэг нь илүү чухал. Удирдагчид иргэний эрх бүхий байгууллагатай нэн даруй холбогдох хэрэгтэй.
Хэрэв удирдагчид тэмдэглэл хөтөлж, бие биетэйгээ цахимаар холбогддог бол мэдээллийг хамгаалж, олж харах боломжийг хязгаарлана. Түүнчлэн тэд цаашид хэрэггүй болсон мэдээллийг устгана. Шаардлагагүй бол тэд хувийн мэдээллийг хуваалцахгүй.
Иргэний эрх бүхий байгууллага санваарын удирдагчийн мэдээллийн нууцыг хадгалах үүргээ биелүүлэхэд нь хүндрэл учруулж болох юм. Хэрэв ийм явдал АНУ, Канадад тохиолдвол гадасны ерөнхийлөгч Сүмийн ерөнхий зөвлөлийн албанаас дараах утсаар хуулийн зөвлөгөө авна. Үүнд:
1-800-453-3860, дотуур утас 2-6301
1-801-240-6301
АНУ, Канадаас бусад оронд гадасны ерөнхийлөгч Бүсийн албаны хуулийн зөвлөхтэй холбогдоно.
32.4.5
Төрийн эрх бүхий байгууллагад мэдэгдэх
Наманчилж буй зарим хүн иргэний эсвэл эрүүгийн хууль зөрчсөн байдаг. Заримдаа хуулийн байгууллага энэ талаар мэдээгүй байх тохиолдол байдаг. Гадасны ерөнхийлөгч, бишопууд гишүүдийг хуулийг дагаж, шаардлагатай үед ийм асуудлын талаар мэдэгдэхийг уриалдаг. Удирдагч хэргийн тухай мэдээлэхдээ хуулийн чадварлаг мэргэжилтний зөвлөгөө авахыг гишүүдэд мөн зөвлөдөг. Сүм хуулийг дагах бодлого баримталдаг.
Олон улс оронд санваарын удирдагчдад өөрсдийн олж мэдсэн хууль бус үйлдлийн талаар хуулийн дагуу мэдээлэх шаардлага тавьдаг. Жишээлбэл, зарим муж, улс оронд хүүхэд хүчирхийлсэн хэргийг цагдаагийн газарт мэдэгдэх шаардлагатай.
Зарим улс оронд бишоп, гадасны ерөнхийлөгчдөд туслах үүднээс хүчирхийллийн асуудлаар тусламж үзүүлэх утсыг Сүмийн зүгээс гаргаж өгсөн байдаг. Эдгээр удирдагч нь хүн хүчирхийлэлд өртсөн байж болох эсвэл өртөх аюултай нөхцөлд байгаа тохиолдол бүрийн талаар уг тусламж үзүүлэх утас руу нэн даруй залгавал зохино (38.6.2.1-ийг үзнэ үү). Энэ утас руу долоо хоногийн өдөр бүр 24 цагийн турш ярих боломжтой байдаг.
Тусламж үзүүлэх утас байдаггүй орнуудад хүчирхийлэл үйлдсэн талаар олж мэдсэн бишоп гадасны ерөнхийлөгчтэйгөө зөвлөлдөнө. Гадасны ерөнхийлөгч бүсийн хуулийн зөвлөхөөс удирдамж заавар авна.
Хүчирхийллийг мэдээлэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 38.6.2.1 ба 38.6.2.7-оос үзнэ үү.
НАМАНЧЛАХ ХҮНД ТУС БОЛОХ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ
32.5
Хүмүүст наманчлахад нь туслах нөхцөл байдал
Бишоп юм уу гадасны ерөнхийлөгч ноцтой гэм нүгэл үйлдсэн гишүүний талаар мэдсэнийхээ дараа бусдыг хамгаалах алхмуудыг хийнэ. Түүнчлэн тэрээр тухайн хүнд наманчлан, Аврагчид илүү ойртоход нь туслах нөхцөл байдлыг тодорхойлохдоо Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлнэ.
32.5.1
Нөхцөл байдлын тойм
Дараах хүснэгтэд наманчлах хүнд туслах гурван нөхцөл байдлыг жагсаасан. Түүнчлэн аль нөхцөл байдлыг ашиглахаа шийдэх үед удирдагчийн авч үзэх зарим зүйлийг хураангуйлав.
Хүмүүст наманчлахад нь туслах нөхцөл байдал
Нөхцөл байдал |
Авч үзэх зарим зүйл (мөн 32.7-г үзнэ үү) |
---|---|
Нөхцөл байдал Гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хурал | Авч үзэх зарим зүйл (мөн 32.7-г үзнэ үү) |
Нөхцөл байдал Тойргийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурал | Авч үзэх зарим зүйл (мөн 32.7-г үзнэ үү)
|
Нөхцөл байдал Хувийн зөвлөгөө (32.8-ыг үзнэ үү) | Авч үзэх зарим зүйл (мөн 32.7-г үзнэ үү)
|
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчийн өгөх хувийн зөвлөгөө, тавьсан албан бус хязгаарлалт нь заримдаа тухайн хүнд ноцтой нүглээ наманчлахад хангалттай сайн туслахгүй байж болно. Их Эзэн эдгээр нөхцөлд Израилын шүүгчид туслуулах зорилгоор гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг өгсөн юм. (Гэтлэл 18:12–27; Мозая 26:29–36; Сургаал ба Гэрээ 42:80–83; 102-ыг үзнэ үү.) Зарим ноцтой гэм нүглийн хувьд Сүмийн бодлого журмын дагуу зөвлөлийн хурал хуралдуулах шаардлагатай (32.6.1-ийг үзнэ үү). Ариун сүмийн гэрээнүүдээ зөрчих нь гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах магадлалыг өсгөдөг (32.7.4-ийг үзнэ үү).
Тойрогт бишопын зөвлөхүүд гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд тусалдаг. Гадсанд гадасны ерөнхийлөгчийн зөвлөхүүд тусална. Зарим гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд дээд зөвлөл бас оролцдог (32.9.2-ыг үзнэ үү). Гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд бишопын эсвэл гадасны ерөнхийлөгчийн зөвлөл тухайн хүнтэй хайрын сүнсээр уулздаг.
32.5.2
Нөхцөл байдал, цагийг тогтоох
Удирдагчид эдгээр нөхцөл байдлын аль нь уг хүнд наманчлахад хамгийн сайн туслах эсэхийг шийдэхдээ Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлнэ. Түүнчлэн тэд дараах хүчин зүйлсийг авч үзнэ.
-
Нүглийн ноцтой шинж чанарын талаарх болон зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай эсэх талаарх Сүмийн бодлого журам (32.6-г үзнэ үү)
-
Хувь хүний нөхцөл байдал (32.7-г үзнэ үү)
Бишоп тодорхой нөхцөл байдлын талаар гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөнө. Тэрээр гишүүнчлэлийн зөвлөл хуралдахаас өмнө гадасны ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан байх ёстой.
Төвөгтэй асуудлын хувьд, гадасны ерөнхийлөгч өөрийг нь хариуцсан Бүсийн далаас зөвлөгөө авахыг хүсэж болно. Гадасны ерөнхийлөгч 32.6.3-т дурдсан асуудлуудын талаар Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөлдөнө. Гэхдээ уг асуудлыг ярилцахаар зөвлөлийн хурлыг хуралдуулах эсэхийг зөвхөн гадасны ерөнхийлөгч шийднэ. Хэрэв зөвлөлийн хурал хуралдах бол гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп эцсийн шийдвэрийг гаргана.
Хэрэв бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч хувийн зөвлөгөө өгөх нь хангалттай гэж үзвэл, тэрээр 32.8 дахь удирдамжийг дагана. Хэрэв гишүүнчлэлийн зөвлөлийн хурал хуралдах шаардлагатай гэж үзвэл эсвэл Сүмийн бодлого журмын дагуу зөвлөлийн хурал хуралдах шаардлагатай бол хөтлөн явуулах хүн 32.9–32.14 дэх журмыг дагана.
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч зөвлөлийн хурлыг хуралдуулахын өмнө, түр хугацаанд гишүүнчлэлийн албан бус хязгаарлалт хамгийн тохиромжтой гэдгийг тогтоож болно. Гишүүнийг чин сэтгэлээсээ наманчлахад хамгийн зохимжтой гэсэн тохиолдолд л тэрээр зөвлөлийг хуралдуулна. Гэхдээ бусдыг хамгаалахын тулд, шаардлагатай бол зөвлөлийн хурлыг хойшлуулахгүй байвал зохино.
32.6
Нүглийн ноцтой байдлын хэмжээ ба Сүмийн бодлого журам
Нүгэл хэр ноцтой болохыг авч үзэх нь (1) бусдыг хамгаалахад мөн (2) тухайн хүнийг наманчлахад туслах нөхцөл байдлыг тодорхойлоход чухал нөлөөтэй. Их Эзэн “нүглийг өчүүхэн төдий ч хүлцсэн янзаар хүлээн зөвшөөрч чадах нь үгүй” (Сургаал ба Гэрээ 1:31 мөн Moзая 26:29-ийг үзнэ үү) хэмээн хэлсэн. Түүний үйлчлэгчид ноцтой нүглийн нотолгоог үл ойшоон өнгөрүүлж болохгүй.
Ноцтой нүгэл гэдэг нь Бурханы хуулиудын эсрэг санаатай үйлдсэн томоохон зөрчил юм. Ноцтой нүглийн ангиллыг доор жагсаав. Үүнд:
-
Хэрцгий үйлдэл ба хүчирхийлэл (32.6.1.1 ба 32.6.2.1-ийг үзнэ үү)
-
Бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдал (32.6.1.2 ба 32.6.2.2-ыг үзнэ үү)
-
Хүлээлгэсэн итгэл найдварыг хөсөрдүүлэх (32.6.1.4 ба 32.6.2.4-ийг үзнэ үү)
Дараагийн хэсгүүдэд гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хэзээ хуралдуулах зайлшгүй шаардлагатай ба хэрэгтэй байж болох мөн хэзээ хуралдуулах шаардлагагүй болохыг тайлбарлана.
32.6.1
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай тохиолдлууд
Энэ хэсэгт дурдсан аль нэгэн гэм нүглийг үйлдсэн байж болох тухай мэдээлэл байвал бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах ёстой. Эдгээр нүглийн хувьд, тухайн гишүүний сүнслэг байдлын төлөвшил, сайн мэдээний ойлголтын түвшин зэргээс үл хамааран зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай.
Энэ хэсэгт жагсаасан нүглийн талаарх зөвлөлийн хурлаас гарч болох шийдвэрүүдийг 32.11-ээс үзнэ үү. Эдгээр зөвлөлийн хурлаар гишүүнчлэлийн албан бус хязгаарлалт хийх шийдвэр гаргах ёсгүй.
32.6.1.1
Хэрцгий үйлдэл ба хүчирхийлэл
Хүн амины хэрэг. Гишүүн хүн амины хэрэг үйлдсэн тохиолдолд гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулна. Энд орсон хүн амины хэрэг гэдэгт хүний амийг санаатай, зөвтгөх үндэслэлгүй хөнөөхийг хэлнэ. Тухайн хүнийг Сүмийн гишүүнчлэлээс хасах шаардлагатай.
Цэрэг, цагдаа нар үүргээ гүйцэтгэж байхдаа хүний аминд хүрсэн тохиолдлыг хүн амины хэрэгт тооцохгүй. Мөн энэ утгаар үр хөндөхийг хүн амины хэрэг гэж үзэхгүй. Хэрэв санамсаргүй эсвэл өөрийгөө болон бусдыг хамгаалах үед хүний аминд хүрсэн бол хүний аминд хүрсэн явдлыг хүн амины хэрэгт тооцохгүй байж болно. Мөн тухайн хүн оюуны хомсдолтой байх гэх мэт нөхцөл байдалд хүн амины хэрэгт тооцохгүй байж болно.
Хүчингийн хэрэг. Хүчингийн хэрэг гарсан бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай. Энд орсон хүчингийн хэрэг гэдэгт хүчээр бэлгийн харьцаанд орох эсвэл оюуны хомсдолтой юм уу бие махбодын хөгжлийн бэрхшээлийн улмаас хууль ёсоор зөвшөөрөл өгч чадахгүй хүнтэй бэлгийн харьцаанд орохыг хэлнэ. Энд дурдсан хүчингийн хэрэг гэдэгт насаар ойролцоо, насанд хүрээгүй хоёр хүн хоёул харилцан зөвшөөрч үйлдсэн бэлгийн харьцаа орохгүй.
Бэлгийн хүчирхийлэл. Хэрэв гишүүн нь хүчингийн ял шийтгэл хүлээсэн бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай.
Хүүхэд, өсвөр үеийнхнийг хүчирхийлсэн хэрэг. Хэрэв 38.6.2.3-т тайлбарласнаар, хүүхэд эсвэл өсвөр үеийнхнийг хүчирхийлсэн бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай.
Эхнэр нөхрөө эсвэл өөр насанд хүрсэн хүнийг хүчирхийлсэн хэрэг. Хүчирхийллийн зан авирын олон зэрэглэл бий. Эхнэр нөхрөө эсвэл өөр насанд хүрсэн хүнийг хүчирхийлсэн тохиолдолд гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хэзээ хуралдуулах шаардлагатай болохыг 38.6.2.4-өөс үзнэ үү.
Хэрцгий түрэмгий зан авир. Хэрэв насанд хүрсэн хүн хэрцгий аашлан, хүмүүст бие махбодын хохирол удаа дараа учруулж, заналхийлж байвал гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай.
32.6.1.2
Бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдал
Цус ойртолт. 38.6.10-т тодорхойлсноор, цус ойртсон тохиолдол гарвал гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай. Бараг бүх тохиолдолд уг хүнийг Сүмийн гишүүнчлэлээс хасдаг.
Хүүхэд оролцуулсан порнограф. 38.6.6-д дурдсанаар, хэрэв хүүхэд порнографт оролцуулсан бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай.
Олон эхнэр авах. Хэрэв мэдсээр байж олон эхнэр авсан бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай. Заримдаа бусдаас далд олон эхнэр авсан, эхнэр нь нэг ба түүнээс олон эхнэртэйг нь мэдэхгүй байх тохиолдол гардаг. Хэрэв мэдсээр байж олон эхнэр авсан бол тухайн хүнийг Сүмийн гишүүнчлэлээс хасах шаардлагатай.
Бэлгийн замаар түрэмгий зан авир гаргах. Хэрэв насанд хүрсэн хүн хүмүүсийг бэлгийн замаар удаа дараа хохироож, заналхийлж байвал гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай.
32.6.1.3
Залилангийн хэрэг
Санхүүгийн талаар түрэмгий зан авир гаргах. Хэрэв насанд хүрсэн хүн хүмүүст санаатайгаар, удаа дараа санхүүгийн хохирол учруулж, бусдад заналхийлж байвал гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай (38.6.2.4-ийг үзнэ үү). Үүнд хөрөнгө оруулалтын болон үүнтэй адил залилангийн үйлдлүүд багтана. Эдийн засгийн нөхцөл байдлаас болж санаандгүй алдсан санхүүгийн хохирлыг залилангийн үйлдэлд тооцохгүй. Хэрэв шүүхийн зарга үүсгэсэн бол санваарын удирдагчид шийдвэр гартал хүлээхээр шийдэж болно. Сүмийн мөнгөн сан, эд хөрөнгийг завшсан асуудалд гишүүн холбогдсон бол 32.6.3.3-ыг үзнэ үү.
32.6.1.4
Хүлээлгэсэн итгэл найдварыг хөсөрдүүлэх
Сүмийн өндөр албан тушаал хашиж байхдаа үйлдсэн ноцтой гэм нүгэл. Хэрэв гишүүн нь Сүмийн өндөр албан тушаал хашиж байхдаа ноцтой гэм нүгэл үйлдсэн бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай. Үүнд ерөнхий эрх мэдэлтэн, Сүмийн ерөнхий албан тушаалтан, бүсийн дал, ариун сүмийн ерөнхийлөгч ба түүний эхнэр, номлолын ерөнхийлөгч ба түүний эхнэр, гадасны ерөнхийлөгч, патриарх эсвэл бишоп багтана. Энэ нь салбарын ерөнхийлөгчид хамаарахгүй. Гэхдээ бусад гишүүний адил, салбарын ерөнхийлөгчийн Сүмийн гишүүнчлэлийн эрхийг хязгаарлаж эсвэл хасаж болно.
