Гарын авлагууд болон дуудлагууд
5. Ерөнхий болон бүсийн удирдлага


“5. Ерөнхий болон бүсийн удирдлага,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).

“5. Ерөнхий болон бүсийн удирдлага,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь.

Тэргүүн зөвлөл

5.

Ерөнхий болон бүсийн удирдлага

5.0

Оршил

Есүс Христ бол Өөрийн Сүмийн “булангийн чулуу нь” юм (Ефес 2:20). Тэрээр санваарын бүх түлхүүрийг атгадаг. Тэр Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд туслуулахаар бошиглогч, төлөөлөгчдийг дууддаг. Тэрээр дэлхий дээрх Бурханы хаант улсад хамаарагдах бүх түлхүүрийг эдгээр сонгогдсон үйлчлэгчид олгодог. (Сургаал ба Гэрээ 27:12–13, мөн энэ гарын авлагын 3.4.1-ийг үзнэ үү.)

Бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан, Их Эзэн бүх дэлхий дэх Өөрийн ажилд туслуулахаар Далын албан тушаалд ах нарыг дууддаг (Сургаал ба Гэрээ 107:38-ыг үзнэ үү). Түүнчлэн Тэргүүлэх бишопын зөвлөл, Ерөнхий албан тушаалтнууд, бусад эрэгтэй, эмэгтэй удирдагчдад уг ажилд туслах чухал хариуцлага өгөгддөг билээ.

Энэ бүлэг нь Сүмийн ерөнхий болон бүсийн удирдагчдын үүргүүдийг тайлбарладаг.

5.1

Сүмийн ерөнхий удирдлага

Сүмийн ерөнхий удирдлагад бүх ерөнхий эрх мэдэлтэн, ерөнхий албан тушаалтнууд багтана. Ерөнхий гэдэг үг нь тухайн дуудлагатай хамаатай эрх мэдэл, үүрэг хариуцлага нь газарзүйн хилээр хязгаарлагддаггүй гэдгийг тодорхойлдог. Эдгээр дуудлагыг хүлээн авсан хүмүүс дэлхий даяарх Сүмийн гишүүдийг удирдаж, тэдэнд зааж мөн тохинуулдаг.

Энэ бүлэг нь ерөнхий эрх мэдэлтнүүд, ерөнхий албан тушаалтнууд, тэдний үйлчилдэг зөвлөлийн болон хороодын үүргүүдийг тоймлодог.

5.1.1

Ерөнхий эрх мэдэлтэн

5.1.1.1

Тэргүүн зөвлөл ба Арван хоёр төлөөлөгчийн чуулга

Сүмийн ерөнхийлөгч Эрт үеэс эхлэн Их Эзэн бошиглогчдоор дамжуулан Өөрийн хүмүүсийг удирдан чиглүүлж байсан (Амос 3:7; Ефес 4:11–13-ыг үзнэ үү). Сүмийн ерөнхийлөгч бол бошиглогч, үзмэрч, илчлэгч юм. Түүнчлэн тэрээр ахлах төлөөлөгч юм. Тэрээр Их Эзэний удирдлага доор Сүмийг тэргүүлэн удирддаг ба санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн юм (Матай 16:16–19; түүнчлэн энэ гарын авлагын 3.4.1.1-ийг үзнэ үү). Тэр бүхэл Сүмийн төлөө илчлэлт хүлээн авч мөн Бурханы хүслийг тунхаглах эрх мэдэлтэй. (Сургаал ба Гэрээ 43:2–3; 107:91–92; 128:11-ийг үзнэ үү.)

Тэргүүн зөвлөл. Сүмийн ерөнхийлөгчөөр дамжуулан, Их Эзэн ажилдаа туслуулахаар зөвлөхүүдийг дууддаг. Ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд нь “гурван Тэргүүлэх дээд санваартан [бөгөөд]… Сүмийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн чуулгыг бий болгодог”(Сургаал ба Гэрээ 107:22). Энэ чуулгыг Тэргүүн зөвлөл гэж нэрлэдэг. Тэргүүн зөвлөлийн гишүүд нь төлөөлөгчид бөгөөд тэд Есүс Христийн нэрийн “тусгай гэрчүүд” юм (Сургаал ба Гэрээ 107:23). Тэргүүн зөвлөл нь Сүмийн бүхий л ажил хэргийг тэргүүлж, удирдан чиглүүлдэг.

