“35. Барилга байгууламж,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2020).
“35. Барилга байгууламж,” Ерөнхий гарын авлага.
35.
Барилга байгууламж
35.1
Зорилго
Сүм гишүүдээ шүтэн бишрэх, заах, суралцах, хамтдаа залбирах, гэрээнүүдээ байгуулах болон шинэчлэх, ариун нандин ёслолуудыг хүлээн авах байр байгууламжтай байлгахын тулд газар худалдан авч, барилга байгууламжаар хангадаг. Сүмийн барилга байгууламж бүр (1) гишүүдийн шүтэн бишрэх сүнслэг орчныг бүрдүүлэх, (2) нийгэмд хүндэтгэл бишрэлийн дүр төрхийг илэрхийлэх ёстой.
35.2
Зохион байгуулалт
35.2.1
Цуглааны барилгын алба
Цуглааны барилгын алба нь Тэргүүлэх бишопын зөвлөлийн удирдлага доор дэлхий даяарх Сүмийн гишүүдийг барилга байгууламжаар хангахад туслах бодлого журам, ашиглалтын аргачлалыг боловсруулдаг.
35.2.2
Бүсийн алба
Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл ба ажлын албаны захирал Сүмийн барилга байгууламжийг худалдан авч, ашиглалтыг хариуцдаг. Эдгээрт цуглааны байр, шашны институт, номлолын гэр, оффис, халамжийн болон бусад үйл ажиллагаанд зориулсан барилга байгууламжууд ордог.
Орон нутгийн барилгын албаны ажилтнууд ажлын албаны захирлын удирдлага доор ажилладаг.
35.2.3
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд Сүмийн барилга байгууламжуудыг зохих журмын дагуу ашиглаж, арчилж, хамгаалж байгаа байдалд хяналт тавина. Тэд удирдагч, гишүүдэд эдгээр барилга байгууламжийг ашиглах, арчлах үүрэг хариуцлагыг нь заана. Тэд дээд зөвлөлийн гишүүнийг гадасны барилгын албаны төлөөлөгчөөр томилж, шаардлага гарвал хэрэгцээ болон төслүүдийн талаар уулзаж ярилцдаг.
35.2.4
Гадасны барилгын албаны төлөөлөгч
Гадасны барилгын албаны төлөөлөгч (дээд зөвлөлийн гишүүн) барилга байгууламжийн асуудлаар гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд дараах байдлаар тусалдаг. Үүнд:
-
Цуглааны байрыг ашиглах, арчлах стандартуудыг зааж, хэрэгжүүлэхэд туслах;
-
Түлхүүрүүдийг хуваарилж, хяналт тавих;
-
Тойргийн барилгын төлөөлөгчдөд ажил үүргийг нь зааж сургах ажлыг зохицуулах;
-
Хэрэв гадасны ерөнхийлөгчийн зөвлөл өөр хүнийг оролцуулахаар томилоогүй бол барилгын албаны менежерийн хийдэг цуглааны байрны жил тутмын үзлэгт оролцох зэрэг болно.
35.2.5
Хариуцагч бишоп
Хэрэв нэгээс олон тойрог Сүмийн нэг байранд цугладаг бол гадасны ерөнхийлөгчийн зөвлөл нэг бишопыг хариуцагч бишопоор томилно. Уг бишоп цуглааны байрны арчилгаа, засвар үйлчилгээн дэх гишүүдийн оролцоог зохион байгуулна. Цуглааны байрны аюулгүй байдал, хамгаалалтын ажиллагааг хариуцна. Мөн гадас, бусад тойрогтой уг барилгыг ашиглах хуваарийг гаргах боловч үүнийг өөр гишүүнд даалгаж болно.
35.2.6
Бишопын зөвлөл
Бишопын зөвлөлийн гишүүд цуглааны байрны ашиглалт, арчилгаа, аюулгүй байдлыг хариуцна. Тэд цуглааны байрыг хэрхэн ашиглаж, арчлах талаар тойргийн гишүүдэд заана. Тэд цуглааны байрыг арчлах, засвар үйлчилгээ хийхэд гишүүдийг оролцуулах ажлыг зохион байгуулж, шаардлагатай ажил үүргүүдийг гишүүдэд хуваарилж өгнө. Тэд мөн цуглааны байрны түлхүүрүүдийг хуваарилна.