32.6.1.5
Өөр бусад үйлдэл
Гэмт хэргийн ял шийтгэл. Гэмт хэргээр яллагдан шийтгэгдсэн бол ихэнх тохиолдолд гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай.
32.6.2
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай байж болох тохиолдлууд
Дараах тохиолдлуудад гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай байж болно.
32.6.2.1
Хэрцгий үйлдэл ба хүчирхийлэл
“Чи … хүн алах ёсгүй, тэрчлэн энэ мэт ямар ч зүйлийг үйлдэх ёсгүй” (Сургаал ба Гэрээ 59:6; налуу бичилт нэмэгдсэн) хэмээн Их Эзэн зарлигласан. Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай байж болох хэрцгий үйлдэл, хүчирхийллийг (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) доор жагсаав.
Хүний амийг бүрэлгэх оролдлого. Санаатайгаар хүний аминд хүрэхийг завдах.
Дайрч давшлах ба дарамтлах зэрэг бэлгийн хүчирхийлэл. Бэлгийн хүчирхийлэлд өргөн хүрээний үйлдэл тооцогдоно (38.6.18-ыг үзнэ үү). Хэн нэгнийг бэлгийн замаар дарамталсан эсвэл хүчирхийлсэн хүнийг гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулах шаардлагатай байж болно. Ариун сүмийн гэрээгээ зөрчсөн эсвэл нэг нүглийг удаа дараа давтсан бол тухайн гишүүнд наманчлахад нь туслах үүднээс зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай байж болно. Зөвлөлийн хурлыг хэзээ хуралдуулах шаардлагатайг 38.6.18.3-аас үзнэ үү.
Эхнэр нөхрөө эсвэл өөр насанд хүрсэн хүнийг хүчирхийлэх. Олон янзын хүчирхийллийн зан авир байдаг (38.6.2.4-ийг үзнэ үү). Эхнэр нөхрөө эсвэл өөр насанд хүрсэн хүнийг хүчирхийлсэн хүнийг гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулах шаардлагатай байж болно. Ариун сүмийн гэрээгээ зөрчсөн эсвэл нэг нүглийг удаа дараа давтсан бол тухайн гишүүнд наманчлахад нь туслах үүднээс зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай байж болно. Зөвлөлийн хурлыг хэзээ хуралдуулах шаардлагатайг 38.6.2.4-өөс үзнэ үү.
32.6.2.2
Бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдал
Их Эзэний ариун явдлын хууль бол эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хоорондын хууль ёсны гэрлэлтээс гадуур бэлгийн харьцаанд орохгүй байх явдал юм (Гэтлэл 20:14; Сургаал ба Гэрээ 63:16-г үзнэ үү). 38.6.5-д дурдсан бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдлыг гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх шаардлагатай байж болно. Эдгээр тохиолдолд ариун сүмийн гэрээгээ зөрчсөн эсвэл нэг нүглийг удаа дараа давтан үйлдсэн бол тухайн гишүүнд наманчлахад нь туслах үүднээс зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай байж болно. Зөвлөлийн хурлыг хэзээ хуралдуулах шаардлагатайг 32.6.1.2-оос үзнэ үү.
32.6.2.3
Залилангийн хэрэг
Арван зарлигт “Чи бүү хулгайл” бас “худал хуурмаг гэрчлэл бүү хий” (Гэтлэл 20:15–16) хэмээн заадаг. Дээрэм, хулгай, өмч хөрөнгө шамшигдуулах, худал мэдүүлэг өгөх, залилан луйврын хэрэг гэх зэрэг үйлдлийг гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх шаардлагатай байж болно. Эдгээр тохиолдолд ариун сүмийн гэрээгээ зөрчсөн эсвэл нэг нүглийг удаа дараа давтан үйлдсэн бол тухайн гишүүнд наманчлахад нь туслах үүднээс зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай байж болно.
Залилангийн хэргийг зөвлөлийн хурлаар хэзээ авч хэлэлцэх шаардлагатай талаар 32.6.1.3-аас үзнэ үү. Сүмийн мөнгөн сан, эд хөрөнгийг завшсан асуудалд гишүүн холбогдсон бол 32.6.3.3-ыг үзнэ үү. Итгэл эвдэх замаар залилан мэхлэх хэргийн талаар 38.8.2 дээрээс үзнэ үү.
32.6.2.4
Хүлээлгэсэн итгэл найдварыг хөсөрдүүлэх
Хэрэв гишүүн дараах хэргийг үйлдсэн бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай байж болно. Үүнд:
-
Сүмд эсвэл орон нутагт эрх мэдэл бүхий, итгэл найдвар хүлээлгэсэн албан тушаалд алба хашиж байхдаа ноцтой гэм нүгэл үйлдсэн
-
Олон нийтэд мэдэгдсэн ноцтой гэм нүгэл үйлдсэн зэрэг болно.
Эдгээр тохиолдолд ариун сүмийн гэрээгээ зөрчсөн эсвэл нэг нүглийг удаа дараа давтан үйлдсэн бол тухайн гишүүнд наманчлахад нь туслах үүднээс зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай байж болно.
Зөвлөлийн хурлыг хэзээ хуралдуулах шаардлагатайг 32.6.1.4-өөс үзнэ үү. Сүмийн мөнгөн сан, эд хөрөнгийг завшсан асуудалд гишүүн холбогдсон бол 32.6.3.3-ыг үзнэ үү.
32.6.2.5
Бусад үйлдэл
Бенжамин хаан “Та нар тэгснээр нүгэл үйлдэж болох зүйлийг бүгдийг би та нарт хэлж чадахгүй; учир нь маш олон янзын зам мөн аргууд бий, бүр тэдгээрийг би тоолж чадахааргүй тийм олон бөлгөө” (Moзая 4:29) хэмээн заажээ. Дараах тохиолдолд зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай байж болно. Үүнд:
-
Ноцтой нүгэл үйлдэж байгаа хэв маяг харагдвал (Сургаал ба Гэрээ 82:7-г үзнэ үү)
-
Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа үүрэхгүй, тухайлбал хүүхдийн болон амьжиргааны мөнгийг санаатай төлөхгүй бол
-
Биечлэн эсвэл онлайнаар биед хохирол учруулахаар заналхийлсэн бол (32.2.1-ийг үзнэ үү).
-
Хууль бус мансууруулах бодис зарвал
-
Өөр бусад ноцтой гэмт хэрэг үйлдвэл зэрэг юм.
Эдгээр тохиолдолд ариун сүмийн гэрээгээ зөрчсөн эсвэл нэг нүглийг удаа дараа давтан үйлдсэн бол тухайн гишүүнд наманчлахад нь туслах үүднээс зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай байж болно.
Үр хөндүүлэх, хөндөх, төлөвлөх, зардлыг нь төлөх эсвэл үр хөндөлтийг санал болгох зэрэг тохиолдолд гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагатай байж болно. Удирдамжийг 38.6.1-ээс үзнэ үү.
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах зайлшгүй шаардлагатай эсвэл хуралдуулах хэрэгтэй байж болох тохиолдлууд
Нүглийн төрөл |
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах зайлшгүй шаардлагатай (32.6.1-ийг үзнэ үү) |
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах хэрэгтэй байж болох (32.6.2-ыг үзнэ үү) |
---|---|---|
Нүглийн төрөл Хэрцгий үйлдэл ба хүчирхийлэл | Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах зайлшгүй шаардлагатай (32.6.1-ийг үзнэ үү)
| Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах хэрэгтэй байж болох (32.6.2-ыг үзнэ үү) |
Нүглийн төрөл Бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдал | Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах зайлшгүй шаардлагатай (32.6.1-ийг үзнэ үү)
| Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах хэрэгтэй байж болох (32.6.2-ыг үзнэ үү)
|
Нүглийн төрөл Залилангийн хэрэг | Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах зайлшгүй шаардлагатай (32.6.1-ийг үзнэ үү)
| Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах хэрэгтэй байж болох (32.6.2-ыг үзнэ үү)
|
Нүглийн төрөл Хүлээлгэсэн итгэл найдварыг хөсөрдүүлэх | Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах зайлшгүй шаардлагатай (32.6.1-ийг үзнэ үү)
| Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах хэрэгтэй байж болох (32.6.2-ыг үзнэ үү)
|
Нүглийн төрөл Бусад үйлдэл | Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах зайлшгүй шаардлагатай (32.6.1-ийг үзнэ үү)
| Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах хэрэгтэй байж болох (32.6.2-ыг үзнэ үү)
|
32.6.3
Ямар үед гадасны ерөнхийлөгч бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй гишүүнчлэлийн зөвлөлийн хурал хуралдуулах эсвэл өөр арга хэмжээ авах хэрэгтэй эсэх талаар зөвлөлдөх
Зарим асуудалд бусдаас илүү болгоомжтой хандаж, нэмэлт удирдамж заавар авах шаардлагатай. Гадасны ерөнхийлөгч хэрхэн хамгийн сайнаар туслахаа мэдэхийн тулд энэ хэсэгт тусгасан нөхцөл байдлуудын талаар бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй ярилцах ёстой. Гэхдээ уг асуудлыг авч хэлэлцэхээр зөвлөлийн хурлыг хуралдуулах эсэхийг зөвхөн гадасны ерөнхийлөгч шийднэ. Хэрэв зөвлөлийн хурал хуралдвал гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп эцсийн шийдвэрийг гаргана.
Хэрэв энэ хэсэгт хураангуйлсан аль нэг асуудлыг авч хэлэлцэхийн тулд гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулбал зөвлөлийн зүгээс “гишүүнчлэлийг хэвээр үлдээх,” “гишүүнчлэлийг албан ёсоор хязгаарлах” эсвэл “гишүүнчлэлээс хасах” гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргана. Албан ёсны хязгаарлалтыг цуцалж эсвэл уг хүнийг Сүмд буцаан элсүүлэхэд Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай (32.16.1, дугаар 9-ийг үзнэ үү).
32.6.3.1
Өөр бусад арга хэмжээ
Хэрэв гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулаагүй бол дараах арга хэмжээг авч болно. Үүнд:
-
Гишүүнчлэлийг албан бусаар хязгаарлах (32.8.3-ыг үзнэ үү).
-
Гишүүнчлэлийн бүртгэлд тэмдэглэгээ хийх (32.14.5-ыг үзнэ үү).
-
Ёслолын хязгаарлалт нь тухайн хүнийг санваар хүлээн авах, ашиглах эсвэл ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авах, ашиглахыг хязгаарладаг.
Эдгээр арга хэмжээний аль нэгийг авахын өмнө гадасны ерөнхийлөгч Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй ярилцана.
32.6.3.2
Урвалт
Урвалтын асуудал ихэвчлэн тойрог, гадасны хил хязгаараас гадуур нөлөөлдөг. Бусдыг хамгаалахын тулд эдгээр асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй.
Гишүүний үйлдлийг урвалт гэж үзэж болохоор байвал бишоп гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөнө. Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч уг гишүүний гишүүнчлэлийг албан бусаар хязгаарлаж болно (32.8.3-ыг үзнэ үү). Гадасны ерөнхийлөгч бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй тэр даруй ярилцана. Гэхдээ, зөвхөн гадасны ерөнхийлөгч гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах эсвэл өөр бусад арга хэмжээ авах эсэхийг шийднэ.
Энд хэрэглэсэн урвалт гэдэг үгэнд гишүүн дараах үйлдлүүдийн аль нэгд оролцсон байхыг хэлнэ. Үүнд:
-
Сүмийг болон Сүмийн сургаал, бодлого журмыг мөн удирдагчдыг ил тод, нээлттэй, олны өмнө удаа дараа эсэргүүцэх
-
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч залруулсан хэдий ч Сүмийн сургаал биш зүйлийг Сүмийн сургаал мэтээр заасаар байх
-
Сүмийн гишүүдийн итгэл, үйл ажиллагааг сулруулахын тулд санаатай оролдлого хийж байгаа нь харагдах
-
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч залруулсан ч урвагч бүлэглэлийн сургаалыг үргэлжлүүлэн дагасаар байх
-
Өөр сүмд албан ёсоор нэгдэж, сургаалыг нь сурталчлах (Сүмд бүрэн идэвхгүй байх эсвэл өөр Сүмийн цуглаанд явах нь дангаараа урвалтад тооцогддоггүй. Харин гишүүн өөр сүмд албан ёсоор нэгдэж, сургаалыг нь дэмждэг бол гишүүнчлэлээс хасах шаардлагатай байж болно.)
Аврагч нифайчуудад нүгэл үйлдсэн хүнд үргэлжлүүлэн тохинуулах хэрэгтэй гэж заасан. “Харин хэрэв тэр наманчлахгүй аваас тэрбээр миний хүмүүсийг устгаж болохгүйн тулд, тэрбээр миний хүмүүсийн дунд тоологдохгүй” (3 Нифай 18:31).
32.6.3.3
Сүмийн мөнгөн сангаас завших
Хэрэв гишүүн Сүмийн сангаас завшиж, Сүмийн үнэ цэнтэй өмч хөрөнгийг хулгайлсан бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурал хуралдуулах эсвэл өөр арга хэмжээ авах шаардлагатай эсэхээ гадасны ерөнхийлөгч бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй ярилцана. Удирдагчид дараах зүйлсийг харгалзан үзнэ. Үүнд:
-
Завшиж хулгайлсан зүйлсийн мөнгөн дүн
-
Завшсан үйл явдал нэг удаагийнх эсвэл давтагдсан эсэх.
-
Буцааж төлсөн эсэх
-
Уг хүний гэмшлийн хэр хэмжээ.
-
Гишүүний хашиж буй албан тушаал (Сүмийн дээгүүр албан тушаал хашдаг гишүүдийн тухай 32.6.1.4-өөс үзнэ үү).
Гадасны ерөнхийлөгч дараахын аль нэгийг Удирдагч бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан-гаар дамжуулан мэдэгдэнэ:
-
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын үр дүн
-
Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөж, гишүүнчлэлийн зөвлөлийн хурал хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн
Хэрэв Сүмийн Аудитын хэлтэс Сүмийн удирдагчийг эсвэл ажилтныг Сүмийн мөнгө, өмч хөрөнгийг завшсан гэж үзвэл Тэргүүн Зөвлөлөөс түүний гишүүнчлэлийн бүртгэл дээр тэмдэглэгээ үйлдэхийг ерөнхийд нь зааварладаг. “Удирдагч” гэдэг нь Сүмийн дээгүүр албан тушаалтай хүн мөн зөвлөхүүд, бичиг хэргийн ажилтнууд ба салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийг хэлдэг. Наманчлах үйл явц дууссаны дараа гадасны ерөнхийлөгч уг тэмдэглэгээг арилгах хүсэлт гаргаж болно (32.14.5 ба 34.7.5-ыг үзнэ үү). Тэмдэглэгээ байна гэдэг нь гишүүнчлэлийн зөвлөлийн хурал болон өөр арга хэмжээ авсан эсэхийг илэрхийлэхгүй.
32.6.3.4
Хүйс солиулсан гэж тодорхойлогдох хүмүүс
Бишоп, гадасны ерөнхийлөгч хүйс солиулсан хүмүүстэй ажиллахдаа 38.6.23 дахь удирдамжийг дагана.
32.6.4
Ерөнхийдөө гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлагагүй тохиолдлууд
Ерөнхийдөө гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг дараах тохиолдлуудад хуралдуулах шаардлагагүй.
32.6.4.1
Сүмийн зарим жишгийг дагаагүй бол
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг дараах тохиолдолд хуралдуулахгүй. Гэхдээ сүүлд дурдсан онцгой тохиолдлуудыг анхаарна уу.
-
Сүмд идэвхгүй байх
-
Сүмийн үүрэгт ажлаа биелүүлэхгүй байх
-
Аравны нэгээ төлөхгүй байх
-
Хийх ёстой зүйлсээ хийхгүй байх нүгэл
-
Гар хангалга хийх
-
Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагахгүй байх
-
Хүүхэд оролцуулсан порнограф, (38.6.6-д тоймлосноор) эсвэл порнографыг ихээр, донтон үзсэнээр гишүүний гэрлэлт, гэр бүлд асар их хохирол, хор хөнөөл учруулах (38.6.13-т тоймлосноор) гэх зэрэг тохиолдлоос бусад байдлаар порнограф үзэх.