Петр, Иаков, Иохан нар эртний Сүмд энэ үүргийг биелүүлдэг байсан. Тэд хэд хэдэн ариун нандин тохиолдолд Аврагчтай хамт байж, хаант улсуудын түлхүүрүүдийг хүлээн авсан билээ. (Матай 16:18–19; 17:1–5; Марк 14:32–42; Сургаал ба Гэрээ 27:12–13; 81:1–2-ыг үзнэ үү.)

Сүмийн ерөнхийлөгчийг нас барахад Тэргүүн зөвлөл татан буугддаг. Зөвлөхүүд нь Арван хоёр төлөөлөгчийн чуулга дахь ахмадын эрэмбийн дагуух байр сууриндаа эргэн очдог. Ахмад төлөөлөгчийн удирдлага доор, Арван хоёрын чуулга Сүмийг удирддаг. Чуулгаараа тэд хэзээ Тэргүүн зөвлөлийг дахин байгуулах тухай авч үздэг. Санал нэгдсэн шийдвэрийн дараа ахмад төлөөлөгч Сүмийн шинэ ерөнхийлөгчөөр томилогддог ба тэрээр зөвлөхүүдээ дууддаг.

Арван хоёр төлөөлөгчийн чуулга. Эрт цагт Есүс Христ Өөрийн Сүмийг удирдахад туслуулахаар арван хоёр төлөөлөгчийг дуудсан (Лук 6:12–13; Ефес 4:11–13; 1 Нифай 13:40-ийг үзнэ үү). Өнөө үед Их Эзэн Сүмийн ерөнхийлөгчөөр дамжуулан, төлөөлөгчөөр томилогдож, Арван хоёр төлөөлөгчийн чуулгад үйлчлэх ах нарыг дууддаг (Сургаал ба Гэрээ 18:26–28-ыг үзнэ үү). Энэ чуулга нь Тэргүүн зөвлөлийн удирдлага доор бүх үндэстэнд Сүмийг төлөвшүүлж, үйл ажиллагааг зохицуулахаар ажилладаг (Сургаал ба Гэрээ 107:33-ыг үзнэ үү). Арван хоёрын гишүүд дэлхий даяар сайн мэдээг тунхагладаг (Матай 28:19–20; Сургаал ба Гэрээ 107:35-ыг үзнэ үү).

Төлөөлөгч бүр хаант улсын бүх түлхүүрийг атгадаг бөгөөд Сүмийн ерөнхийлөгчийн удирдлага доор эдгээр түлхүүрийг ашигладаг (Сургаал ба Гэрээ 112:30–32-ыг үзнэ үү). Арван хоёр төлөөлөгч нь Есүс Христийн нэрийн “тусгай гэрчүүд” юм (Сургаал ба Гэрээ 107:23 түүнчлэн 27:12-ыг үзнэ үү). Тэд Түүний бурханлаг чанарыг болон Түүний амилалтын бодит байдлыг бүх дэлхийд гэрчилдэг (Үйлс 1:8, 22; 4:33; Сургаал ба Гэрээ 76:22–24-ийг үзнэ үү).

Төлөөлөгчид амьдралынхаа үлдсэн хугацааны турш Сүмд бүрэн цагаар үйлчилнэ (Матай 4:18–22-ыг үзнэ үү).

Тэргүүн зөвлөлийн болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын зөвлөл Тэргүүн зөвлөлийн болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын бүх гишүүн бол бошиглогч, үзмэрч, илчлэгчид мөн. Хамтдаа тэд Тэргүүн зөвлөлийн болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын зөвлөлийг бүрэлдүүлдэг. Их Эзэний удирдлага доор мөн нэгдмэл саналтайгаар энэхүү зөвлөл нь сургаалыг тайлбарлан, тунхаглах мөн Сүмийн бодлого журмыг батлах эрх мэдэлтэй (Сургаал ба Гэрээ 1:38; 107:27–31-ийг үзнэ үү).

5.1.1.2

Дал

Мелкизедек санваарын Далын албан тушаал нь Хуучин болон Шинэ Гэрээний аль алинд нь дурдагддаг (Гэтлэл 24:1, 9–10; Тооллого 11:16–17, 24–25; Лук 10:1, 17-г үзнэ үү). Өнөөдөр Ерөнхий эрх мэдэлтэн Далууд болон бүсийн Далууд гэж байдаг (5.2.2-ыг үзнэ үү). Тэд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын түлхүүр ба удирдлага доор ажилладаг. Тэд Арван хоёрт бүх үндэстэнд Сүмийг төлөвшүүлж, үйл ажиллагааг зохицуулахад нь тусалдаг (Сургаал ба Гэрээ 107:34–35, 38-ыг үзнэ үү).