Бишопын зөвлөлийн гишүүд цуглааны байр, талбайд аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх зохих арга хэмжээг авч байгаа эсэхийг анхаарна (35.3.5-ыг үзнэ үү).
35.2.7
Тойргийн барилга хариуцсан төлөөлөгч
Тойрог бүр тойргийн барилга хариуцсан төлөөлөгчтэй байх ёстой. Бишоп энэ албан тушаалд бишопын зөвлөлийн гишүүнийг томилж болно. Эсвэл энэ ажлыг хийлгэхээр өөр гишүүнийг дуудаж болно.
Тойргийн барилгын төлөөлөгч нь бишопын зөвлөлд эрчим хүчийг гамтай ашиглах, аюулгүй байдлыг хангах, цас арилгах (шаардлагатай бол), цэвэрлэгээ болон засвар үйлчилгээнд гишүүдийг оролцуулах зэрэг цуглааны байртай холбоотой ажил үүрэгт тусалдаг. Тэрээр цуглаан, үйл ажиллагаа, онцгой нөхцөл байдлын үеэр барилгатай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Шаардлагатай бол тэрээр дуу чимээ, халаалт, агааржуулалт, барилгын бусад системийн талаар гадасны барилга хариуцсан төлөөлөгчөөс заавар авна.
35.2.8
Гишүүд
Санваарын удирдагчид цуглааны байрыг арчлах, засвар үйлчилгээ хийхэд гишүүдийг оролцуулах нь хамгийн чухал хүчин зүйл гэдгийг онцгойлон анхаарах ёстой. Гишүүдийг өөрсдийн чадавх, ур чадварын дагуу хувиараа болон бүлгээрээ үйлчлэхэд урамшуулна.
35.3
Барилга байгууламжийн удирдлага
35.3.1
Цуглааны байрны ашиглалт ба арчилгаа
Сүмийн орон нутгийн удирдагчид, гишүүд цуглааны байруудын ашиглалт, арчилгааг хариуцна. Орон нутгийн барилгын албаны ажилтнууд мөн тэдэнд тусална. Цуглааны байрыг болон гаднах талбайг үргэлж цэвэр цэмцгэр, үзэмжтэй сайхан байлгаж, засвар үйлчилгээг сайн хийж байхад удирдагчид анхаарах ёстой. Сүмийн барилга байгууламжуудад бүх талаар анхаарал тавьж, хүндэтгэлтэй хандвал зохино.
Сүмийн гишүүд, түүний дотор өсвөр үеийнхэн цуглааны байрны цэвэрлэгээ, арчилгаанд туслах ёстой. Ийнхүү үйлчилснээр гишүүдийн Их Эзэний өргөөнд бишрэл хүндэтгэлтэй хандах нь улам өсөн нэмэгддэг. Боломжтой газруудад гишүүд энэ үүргийг цуглааны байранд ирсэн үедээ долоо хоног тутмын үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгох хэрэгтэй. Мөн Сүмийн бусад барилга байгууламжийг цэвэрлэхэд туслахыг гишүүдээс хүсэж болно.
35.3.2
Цуглааны байрны засвар үйлчилгээ, үзлэг шалгалт
Барилгын албаны менежер цуглааны байр болгонд жил бүр үзлэг шалгалт хийнэ. Гадасны барилгын албаны төлөөлөгч эсвэл гадасны ерөнхийлөгчийн томилсон хүн эдгээр үзлэгт оролцдог бөгөөд энэ үүрэгт гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн нэрийн өмнөөс ажиллах бүрэн эрх мэдэл түүнд олгогдсон байдаг. Эдгээр үзлэгийг явуулдаг хүмүүс барилгын засвар үйлчилгээний хэрэгцээг тогтоож, иж бүрнээр нь эсвэл хэсэгчлэн засварлах, шинэчлэх болон шаардлагатай бусад ажлын төлөвлөгөөг гаргадаг.