32.6.4.2
Бизнес нь дампуурсан эсвэл өрөө төлөөгүй бол
Бизнесийн маргааныг шийдэхийн тулд удирдагчид гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах ёсгүй. Бизнес нь дампуурсан ба өрөө төлөөгүй явдал гишүүнчлэлийн зөвлөлийн хурал хуралдах шалтгаан биш юм. Гэхдээ залилангийн эсвэл санхүүгийн хууран мэхлэх ноцтой үйлдлүүдийг зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх ёстой (32.6.1.3-ыг үзнэ үү).
32.6.4.3
Иргэний маргаан
Иргэний маргааныг гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэггүй (Сургаал ба Гэрээ 134:11-ийг үзнэ үү).
32.7
Хувь хүний нөхцөл байдал
Их Эзэн “Миний нигүүлслийн мутар та нарын зүг сунгаастай байна, мөн ирэх хэнийг боловч, түүнийг би хүлээн авах болно; мөн надад ирэх тэд адислагдсан болой” (3 Нифай 9:14) хэмээн хэлсэн. Дараах зүйлсийг тодорхойлоход хувь хүний нөхцөл байдлыг авч үзэх нь чухал. Үүнд:
-
Хувь хүнд ноцтой нүглээ наманчлахад нь тохиромжтой нөхцөл байдал (32.5 ба 32.6-г үзнэ үү)
-
Хувийн зөвлөгөө өгөхөд эсвэл гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар гаргасан шийдвэр (32.8 ба 32.11-ийг үзнэ үү).
Бишоп, гадасны ерөнхийлөгч нөхцөл байдал тус бүрийн талаар Их Эзэний оюун ухаан, тааллыг эрэлхийлнэ. Аль нөхцөл байдлыг ашиглах, ямар үр дүн гарахыг тодорхойлохдоо тэд дараах хүчин зүйлсийг авч үзнэ. Эдгээр хүчин зүйл нь тодорхой нэг шийдвэр гаргахыг заадаггүй. Харин удирдагчдад залбирч байгаад, Сүнсний удирдамжийн дагуу шийдвэр гаргахад нь тусалдаг.
32.7.1
Гэм нүглийн цар хүрээ
Нүгэл хэр ноцтойг тухайн нүглийн цар хүрээгээр хэмжинэ. Үүнд үйлдсэн нүглийн тоо, давталт, учруулсан хор хохирлын хэмжээ, хохирсон хүний тоо зэрэг орж болно.
32.7.2
Хохирогчийн сонирхол
Удирдагчид хохирогч мөн бусдын ашиг сонирхлыг бодолцож үзнэ. Эдгээрт тухайн хүний эхнэр нөхөр, гэр бүлийн бусад гишүүн багтаж болно. Түүнчлэн учруулсан хор хөнөөл хэр ноцтой байсныг авч үзнэ.
32.7.3
Наманчлалын нотолгоо
Хувь хүн чин сэтгэлээсээ наманчилсан эсэхийг ялган танихын тулд сүнслэг удирдамж хэрэгтэй. Ийм наманчлал нь ганц удаагийн ярилцлагын үеэр ихэд гэмшиж байгаагаа харуулснаар биш, харин урт хугацаанд үзүүлсэн зөв шударга үйлдлээс нь илүү баттай харагддаг. Дараах хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй. Үүнд:
-
Есүс Христэд итгэх итгэлийн хүч
-
Нүглээ наманчилсан байдал
-
Нүгэл үйлдсэндээ хэр гүн гэмшсэн
-
Хүмүүст учруулсан хохирлоо барагдуулсан эсэх
-
Хуулийн шаардлага хангасан эсэх
-
Нүглээ амжилттай хаяж чадсан эсэх
-
Нүгэл үйлдсэнээсээ хойш зарлигуудыг үнэнч сахисан эсэх
-
Сүмийн удирдагчдад болон бусдад үнэнч хандаж байгаа байдал
-
Сүмийн удирдагчдын зөвлөгөөг дагах хүсэл зэрэг болно.
32.7.4
Ариун сүмийн гэрээнүүдийг зөрчих
Их Эзэн “Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагдах буюу” (Сургаал ба Гэрээ 82:3) хэмээн тунхагласан. Ариун сүмийн хишиг хүртсэн хүн илүү өндөр жишгээр амьдрах гэрээг байгуулдаг. Тэрхүү гэрээнүүдээ зөрчих нь гэм нүглийг илүү ноцтой болгодог. Энэ нь мөн гишүүнчлэлийн зөвлөлийн хурал хуралдах магадлалыг өсгөдөг.
32.7.5
Итгэл хүлээлгэсэн, эрх бүхий албан тушаал
Эцэг эх, удирдагч, багш гэх мэт итгэл хүлээлгэсэн эсвэл эрх бүхий албан тушаал хашиж байхдаа нүгэл үйлдвэл энэ нь илүү ноцтойд тооцогддог.
32.7.6
Давтан үйлдсэн
Нэг ноцтой нүглээ давтан үйлдэх нь жинхэнээсээ наманчлахад хүргэх үйл явцад саад болж, гүн гүнзгий улбаатай зан авир эсвэл донтолтыг харуулж болох юм. Гишүүнчлэлийг хязгаарлах шаардлагатай байж болохоос гадна донтолтоос ангижрах хөтөлбөр ба мэргэжлийн зөвлөгөө тустай байж болно (32.8.2-ыг үзнэ үү).
32.7.7
Нас, төлөвшил ба туршлага
Удирдагчид гишүүнд зөвлөгөө өгөхдөө эсвэл гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын шийдвэрийг гаргахдаа нас, төлөвшил, туршлагыг нь харгалзан үзнэ. Сайн мэдээнд сайн төлөвшөөгүй байгаа хүмүүст өршөөнгүй хандах нь олонх тохиолдолд зүйтэй юм. Жишээлбэл, хэрэв ёс суртахуунгүй үйлдэл гаргасан залуу гишүүд нүглээ орхиж, чин сэтгэлээсээ наманчилснаа харуулбал тэдэнд өршөөнгүй хандах нь зүйтэй байж болно. Гэхдээ, хэрэв тэд уг үйлдлээ гаргасан хэвээр байвал илүү ноцтой арга хэмжээ авах хэрэгтэй байж болно.
32.7.8
Оюуны чадамж
Сэтгэцийн өвчин, донтолт, оюуны хөгжлийн бэрхшээл зэрэг нь үйлдсэн ноцтой нүглийг нь уучлах шалтгаан болдоггүй. Гэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзан үздэг. Удирдагчид тухайн хүнд наманчлахад нь туслах ажлынхаа хүрээнд сайн мэдээний зарчмуудын талаарх ойлголт, хариуцлага хүлээх түвшний талаар Их Эзэнээс удирдамж эрэлхийлнэ.
32.7.9
Нүглээ сайн дураараа хүлээх
Нүглээ сайн дураараа хүлээх, өөрийн үйлдсэн үйлдэлд бурханлагаар гэмших нь наманчлах хүсэлтэй байгааг харуулдаг.
32.7.10
Гэм нүгэл үйлдсэн, гэм нүглээ хүлээсэн хоёрын хоорондох хугацаа
Нүглээ хүлээх нь наманчлалын нэг хэсэг бөгөөд үүнийг хойшлуулах ёсгүй. Заримдаа хүн нүгэл үйлдсэнийхээ дараа учруулсан хохирлоо барагдуулж, урт хугацааны туршид үнэнчээр амьдардаг. Хэрэв гишүүн нүглээ хүлээж, давтан үйлдээгүй бол энэ нь уг хүн нүглээ орхисныг харуулж болох юм. Ийм тохиолдолд, нүгэл үйлдсэнээ хүлээхийг наманчлах үйл явцыг эхлүүлж байгаа гэж үзэхгүй, харин бүрэн хангасан гэж үзэж болно.
32.7.11
Өөр гадас, тойргийн гишүүдтэй холбогдсон гэм нүгэл
Зарим тохиолдолд ноцтой нүгэл хамтдаа үйлдсэн гишүүд өөр өөр гадасны эсвэл тойргийн харьяанд амьдардаг. Энэ тохиолдолд гадасны ерөнхийлөгчид гишүүнчлэлийг хязгаарлах эсвэл зөвлөлийн хурал хуралдуулах эсэх талаар хамтран зөвлөлддөг. Тэд хязгаарлалт эсвэл хурлын үр дүн адил байх эсэх эсвэл өөр өөр шийдвэр гаргах шаардлагыг харуулж байгаа өөр талууд байгаа эсэх талаар зөвлөлддөг.
ХУВИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ
32.8
Хувийн зөвлөгөө ба гишүүнчлэлийн албан бус хязгаарлалт
Ихэнх тохиолдолд бусдыг хамгаалж, наманчлалаар дамжуулан Есүс Христийн Цагаатгалын гэтэлгэгч хүчнээс хүртэхэд нь хувь хүнд туслахад хувийн зөвлөгөө өгөх нь хангалттай байдаг. Ийм зөвлөгөө нь мөн илүү ноцтой нүглээс өөрсдийгөө хамгаалахад гишүүдэд тусалж чадна. Удирдагчид хувийн зөвлөгөө өгөхдөө, ноцтой нүглээ наманчлахад нь гишүүнд туслахын тулд гишүүнчлэлийг нь албан бусаар хязгаарлаж мөн болно (32.8.3-ыг үзнэ үү).
Ноцтой гэм нүгэлд хөнгөн хуумгай хандаж болохгүй (Сургаал ба Гэрээ 1:31-ийг үзнэ үү). Ариун сүмийн гэрээнүүдээ зөрчих нь гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах магадлалыг өсгөдөг (32.7.4-ийг үзнэ үү).
Хэзээ зөвлөгөө өгөх, хэзээ албан бус хязгаарлалт тавих нь хангалттай байж болохыг мэдэхэд удирдагчдад туслах дараах удирдамжийг жагсаав (мөн 32.7-г үзнэ үү). Үүнд:
-
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар орохуйц нүгэл үйлдээгүй (32.6.1-ийг үзнэ үү).
-
Сайн дураараа нүглээ хүлээж, чин сэтгэлээсээ наманчилсан.
-
Урьд өмнө нь үйлдэж байгаагүй ноцтой нүглээ наманчилсан.
-
Уг хүний нүгэл ариун сүмийн гэрээнүүдийг зөрчөөгүй.
-
Хүндэтгэн үзэх ноцтой нөхцөл байдалд орсон.
32.8.1
Хувийн зөвлөгөө өгөх
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч наманчлахад нь гишүүнд туслахдаа дараах удирдамжийг дагана.
-
Зөвхөн (1) гэм нүгэлт зан авирын талаарх хандлага болон (2) зан авирынх нь мөн чанар, давтамж, үргэлжлэх хугацааны талаар олж мэдэхэд хангалттай мэдээллийг асуу. Нөхцөл байдлыг ойлгохын тулд шаардлагагүй нарийн ширийн мэдээллийг бүү асуу. Хувийн сониуч байдлаас үүдэлтэй асуултуудыг бүү тавь.
-
Тухайн үйлдэл бусдад хэрхэн нөлөөлсөн талаар асуу.
-
Гишүүний хөрвөлт, Их Эзэнд үнэнч байгаа байдлыг нь гүнзгийрүүлэх эерэг нөхцөл байдалд төвлөр. Наманчлахын тулд гишүүнийг зан авир, зүрх сэтгэлээ өөрчлөгдөхөд хүргэх тодорхой алхмууд хийхийг санал болго. Аврагчид ойртож, Түүний хүч чадлыг эрэлхийлж, гэтэлгэгч хайрыг нь мэдрэхэд түүнийг урь.
-
Залбирах, судраас суралцах, Сүмийн цуглаануудад оролцох гэх мэт сүнслэг үйл ажиллагаа санал болго. Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил зэрэг нь дайсны нөлөөг багасгаж чадна гэдгийг заа. Бусдад үйлчилж, сайн мэдээг хуваалцахад уриал.
-
Нүглээс болж хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулж, уучлал гуйхад уриалах
-
Муу нөлөөнөөс холдоход уриал. Тодорхой уруу таталтыг сөрөн зогсож чадахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад гишүүдэд тусал.
-
Та мэргэжлийн зөвлөх биш, шашны удирдагч гэдгээ сана. Таны өгөх зөвлөгөөнөөс гадна зарим гишүүнд зан авирын талаар мэргэжлийн зөвлөгөө авах нь тустай байж болно. Зарим хүн сэтгэцийн өвчтэй байдаг. Шаардлагатай бол гишүүдэд мэргэжлийн эмч болон сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс тусламж авахыг зөвлө (31.3.6-г үзнэ үү).
-
Гишүүнчлэлийг албан бусаар хязгаарлахын өмнө залбирч, Сүнсний удирдамж эрэлхийл. Зарим гишүүний хувьд Сүмийн гишүүнчлэлийн эрхээ хязгаарлуулахын оронд идэвхтэй ашиглах нь илүү тустай байж болох юм.
-
Урам өгч, сүнслэг хүч чадлыг бэхжүүлж, өсөлт хөгжлийг нь хянахын тулд дахин уулз.
Гишүүн нүглээ бишоп, гадасны ерөнхийлөгчид хүлээсний дараа эргэн уулзаж зөвлөгөөг хэд хэдэн арга замаар өгч болно. Удирдагч өөрөө зөвлөгөө өгч болно. Эсвэл уг гишүүний зөвшөөрлөөр зөвлөхүүдийнхээ нэгийг зөвлөгөө өгүүлэхээр томилж болно.
Гишүүн зөвшөөрсөн тохиолдолд бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч нь ахлагчийн чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн гишүүдийг тодорхой арга замаар туслуулахаар томилж болно. Өсвөр үеийнхний хувьд тэрээр Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн эсвэл Аароны санваарын чуулгын зөвлөхүүдийг түүнд туслуулахаар томилж болно. Туслахаар томилогдсон хүмүүс уг үүрэг даалгавраа биелүүлэхдээ сүнслэг өдөөлт авах эрхтэй (4.2.6-г үзнэ үү).
Удирдагч нь эргэн уулзаж, зөвлөгөө өгөх үүрэгт ажилд хэн нэгнийг томилохдоо зөвхөн уг гишүүнд туслахад шаардагдах хангалттай мэдээллийг хуваалцана. Томилогдсон хүн мэдээллийн нууцыг хадгалах ёстой. Тэрээр мөн гишүүний өсөлт хөгжил, хэрэгцээний талаар бишопт мэдэгдэнэ.
32.8.2
Донтолт болон порнографын хэрэглээг шийдвэрлэхэд хүмүүст туслах
Хувийн зөвлөгөөнд заримдаа донтолттой холбоотой эсвэл үүнээс үүдэлтэй нүглээ наманчлахад нь гишүүдэд туслах явдал ордог. Эдгээр донтолтод мансууруулах бодист донтох явдал эсвэл янз бүрийн зан авир багтаж болно. Донтолт нь хувь хүн, гэрлэлт, гэр бүлд хор хөнөөл учруулдаг.
Бишоп Сүмийн Аврагчаар дамжуулан эдгэрэх нь: Донтолтоос ангижрах хөтөлбөрийг болон мэргэжлийн эмч, сэтгэлзүйн мэргэжилтнээс тусламж эрэлхийлэхийг гишүүдэд зөвлөж болно. Сүмийн барилгуудад зөвхөн Сүмийн албан ёсны хөтөлбөрийг ивээн тэтгэж, зохион байгуулна.
Порнографын хэрэглээ улам бүр түгээмэл болж байна. Байнга эсвэл хааяа үзэхээс үл хамааран порнограф нь хор хөнөөлтэй. Энэ нь Сүнсийг холдуулдаг. Энэ нь гэрээгээ сахиснаар ирдэг хүч чадалд тулгуурлах чадварыг сулруулдаг. Энэ нь бас эрхэм нандин харилцаа холбоог сэвтүүлдэг.
Ихэнхдээ хувийн зөвлөгөө өгөх, гишүүнчлэлийг албан бусаар хязгаарлах зэрэг нь порнограф үзэж байгаа хүнд наманчлахад нь туслахад хангалттай байдаг. Ихэнх тохиолдолд гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулдаггүй. Онцгой тохиолдлыг 38.6.6 ба 38.6.13-аас үзнэ үү. Мэргэжлийн зөвлөгөө авах нь тустай байж болно.
Гадасны ерөнхийлөгч болон бишоп шаардлагатай үед гэр бүлийн гишүүдийг дэмжинэ. Өсвөр үеийнхэнд порнографын хор хөнөөлийн талаар зөвлөгөө өгөхөд эцэг эхийг нь оролцуулж болно. Гэрлэсэн хүнд зөвлөгөө өгч байгаа бол эхнэр нөхрийг нь оролцуулж болно.