Далын ерөнхийлөгчийн зөвлөл. Далын долоон гишүүн нь Далын бүх гишүүнийг тэргүүлэх ерөнхийлөгчөөр дуудагддаг. Долоон ерөнхийлөгчийн нэг нь бусад зургаагаа тэргүүлэхээр сонгогддог. Тэд Далын ерөнхийлөгчийн зөвлөлийг бүрдүүлдэг. (Үйлс 6:2–6; Сургаал ба Гэрээ 107:93–94; 124:138-ыг үзнэ үү.)

Ерөнхий эрх мэдэлтэн далууд Ерөнхий эрх мэдэлтэн далуудыг бүх дэлхийд сайн мэдээг зааж, Есүс Христийн нэрийг гэрчилдэг тусгай гэрч байхаар Тэргүүн зөвлөлөөс дууддаг (Сургаал ба Гэрээ 107:25; 124:139-ийг үзнэ үү).

Ерөнхий эрх мэдэлтэн далууд нь Сүмд бүрэн цагаар үйлчилдэг. Тэд ихэвчлэн 70 нас хүрэх жилдээ чөлөөлөгдөж, чөлөөнд гарсан хүндэт дал болдог. Хэдийгээр тэд Далын албанд үлддэг ч хурлыг тэргүүлдэггүй.

Далын чуулгууд Далын гишүүд болон бүсийн Далууд чуулгуудад зохион байгуулагддаг. Далын ерөнхийлөгчийн зөвлөл эдгээр чуулгыг удирддаг. Далын гишүүдийн болон Далын чуулгуудын тоо нь Сүм өсөхийн хэрээр нэмэгдэж болно. (Сургаал ба Гэрээ 107:95–96; 124:138–39-ийг үзнэ үү).

5.1.1.3

Тэргүүлэх бишопын зөвлөл

Тэргүүлэх бишопын зөвлөл нь тэргүүлэх бишоп, түүний хоёр зөвлөхөөс бүрддэг. Тэргүүлэх бишопын зөвлөлийн гишүүн бүр ерөнхий эрх мэдэлтэн бөгөөд бишопын албан тушаалыг барьдаг. Тэд Тэргүүн зөвлөлөөр дуудагдаж, тэдний удирдлага доор ажиллана.

Тэргүүлэх бишопын зөвлөл нь бүхэл Сүмийн халамж, санхүү, барилга байгууламж, хүмүүнлэгийн ажил зэрэг цаг зуурын ажил хэргийг удирддаг (Сургаал ба Гэрээ 107:68-ыг үзнэ үү). Тэд мөн дэлхий даяар сайн мэдээг зааж, Бурханы хаант улсыг бэхжүүлдэг.

5.1.2

Ерөнхий албан тушаалтнууд

Тэргүүн зөвлөл эрэгтэй, эмэгтэйчүүдийг Сүмийн дараах байгууллагуудын ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлөөр дууддаг.

  • Халамжийн Нийгэмлэг

  • Залуу эрэгтэйчүүд

  • Залуу эмэгтэйчүүд

  • Хүүхдийн хэсэг

  • Ням гаргийн анги

Эдгээр ерөнхий албан тушаалтан нь Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын болон томилогдсон ерөнхий эрх мэдэлтэн далын удирдлага доор үйлчилдэг. Тэд ихэвчлэн таван жилийн хугацаатай үйлчилдэг.

Ерөнхий албан тушаалтнууд дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

  • Есүс Христийн тухай болон Түүний сайн мэдээг зааж, гэрчилнэ.

  • Томилогдсоныхоо дагуу Сүмийн ерөнхий зөвлөлүүд болон хороодын гишүүдээр үйлчилнэ.

  • Дэлхий даяар гишүүдэд тохинуулах үүрэг даалгавраа биелүүлнэ.

  • Байгууллагуудын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, материалуудыг бэлтгэхэд удирдамж олгоно.

  • Ерөнхий байгууллагын зөвлөлүүдэд удирдамж өгнө (дараагийн догол мөрийг үзнэ үү).

  • Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор үйлчилдэг бүсийн байгууллагын зөвлөгч нарт зааварчилж, тэдэнд дэмжлэг үзүүлнэ (5.2.5.1-ийг үзнэ үү).

Сүмийн ерөнхий байгууллага бүрд ерөнхийлөгчийн зөвлөлд тусалж байх зөвлөл байж болно.

5.2

Бүсийн удирдлага

Сүм бүх дэлхийг хамарсан газарзүйн бүсүүдэд зохион байгуулагддаг. Эдгээр бүс дэх Сүмийн удирдлагыг энэ хэсэгт тоймлосон болно.

5.2.1

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл

Тэргүүн зөвлөл ба Арван хоёр төлөөлөгчийн чуулга нь Бүсийн ерөнхийлөгчөөр үйлчлэх Ерөнхий эрх мэдэлтэн далыг бүс бүрд томилдог. Тухайн ерөнхийлөгчид туслахаар хоёр зөвлөхийг томилдог бөгөөд тэд түүнчлэн Ерөнхий эрх мэдэлтэн дал эсвэл бүсийн дал байдаг.

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл нь тухайн бүс дэх гадасны болон номлолын ерөнхийлөгчдийг удирдан, зөвлөдөг. Тэд мөн ариун сүмийн ерөнхийлөгчдөд болон тэдний эхнэрүүдэд дэмжлэг үзүүлдэг. Тэд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын болон өөрсдийн тайлагнадаг Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдөн, Сүмийн ерөнхий бодлого журам, удирдамжийг хэрхэн бүсийнхээ хэрэгцээнд тохируулан хэрэгжүүлэхээ шийддэг.

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд томилогдсон бүсдээ орон нутгийн удирдагч, номлогч, Сүмийн гишүүдэд тохинуулж, зааж, урамшуулахаар аялдаг. Тэд гадасны чуулганыг болон бусад хурал цуглааныг тэргүүлэхээр Арван хоёр төлөөлөгчийн чуулгаас томилогддог.

5.2.2

Бүсийн дал

Бүсийн дал нь томилогдсон бүсдээ сайн мэдээг зааж, Есүс Христийн нэрийг гэрчилдэг тусгай гэрч байхаар Тэргүүн зөвлөлөөс дуудагддаг (Сургаал ба Гэрээ 107:25; 124:139-ийг үзнэ үү). Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор ажиллахдаа тэд тухайн бүсэд Сүмийг төлөвшүүлж, хэрэг явдлыг зохицуулахад Арван хоёрт тусалдаг.

Бүсийн далууд бүрэн цагийн үйлчлэлд дуудагддаггүй. Тэд ихэвчлэн таван жилийн хугацаатай үйлчилдэг. Тэд ихэнхдээ амьдарч буй бүсдээ үйлчлэхээр томилогддог (Сургаал ба Гэрээ 107:38, 98-ыг үзнэ үү). Бүсийн далууд ерөнхий чуулганаар дэмжин батлагддаг.

Бүсийн дал бүр Далын чуулгад хамаарагдана. Эдгээр чуулга нь газарзүйн байрлалаасаа хамаарч байгуулагддаг. Эдгээр чуулгын гишүүдийн хувьд, Бүсийн далууд нь Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор үйлчилнэ.

Бүсийн дал нь Сүмийн орон нутгийн удирдагчидтай хамт ажиллан, зөвлөлдөж тэдэнд үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь тусалдаг. Бүсийн дал нь дараах үүргүүдэд томилогдож болно. Үүнд:

  • Бүсийн зөвлөлд үйлчилнэ (5.2.3-ыг үзнэ үү).

  • Зохицуулах зөвлөлийн хурлыг тэргүүлнэ (5.2.4-ийг үзнэ үү).

  • Гадасны чуулганыг тэргүүлж, гадасны удирдагчдад заавар өгнө.

  • Гадас зохион байгуулж, шинэ гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийг онцгойлон адисалж, гадасны ерөнхийлөгчид санваарын түлхүүрүүдийг олгоно.

  • Үйл ажиллагаа (20.3.3-ыг үзнэ үү), JustServe.org (боломжтой газарт), гамшгийн дараах сэргээн босголтын ажил эсвэл бусад үүрэг хариуцлага зэрэг бүс даяарх үүрэг хариуцлагуудыг зохицуулна.

  • Номлолуудаар айлчилж, номлолын удирдагч, номлогчдод заавар өгнө.

  • Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхөөр үйлчилнэ.

Ерөнхий эрх мэдэлтэн оролцоогүй бол Бүсийн дал бүсийнхээ бүх Сүмийн хурал цуглааныг тэргүүлнэ. Гэхдээ тэд ариун сүм, номлол, гадасны ерөнхийлөгчийн өдөр тутмын ажлыг удирддаггүй. Эдгээр ерөнхийлөгч нь бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор үйлчилнэ.

5.2.3

Бүсийн зөвлөл

Бүс бүрд тухайн бүс дэх Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг зохицуулахаар бүсийн зөвлөл шаардлагын дагуу (ихэнхдээ улирал бүр) хуралддаг. Бүсийн ерөнхийлөгч бүсийн зөвлөлийн хурлыг тэргүүлнэ. Бүсийн зөвлөл нь бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл, тухайн бүсэд үйлчилж буй бүсийн далуудаас бүрдэнэ. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн урилгаар шаардлагатай үед уг зөвлөлийн хурлын зарим хэсэгт эсвэл бүгдэд нь бусад удирдагч оролцож болно.

5.2.4

Зохицуулах зөвлөл

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл зохицуулах зөвлөлийн хурлыг зохион байгуулна. Зөвлөл бүр тухайн бүс дэх тодорхой гадас, номлолуудыг багтаана. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл Бүсийн далыг зөвлөл бүрийг удирдуулахаар томилно.

Гадасны болон номлолын ерөнхийлөгчид зохицуулах зөвлөлийн хуралд оролцоно. Зохицуулах зөвлөлийн хил хязгаарт ариун сүмийн дүүрэг нь ордог бол ариун сүмийн ерөнхийлөгчид зохицуулах зөвлөлийн хуралд боломжтой үедээ оролцож болно.

Бүсийн далын урилгаар шаардлагатай бол бусад удирдагч хурлын зарим хэсэгт эсвэл бүгдэд нь оролцож болно. Бүсийн далууд эдгээр урилгыг өгөхдөө хоорондын зай, гэр бүлийн байдал, туулах аялал зэргийг бодолцож үзэх ёстой.

Зохицуулах зөвлөлийн хурлын зорилго нь гадас, номлол, ариун сүмийн ерөнхийлөгчдөд санваарын түлхүүрээ нэгдмэл байдалд ашиглахад нь туслах явдал юм. Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд оролцох үүрэг хариуцлагаа биелүүлэхэд нь гишүүдэд туслахын тулд тэд хамтдаа зөвлөлдөж, хүчин зүтгэлээ уялдуулан ажилладаг.

Бүсийн зөвлөлийн улирал тутмын хурлын дараа удалгүй Бүсийн дал зохицуулах зөвлөлийн хурлыг хуралдуулдаг (29.4-ийг үзнэ үү). Шаардлагатай бол нэмэлт хурлыг хуралдуулж болно.

5.2.5

Бүсийн дуудлагууд

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл өөрсдийн үүрэг хариуцлагуудад туслуулахаар гишүүдийг бүсийн дуудлагуудад үйлчлүүлэхээр дуудаж болно. Эдгээр албан тушаалд үйлчлэх хүмүүсийг бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл томилогдсон бүсийн дал дуудаж, онцгойлон адисалдаг. Тэднийг дэмжүүлэн баталдаггүй.

Бүсийн дуудлагын жишээнд бүсийн гүйцэтгэх нарийн бичиг; бүсийн аудитор; бүсийн харилцаа холбооны захирал; бүсийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөх; бүсийн байгууллагын зөвлөгч орж болно.

5.2.5.1

Бүсийн байгууллагын зөвлөгчид

АНУ, Канадаас бусад газарт Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд эмэгтэйчүүдийг бүсийн байгууллагын зөвлөгчдөөр үйлчлүүлэхээр дуудаж болно. Эдгээр зөвлөгч гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор гадасны Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн шинэ ерөнхийлөгчийн зөвлөлийг сурган зааварчлахад тусалж болно (6.2.1.6-г үзнэ үү). Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүн энэхүү сургах уулзалтад оролцоно.

Бүсийн зөвлөгчид Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлага доор үйлчилдэг. Тэд түүнчлэн байгууллагын ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлүүдээс тогтмол зааварчилгаа хүлээн авдаг. Тэд ихэвчлэн гурван жилийн хугацаатай үйлчилдэг.