35.3.3
Цуглааны байрны төлөвлөлт
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ажлын албаны захиралд ирээдүйд барилга барих газар, цуглааны шинэ, нэмэлт танхимын хэрэгцээний мастер төлөвлөгөө боловсруулах болон шинэчлэхэд туслах мэдээллийг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд өгнө.
35.3.4
Эрчим хүч ба усны хэмнэлт
Сүм цуглааны байруудын ашиглалтад их хэмжээний төлбөр төлдөг. Удирдагчид гишүүдэд гэрэл цахилгаан, тоног төхөөрөмжүүдийг хэрэглээгүй үедээ унтраах, эрчим хүч, усыг хэмнэж хэрэглэх бусад аргыг зааснаар дээрх зардлыг ихээхэн бууруулахад тусалж чадна. Удирдагчид цахилгаан, халаалт, агааржуулалт, тоног төхөөрөмж, усыг аль болохоор хэмнэж ашиглахад анхаардаг.
Шаардлагатай бол гадасны ерөнхийлөгчийн зөвлөл эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүн цуглааны байр бүрд, түүнчлэн гадсан дахь амралт чөлөөт цагийн талбайн эрчим хүч, усыг хэмнэх ажлыг хариуцсан зохицуулагчийг дуудаж болно. Эдгээр зохицуулагч гадасны барилгын албаны төлөөлөгчийн удирдлага доор ажиллана.
Түүнээс гадна удирдагчдыг эрчим хүч, ус хэмнэх орон нутгийн засаг захиргааны санаачилгыг дагаж мөрдөхөд нь дэмжинэ.
35.3.5
Аюулгүй байдал ба харуул хамгаалалт
Удирдагчид гишүүдэд, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд, өсвөр үеийнхэнд Сүмийн байранд ганц нэгээрээ үлдэхгүй байхыг зааварлана.
Удирдагчид коридор, шат, шатны хонгил, гарах хаалга, тоног төхөөрөмжийн өрөөнүүдийг болон явган хүний замыг саадгүй, аюулгүй байлгах талаар боломжтой бүх арга хэмжээг авах ёстой. Удирдагчид тоног төхөөрөмжийн түлш, өвс, сүрэл, эрдэнэ шишийн иш зэрэг аюултай материал, шатамхай зүйлсийг цуглааны байруудад ашиглах юм уу хадгалах ёсгүйг түүнчлэн анхаарна (мөн 35.4.2-ыг үзнэ үү).
Удирдагчид түлхүүр хуваарилалтад хяналт тавьж, барилгыг цоожлох дүрэм журам тогтоон мөрдүүлнэ. Түүнчлэн тэд хичээлийн өрөөнүүдийг болон үнэ цэнтэй зүйл агуулаагүй бусад өрөөг цоожлох ёсгүйг мөн анхаарна.
Удирдагчид цагдаа, гал түймэр унтраах, аврах анги, түргэн тусламж зэрэг орон нутгийн онцгой байдлын албадын утасны дугааруудыг товч зааврын хамт утас бүр дээр эсвэл утасны ойролцоо байрлуулах талаар анхаарвал зохино. Тэд гаднын халдлагын үед тэр даруй цагдаад мэдэгдэнэ.
35.3.6
Ослын тухай мэдээлэх
Сүмийн үйл ажиллагааг явуулахдаа хүн бэртэх, өвдөх, өмч хөрөнгөд эвдрэл учруулах эрсдэлийг дээд зэргээр анхаарсан байх ёстой. Үйл ажиллагааны үед аюулгүй байдлыг хангахын төлөө удирдагчид бүх талаар хичээж чармайна. Удирдагчид аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх үр ашигтай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр осол аюул гарах эрсдэлийг бууруулж чадна.