Порнограф үздэг гишүүдэд зөвлөгөө өгөх талаарх нэмэлт мэдээллийг 38.6.13-аас үзнэ үү.
32.8.3
Гишүүнчлэлийн албан бус хязгаарлалт
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч зөвлөгөө өгөхдөө эерэг үйлдэл хийхийг уриалахаас гадна Сүмийн гишүүнчлэлийн зарим эрхийг нь түр хугацаагаар, албан бусаар хязгаарлаж болно. Ухаалгаар гүйцэтгэх юм бол эдгээр хязгаарлалт наманчилж, сүнслэгээр өсөж дэвжихэд нь тусалж чадна. Эдгээрийг гишүүнчлэлийн бүртгэлд тэмдэглэдэггүй тул албан бус гэж үздэг.
Албан бус хязгаарлалт нь хэдэн долоо хоног, сараар эсвэл уг хүнийг бүрэн дүүрэн наманчлахад шаардагдах бол илүү удаан хугацаагаар үргэлжилж болно. Онцгой нөхцөлд, уг хугацаа нэг жилээс илүү үргэлжилж болно.
Удирдагчид аль хязгаарлалт тухайн хүнд наманчлахад нь хамгийн сайн тус болох талаар Сүнсний удирдамж эрэлхийлнэ. Эдгээрт Сүмийн дуудлагад үйлчлэх, санваарыг ашиглах, ариун сүмд орох гэх мэт эрхийг нь (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) түдгэлзүүлэх явдал орж болно. Удирдагч түүнчлэн уг хүнийг Сүмийн орчинд үг хэлэх, хичээл заах, залбирал хэлэхийг нь хориглож болно. Хэрэв удирдагч ариун сүмд орох эрхийг нь түдгэлзүүлбэл Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (УБХАМС) дээр ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг нь хүчингүй болгоно.
Ариун ёслолоос хүртэх нь наманчлалын нэгэн чухал хэсэг юм. Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй наманчлагч хүнд энэ хязгаарлалтыг юун түрүүнд өгөх хэрэггүй. Гэхдээ, хэрэв ноцтой гэм нүгэл үйлдсэн бол удирдагч энэхүү эрхийг нь түр хугацаагаар хязгаарлаж болно.
Мэдээлэх хэрэгцээ гараагүй л бол удирдагчид албан бус хязгаарлалтын талаар ихэвчлэн хэнд ч хэлдэггүй (32.12.2-ыг үзнэ үү).
Хувь хүн чин сэтгэлээсээ наманчлан, тодорхой ахиц гаргасан бол Сүнсний удирдамжийн дагуу албан бус хязгаарлалтыг бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч хүчингүй болгож болно. Хэрэв уг гишүүн гэм нүгэлт зан байдлаасаа салахгүй бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурал хуралдуулах нь тустай эсвэл шаардлагатай байж болох юм.
СҮМИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч уг хурлыг хуралдуулах нь тустай гэж үзвэл эсвэл Сүмийн бодлого журмын дагуу хуралдуулах шаардлагатай бол Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулна (32.6-г үзнэ үү). Эдгээрийг тойрог, гадас, салбар, дүүрэг, номлолын түвшинд явуулна. Энэ хэсэгт эдгээр хурлыг хэрхэн хуралдуулах талаарх мэдээллийг оруулав.
32.9
Оролцоо ба үүрэг хариуцлага
Дараах хүснэгтэд ерөнхийдөө гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд оролцох хүмүүсийг харуулав.
Гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд оролцох хүмүүс | |
---|---|
Тойргийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурал | Гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд оролцох хүмүүс
|
Гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хурал | Гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд оролцох хүмүүс
|
32.9.1
Гадасны ерөнхийлөгч
Гадасны ерөнхийлөгч:
-
Гадасны гишүүнчлэлийн зөвлөлийг гадсанд тэргүүлэх эрх мэдэлтэй ч эдгээр хурлыг ихэвчлэн бишоп хөтлөн явуулдаг.
-
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулахын өмнө бишопт зөвшөөрлөө өгсөн байх ёстой.
-
Хэрэв ариун сүмийн хишиг хүртсэн хүнийг Сүмийн гишүүнчлэлээс хасах магадлал өндөр байвал гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулна.
-
Гишүүн тойргийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын шийдвэрийг давж заалдвал зөвлөлийн хурлыг хуралдуулж болно.
-
Тойргийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын, хишиг хүртээгүй хүнийг гишүүнчлэлээс хасах саналыг эцэслэн шийдвэрлэхийн өмнө зөвшөөрлөө өгсөн байх ёстой.
32.9.2
Дээд зөвлөл
Дээд зөвлөлийн гишүүд гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд ерөнхийдөө оролцдоггүй. Гэхдээ дээд зөвлөл нь ярвигтай нөхцөлд оролцож болно (Сургаал ба Гэрээ 102:2-ыг үзнэ үү). Жишээлбэл, гадасны ерөнхийлөгч дараах нөхцөлд дээд зөвлөлийг оролцуулахаар урьж болно. Үүнд:
-
Баримтууд өөр хоорондоо зөрчилдсөн;
-
Тэд тэнцвэртэй байдлыг хангаж, хувь нэмэр оруулахаар бол;
-
Уг гишүүн тэднийг оролцуулахыг хүссэн;
-
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл түүний гэр бүл холбогдсон (32.9.7-г үзнэ үү) зэргийн үед оролцоно.
32.9.3
Бишоп (эсвэл гадасны харьяа салбарын ерөнхийлөгч)
Бишоп:
-
Тойргийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг тэргүүлэх эрх мэдэлтэй.
-
Зөвлөлийн хурал хуралдахын өмнө гадасны ерөнхийлөгчтэй ярилцаж, түүний зөвшөөрлийг авна.
-
Хэрэв ариун сүмийн хишиг хүртсэн эрэгтэй эсвэл эмэгтэй Сүмийн гишүүнчлэлээс хасагдах магадлалтай бол бишоп гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулж болохгүй. Эдгээр нөхцөлд гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах ёстой.
-
Тойргийнх нь гишүүний гишүүнчлэлийг авч үзэж байгаа гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд оролцохоор уригдаж болно. Түүний оролцох зөвшөөрлийг гадасны ерөнхийлөгч ба тухайн хүн өгсөн байх ёстой.
Хэрэв тухайн хүн хишиг хүртээгүй бол тойргийн эсвэл салбарын гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар Сүмийн гишүүнчлэлээс хасахыг санал болгож болно. Гэхдээ, шийдвэрийг эцэслэхийн өмнө гадасны ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
Заримдаа хишиг хүртсэн гишүүнийг тойргийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулдаг бөгөөд энэ явцад түүнийг гишүүнчлэлээс хасах магадлал өндөр байдаг. Эдгээр нөхцөлд бишоп уг асуудлыг гадасны ерөнхийлөгчид шилжүүлнэ.
32.9.4
Номлолын ерөнхийлөгч
Номлолын ерөнхийлөгч:
-
Номлол дахь салбар, дүүргийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг тэргүүлэх эрх мэдэлтэй.
-
Дүүргийн эсвэл салбарын ерөнхийлөгчид гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулахын өмнө зөвшөөрлөө өгсөн байх ёстой.
-
Хэрэв ариун сүмийн хишиг хүртсэн хүнийг Сүмийн гишүүнчлэлээс хасах магадлал өндөр байвал гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулна. Хэрэв цаг хугацаа, газрын хол ойр зэргээс болж оролцож чадахгүй бол тэрээр өөрийн аль нэг зөвлөхийг уг хурлыг тэргүүлүүлэхээр томилж болно. Тэрээр өөр хоёр Мелкизедек санваартныг оролцуулахаар томилно.
-
Оролцох боломжтой хишиг хүртээгүй хүмүүсийг гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулна. Хэрэв цаг хугацаа, газрын хол ойр зэргээс болж оролцож чадахгүй бол тэрээр гурван Мелкизедек санваартанд хурлыг хуралдуулах зөвшөөрөл олгож болно. Энэ тохиолдолд, ерөнхийдөө тухайн гишүүний дүүргийн эсвэл салбарын ерөнхийлөгч зөвлөлийн хурлыг удирдан явуулна.
-
Гишүүн дүүргийн эсвэл салбарын гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын шийдвэрийг давж заалдах бол зөвлөлийн хурлыг хуралдуулж болно.
-
Хэрэв номлогч номлолын талбарт байхдаа ноцтой гэм нүгэл үйлдвэл Номлогчийн албаны ерөнхий эрх мэдэлтний зөвшөөрлөөр гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулна (32.9.8-ыг үзнэ үү). Тэрээр мөн асуудлыг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнтэй ярилцаж, номлогчийн гэр бүлийн харьяа гадасны ерөнхийлөгчтэй зөвлөлдөнө.
-
Хишиг хүртээгүй хүнийг гишүүнчлэлээс хасах салбарын эсвэл дүүргийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын саналыг эцэслэн шийдвэрлэхийн өмнө зөвшөөрлөө өгсөн байх ёстой.
Хэрэв номлогч номлолд үйлчлэхийн өмнө ноцтой нүгэл үйлдсэнээ хүлээвэл номлолын ерөнхийлөгч Номлогчийн албан дахь хариуцсан төлөөлөгчөөс удирдамж авахаар холбоо барина.
Номлолын ерөнхийлөгч гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулахдаа өөрт нь туслах хоёр Мелкизедек санваартныг томилно. Зөвхөн онцгой тохиолдолд залуу номлогчдыг туслуулахаар томилж болно. Тэрээр гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах журмыг дагана (32.10-ыг үзнэ үү). Гэхдээ дээд зөвлөл юм уу дүүргийн зөвлөл оролцохгүй.
32.9.5
Номлолын харьяа дүүргийн эсвэл салбарын ерөнхийлөгч
Номлолын харьяа дүүргийн эсвэл салбарын ерөнхийлөгч нь номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулж болно. Дүүргийн зөвлөл үүнд оролцохгүй.
Тухайн хүн ариун сүмд хишиг хүртээгүй бол дүүргийн эсвэл салбарын гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар Сүмийн гишүүнчлэлээс хасах санал оруулж болно. Гэхдээ шийдвэрийг эцэслэн гаргахын өмнө номлолын ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
32.9.6
Гадасны эсвэл тойргийн бичиг хэргийн ажилтан
Гадасны эсвэл тойргийн бичиг хэргийн ажилтан:
-
Зөвхөн Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын тайлан маягтыг явуулахад шаардлагатай хугацаанд тэрээр зөвлөлийн хурлын бичиглэсэн тэмдэглэлийг хадгална.
-
Зөвлөлийн хурлыг хөтлөн явуулсан удирдагчийн хүсэлтээр маягтыг бэлдэнэ.
-
Зөвлөлийн хурлын ярилцлагад эсвэл шийдвэрт оролцохгүй.
32.9.7
Онцгой нөхцөл байдалд оролцох
Хэрэв гадасны ерөнхийлөгчийн зөвлөх гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд оролцох боломжгүй бол гадасны ерөнхийлөгч дээд зөвлөлийн гишүүн юм уу дээд пристээс түүнийг орлохыг хүснэ. Хэрэв гадасны ерөнхийлөгч оролцох боломжгүй бол Тэргүүн Зөвлөл оронд нь зөвлөхүүдийнх нь нэгэнд тэргүүлэх зөвшөөрөл олгож болно.
Хэрэв бишопын зөвлөх гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд оролцох боломжгүй бол бишоп тойргийн нэг дээд пристийг түүний оронд оролцохыг урьж болно. Бишоп оролцох боломжгүй бол тэрээр энэхүү байдлыг гадасны ерөнхийлөгчид шилжүүлэх ба гадасны ерөнхийлөгч нь гишүүнчлэлийн зөвлөлийг хуралдуулна. Бишоп гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах эсвэл тэргүүлэн удирдахад зөвлөхөө томилж болохгүй.
Хэрэв бишопын эсвэл аль нэгэн зөвлөхийн гэр бүлийн гишүүнийг гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэж байгаа бол хурлыг гадасны түвшинд хуралдуулна. Хэрэв энэ хурлаар гадасны ерөнхийлөгчийн зөвлөхийн гэр бүлийн гишүүнийг авч хэлэлцэж байгаа бол гадасны ерөнхийлөгч уг зөвлөхийн оронд өөр нэг дээд пристийг томилно. Хэрэв гадасны ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүнийг авч хэлэлцэж байгаа бол тэрээр Тэргүүн Зөвлөлийн албатай зөвлөлдөнө.
Хэрэв гишүүн бишоп эсвэл түүний зөвлөхүүдийг оролцуулахаас татгалзвал гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг гадасны түвшинд хуралдуулна. Хэрэв гишүүн нь гадасны ерөнхийлөгчийн аль нэг зөвлөхийг оролцуулахаас татгалзвал гадасны ерөнхийлөгч түүний оронд өөр нэг дээд пристийг томилно. Хэрэв гишүүн гадасны ерөнхийлөгчийг оролцуулахаас татгалзвал эсвэл гадасны ерөнхийлөгч энэ асуудалд шударга хандаж чадахгүй гэж үзвэл тэрээр Тэргүүн Зөвлөлийн албатай зөвлөлдөнө.
32.9.8
Онцгой нөхцөл байдалд аль удирдагч зөвлөлийн хурал хуралдуулахыг шийдэх
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг ихэнх нөхцөлд тухайн хүний гишүүнчлэлийн бүртгэл байгаа, газар зүйн хувьд харьяат Сүмийн нэгжид хуралдуулдаг.
Заримдаа шилжин нүүсэн хүнийг гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх шаардлага гардаг. Хэрэв тухайн хүн гадасныхаа хил хязгаар дотор нүүсэн бол гадасны ерөнхийлөгч нь хоёр тойргийн холбогдох бишопуудтай ярилцан, хаана хуралдуулахаа шийднэ.
Хэрэв тухайн гишүүн гадаснаас гадагш нүүсэн бол хоёр гадасны ерөнхийлөгч нар хоорондоо ярилцан, зөвлөлийн хурлыг хаана хуралдуулахаа шийднэ. Хэрэв тухайн хүний хуучин тойрог эсвэл гадсанд зөвлөлийн хурлыг хуралдуулахаар шийдвэл, хурал дуустал гишүүнчлэлийн бүртгэлийг тэр тойрогт нь үлдээнэ. Үгүй бол бүртгэлийг нь шинэ тойрог руу нь шилжүүлнэ. Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч нь тухайн гишүүний одоогийн бишоп юм уу гадасны ерөнхийлөгчид зөвлөлийн хурал яагаад хуралдуулах хэрэгтэй байгаа шалтгааныг ганцаарчлан мэдээлнэ.
Заримдаа гэрээсээ түр хугацаагаар хол амьдарч байгаа гишүүнийг гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх шаардлага гардаг. Жишээлбэл, оюутан эсвэл цэргийн албанд байгаа хүнийг зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх хэрэгтэй байж болно. Тухайн гишүүний түр амьдарч байгаа газрын бишоп зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлж болно. Гэхдээ гишүүнчлэлийн бүртгэл нь нэгжид нь байхгүй мөн харьяа тойргийнх нь бишоптой зөвлөлдөөгүй тохиолдолд тэрээр гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах ёсгүй.
Заримдаа номлогч номлолын талбарт байхдаа ноцтой гэм нүгэл үйлдсэн нь номлолоос буусных нь дараа илрэх тохиолдол гарч болно. Бишоп, гадасны ерөнхийлөгч хоёрын хэн нь гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулахаа хоорондоо зөвлөлдөнө. Тэдний нэг нь хурлын өмнө хуучин номлолын ерөнхийлөгчтэй нь ярилцана.
32.10
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын журам
32.10.1
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын талаар мэдэгдэх, үүнд бэлтгэх
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч гишүүнд өөрийг нь авч хэлэлцэх гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын талаар бичгээр мэдэгдэнэ. Тэрээр уг захидалд гарын үсэг зурна. Үүнд дараах мэдээлэл орсон байна.
“[Бишопын зөвлөл эсвэл гадасны ерөнхийлөгчийн зөвлөл] таны талаар авч хэлэлцэхийн тулд гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах гэж байна. Зөвлөлийн хурал [огноо ба цаг]-т [хурал болох газар]-т хуралдана.
