Суралцахуйгаа үнэлэх 12
Илчлэл 1–22
Энэ хичээл нь Шинэ Гэрээнээс судлах явцад тавьсан зорилго, олж авсан хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд тань туслах зорилготой.
Таны хувийн хөгжил дэвшил
Энэ хичээлээр та суралцахуйгаа болон Илчлэл 1–22-т заасан зарчмуудыг хэрхэн амьдралд хэрэгжүүлснээ үнэлэх боломжтой. Та мөн сүүлийн хэдэн сарын дотор Үйлсээс Илчлэл хүртэл номуудыг судлахдаа гаргасан өсөлт хөгжлөө эргэн харж, үнэлнэ. Дараах суралцах үйл ажиллагаанууд нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг гэх таны хайр хэрхэн нэмэгдсэн мөн Тэдэнтэй хэр адилхан болсноо олж харахад танд тусална.
Илчлэл ном
Илчлэл номыг судлахдаа тэмдэглэсэн аль нэгэн судар, судар дээрх тэмдэглэл эсвэл тэмдэглэлдээ бичсэн зүйлсээ цаг гарган эргэн хар.
-
Илчлэл номыг судлах үед сурч мэдсэн эсвэл мэдэрсэн ямар зүйл таны санаанд орж ирж байна вэ?
-
Та Илчлэл номоос өөрийн Аврагч Есүс Христийн талаар юу олж мэдсэн бэ?
-
Суралцаж байхад тань ямар ямар үнэний дагуу үйлдэх сэдэл танд төрж байсан бэ?
1. Таны үйлдэл хэрхэн таныг Их Эзэнд илүү ойртоход тусалсныг олж харахын тулд Үйл ажиллагаа A эсвэл Б-г судлах тэмдэглэлдээ хийж гүйцэтгэ.
Үйл ажиллагаа А: Бурханыг чин сэтгэлээсээ шүтэж биширч, дагах нь
Илчлэл 4 – 5 -аас Иоханы Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн биширч буй төрөл бүрийн биес болон араатан амьтдаар хүрээлүүлсэн Бурханы сэнтийг харсан үзэгдлийг та судалсан байх. Таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хэрхэн магтан дуулдгаа болон хувийн шүтлэг бишрэлээ сайжруулах арга замуудыг тунгаан бодоход урьсан.
-
Тэнгэрлэг Эцэгийг эсвэл Есүс Христийг шүтэн бишрэх сэдлийг төрүүлсэн Тэдний талаарх юуг та саяхан олж мэдсэн эсвэл мэдэрсэн бэ?
-
Та шүтлэг бишрэлээ сайжруулахын тулд ямар хүчин чармайлт гаргасан бэ? Жишээлбэл: Та залбирал, судар судлах, ариун ёслолоос хүртэх, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, мацаг барих, ариун сүмд орох болон өөр бусад арга замаар шүтлэг бишрэлээ гүнзгийрүүлэхийг эрэлхийлсэн байж болох юм.
-
Эдгээр хүчин чармайлт нь хэрхэн таны Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд нөлөөлсөн бэ?
Үйл ажиллагаа Б: Христэд итгэх итгэлээр ёс бусыг эсэргүүцэж, ялан дийлэх
Илчлэл 12 – 13 -аас бид бүгдээрээ Сатаныг ялан дийлэхийн тулд Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлсэн болохыг сурч мэдсэн. Таныг эдгээр сургаалд итгэх итгэлийнхээ талаар болон энэхүү мөнх бус амьдралд дайсны эсрэг тулалдахдаа Есүс Христэд үргэлжлүүлэн итгэж найдахын тулд юу хийж чадахаа тунгаан бодоход таныг урьсан байж болох юм.
-
Танд суралцсаныхаа дараа ямар үйлдэл хийх хэрэгтэй гэсэн санаа орж ирсэн бэ?
-
Тэдгээр үйлдлийг хийхэд танд ямар саад бэрхшээл эсвэл сорилт тулгарсан бэ? Та ямар амжилт гаргасан бэ?
-
Эдгээр алхмыг хийх нь хэрхэн танд Есүс Христэд ойртоход эсвэл Сатаныг ялан дийлэх хүчийг Түүнээс хүлээн авахад тусалсан бэ?
Шинэ Гэрээ: Үйлс–Илчлэл
Есүс Христийн талаарх Паулын гэрчлэлийг сонссоныхоо дараа Агрип хаан “Чи ч намайг төдхөн ятгаж Христ итгэгч болгох нь ээ” хэмээн хэлснийг та санаж байгаа байх. Паул “Зөвхөн та ч биш, харин өнөөдөр энд намайг сонсогсод бүгд энэхүү хүлээснээс бусдаар надтай адил болоосой гэж би Бурханд залбирмаар байна” ( Үйлс 26:28–29) хэмээн зоригтойгоор хариулжээ.
Паул болон бусад төлөөлөгч сургаал, гэрчлэлээрээ дамжуулан бусдыг Христэд авчрах гүн хүсэл эрмэлзэлтэй байв. Тэдний олонх нь Христийн төлөө амьдралаа зориулж, амиа өгсөн бөгөөд өөрсдийн сургаалыг Үйлс номд болон захидлуудад үлдээсэн юм. Таныг тэдгээр гэрчлэлийг зүрх сэтгэлдээ хүлээн авч, сургаалыг нь амьдралдаа хэрэгжүүлсэн байх гэж найдаж байна. Одоо харин зааж, гэрчлэх таны ээлж ирлээ.
2. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.
Өөрийн сонгосон хүнд хаягласан захидал бич. Жишээлбэл: Та үүнийг Шинэ Гэрээг судлахаас нэг жилийн өмнөх өөртөө, яагаад семинарт явдгийг тань ойлгодоггүй найздаа эсвэл Аврагчийн талаарх таны гэрчлэл тус болж болох гэр бүлийн гишүүндээ хаяглаж болно.
Захидлаа хэнд хаяглахаар шийдсэнээс тань үл хамааран Үйлсээс Илчлэл хүртэлх номуудын нэг эсвэл хэд хэдэн шүлгийг, эдгээр шүлэг дээрх үнэнүүд таны амьдралыг хэрхэн адисалсан талаар багтааж болно. Дараах асуултууд танд чиглэл өгөх ч юу бичихээ та өөрөө сонгох боломжтой.
-
Таны сурч мэдсэн зүйлс Христэд ирж, Түүн дотор амар амгаланг олоход тань хэрхэн тусалсан бэ?
-
Таны сурч мэдсэн зүйлс Есүс Христэд итгэх итгэлээр ёс бус байдлыг эсэргүүцэж эсвэл ялан дийлэхэд тань хэрхэн тусалсан бэ?
-
Мөн тэдгээр нь асуултад хариулж эсвэл санаа зовоосон зүйл эсвэл асуудлыг шийдвэрлэхэд тань хэрхэн тусалсан бэ?
-
Та өөрийн таньдаг хэн нэгнийг Шинэ Гэрээг судалж, Христ рүү ирэхэд урамшуулахын тулд юуг мэдээсэй гэж хүсэж байна вэ?