Дараах тохиолдлуудад бишопт эсвэл гадасны ерөнхийлөгчид болсон явдлын талаар шуурхай мэдэгдэх ёстой. Үүнд:
-
Сүмийн байранд эсвэл Сүмийн үйл ажиллагааны үеэр осол, гэмтэл бэртэл, өвчин гарах;
-
Сүмийн үйл ажиллагаанд оролцож байсан хүн алга болох;
-
Сүмийн үйл ажиллагааны үед хувийн, нийтийн болон Сүмийн өмчид ноцтой эвдрэл учрах зэрэг орно.
Хүн хэрэв хүнд бэртсэн, алга болсон, өмч хөрөнгө ноцтой эвдэрсэн эсвэл шүүхэд хандахаар сүрдүүлсэн юм уу шүүхэд дуудагдах магадлалтай бол гадасны ерөнхийлөгч (эсвэл түүний удирдлагад харьяалагддаг бишоп) дараах арга хэмжээнүүдийн аль нэгийг шуурхай авах хэрэгтэй.
-
АНУ, Канадад тэрээр Сүмийн удирдах газрын Эрсдэлийн менежментийн хэлтэст мэдэгдэнэ (1-801-240-4049 эсвэл 1-800-453-3860, дотуур утас 2-4049; ажлын бус цагаар эсвэл амралтын өдрүүдэд 1-801-240-1000 эсвэл 1-800-453-3860 дугаар луу залгана. Оператор таныг холбогдох хүнтэй тэр даруй холбож өгнө).
-
АНУ, Канадаас бусад газарт харьяа бүсийн албанд мэдэгдэнэ.
Удирдагчид түүнчлэн Сүмийн барилга байгууламж, өмч хөрөнгөтэй холбоотой гэмтэл, хохирол гарвал барилгын албаны менежерт мэдэгдэнэ.
Удирдагчид Сүмийн зохион байгуулж буй үйл ажиллагаа эсвэл ажил үүргийн үед хүн бэртэж гэмтвэл Сүмийн үйл ажиллагааны үеэрх эмнэлгийн тусламжийн хөтөлбөрт хамруулах эсэх талаар судалж үзэх хэрэгтэй. Даатгалын тухай мэдээллийг 20.7.3-аас үзнэ үү.
Гадасны ерөнхийлөгч (эсвэл түүний удирдлага доор бишоп) аюулгүй байдлын талаарх асуултууд, мөн Сүмд тавьж буй нэхэмжлэлийг Эрсдэлийн менежментийн хэлтэст эсвэл бүсийн албанд хандан тавина.
Осол, онцгой нөхцөл байдлын үед хэрхэн ажиллах нэмэлт зааврыг 20.7-оос үзнэ үү.
35.4
Сүмийн барилга байгууламж, бусад өмчийг ашиглах бодлого журам
Сүмийн барилга, бусад өмчийг сүсэг бишрэл, шашны хичээл, Сүмээс зохион байгуулдаг бусад үйл ажиллагаанд ашиглах ёстой. Үүнээс өөр зорилгоор ашиглахыг дэмждэггүй. Маш ховор тохиолдолд гадасны ерөнхийлөгч цуглааны байр эсвэл гадна талбайг түр хугацаагаар итгэл хүлээлгэж болох Сүмийн бус боловч ашгийн бус байгууллагуудад ашиглуулж болно (Сүмийн байрууд болон бусад өмчийн талаарх Барилга байгууламжийн менежментийн удирдамж, 2-ыг үзнэ үү). Сүмийн өмчийг ашиглахыг зөвшөөрдөггүй тохиолдлуудын жишээг дараах жагсаалтад харуулав. Үүнд:
-
Арилжааны зорилгоор Сүмийн байрыг түрээслүүлэх;
-
Бизнесийн болон хөрөнгө оруулалтын байгууллагуудын, түүний дотор төлбөртэй бараа үйлчилгээний зар сурталчилгаа байршуулах;
-
Бараа, үйлчилгээ, хэвлэл нийтлэл болон уран бүтээл худалдан авах, худалдах, сурталчлах эсвэл бараа материал дэлгэн үзүүлэх;
-
Зөвшөөрөлгүй хандив цуглуулах үйл ажиллагаа зохион байгуулах (20.6.5-ыг үзнэ үү).