Энэ зөвлөлийн хурлаар [буруу үйлдлийг ерөнхийд нь товч дурдан, нарийн ширийн мэдээлэл, нотолгоог дурдахгүй] авч хэлэлцэнэ.
Таныг өөрийн хариултыг өгөхөөр энэ зөвлөлийн хуралд оролцоно уу хэмээн урьж байна. Үүнтэй холбоотой мэдээлэл өгч чадах хүмүүсийн бичгээр үйлдсэн мэдэгдлийг та авчран өгч болно. Гадасны ерөнхийлөгч эсвэл бишопоос урьдчилан зөвшөөрөл авсан бол та өөрийнхөө өмнөөс зөвлөлд хандан үг хэлүүлэхээр хүмүүсийг урьж болно. Та түүнчлэн [тойргийн Халамжийн нийгэмлэгийн эсвэл ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийг] тэнд байлгаж, дэмжлэг үзүүлэхэд урьж болно.
“Оролцох бүх хүн зөвлөлийн хурлын хүндэтгэлтэй байдлыг дагаж, холбогдох журам, мэдээллийн нууцыг хадгалахад бэлэн байх ёстой. Дээр дурдсан хуулийн зөвлөх ба дэмжигчдээс өөр хүмүүс оролцож болохгүй.”
Сүүлчийн догол мөрд хайрлаж, итгэж найдан, санаа тавьж байгаагаа илэрхийлсэн үгс оруулж болно.
Тухайн хүн хэнийг зөвлөлийн хурал дээр үг хэлүүлэхээр урьж болох талаарх удирдамжийг 32.10.3, дугаар 4-т өгсөн.
Хэрэв захидлыг биеэр хүргэж өгөх боломжгүй бол баталгаат шуудангаар илгээж, мэдэгдэл хүлээж авсан тухай баримт авна.
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч тухайн хүний боломжтой цагаар гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулахаар тохирно. Тэрээр мөн буруу үйлдлийн хохирогчдыг мэдүүлэг өгөхийг хүсвэл тэдний мэдүүлгийг хүлээж авах хангалттай цаг байлгахад анхаарна (32.10.2-ыг үзнэ үү).
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч зөвлөлийн зорилго, журмыг тайлбарлан, тухайн гишүүнийг зөвлөлийн хуралд бэлдэнэ. Тэрээр бас зөвлөлийн хурлаас гарч болох шийдвэр, үр дагавруудыг тайлбарлана. Хэрэв гишүүн гэм нүглээ хүлээсэн бол буруугаа хүлээсэн явдлыг нь гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд ашиглах хэрэгтэй гэдгийг удирдагч тайлбарлана.
32.10.2
Хохирогчдоос мэдүүлэг авах
Хохирогч нь (цус ойртох, хүүхэд эсвэл хань ижлээ хүчирхийлэх, залилангийн хэрэг зэргийн) Сүмийн гишүүн бол бишоп юм уу гадасны ерөнхийлөгч уг хүний одоогийн бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчтэй холбоо барина. Эдгээр удирдагч буруу үйлдлийн тухай болон үр дагаврын талаарх мэдүүлгийг бичгээр өгөх боломжийг хохирогчид олгох нь тус болох эсэхийг шийднэ. Эдгээр мэдүүлгийг гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын үеэр уншиж болно (32.10.3, дугаар 3-ыг үзнэ үү). Сүмийн гишүүн бус хохирогчидтой холбоо барих эрх Сүмийн удирдагчдад байхгүй.
Уг зорилгоор хохирогчтой холбогдох бол түүний одоогийн бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч холбогдоно. Хэрэв хохирогч мэдүүлэг гаргаж өгвөл тухайн удирдагч үүнийг нь гишүүнчлэлийн зөвлөлийг хуралдуулж байгаа бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчид өгнө. Удирдагчид илүү их хор хохирол учруулахаас зайлсхийхийн тулд ихээхэн болгоомжлох ёстой. Бусад тохиолдолд 32.4.3-ыг үзнэ үү.
18 нас хүрээгүй хохирогчийн талаар асууж лавлах нь хохирогчийг эрсдэлд оруулахааргүй бол үүнийг эцэг эх юм уу хууль ёсны асран хамгаалагчаар нь дамжуулан гүйцэтгэж болно.
Бишоп, гадасны ерөнхийлөгч хүчирхийллийн хэргийн талаар удирдамж авах тухай мэдээллийг 32.4.5 ба 38.6.2.1-ээс үзнэ үү.
32.10.3
Зөвлөлийн хурлыг хөтлөн явуулах
Зөвлөлийн хурал эхлэхийн яг өмнөхөн бишоп юм уу гадасны ерөнхийлөгч зөвлөлийн хурлыг хэнд зориулан хийж байгааг мөн мэдэгдсэн буруутай үйлдэл нь юу болохыг хэлнэ. Шаардлагатай бол тэрээр хурлын дэг журмыг зөвлөлийнхөнд тайлбарлана.
Хэрэв тухайн хүн ирсэн бол түүнийг өрөөнд урьж оруулна. Хэрэв бишопыг гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд оролцоход урьсан бол түүнийг бас энэ үед өрөөнд урьж оруулна. Хэрэв тухайн хүн тойргийн Халамжийн нийгэмлэгийн эсвэл ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийг тэнд байлгаж, дэмжлэг туслалцаа авахаар урьсан бол тэднийг бас өрөөнд урьж оруулна.
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч доор тоймлон харуулсны дагуу зөвлөлийн хурлыг хайраар хөтлөн явуулна.
-
Тэр нээлтийн залбирал хэлэхэд хэн нэгнийг урина.
-
Мэдэгдсэн буруу үйлдлийг дурдана. Тухайн хүнд (ирсэн бол) энэ мэдүүлгийг бататгах, үгүйсгэх эсвэл тодруулах боломж олгоно.
-
Хэрэв уг гишүүн буруутай үйлдлээ нотолбол, бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч доорх 5-аас дооших алхмыг цааш үргэлжлүүлнэ. Хэрэв тэр үгүйсгэх юм бол бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч энэ талаарх мэдээллийг танилцуулна. Үүнд баттай баримтыг танилцуулах, хохирогчийн бичсэн аливаа мэдүүлгийг чанга унших зэрэг нь орж болно (32.10.2-ыг үзнэ үү). Хэрэв тэрээр ийм мэдүүлгийг унших бол хохирогчийн нэрийг нууцална.
-
Хэрэв гишүүн буруу үйлдэл хийснээ үгүйсгэвэл, энэ талаарх мэдээллийг зөвлөлийн хуралд үзүүлж болно. Үүнийг бичгээр өгч болно. Эсвэл гишүүн нь холбогдох мэдээллийг өгч чадах хүмүүсээс зөвлөлийн хурал дээр нэг нэгээрээ үг хэлэхийг хүсэж болно. Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч гишүүн бус хүн оролцож болно гэж урьдчилан шийдсэнээс өөр тохиолдолд эдгээр хүн Сүмийн гишүүн хүн байх ёстой. Тэднээс ярихыг хүсэх хүртэл тэднийг өөр өөр өрөөнд хүлээлгэнэ. Хүн бүрийг ярьж дуусмагц зөвлөлийн хурал болж байгаа өрөөнөөс гаргана. Тэд зөвлөлийн хурлын орчныг хүндэлж, үүний дотор хурлын дэг журам, мэдээллийн нууцыг хадгалах явдлыг дагахад бэлэн байх ёстой. Гишүүд хуулийн зөвлөх авчран оролцуулж болохгүй. Тэд бас энэ хэсгийн хоёр дахь догол мөрд дурдсанаас өөр дэмжлэг авах хүмүүсийг оролцуулж болохгүй.
-
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч гишүүнд эелдэг, хүндэтгэлтэй байдлаар асуултууд тавина. Тэрээр мөн гишүүний талаар мэдээлэл өгөхийг хүссэн бусад хүнд асуулт тавьж болно. Бишопын эсвэл гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхүүд бас асуулт тавьж болно. Асуулт бүр товч тодорхой, зөвхөн тухайн хэрэгтэй холбоотой нэн чухал баримтуудаар хязгаарлагдах ёстой.
-
Холбогдох бүх мэдээллийг танилцуулсны дараа, бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч уг гишүүнийг өрөөнөөс гарахыг хүснэ. Гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд дээд зөвлөл оролцоогүй бол бичиг хэргийн ажилтныг бас гарахыг хүснэ. Хэрэв гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд бишоп оролцож байгаа бол түүнийг өрөөнөөс гарахыг хүснэ. Хэрэв Халамжийн нийгэмлэгийн эсвэл ахлагчийн чуулгын ерөнхийлөгч дэмжлэг үзүүлэхээр оролцож байгаа бол тэднийг өрөөнөөс гарахыг хүснэ.
-
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч зөвлөхүүдээсээ санал бодлоо хуваалцахыг хүснэ. Хэрэв гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд дээд зөвлөл оролцсон бол тэдний санал бодлыг түүнчлэн асууна.
-
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч зөвлөхүүдийнхээ хамт уг асуудлын талаар Их Эзэний хүслийг залбиран байж эрэлхийлнэ. Энэ үед өрөөнд зөвхөн гадасны ерөнхийлөгч зөвлөхүүдтэйгээ эсвэл бишоп зөвлөхүүдтэйгээ байх ёстой. Хэрэв гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд дээд зөвлөл оролцсон бол гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ихэнхдээ гадасны ерөнхийлөгчийн өрөө рүү ордог.
-
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч өөрийн шийдвэрийг зөвлөхүүддээ хэлэх ба тэднээс өөрийг нь дэмжин батлахыг хүснэ. Хэрэв гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд дээд зөвлөл оролцсон бол гадасны ерөнхийлөгчийн зөвлөл өрөөндөө эргэж орж ирээд, дээд зөвлөлөөс шийдвэрийг нь дэмжин батлахыг хүснэ. Хэрэв зөвлөх эсвэл дээд зөвлөлийн гишүүн өөр бодолтой байвал бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч тэднийг сонсон, үзэл бодлын ялгаагаа шийдвэрлэхийг эрэлхийлнэ. Шийдвэр гаргах хариуцлага тэргүүлэгч албан тушаалтанд байна.
-
Тэрээр тухайн хүнийг өрөөнд буцаж орж ирэхэд урина. Хэрэв бичиг хэргийн ажилтныг гаргасан байсан бол түүнийг бас өрөөнд урьж оруулна. Хэрэв гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд бишоп оролцож байгаа бол түүнийг ч гэсэн өрөөнд урьж оруулна. Хэрэв Халамжийн нийгэмлэгийн эсвэл ахлагчийн чуулгын ерөнхийлөгч дэмжлэг үзүүлэхээр оролцсон бол тэднийг буцааж орж ирэхэд урина.
-
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч нь зөвлөлийн хурлын шийдвэрийг хайраар хуваалцана. Хэрэв уг хүний Сүмийн гишүүнчлэлийн эрхийг албан ёсоор хязгаарлах эсвэл гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан бол тэрээр нөхцөлийг нь тайлбарлана (32.11.3 ба 32.11.4-ийг үзнэ үү). Хязгаарлалтыг хэрхэн даван гарах талаар тайлбарлаж, өөр бусад зааварчилгаа, зөвлөгөөг түүнд өгнө. Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч шийдвэр гаргахынхаа өмнө илүү их удирдамж юм уу мэдээлэл авахыг эрэлхийлэхээр зөвлөлийн хурлыг хэсэг хугацаанд завсарлуулж болно. Энэ тохиолдолд тэр үүнийгээ тайлбарлана.
-
Тэрээр давж заалдах эрхийнх нь талаар тухайн хүнд тайлбарлаж өгнө (32.13-ыг үзнэ үү).
-
Тэр хэн нэгнийг хаалтын залбирал хэлэхэд урина.
Тухайн хүн оролцсон эсэхээс үл хамааран, бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч 32.12.1-д тайлбарласны дагуу түүнд шийдвэрийн талаар мэдэгдэнэ.
Гишүүнчлэлийн зөвлөлийн хуралд оролцож байгаа ямар ч хүн аудио, видео бичлэг хийж эсвэл тэмдэглэл хөтөлж болохгүй. Бичиг хэргийн ажилтан Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын тайланг бэлтгэх зорилгоор тэмдэглэл хөтөлж болно. Гэхдээ ийм тэмдэглэлд хэлсэн үг бүрийг бичих хэрэггүй. Тайланг бэлтгэсний дараа тэрээр бичсэн тэмдэглэлээ тэр даруй устгана.
32.11
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын шийдвэр
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаас гарах шийдвэрүүд Сүнсний удирдамжийн дагуу байх ёстой. Тэдгээр нь наманчилж буй хүмүүст Аврагчийн харамгүй өгдөг хайр, итгэл найдварыг харуулах ёстой. Гарч болох шийдвэрүүдийг дурдав. Удирдагчид эдгээр шийдвэрийг гаргаж байхдаа 32.7-д тоймлосон нөхцөл байдлуудыг бодолцож үзнэ.
Аливаа гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын дараа бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч УБХАМС-аар дамжуулан Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын тайланг цаг алдалгүй бөглөн явуулна (32.14.1-ийг үзнэ үү).
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар гаргаж болох шийдвэрүүдийг дараа дараагийн хэсгүүдэд тоймлов.
32.11.1
Сайн байр сууриа хадгалан үлдэх
Зарим тохиолдолд хүн гэм буруугүй, зохистой хэвээр байдаг. Зарим тохиолдолд хүн гэм нүгэл үйлдсэн ч чин сэтгэлээсээ наманчилж, зохистой хэвээр байж болно. Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч зөвлөгөө өгч, цаашид үйлдлээ хянахыг сэрэмжлүүлнэ. Шаардлагатай бол зөвлөлийн хурлын дараа тэрээр үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ.
32.11.2
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчөөс хувийн зөвлөгөө авах
Удирдагчид гишүүнчлэлийн зөвлөлийн зарим хурлаар тухайн гишүүн зохисгүй гэдгийг тодорхойлсон ч энэ нь албан ёсны гишүүнчлэлийн хязгаарлалт тавина гэсэн үг биш юм. Эдгээр тохиолдолд, уг хүн бишоп юм уу гадасны ерөнхийлөгчөөс хувийн зөвлөгөө, залруулга авах хэрэгтэй гэсэн шийдвэрийг зөвлөлийн хурлаар гаргаж болох юм. Ийнхүү зөвлөгөө өгөхөд 32.8.3-т тоймлосноор гишүүнчлэлийн албан бус хязгаарлалтыг бас тавьж болно.
Зөвлөлийн хурлыг 32.6.1-д жагсаасан гэм нүглүүдийг авч хэлэлцэхийн тулд хуралдуулсан бол хувийн зөвлөгөө авах, гишүүнчлэлийн албан бус хязгаарлалт тавих гэсэн сонголт байхгүй.
32.11.3
Гишүүнчлэлийн албан ёсны хязгаарлалт
Гишүүнчлэлийн зөвлөлийн зарим хурлаар Сүмийн гишүүнчлэлийн эрхийг нь түр хугацаагаар албан ёсоор хязгаарлах нь зөв гэсэн шийдвэрийг удирдагчид гаргаж болох юм. Хамгийн ноцтой нүгэл, нөхцөл байдлуудад гишүүнчлэлээс хасвал зохих ба бусад тохиолдолд албан ёсны хязгаарлалт тавих нь хангалттай байж болно (32.11.4-ийг үзнэ үү).
Гишүүнчлэлээ албан ёсоор хязгаарлуулсан хүмүүс Сүмийн гишүүд хэвээр үлддэг. Гэхдээ тэдний Сүмийн гишүүнчлэлийн эрх дараах байдлаар хязгаарлагддаг. Үүнд:
-
Тэд ариун сүмд орж болохгүй. Гэхдээ хишиг хүртсэн бол ариун сүмийн гарментаа үргэлжлүүлэн өмсөж болно. Хэрэв гишүүн нь ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй бол удирдагч зөвшөөрлийн бичгийг нь УБХАМС дээр цуцална.
-
Тэд санваарыг ашиглаж болохгүй.
-
Тэд ариун ёслолоос хүртэхгүй, мөн Сүмийн албан тушаалтнуудыг дэмжин батлахад оролцохгүй.
-
Тэд Сүмийн хүрээнд үг хэлж, хичээл зааж, залбирал хэлж болохгүй. Тэд мөн Сүмийн дуудлагад үйлчилж болохгүй.
Хэрэв биеэ зөв авч явах юм бол тэднийг Сүмийн цуглаан, үйл ажиллагаанд оролцохыг урамшуулна. Тэднийг мөн аравны нэг ба бусад өргөлөө өгөхийг уриална.
Порнографын материалууд, бусад муу нөлөөнөөс хол байх зэрэг нэмэлт хязгаарлалтуудыг бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч өгч болно. Тэр ихэвчлэн эерэг нөхцөлүүдийг нэмнэ. Энд Сүмд тогтмол явах, залбирах, судрууд, Сүмийн бусад материалыг унших зэрэг нь орж болно.
Хэрэв Сүмийн гишүүнчлэлийн эрхийг нь албан ёсоор хязгаарласан бол гишүүнчлэлийн бүртгэл дээр нь тэмдэглэнэ.
Албан ёсны хязгаарлалтын хугацаа хамгийн багадаа нэг жил байх ба үүнээс удаан байж болно. Хэрэв уг гишүүн чин сэтгэлээсээ наманчлан, тодорхой ахиц гаргах юм бол бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч хязгаарлалтыг цуцлах талаар авч хэлэлцэхээр зөвлөлийн хурлыг ахин хуралдуулдаг (32.16.1-ийг үзнэ үү). Хэрэв гишүүн нүгэлт байдлаасаа салахгүй үргэлжлүүлсээр байвал удирдагч өөр арга хэмжээ авах талаар авч хэлэлцэхээр зөвлөлийн хурлыг дахин хуралдуулж болно.
32.11.4
Гишүүнчлэлээс хасах
Удирдагчид гишүүнчлэлийн зөвлөлийн зарим хурлаар тухайн хүнийг Сүмийн гишүүнчлэлээс түр хугацаагаар хасах нь хамгийн зөв гэсэн шийдвэр гаргаж болох юм (Moзая 26:36; Алма 6:3; Моронай 6:7; Сургаал ба Гэрээ 20:83).
Хүн амины хэрэг үйлдсэн (32.6.1.1-д тодорхойлсноор), олон эхнэр авсан тохиолдолд (32.6.1.2-т тайлбарласнаар) Сүмийн гишүүнчлэлээс хасах шаардлагатай. 32.6.1.2, 38.6.10-т тайлбарласнаар, цус ойртолтын бараг бүх тохиолдолд гишүүнчлэлээс хасдаг.
Сүнсний удирдамжийн дагуу дараах тохиолдлуудад тухайн хүнийг гишүүнчлэлээс хасах шаардлагатай байж болно. Үүнд:
-
Үйлдэл нь бусдад ноцтой аюул учруулсан
-
Онцгой хүнд гэм нүгэл үйлдсэн
-
Үйлдсэн ноцтой гэм нүглээ наманчилснаа харуулаагүй (32.7 дээрх саналуудыг үзнэ үү)
-
Сүмд хор уршиг учруулсан ноцтой нүглүүд үйлдсэн зэрэг юм.
Тойрог, салбар эсвэл дүүргийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар, ариун сүмийн хишиг хүртээгүй хүнийг Сүмийн гишүүнчлэлээс хасах санал гаргаж болно. Гэхдээ эцсийн шийдвэрийг гapгaxaac өмнө гадасны эсвэл номлолын ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
Сүмийн гишүүнчлэлээс хасагдсан хүмүүс гишүүнчлэлийн ямар ч эрхийг эдлэхгүй.
-
Тэд ариун сүмд орж бас ариун сүмийн гармент өмсөж болохгүй. Хэрэв уг хүн ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй бол удирдагч зөвшөөрлийн бичгийг нь УБХАМС дээр цуцална.
-
Тэд санваарыг ашиглаж болохгүй.
-
Тэд ариун ёслолоос хүртэхгүй, мөн Сүмийн албан тушаалтнуудыг дэмжин батлахад оролцохгүй.
-
Тэд Сүмийн хүрээнд үг хэлж, хичээл зааж, залбирал хэлж, бас сүмийн ямар нэгэн үйл ажиллагааг удирдан явуулж болохгүй. Тэд мөн Сүмийн дуудлагад үйлчилж болохгүй.
-
Тэд аравны нэг ба бусад өргөлийг өгч болохгүй.
Хэрэв тэд биеэ зөв авч явах юм бол тэднийг Сүмийн цуглаан, үйл ажиллагаанд оролцохыг урамшуулна.
Сүмийн гишүүнчлэлээс хасагдсан хүмүүсийг баптисм хүртээж, гишүүнээр батлуулснаар дахин элсүүлэх талаар бодож үзэж болно. Ихэвчлэн хамгийн багадаа нэг жилийн туршид тэд чин сэтгэлээсээ наманчилж байгаагаа эхлээд харуулах ёстой. Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч дахин элсүүлэх талаар авч хэлэлцэхээр гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг дахин хуралдуулна (32.16.1-ийг үзнэ үү).
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын шийдвэр ба үр дүн
Шийдвэр |
Үр дүн |
---|---|
Шийдвэр Зохистой хэвээр (32.11.1-ийг үзнэ үү) | Үр дүн
|
Шийдвэр Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч хувийн зөвлөгөө өгөх (32.11.2-ыг үзнэ үү) | Үр дүн
|
Шийдвэр Гишүүнчлэлийн албан ёсны хязгаарлалт (32.11.3-ыг үзнэ үү) | Үр дүн
|
Шийдвэр Гишүүнчлэлээс хасах (32.11.4-ийг үзнэ үү) | Үр дүн
|
32.11.5
Хүнд асуудлуудыг шийдвэрлэх тухай асуултууд
Бишоп гарын авлага дээрх гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын удирдамжийн талаарх асуултаа гадасны ерөнхийлөгчид тавина.
Хүнд асуудлын хувьд гадасны ерөнхийлөгч хариуцсан Бүсийн далаас зөвлөгөө авч болно. Гадасны ерөнхийлөгч 32.6.3-т тоймлосон асуудлуудын талаар Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй ярилцана. Гэхдээ гадасны ерөнхийлөгч Бүсийн дал эсвэл ерөнхий эрх мэдэлтнээс хүнд асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ асуух ёсгүй. Тухайн асуудлыг авч хэлэлцэхийн тулд зөвлөлийн хурлыг хуралдуулах эсэхээ зөвхөн гадасны ерөнхийлөгч шийднэ. Хэрэв зөвлөлийн хурлыг хуралдуулах бол гадасны ерөнхийлөгч эсвэл бишоп эцсийн шийдвэрийг гаргана.
32.11.6
Тэргүүн Зөвлөлийн эрх мэдэл
Тэргүүн Зөвлөл Сүмийн гишүүнчлэлийг хязгаарлах, гишүүнчлэлээс хасах талаар бүх эцсийн шийдвэрийг гаргах эрх мэдэлтэй.
32.12
Мэдэгдэх ба зарлах
Гишүүнчлэлийн зөвлөлийн шийдвэрийг уг хүнд танилцуулах ба шаардлагатай гэж үзвэл доор тайлбарласны дагуу бусдад мэдэгдэнэ.
32.12.1
Шийдвэрийн талаар хувь хүнд мэдэгдэх
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч нь ерөнхийдөө зөвлөлийн хурлын төгсгөлд үр дүнг нь уг хүнд хэлдэг. Гэхдээ тэрээр шийдвэр гаргахаасаа өмнө илүү их удирдамж, мэдээлэл авахын тулд хэсэг хугацаанд зөвлөлийн хурлыг завсарлуулж болно.
Тойрог, салбар эсвэл дүүргийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар ариун сүмийн хишиг хүртээгүй хүнийг Сүмийн гишүүнчлэлээс хасах санал оруулж болно. Гэхдээ эцсийн шийдвэрийг гapгaxын өмнө гадасны эсвэл номлолын ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч уг шийдвэрийн үр дүнг 32.11 дээр тоймлосны дагуу тайлбарлана. Ерөнхийдөө тэр хязгаарлалтыг цуцлахад эсвэл уг хүнийг Сүмд дахин элсүүлэхэд наманчлалын ямар ямар нөхцөл тавигддаг талаар бас зөвлөгөө өгдөг.
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч шийдвэр, үр дүнгийн тухай мэдэгдлийг цаг алдалгүй бичгээр өгнө. Энэ мэдэгдэлд Сүмийн хууль, дүрэм журамд үл нийцэх байдлаар биеэ авч явсны төлөө авсан арга хэмжээний тухай ерөнхий мэдээллийг оруулдаг. Үүнд бас гишүүнчлэлийн хязгаарлалтаа цуцлуулах эсвэл Сүмд дахин элсэх талаарх зөвлөгөөг оруулж болно. Үүнд шийдвэрийг давж заалдах боломжтойг түүнд мэдэгдсэн байх ёстой (32.13-ыг үзнэ үү).
Хэрэв тухайн хүн зөвлөлийн хуралд ирээгүй бол шийдвэрийн талаар бичгээр үйлдсэн мэдэгдлийг хүргүүлэх нь хангалттай байж болно. Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч тухайн хүнтэй бас уулзаж болно.
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын тайлангийн маягтын хувийг түүнд өгөхгүй.
32.12.2
Шийдвэрийн талаар бусдад мэдээлэх
Хэрэв бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч хувийн зөвлөгөө өгөхдөө тухайн хүний гишүүнчлэлийн эрхийг албан бусаар хязгаарлавал, ихэнхдээ энэ талаар өөр хэнд ч мэдээлдэггүй (32.8.3-ыг үзнэ үү). Гэхдээ эдгээр удирдагч гишүүдэд туслахдаа албан бус хязгаарлалтын талаар бие биедээ мэдэгдэнэ.
Хэрэв гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар тухайн хүний гишүүнчлэлийн эрхийг албан ёсоор хязгаарласан эсвэл хассан бол бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч зөвхөн мэдвэл зохих хүмүүст шийдвэрийн талаар мэдэгдэнэ. Ингэхдээ дараах удирдамжийг баримтална.
-
Тэрээр хохирогч, цаашид хохирч болох хүмүүс мөн тухайн хүний гэр бүлийнхний бодол санааг авч үзнэ.
-
Хэрэв тухайн хүн шийдвэрийг давж заалдах бол шийдвэрийн талаар бусдад мэдэгдэхгүй. Гэхдээ тэрээр цаашид хохирч болох хүмүүсийг хамгаалахад шаардлагатай гэж үзвэл давж заалдаж байгааг нь мэдэгдэж болно. Тэрээр хохирогчдыг эдгэрэхэд нь туслах зорилгоор (гэхдээ тэр хохирогчдын нэрсийг өгөхгүй) эсвэл Сүмийн нэр төрийг хамгаалахын тулд энэ талаар мэдэгдэж болно.
-
Шаардлагатай гэж үзвэл, бишоп уг шийдвэрийн талаар тойргийн зөвлөлийн гишүүдэд ганцаарчлан мэдээлнэ. Энэ нь уг хүнд дуудлага өгөх, хичээл заалгах эсвэл залбирал юм уу үг хэлүүлэхээр бодож байгаа удирдагчдад энэ талаар мэдэгдэх зорилготой юм. Энэ нь мөн удирдагчдыг уг гишүүнд болон гэр бүлийнхэнд нь хайр халамж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг уриалах зорилготой.
-
Бишоп гадасны ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дараах нөхцөлд уг шийдвэрийн талаар тойргийн ахлагчийн чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн цуглаан дээр мэдэгдэж болно. Үүнд:
-
Бусдыг заналхийлж болох түрэмгий зан авир гаргах
-
Хуурамч сургаал заах эсвэл өөр бусад хэлбэрээр урвах
-
Олон эхнэр авах эсвэл дагалдагчдыг татахын тулд шашны гаж сургаал ашиглах гэх мэт жигшим нүглүүд үйлдэх
-
Сүмийн ерөнхий сургаал эсвэл орон нутгийн удирдагчдын үг үйлдэл эсвэл заасан зүйлийг олон нийтийн өмнө шүүмжлэх зэрэг нь орно.
-
-
Ийм тохиолдолд гадасны ерөнхийлөгч энэ талаар гадасны бусад тойргийн гишүүдэд мэдэгдэх эрхийг олгох хэрэгтэй байж болно.
-
Зарим тохиолдолд бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч тухайн хүнийг авч хэлэлцэхээр гишүүнчлэлийн зөвлөлийн хурал хуралдсан талаар зарим эсвэл бүх хохирогч, тэдний гэр бүлийнхэнд мэдэгдэх нь тустай гэж үзэж болох юм. Тэрээр үүнийг бишоп юм уу гадасны ерөнхийлөгчөөр нь дамжуулан үйлдэнэ.
-
Хэрэв тухайн хүний түрэмгий зан авир бусдыг аюулд оруулж байгаа бол бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч нь бусдыг хамгаалахын тулд энэ талаар сэрэмжлүүлж болно. Тэрээр нууц мэдээллийг тараахгүй бөгөөд таамаглан ярихгүй.
-
Бусад бүх тохиолдолд бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч зөвхөн ерөнхий мэдээлэл өгнө. Тэр Сүмийн хууль, дүрэм журамд нийцэхгүй байдлаар биеэ авч явсных нь төлөө тухайн хүний Сүмийн гишүүнчлэлийн эрхийг нь хязгаарласан эсвэл хассан гэдгийг товч мэдэгдэнэ. Тэр энэ талаар хэлсэн хүмүүстээ үүнийг хэлэлцэн ярилцахгүй байхыг хүснэ. Мөн уг үйлдлийг дэмжсэн эсвэл татгалзсан санал өгөхийг тэднээс асуухгүй.
-
Хэрэв гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар уг гишүүн зохистой хэвээр гэдгийг тогтоох юм бол (32.11.1-ийг үзнэ үү) бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч нь цуу яриаг зогсоохын тулд энэ талаар мэдэгдэж болно.
32.12.3
Гишүүнчлэлээс татгалзсан талаар мэдэгдэх
Зарим тохиолдолд бишоп аль нэгэн хүнийг Сүмийн гишүүнчлэлээс өөрөө татгалзсан гэдгийг мэдэгдэх шаардлага гарч болно (32.14.9-ийг үзнэ үү). Бишоп өөр нарийн ширийн мэдээлэл өгөхгүй.
32.13
Шийдвэрийг давж заалдах
Гишүүн нь тойргийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын шийдвэрийг 30 хоногийн дотор гадасны ерөнхийлөгчид хандан давж заалдаж болно. Гадасны ерөнхийлөгч давж заалдсан хэргийг авч хэлэлцэхээр гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулна. Ялангуяа шинэ мэдээлэл гарч ирсэн бол тэрээр бишопоос зөвлөлийн хурлыг дахин хуралдуулж, шийдвэрээ дахин харахыг хүсэж болно.
Гишүүн нь гадасны гишүүнчлэлийн зөвлөлийн шийдвэрийг 30 хоногийн дотор Тэргүүн Зөвлөлд хандан захиа бичин давж заалдаж болно. Тухайн гишүүн захиагаа Тэргүүн Зөвлөлд хүргүүлэхээр гадасны ерөнхийлөгчид өгнө.
Номлолын хувьд гишүүн нь салбар эсвэл дүүргийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын шийдвэрийг 30 хоногийн дотор номлолын ерөнхийлөгчид хандан давж заалдаж болно. Номлолын ерөнхийлөгч давж заалдсан хэргийг авч хэлэлцэхээр гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулна. Хэрэв цаг хугацаа, газрын хол ойроос болж хуралдуулах боломжгүй бол тэрээр 32.9.4 дээрх удирдамжийг дагана.
Хэрэв номлолын ерөнхийлөгч зөвлөлийн хурлыг хөтлөн удирдсан бол гишүүн 30 хоногийн дотор Тэргүүн Зөвлөлд хандан захиа бичсэнээр шийдвэрийг давж заалдаж болно. Тухайн гишүүн захиагаа Тэргүүн Зөвлөлд хүргүүлэхээр номлолын ерөнхийлөгчид өгнө.
Шийдвэрийг давж заалдаж байгаа хүн үйл явц, шийдвэрт гарсан алдаа, шударга бус гэж үзсэн зүйлээ тодорхой бичих ёстой.
Хэрэв давж заалдсан хэргийг авч хэлэлцэхээр гишүүнчлэлийн зөвлөлийн хурал хуралдвал дараах хоёр шийдвэрийн нэгийг гаргана. Үүнд:
-
Анхны шийдвэрийг хэвээр үлдээнэ.
-
Анхны шийдвэрийг өөрчилнө.
Тэргүүн Зөвлөлийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд дахин давж заалдах боломжгүй.