-
Семинар, хичээл, аэробикийн дасгал заасныхаа төлөө төлбөр авч, үйлчлүүлэгчдийг элсүүлдэг хүмүүсийг урьж авчран үг хэлүүлэх, заалгах зэрэг юм. Цуглааны байрны төгөлдөр хуур, бадралт баг бишгүүр хөгжмийг төлбөртэй хувийн сургалтад ашиглахад дээрх журмыг баримтлахгүй байж болно (19.7-г үзнэ үү).
-
Сүмээс зохион байгуулаагүй олон нийтийн болон клубийн үйл ажиллагаануудыг зохион байгуулах. Жишээ нь, скаутын цугларалт болон үйл ажиллагаа эсвэл зохион байгуулалттай спортын тэмцээн уралдаан, дугуйлан гэх мэт.
-
Улс төрийн хурал цуглаан, компанит ажлууд зохион байгуулах. Зөвхөн доорх нөхцөлд Сүмийн барилга байгууламжийг санал хураалт явуулах, төрийн байгууллагын хүсэлтээр сонгогчдыг бүртгэх, олон нийтийн санал асуулга явуулах газар болгон ашиглаж болно. Үүнд:
-
Өөр боломжит хувилбар байхгүй;
-
Сонгуулийн ажилтнууд, сонгогчид байрны дотор Сүмийн жишгийг дагах тохиолдолд;
-
Уг үйл ажиллагаа Сүмийн барилга байгууламжид хохирол учруулахааргүй бол;
-
Уг үйл ажиллагаа Сүмийн нэр хүндэд муугаар нөлөөлөхгүй байх зэрэг нөхцөлүүд орно.
-
Сүмийн өмчийг ашиглах нь оролцогчдод болон өмчид хохирол учруулах эрсдэлтэй байх ёсгүй. Энэ нь мөн Сүмийг өр төлбөрт оруулах эсвэл эргэн тойронд байгаа хөршүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ёсгүй.
Сүмийн барилга, бусад өмчийг ашиглах, арчлах тухай нарийвчилсан зааврыг Цуглааны байр, Сүмийн бусад өмчийн талаарх Барилга байгууламжийн менежментийн удирдамж-аас үзэх юм уу Сүмийн удирдах газартай эсвэл бүсийн албатай холбоо барина уу.
35.4.1
Урлагийн бүтээл
Сүмийн байруудад зориулсан, Сүмээс зөвшөөрөгдсөн урлагийн бүтээлийг Church Facilities Artwork товхимлыг ашиглан барилгын албаны менежерээр дамжуулан авна. Барилгын албаны менежер Сүмийн байранд тохиромжтой урлагийн бүтээлийг Сүмийн хангамжийн төвүүдээр дамжуулан олж авч болно.
Зургуудыг болон урлагийн бусад бүтээлийг цуглааны байранд тохиромжтой газарт байрлуулж болно. Гэхдээ урлагийн бүтээлүүдийг ариун ёслолын танхим дотор эсвэл баптисмын сангийн ойролцоо байрлуулж болохгүй. Уран баримал, ханан дээр зурсан уран зураг, шилэн шигтгэмэл зургийг зөвшөөрдөггүй. Энэ бодлого журам нь одоо байгаа, цуглааны байруудын ариун ёслолын танхимд олон жилийн өмнө байршуулсан урлагийн бүтээлүүдэд хамаарахгүй байж болно.
Сүмийн байранд тавих урлагийн бүтээлийг үзэмжтэй жаазалсан байх хэрэгтэй.
35.4.2
Чимэглэл
Христийн мэндэлсний баяр, бусад баяр ёслол, эдгээртэй төстэй бусад үйл явдалд зориулсан чимэглэлийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрлөөр цуглааны байрын хүлээх танхим, соёлын танхимд түр байрлуулан чимэглэж болно. Цуглааны байрын ариун ёслолын хэсэгт цэцгээс өөр чимэглэл тавьж болохгүй. Цуглааны байрын гадна тал болон талбайг чимэглэх ёсгүй.
Чимэглэлүүд нь даруухан, үнэтэй биш, түүнчлэн галын аюулгүй байх ёстой. Өвс, сүрэл, дал модны навч, бусад хатаасан материал, түүнчлэн лаа хэрэглэж болохгүй. Хэрэв гацуур хэрэглэвэл, мод нь хиймэл эсвэл галын хамгаалалттай байх ёстой ба чимэглэлийн гэрэл, лаа хэрэглэж болохгүй. Орон нутгийн гал түймрээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах хууль дүрэм, захирамжуудыг баримтлах ёстой.
35.4.3
Барилгуудыг онцгойлон адислах
Шинээр барьсан Сүмийн бүх байрыг, тухайлбал ариун ёслолын болон соёлын танхим, жижиг байр, томсгосон өргөтгөл зэргийг баригдаж дууссаны дараа аль болох хурдан онцгойлон адислах ёстой.
Номлолын гэр, институт, семинарын анги танхим эсвэл сүмийн байранд өргөтгөж барьсан оффис зэрэг жижиг барилгуудыг орон нутгийн удирдагчид хүсвэл онцгойлон адисалж болно.
Онцгойлон адислах зөвшөөрлийг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс ажлын албаны захиралтай хамтран гаргана. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл нь гадас, номлолын ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж, барилгыг онцгойлон адислах үүргийг хэнд даалгахыг шийднэ.
Онцгойлон адислах ёслолын хөтөлбөр нь тухайн газрын үйл ажиллагааны зорилготой нийцэж байх ёстой. Онцгойлон адислах ёслол хэт сунжруу эсвэл дуу хөгжмийн хөтөлбөр хэт урт байж болохгүй. Томилогдсон удирдагчид үг хэлэх болон онцгойлон адислах хангалттай цаг гаргаж өгнө. Онцгойлон адислах залбирлын дараа тохиромжтой дуулал эсвэл хөгжмийн тоглолт хийж, товч залбирлаар төгсгөнө.
Онцгойлон адислах залбирлыг тэргүүлэх эрх мэдэлтний зөвшөөрлөөр бичиж авч болно.
Түрээсэлсэн цуглааны байрыг дараах нөхцөл байдал хангагдсан тохиолдолд онцгойлон адисалж болно. Үүнд:
-
Байх ёстой нийтийн талбайг оруулахгүйгээр (үүд, коридор, бие засах өрөө гэх мэт) түрээсэлсэн бүх талбайг зөвхөн Сүмийн хэрэгцээнд ашиглах;
-
Түрээслэх хугацаа нь нэг жилээс урт байх;
-
Түрээсэлсэн цуглааны байрыг онцгойлон адислахыг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл зөвшөөрсөн байх зэрэг нөхцөлүүд орно.
Хэрвээ эдгээр нөхцөл хангагдаж, цуглааны байрыг онцгойлон адислахаар болсон бол адислалын үгэнд цуглааны байрыг “түрээслэх хугацаанд” онцгойлон адисалж байгааг дурдах ёстой.
35.4.4
Онцгой нөхцөл байдал
Онцгой нөхцөл байдлын үед тойргийн тогтмол цуглаануудыг явуулах эсэхийг гадасны ерөнхийлөгчийн зөвлөл шийдвэрлэнэ.
Нийгмийг хамарсан онцгой нөхцөл байдал эсвэл байгалийн гамшгийн үед цуглааны байруудыг хоргодох газар болгон ашиглах боломжийг гадасны ерөнхийлөгч Улсын Онцгой байдлын ерөнхий газарт олгон, дэмжлэг үзүүлж болно. Энэ тохиолдолд Сүм хяналт тавина. Гадас, тойргийн удирдагчид барилгуудыг ашиглах хүмүүсийг Сүмд байрлах үедээ Сүмийн биеэ авч явах жишгүүдийг, түүний дотор мэргэн ухааны үгийг сахидаг байхад анхаарах ёстой. Онцгой байдлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 22.9.1.3-аас үзнэ үү.
35.4.5
Галт зэвсэг
Бурханыг шүтэн бишрэх, дэлхийн санаа зовоосон асуудлуудаас хоргодох газар байхын төлөө Сүмүүдийг онцгойлон адисалдаг. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудаас бусад хүнд Сүмийн байранд ил, далд аль ч байдлаар галт зэвсэг авч явахыг хориглоно.