32.14
Тайлан ба гишүүнчлэлийн бүртгэл
32.14.1
Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын тайлан
Аливаа гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын дараа бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч УБХАМС-д Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын тайланг тэр даруй оруулна. Тэрээр уг тайланг бэлтгэхийг бичиг хэргийн ажилтнаас хүсэж болно. Тэрээр уг маягтын цаасан эсвэл цахим хувийг нэгжид хадгалахгүй байхад анхаарна. Тайланг бэлтгэхэд ашигласан аливаа тэмдэглэлийг шууд устгасан эсэхэд тэр анхаарна.
32.14.2
Сүмийн гишүүнчлэлийн албан ёсны хязгаарлалт
Сүмийн гишүүнчлэлийн албан ёсны хязгаарлалтыг тухайн хүний гишүүнчлэлийн бүртгэлд тэмдэглэнэ. Сүмийн удирдах газар Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын тайланг хүлээн авсныхаа дараа энэ тэмдэглэгээг хийнэ. Гишүүн наманчилсан бол удирдагч эдгээр хязгаарлалтыг цуцлах талаар авч хэлэлцэхээр зөвлөлийн хурлыг дахин хуралдуулах ёстой (32.16.1-ийг үзнэ үү).
32.14.3
Сүмийн гишүүнчлэлээс хассаны дараах бүртгэл
Хэрэв тухайн хүнийг Сүмийн гишүүнчлэлээс хасвал Сүмийн удирдах газар Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын тайланг авсныхаа дараа түүнийг гишүүнчлэлийн бүртгэлээс хасна. Хэрэв тухайн хүн хүсвэл удирдагчид түүнд баптисм хүртэж, гишүүнээр батлуулах замаар Сүмд дахин элсэхэд бэлтгэхэд нь тусална (32.16.1-ийг үзнэ үү).
32.14.4
Сүмд дахин элссэний дараах бүртгэл
Сүмд дахин элссэнийх нь дараа бишоп нь Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын тайлан маягтыг бөглөн явуулна. Баптисм ба гишүүний баталгааны гэрчилгээг гаргаж өгөхгүй. Харин Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын тайлан маягтад баптисм хүртээж, гишүүнээр баталсан талаар оруулна.
Хэрэв хишиг хүртээгүй бол Сүмийн удирдах газар yг гишүүний анхны баптисм, бусад ёслолын огноотой гишүүнчлэлийн бүртгэлийг нь оруулдаг. Энэ бүртгэлд Сүмийн гишүүнчлэлээс хасагдаж байсан тухай оруулахгүй.
Хэрэв хишиг хүртсэн бол Сүмийн удирдах газар шинэ баптисмын огноог харуулахын тулд гишүүнчлэлийн бүртгэлийг шинэчилнэ. Энэ бүртгэлд “Адислалуудыг сэргээх шаардлагатай” гэсэн зурвас бас орсон байна. Гишүүний адислалуудыг сэргээсний дараа (32.17.2-ыг үзнэ үү), анхны баптисмын болон бусад ёслолын огноо харагдаж байхаар гишүүнчлэлийн бүртгэлийг шинэчилнэ. Энд Сүмийн гишүүнчлэлээс хасагдаж байсан тухай оруулахгүй.
32.14.5
Тэмдэглэгээтэй гишүүнчлэлийн бүртгэл
Тэргүүн Зөвлөлийн зөвшөөрлөөр Сүмийн удирдах газар дараах аль нэгэн тохиолдолд тухайн хүний гишүүнчлэлийн бүртгэлд тэмдэглэгээ хийдэг.
-
Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч дараах үйлдлүүдийн улмаас тухайн хүний гишүүнчлэлийг албан ёсоор хязгаарласан эсвэл гишүүнчлэлээс хассан гэдгийг харуулсан Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын тайлан маягтыг хүргүүлнэ. Үүнд:
-
Цус ойртолт
-
Хүүхэд, өсвөр үеийнхнийг бэлгийн замаар хүчирхийлэх эсвэл бэлгийн мөлжлөгт татан оруулах эсвэл бие махбод, сэтгэл санааны хувьд хүчирхийлэх
-
38.6.6-д тоймлосноор хүүхэд оролцуулсан порнографт холбогдох
-
Олон эхнэр авах
-
Насанд хүрэгчид бэлгийн харьцааны түрэмгий зан авир гаргах
-
Сүмийн мөнгөн сангаас завших эсвэл Сүмийн өмчийг хулгайлах (32.6.3.3-ыг үзнэ үү)
-
Сүмийн халамжийн хөтөлбөрийг буруугаар ашиглах
-
Сүмд хохирол учруулсан, заналхийлсэн зан авир (бэлгийн дур хүслээ хангах, харгислах эсвэл санхүүгийн гэх мэт) эсвэл үйлдэл гаргах
-
-
Бишоп, гадасны ерөнхийлөгч хоёр тухайн хүний талаар дараах байдлаар бичгээр захидал явуулна. Тухайлбал:
-
Уг хүн нь дээр дурдсан үйлдлүүдийн аль нэгийг үйлдсэнээ хүлээсэн.
-
Уг хүн нь дээр дурдсан үйлдлүүдийн аль нэгээр гэмт хэрэгт яллагдсан.
-
Уг хүн нь дээр дурдсан үйлдлүүдийн аль нэгийг хамарсан залилан мэхлэх эсвэл бусад хууль бус үйлдлээр иргэний хэрэгт татагдан, буруутай нь тогтоогдсон
-
-
Санваарын зарим ёслолыг хүйс дээр үндэслэн гүйцэтгэдэг учир бишоп, гадасны ерөнхийлөгч хоёр биологийн төрөлх хүйсээ зориуд солиулсан хүний бүртгэлд тэмдэглэгээ үйлдэх хүсэлтийг илгээдэг (38.6.23-ыг үзнэ үү).
Бишоп тэмдэглэгээтэй гишүүнчлэлийн бүртгэлийг хүлээн аваад, тэмдэглэгээн дээрх зааварчилгааг дагана.
Зөвхөн Тэргүүн Зөвлөл гишүүнчлэлийн бүртгэлд хийгдсэн тэмдэглэгээг арилгах зөвшөөрөл олгоно. Хэрэв гадасны ерөнхийлөгч тэмдэглэгээг арилгахыг санал болговол үүнийгээ УБХАМС-г ашиглан оруулна (6.2.3-ыг үзнэ үү). Тэргүүн Зөвлөлийн алба уг саналыг зөвшөөрсөн эсэхийг түүнд мэдэгдэнэ.
32.14.6
Сүмийн мөнгөн сангаас хулгайлсан тухай мэдээлэх
Хэрэв хэн нэгэн Сүмийн мөнгөн сангаас завшсаны улмаас гишүүнчлэл нь хязгаарлагдсан эсвэл гишүүнчлэлээс хасагдсан бол бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч 34.7.5-д тоймлосны дагуу үүнийг тайлагнах ёстой.
32.14.7
Гишүүнчлэлийн бүртгэлийг шилжүүлэхгүй байх хязгаарлалт
Заримдаа гишүүнчлэлийн арга хэмжээ авч байхад эсвэл өөр бусад ноцтой асуудлыг шийдвэрлэж байхад Сүмийн гишүүн шилжин нүүдэг. Заримдаа бишоп гишүүнчлэлийн бүртгэлийг нь шинэ нэгжид шилжүүлэхийнхээ өмнө шинэ бишоптой нь мэдээлэл хуваалцах хэрэг гардаг. Эдгээр тохиолдолд бишоп (эсвэл зөвшөөрөл олгогдсон бичиг хэргийн ажилтан) гишүүнчлэлийн бүртгэлийг шилжүүлэхгүй байхаар хязгаарлаж болно. Энэ бүртгэл нь бишопыг (эсвэл зөвшөөрөл олгогдсон бичиг хэргийн ажилтныг) хязгаарлалтыг цуцлах хүртэл нэгждээ үлдэнэ. Энэ нь бишопт санаа зовоосон асуудал, мэдээллээ хуваалцах боломжийг олгодог.
32.14.8
Шоронд хоригдож байгаа хүмүүсийн бүртгэл
Зарим гишүүн гэмт хэргийн улмаас яллагдан, шоронд хоригддог. Гэмт хэрэг үйлдэх үедээ амьдарч байсан нэгжийнх нь бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч гишүүнчлэлийг албан ёсоор хязгаарлаж эсвэл хасахын тулд шаардлагатай аливаа арга хэмжээг авна. Хэрэв гишүүнчлэлийн эрх нь хязгаарлагдсан байвал удирдагч (эсвэл зөвшөөрөл олгогдсон бичиг хэргийн ажилтан) нь тухайн хүний хоригдож байгаа шоронгийн харьяа нэгжид гишүүнчлэлийн бүртгэлийг явуулна. Хэрэв гишүүнчлэлээс хасагдсан бол бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч тухайн нэгжийн удирдагчтай холбоо барина. (32.15-ыг үзнэ үү.)
32.14.9
Гишүүнчлэлээс татгалзах хүсэлт
Хэрэв гишүүн Сүмийн гишүүнчлэлээс татгалзвал, асуудлаа ярилцаж, шийдвэрлэх арга зам хайх хүсэлтэй байгаа эсэхийг нь олж мэдэхийн тулд бишоп холбогдоно. Бишоп, гишүүн хоёр гадасны ерөнхийлөгчтэй мөн зөвлөлдөж болно. Сүмийн гишүүнчлэлээс татгалзах нь дараах үр дагавруудтай болохыг гишүүн ойлгож байгаа эсэхийг удирдагч нягтлан шалгана. Үүнд:
-
Бүх ёслолыг цуцална.
-
Гишүүнчлэлийн бүх эрхийг хасна.
-
Зөвхөн нухацтай ярилцлага хийж, ихэнх тохиолдолд гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дараа л баптисм хүртэж, гишүүнээр батлуулан дахин элсэх боломжтой болно (32.16.2-ыг үзнэ үү).
-
Өмнө нь хишиг хүртсэн хүн Сүмд дахин элссэн бол хамгийн багадаа бүтэн нэг жилийн дараа, зөвхөн Тэргүүн Зөвлөлийн зөвшөөрлөөр санваарын болон ариун сүмийн адислалуудын сэргээлтийг хүлээн авах эрхтэй (32.17.2-ыг үзнэ үү).
Хэрэв тухайн гишүүн Сүмийн гишүүнчлэлээсээ татгалзах хэвээрээ байвал бичгээр хүсэлтээ гаргаж, гарын үсэг зуран, бишопт өгөх ёстой. Бишоп УБХАМС-аар дамжуулан гадасны ерөнхийлөгчид хүсэлтийг илгээнэ. Гадасны ерөнхийлөгч уг сангаар дамжуулан хүсэлтийг авч үзээд, илгээнэ. Удирдагчид ийм хүсэлтэд шуурхай хариулах ёстой.
Тухайн хүн гарын үсэг зурж, баталгаажуулсан хүсэлтээ Сүмийн удирдах газарт явуулснаар гишүүнчлэлээс татгалзаж болно.
Сүмийн гишүүнчлэлээс татгалзах хүсэлтэй хүүхдүүдийн хувьд, хүсэлт гаргахдаа хүүхэд өөрөө (наймаас дээш настай бол) мөн эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагч нь гapын үсэг зурсан байх ёстой бөгөөд бусад тохиолдолд насанд хүрэгчдийнхтэй адил журмыг баримтлах ёстой.
Хэрэв гишүүнчлэлээсээ татгалзсан гишүүн Сүмд болон Сүмийн удирдагчдад хуулийн арга хэмжээ авна гэж сүрдүүлбэл гадасны ерөнхийлөгч 38.8.23 дахь зааврыг баримтална.
Санваарын удирдагчид гишүүнчлэлээс татгалзах хүсэлтийг нь ноцтой нүгэл үйлдсэн тухай мэдээлэл байсан ч шийдвэрлэнэ. УБХАМС-аар дамжуулан хүсэлтийг илгээхдээ, шийдвэрлэгдээгүй нүглийнх нь талаарх аливаа мэдээллийг тэмдэглэсэн байх хэрэгтэй. Ингэснээр тухайн хүн ирээдүйд Сүмд дахин элсэх өргөдөл гаргавал уг асуудлыг нь шийдвэрлэх боломжийг санваарын удирдагчдад олгох юм (32.16.2-ыг үзнэ үү).
Санваарын удирдагчид гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар оруулахгүйн тулд Сүмийн гишүүнчлэлээс татгалзах саналыг тавих ёсгүй.
Хүмүүс холбоо барихгүй байх хүсэлт гаргаагүй л бол удирдагчид гишүүнчлэлээс татгалзсан хүмүүст үргэлжлүүлэн тохинуулна.
СҮМИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ ЭРГҮҮЛЭН ОЛГОХ
Хэрэв тухайн хүний Сүмийн гишүүнчлэлийн эрх хязгаарлагдсан эсвэл хасагдсан бол удирдагчид уг хүний зөвшөөрсний дагуу найзалж нөхөрлөн, зөвлөж, дэмжлэг үзүүлнэ. Энэ хэсэгт эдгээр эрхийг хэрхэн эргүүлэн авах талаар тайлбарлав.
32.15
Үргэлжлүүлэн тохинуулах
Бишоп, гадасны ерөнхийлөгчийн олон нийтийн шүүгчийн хувьд хүлээдэг үүрэг нь тухайн гишүүний гишүүнчлэлийг хязгаарласан эсвэл Сүмийн гишүүнчлэлээс хассанаар дуусдаггүй. Тухайн хүн зөвшөөрвөл тэрээр үргэлжлүүлэн тохинуулдаг ба тэгснээр уг хүн Сүмийн гишүүнчлэлийн адислалуудыг дахин эдлэх боломжтой болдог. Бишоп тухайн хүнтэй төдийгүй тустай, шаардлагатай гэж үзвэл эхнэр нөхөртэй нь тогтмол уулздаг байх ёстой. Аврагч нифайчуудад ийн заасан.
“Та нар түүнийг … шүтлэгийн байруудаасаа хөөхгүй, учир нь тийм нэгэнд та нар үргэлжлүүлэн тохинуулах болно; учир нь, тэд эргэж ирээд мөн наманчилж, мөн зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр надад ирж мөн би тэднийг эдгээх ажгуу; мөн та нар тэдэнд авралыг авчрах хэрэгсэл байх эсэхийг та нар мэдэхгүй” (3 Нифай 18:32).
Тухайн хүний гишүүнчлэл хязгаарлагдаж эсвэл хасагдсаны дараах эхний үе түүнд болон гэр бүлд нь хэцүү, эгзэгтэй цаг мөч байдаг. Удирдагчид эдгээр хэрэгцээнд мэдрэмжтэй хандаж, гэр бүлийн гишүүдэд нь дэмжлэг үзүүлж, тусалдаг байх хэрэгтэй.
Сүмийн гишүүнчлэлээ хязгаарлуулж эсвэл хасуулсан хүн зөвшөөрсөн тохиолдолд бишоп халамжтай гишүүдийг түүнд тохинуулагчаар томилох тал дээр анхаарна. Тэд бас гэр бүлийнх нь бусад гишүүнд тохинуулна. Гишүүнчлэлээ хязгаарлуулсан хувь хүмүүс индексжүүлэлтэд оролцвол тэдэнд ач тустай байж болох юм (25.4.3-ыг үзнэ үү).
Хэрэв тухайн хүн тойргоос нүүвэл, бишоп энэ талаар шинэ бишопт нь мэдэгдэж, Сүмийн гишүүнчлэлийн хязгаарлалтыг цуцлахаас өмнө юу хийгдэх хэрэгтэйг тайлбарлана. Хэрэв Сүм уг хүнийг гишүүнчлэлээс хассан эсвэл уг хүн гишүүнчлэлээсээ татгалзсан үед, тухайн хүн Сүмийн удирдагчдаас тусламж авахыг зөвшөөрсөн тохиолдолд л бишоп ийм байдлаар холбоо барина.