35.4.6
Гал ба лаа
Сүмийн барилга байгууламжид ил гал болон лаа асааж болохгүй.
35.4.7
Туг далбаа
Төрийн далбааг орон нутгийн заншил, тогтсон уламжлалын дагуу ямар ч үед Сүмийн өмчийн газар дээр мандуулж болно. Үндэсний баяр зэрэг онцгой үйл явдлын үеэр үндэсний далбааг Сүмийн барилга дотор байрлуулж болно. Эх оронч үзэл нь төрийн далбааг шүтээний байруудад удаан хугацаагаар байрлуулахыг шаарддаггүй.
35.4.8
Шав тавих ёслол
Шинэ барилгын төсөл батлагдсаны дараа орон нутгийн удирдагчид барилгын бэлтгэл болгож шав тавих буюу барилгын суурь тавих ёслол үйлдэж болно. Энэ ёслолыг ням гарагт үйлдэх ёсгүй.
35.4.9
Түүхийн дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалт
Сүмийн өмчийн барилга байгууламжуудыг үндэсний болон орон нутгийн түүхэн дурсгалт газруудын жагсаалтад оруулах, бүртгүүлэх бүх асуудлыг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөр дамжуулан Сүмийн удирдах газарт хандан тавих ёстой. Бусад түүхэн газар, олдвор, урлагийн бүтээл, баримт бичгүүд дээр хаяг тэмдэг тавих, дурсан тэмдэглэх эсвэл хадгалан үлдээх асуудлын талаар Сүмийн түүхийн хэлтэстэй 1-801-240-2272 эсвэл 1-800-453-3860, дотуур утас 2-2272 дугаарын утсаар холбоо барина уу.
35.4.10
Цуглааны байр барих, түрээслэх, худалдаж авах
Цуглааны байр барих, түрээслэх, худалдаж авах бодлого журмыг Цуглааны байрууд болон Сүмийн бусад өмчийн талаарх Барилга байгууламжийн менежментийн удирдамж гарын авлагаас үзэх юм уу ажлын албаны захиралтай холбоо барина уу.
35.4.11
Цуглааны байрын зураг төсөл
Сүм дэлхий даяарх гишүүдийн нөхцөл байдал, хэрэгцээнд таарсан цуглааны байрын олон төрлийн зураг төслийг бэлддэг. Цуглааны шинэ байр барих гэж байвал тохирох зураг төслийг сонгодог. Уг зураг төсөлд цуглааны байрын өрөө, онцлог хийц, тоног төхөөрөмжүүдийг тусгасан байдаг.
35.4.12
Даваа гаргийн орой
20.5.3-ыг үзнэ үү.
35.4.13
Сүмийн байранд хонох ба буудаллах
Сүмийн цуглааны байрыг шөнө хоноглох түр байр болгож эсвэл хонуутаар хийх үйл ажиллагаанд ашиглаж болохгүй.
35.4.14
Автомашины зогсоол
Сүмийн автомашины зогсоолыг ашиглах нь 35.4-р хэсгийн эхэнд байх удирдамжтай нийцэж байх ёстой. Түүнчлэн Сүмийн автомашины зогсоолыг ажлын албаны захирлын зөвшөөрөлгүйгээр гаднын хүмүүсийн зогсоол болгон ашиглаж болохгүй.
35.4.15
Ариун ёслолын танхимд гэрэл зураг авах, дүрс бичлэг болон нэвтрүүлэг хийх
Ариун ёслолын танхим нь ариун нандин учраас тэнд гэрэл зураг авах, видео бичлэг хийхийг зөвшөөрдөггүй. Ариун ёслолын танхимд болдог хурал цуглаан, бусад үйл ажиллагааг шууд дамжуулах талаарх мэдээллийг 29.7-оос үзнэ үү.
35.4.16
Өмчийн эрх ба өмчлөл
Орон нутгийн нэгжүүдэд хуваарилсан буюу хэрэгцээнд нь өгсөн бүх өмч тухайн нэгжийнх биш, Сүмийн өмч юм. Хэдий тийм боловч орон нутгийн нэгжүүд Сүмийн өмчлөл, журамд харьяалагддаг барилга, газар болон Сүмийн бусад өмчийг ашиглах тал дээр бие даасан байдалтай байдаг.
35.4.17
Амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх газрын зохицуулалт
Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх барилга байгууламжийн зохицуулалтын тухай мэдээллийг Цуглааны байрууд болон Сүмийн бусад өмчийн талаарх Барилга байгууламжийн менежментийн удирдамж гарын авлагаас үзэж эсвэл ажлын албаны захиралтай холбоо барьж авна уу.
35.4.18
Сүмийн байран дахь гал тогоо
Сүмийн байран дахь гал тогооны өрөө нь хичээл, сургалтаас өөр үйл ажиллагаанд хоол бэлтгэх, хийхэд зориулагдаагүй юм. Сүмийн байран дотор болон гадна талбайд хоолоор үйлчлэх үед хоолыг өөр газарт бэлдэж, авчрах ёстой ба гал тогоонд хоолоо халуун, хүйтнээр нь хадгалж болно.
35.4.19
Тэмдэг тэмдэглэгээ
Сүмийн нэрийг цуглааны бүх байр, Сүмийн бусад барилга байгууламж дээр зөвшөөрсөн хэлээр, логоны хамт байрлуулах ёстой. Сүмийн нэрийг барилга дээр тогтооно. Тодорхой нөхцөлд Сүмийн нэрийг газарт зоосон самбарт тогтоож болно.
35.4.20
Агуулах
Цуглааны байранд зөвхөн засвар үйлчилгээний зүйлс, зөвшөөрөгдсөн бусад хангамжийн материал, тоног төхөөрөмжийг хадгалахыг зөвшөөрдөг. Тусламжийн бараа бүтээгдэхүүн, бусад төстэй эд зүйлийг цуглааны байранд хадгалж болохгүй.
Бензин, хий, чүдэнз, аялал зугаалгын хэрэгсэл зэрэг материалыг сүмийн байраас өөр барилгуудад хадгалах ёстой.
Автомашин, амралт чөлөөт цагт зориулсан тээврийн хэрэгсэл, түүнчлэн хувийн бусад тоног төхөөрөмжийг Сүмийн газар дээр агуулж болохгүй.
35.4.21
Гадасны хил хязгаарын гаднах цуглааны байруудыг ашиглах
Тойрог бүр өөрсдийн цуглааны байрыг нэмэлт өргөтгөл барих хүртэл тооцсон хүчин чадлынх нь хэмжээнд ашиглах ёстой. Шаардлагатай бол гадасны ерөнхийлөгчийн зөвлөл бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй зөвлөлдсөний үндсэн дээр тойргийг зэргэлдээ гадасны цуглааны байранд хуваарилж болно. Хэрэв байршил сайтай бол гадасны төвийг нэгээс илүү гадас ашиглаж болно.
35.4.22
Хурим болон хуримын хүлээн авалт
Сүмийн тогтмол хуваарьт үйл ажиллагааг тасалдуулахгүй бол хуримын ёслол болон хуримын хүлээн авалтыг Сүмийн байранд хийж болно. Гэхдээ ариун ёслолын танхимыг олон зориулалтаар ашигладаггүй бол хүлээн авалтыг уг ариун ёслолын танхимд хийж болохгүй. Хурим болон хүлээн авалтыг Хүндэтгэлийн өдөр эсвэл даваа гаргийн орой хийж болохгүй.
Сүм өөрийн цуглааны байрууд болон бусад өмч хөрөнгийг ижил хүйстний гэрлэлттэй холбоотой ёслол, хүлээн авалт, бусад үйл ажиллагаанд зориулан ашиглахыг зөвшөөрдөггүй.
Хурим болон хүлээн авалтыг хариуцаж байгаа хүмүүс ашигласан өрөө, танхимаа цэвэрлэх үүрэг хүлээнэ.