32.16
Албан ёсны хязгаарлалтыг цуцлах эсвэл Сүмд дахин элсэх
32.16.1
Албан ёсны хязгаарлалтыг цуцлах эсвэл дахин элсэх талаар авч хэлэлцэх гишүүнчлэлийн зөвлөлийн хурал
Гишүүнчлэлийн зөвлөлийн хурлаар гишүүнчлэлийн эрхийг нь хязгаарлаж эсвэл хассан үед тухайн хүний хязгаарлалтыг цуцлах эсвэл Сүмд дахин элсүүлэхээр бол зөвлөлийн хурлыг дахин хуралдуулах ёстой. Энэ зөвлөлийн хурал нь анхны зөвлөлийн хуралтай адил (эсвэл дээд) түвшний эрх мэдэлтэй байх ёстой. Жишээлбэл, хэрэв гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч анхны зөвлөлийн хурлыг тэргүүлсэн бол тухайн хүний хязгаарлалтыг цуцлах эсвэл дахин элсүүлэх талаар авч хэлэлцэх хурлыг гадасны эсвэл номлолын ерөнхийлөгч тэргүүлнэ.
Одоогийн бишоп, гадасны ерөнхийлөгч зөвлөлийн хурлыг хуралдуулна. Эхлээд тэрээр тухайн хүн наманчилсан мөн Сүмийн гишүүнчлэлийн адислалуудаас хүртэхэд бэлэн, зохистой гэдгийг бататгана.
Ерөнхийдөө Сүмийн гишүүнчлэлээ албан ёсоор хязгаарлуулсан хүмүүсийн хязгаарлалтыг цуцлах талаар авч хэлэлцэхийн өмнө тэд хамгийн багадаа нэг жил чин сэтгэлээсээ наманчилснаа харуулсан байх хэрэгтэй. Ерөнхийдөө Сүмийн гишүүнчлэлээс хасагдсан хүмүүсийг дахин элсүүлэх талаар авч хэлэлцэхийн өмнө тэд хамгийн багадаа нэг жил чин сэтгэлээсээ наманчилснаа харуулсан байх хэрэгтэй. Ноцтой нүгэл үйлдэхдээ Сүмд өндөр албан тушаал хашиж байсан хүний хувьд энэ хугацаа ихэнхдээ илүү урт байдаг (32.6.1.4-ийг үзнэ үү).
Хязгаарлалтыг цуцлах эсвэл Сүмд дахин элсүүлэхийг авч хэлэлцэхийн тулд зөвлөл хуралдахдаа гишүүнчлэлийн зөвлөлийн бусад хурлынхтай адил удирдамжийг дагана. Бишоп зөвлөлийг хуралдуулахдаа гадасны ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан байх хэрэгтэй. Номлолын хувьд салбар, дүүргийн ерөнхийлөгч нь номлолын ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авсан байх хэрэгтэй.
Сүмийн гишүүнчлэлийн хязгаарлалтыг цуцлах эсвэл Сүмд дахин элсүүлэх талаар авч хэлэлцэхээр гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулах үед дараах удирдамжийг баримтална. Бүх удирдамж асуудал бүрд хамаарахгүй байж болно.
-
Өмнөх гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын үйл явцтай танилцах. Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын тайлан маягтыг дахин үзнэ. Тэрээр УБХАМС-аар дамжуулан нэг хувийг авах хүсэлт тавина. Маягтыг судалсныхаа дараа асуудлыг тодруулахын тулд эхний зөвлөл хуралдсан газрын бишоптой эсвэл гадасны ерөнхийлөгчтэй холбоо барьж болно.
-
Тухайн хүнтэй ярилцах. Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч нь Есүс Христэд итгэх итгэлийн хүч, наманчлалын цар хүрээг нь ялган танихаар тухайн хүнтэй нухацтай ярилцана. Тэрээр бас эхний арга хэмжээгээр заасан нөхцөлүүдийг хангасан эсэхийг тодорхойлно.
-
Эрүүгийн эсвэл иргэний шүүхийн статусыг тодорхойлох. Заримдаа хүн гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн эсвэл яллагдан шийтгэгдсэн байдаг. Заримдаа хүн залилангийн хэрэгт хариуцагчаар татагдсан эсвэл өөр бусад хууль бус үйлдэлд буруутай болох нь тогтоогдсон байдаг. Энэ тохиолдолд, удирдагч уг хүн ерөнхийдөө хуулийн байгууллагын өгсөн шийтгэл, тушаал эсвэл шүүхийн шийдвэрийн заалтад тусгагдсан бүх нөхцөлийг хангахаас нааш зөвлөлийн хурлыг хуралдуулдаггүй. Эдгээр нөхцөлд шоронд хорих, тэнсэн харгалзах шийтгэл оноох, хугацаанаас өмнө суллах, торгууль төлөх, хохирлыг нөхөн барагдуулах зэрэг apгa хэмжээ орж болно. Онцгой тохиолдлын үед гишүүнчлэлийн зөвлөлийн хурал хуралдахаас өмнө Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Эдгээр онцгой тохиолдолд, хуулийн шаардлагыг ханган, чин сэтгэлээсээ наманчилснаа харуулсан ч амьдралынхаа туршид тэнсэн харгалзах арга хэмжээтэй байх юм уу их хэмжээний торгуультай хүн байж болно.
-
Хохирогчдын санваарын удирдагчтай холбогдох. Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч аливаа хохирогчийн гадасны ерөнхийлөгч эсвэл бишоптой холбогдоно (32.10.2-ыг үзнэ үү).
-
Зөвлөлийн хурлын талаар мэдэгдэх. Тэрээр зөвлөлийн хурал хуралдах огноо, цаг, газрын талаар уг хүнд мэдэгдэнэ.
-
Зөвлөлийн хурлыг хөтлөн явуулах. Тэрээр 32.10.3 дахь удирдамжийн дагуу зөвлөлийн хурлыг хөтлөн явуулна. Тэрээр наманчлахын тулд юу хийсэн талаар уг хүнээс асууна. Тухайн хүнээс Есүс Христэд болон Сүмд үнэнч эсэхийг асууна. Бүх холбогдох асуудлыг танилцуулсны дараа уг гишүүнийг өрөөнөөс гаргана. Тэр зөвлөхүүдтэйгээ хамт ямар арга хэмжээ авахаа бодож үзэн, залбирна. Гарч болох гурван шийдвэр нь:
-
Гишүүнчлэлийн хязгаарлалт эсвэл хасалтыг хэвээр үлдээх
-
Хязгаарлалтыг цуцлах эсвэл дахин элсэхийг зөвшөөрөх
-
Хязгаарлалтыг цуцлах эсвэл дахин элсэхийг зөвшөөрөх саналыг Тэргүүн Зөвлөлд хүргэнэ (шаардлагатай бол доорх “Тэргүүн Зөвлөлийн зөвшөөрөл авахаар хүсэлт гаргах” хэсгийн дагуу).
-
-
Гарсан шийдвэрийг хуваалцах. Зөвлөлийн хурлын шийдвэр гарсны дараа тэргүүлэх албан тушаалтан энэ талаар тухайн хүнтэй хуваалцана. Хэрэв Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагатай бол тэрээр Тэргүүн Зөвлөлд санал оруулах шийдвэр гаргаснаа тайлбарлана.
-
Тайланг илгээх. Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч УБХАМС-г ашиглан Сүмийн гишүүнчлэлийн зөвлөлийн хурлын тайлан маягтыг явуулна. Тэрээр бичиг хэргийн ажилтнаас энэ тайланг бэлтгэхийг хүсэж болно. Тэрээр уг тайлангийн цаасан болон цахим хувийг үлдээхгүй байхад анхаарна. Тэрээр мөн тайланг бэлтгэхэд ашигласан бүх тэмдэглэлийг шууд устгасан эсэхэд анхаарна.
-
Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрөл хүсэх (шаардлагатай бол). Дараах нөхцөлд гишүүнчлэлийн албан ёсны хязгаарлалтыг цуцлахад эсвэл тухайн хүнийг Сүмд дахин элсүүлэхэд Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Сүмийн гишүүнчлэлийг албан ёсоор хязгаарлаж эсвэл хассаны дараа гэм нүгэл үйлдсэн ч байсан энэ зөвшөөрлийг авах шаардлагатай.
Зөвхөн гадасны ерөнхийлөгч зөвшөөрсөн тохиолдолд Тэргүүн зөвлөл рүү өргөдөл илгээнэ (6.2.3-г үзнэ үү).
-
Хүн амины хэрэг
-
Цус ойртолт
-
Насанд хүрсэн хүн эсвэл хэдэн насаар ах өсвөр насны хүүхэд аливаа хүүхэд, өсвөр үеийн хүүхдийг бэлгийн замаар хүчирхийлэх, дур хүслээ хангах эсвэл бие махбод, сэтгэл санаагаар ноцтой дарамталж хүчирхийлэх
-
Хуулиар хориглосон ч хүүхэд оролцуулсан порнографт холбогдох
-
Урвалт (урвалтын тодорхойлолтыг 32.6.3.2-оос үзнэ үү)
-
Олон эхнэр авах
-
Сүмд дээд албан тушаал хашиж байхдаа ноцтой гэм нүгэл үйлдэх
-
Хүйс солих—биологийн төрөлх хүйсээ зориуд солиулах үйлдлүүд (38.6.23-ыг үзнэ үү)
-
Сүмийн мөнгө, өмч хөрөнгийг завших
-
-
Шийдвэрийн тухай бичгээр мэдэгдэх. Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч нь тухайн хүнд хурлын шийдвэр, үр дүнгийн талаар бичгээр үйлдсэн мэдэгдлийг цаг алдалгүй хүргэхэд анхаарна.
-
Баптисм хүртээж, гишүүнээр батлах. Хэрэв хүн эхний зөвлөлийн хурлын шийдвэрээр Сүмийн гишүүнчлэлээс хасагдсан бол тэр дахин баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ёстой. Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагатай бол зөвшөөрөл авсны дараа л эдгээр ёслолыг гүйцэтгэж болно. Баптисм ба гишүүний баталгааны гэрчилгээг гаргаж өгөхгүй (32.14.4-ийг үзнэ үү).
32.16.2
Сүмийн гишүүнчлэлээс татгалзсаны дараа дахин элсүүлэх
Хэрэв аливаа хүн Сүмийн гишүүнчлэлээс албан ёсоор татгалзсан бол Сүмд дахин элсэхийн тулд дахин баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ёстой. Ерөнхийдөө насанд хүрэгчдийн хувьд, гишүүнчлэлээс татгалзсанаас хойш хамгийн багадаа нэг жил өнгөрөхөөс нааш дахин элсүүлэх талаар авч хэлэлцдэггүй.
Тухайн хүн дахин элсэхийг хүсвэл бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч гишүүнчлэлээс татгалзах хүсэлтийг дагалддаг Захиргааны арга хэмжээний тайлан маягтын хувийг олж авна. Тэрээр УБХАМС-аар дамжуулан үүнийг авч болно.
Үүний дараа бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч тухайн хүнтэй нухацтай ярилцана. Анх ямар шалтгаанаар ийм хүсэлт гаргасныг мөн ямар шалтгаанаар дахин элсэх болсныг нь асууж лавлана. Тухайн хүн гишүүнчлэлээс татгалзахаасаа өмнө эсвэл дараа үйлдсэн байж болох ноцтой гэм нүглүүдийнх нь талаар асууна. Ингэхдээ хайраар хандана. Удирдагч нь тухайн хүнийг наманчилсан мөн Сүмийн гишүүнчлэлийн адислалуудаас хүртэхэд бэлэн, зохистой гэдгийг баттай мэдэж автлаа дахин элсүүлэх үйл явцыг эхлүүлэхгүй.
Гишүүнчлэлээс татгалзсаны дараа дахин элсүүлэхэд дараах удирдамжийг баримтална.
-
Тухайн хүнийг гишүүнчлэлээс татгалзах үед гишүүнчлэлийг нь албан ёсоор хязгаарласан байсан бол гишүүнчлэлийн зөвлөлийг хуралдуулна.
-
Хэрэв тухайн хүн гишүүнчлэлээс татгалзахаасаа өмнө урвах зэрэг ноцтой нүгэл үйлдсэн бол гишүүнчлэлийн зөвлөлийн хурал хуралдана.
Бусад тохиолдолд, бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч шаардлагатай гэж үзэхээс нааш гишүүнчлэлийн зөвлөлийн хурлыг хуралдуулахгүй.
Ариун сүмийн хишиг хүртсэн хүнийг авч хэлэлцэхээр гишүүнчлэлийн зөвлөл хуралдах шаардлагатай бол гадасны ерөнхийлөгч хурлыг хуралдуулна. Хишиг хүртээгүй хүнийг авч хэлэлцэхээр гишүүнчлэлийн зөвлөл хуралдах шаардлагатай бол гадасны ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр бишоп хуралдуулна.
Хэрэв тухайн хүн Сүмийн гишүүнчлэлээс татгалзахаасаа өмнө эсвэл татгалзсаныхаа дараа 32.16.1, дугаар 9 дэх аль нэгэн үйлдлийг үйлдсэн бол дахин элсүүлэхийн тулд Тэргүүн Зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Хэрэв тухайн хүн Сүмийн гишүүнчлэлээс татгалзахаасаа өмнө эсвэл татгалзсаныхаа дараа 32.14.5, дугаар 1 дэх аль нэгэн үйлдлийг үйлдсэн бол гишүүнчлэлийн бүртгэлд тэмдэглэгээ хийнэ.
Дахин элсэхийг хүсэж буй хүн баптисм хүртэх гэж байгаа хүнд тавигддаг шаардлагуудыг хангасан байх ёстой. Бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч тухайн хүн зөв зохистой, дахин элсэхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа гэдэгт бүрэн итгэж байвал уг хүнд баптисм хүртээж, гишүүнээр баталж болно. Баптисм ба гишүүний баталгааны гэрчилгээг гаргаж өгөхгүй (32.14.4-ийг үзнэ үү).
32.17
Дахин элссэний дараах Сүмийн үйл ажиллагаа, томилгоо ба адислалуудыг сэргээх
32.17.1
Сүмийн үйл ажиллагаа ба томилгоо
Баптисм хүртэж, гишүүнээр батлуулан дахин элссэн хүнд Сүмийн үйл ажиллагаанд оролцох зохих түвшнийг доорх хүснэгтэд оруулав.
Өмнө нь хишиг хүртээгүй |
Өмнө нь хишиг хүртсэн | |
---|---|---|
Өмнө нь санваартай байсан | Өмнө нь хишиг хүртээгүй
| Өмнө нь хишиг хүртсэн
|
Бусад гишүүн | Өмнө нь хишиг хүртээгүй
| Өмнө нь хишиг хүртсэн
|
32.17.2
Адислалуудыг сэргээх
Өмнө нь ариун сүмийн хишиг хүртэж байсан мөн баптисм хүртэж, гишүүнээр батлуулан дахин элссэн хүмүүс зөвхөн адислалуудыг сэргээх ёслолоор дамжуулан өөрсдийн санваар, ариун сүмийн адислалуудыг эргүүлэн авч болно (Сургаал ба Гэрээ 109:21-ийг үзнэ үү). Тэд санваарын албанд дахин томилогдохгүй эсвэл хишиг хүртдэггүй. Эдгээр адислалыг ёслолуудаар дамжуулан сэргээнэ. Дал, бишоп эсвэл патриархын албанаас өөр санваарын хуучин албанд нь ах нарын адислалуудыг сэргээнэ.
Зөвхөн Тэргүүн Зөвлөл адислалуудыг сэргээх ёслолыг гүйцэтгэх зөвшөөрөл өгнө. Тэд тухайн хүнийг дахин баптисм хүртэж, гишүүнээр батлуулснаас хойш нэг жил өнгөртөл энэ хүсэлтийг нь авч хэлэлцэхгүй.
Бишоп болон гадасны ерөнхийлөгч зохистой байдлыг нь болон бэлэн эсэхийг нь тодорхойлохоор тухайн хүнтэй ярилцана. Тухайн хүн бэлэн гэж санагдвал гадасны ерөнхийлөгч УБХАМС-г ашиглан адислалуудыг сэргээх өргөдөл илгээнэ. Тэргүүн зөвлөлд өргөдөл илгээхэд гадасны ерөнхийлөгчийн хүлээдэг үүргийг 6.2.3-аас үзнэ үү.
Тэргүүн Зөвлөлөөс адислалуудыг сэргээхийг зөвшөөрвөл тэд тухайн хүнтэй ярилцлага хийлгэхээр ерөнхий эрх мэдэлтэн юм уу гадасны ерөнхийлөгчийг томилно. Хэрэв тухайн хүн зохистой бол уг удирдагч адислалуудыг нь сэргээх ёслолыг гүйцэтгэнэ.
Гишүүнчлэлийн бүртгэл ба адислалуудыг сэргээх тухай мэдээллийг 32.14.4-өөс үзнэ үү.