Лук 10:25–37
Сайн самари хүн
Нэгэн хуульчийг Есүсээс “Миний хөрш гэдэг чинь хэн бэ?” (Лук 10:29) гэж асуухад, Аврагч сайн самари хүний сургаалт зүйрлэлээр хариулжээ. Энэ хичээл танд хөршөө хайрлах Есүсийн жишээг дагахад тусална.
Тусламж хэрэгтэй хүмүүст туслах
Тусламж дэмжлэг хэрэгтэй байхад тань хэн нэгэн танд тусалж байсан үеийг бод.
-
Тэр хүн яагаад танд тусалсан гэж та бодож байна вэ?
-
Тэр хүний хийсэн зүйл танд ямар мэдрэмж төрүүлсэн бэ?
Та тусламж хэрэгтэй хэн нэгэнд хэрхэн туслах байсан мөн яагаад тэдэнд туслах эсвэл туслахгүй байх байснаа тунгаан бод. Суралцахдаа тусламж хэрэгтэй хүмүүст туслах хүсэл эрмэлзлийг тань нэмэгдүүлж болох Есүс Христийн тухай олж мэдсэн үнэнүүдийг хайж ол.
Сургаалт зүйрлэл
Нэгэн өдөр Есүс Христийг зааж байхад, нэгэн хуульч мөнх амийг хүлээн авахын тул юу хийх ёстойгоо Түүнээс асуужээ. Аврагч мөнх амийг өвлөн авахын тулд бид Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж, хөршүүдээ өөрийн адил хайрлах ёстой хэмээн заасан ( Лук 10:27 -г үзнэ үү). Хуульч дараа нь өөр нэг асуулт тавьжээ.
Лук 10:29 -ийг уншаад , хуульчийн Есүсээс асуусан асуултыг тэмдэглэх талаар бодож үз.
-
Та хуульчийн асуултад юу гэж хариулах байсан бэ?
Есүс сайн самари хүний сургаалт зүйрлэл гэдгээр олонд танигдсан сургаалт зүйрлэлийг ярьснаар хуульчийн асуултад хариулсан. Энэ сургаалт зүйрлэлийг судлахдаа, ерөнхийдөө самаричууд болон иудейчүүд харилцан бие биедээ таагүй ханддаг, аль болох харьцахгүй байхыг хичээдэг байсныг санаарай. Иудейчүүд самаричуудыг хүлээн зөвшөөрдөггүй байсан нэг шалтгаан бол самаричууд нь иудей, харийнхан аль алиных нь шашны итгэл үнэмшлийг хадгалдаг байсан явдал юм.
Сургаалт зүйрлэлээс Аврагчийг олж харах
Лук 10:30–35 дээрх сайн самари хүний сургаалт зүйрлэлийг уншина уу. Та мөн судраа уншихын зэрэгцээ “Parable of the Good Samaritan” (5:11) видео бичлэгийг үзэж болох юм. Энэ видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр байгаа.
Та энэ сургаалт зүйрлэлийг судлахдаа, самари хүн хэрхэн Есүс Христийн бэлгэдэл болох талаар бод.
1. Дараах асуултад өгсөн хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.
-
Бид энэ сургаалт зүйрлэлээс Есүс Христийн талаар юуг мэдэж авч болох вэ? (Энэ асуултад өгсөн хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэх талаар бодож үзнэ үү.)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.
Аврагч бол бидний сайн самари хүн бөгөөд “шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээхээр” илгээгдсэн [ Лук 4:18 ; мөн Исаиа 61:1 -ийг үзнэ үү]. Бусад хүнийг бидний хажуугаар өнгөрөх үед Тэрээр ирдэг. Тэрээр биднийг хайрлан энэрч, шархан дээр маань эдгээгч гавраа тавьж, боодог. Тэр биднийг өргөн авч явдаг. Тэрээр биднийг харж халамжилдаг.
(Нийл Л.Андэрсэн, “Шархадсан тэд,” Ensign, Nov 2018, 85 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81)
-
Ахлагч Андэрсэны дүрсэлсэн зүйлсийг Аврагч хийж буй ямар ямар жишээ сударт байдаг вэ?
-
Аврагч хэзээ таны хувьд сайн самари хүн болж байсан бэ?
Есүс Христийн жишээг дагах
Сайн самари хүний сургаалт зүйрлэлийг ярьж өгснийхөө дараа их багш болох Есүс Христ хуульчаас юу сурч мэдсэнийг нь асууж, үүнийхээ дагуу үйлдэхэд түүнийг урьжээ. Лук 10:36–37 -г уншаад, Аврагчийн хуульчид өгсөн урилгыг хайж ол.
-
Та Аврагчийн урилгыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
-
Энэ урилга танд Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн талаарх Аврагчийн бодол мэдрэмжийн тухай юуг зааж сургаж байна вэ?
Бидэнд “явж, үүний адил үйлдэгтүн” ( Лук 10:37) хэмээх Аврагчийн зөвлөгөөг гэр, сургууль, онлайн, тойрог эсвэл салбартаа болон танихгүй хүмүүсийн дунд гэх мэт янз бүрийн орчин, нөхцөл байдалд дагах олон боломж бололцоо бий.
2. Өмнөх мөрөн дээр жагсаасан нөхцөл байдлуудын аль нэгийг сонгоод, дараах асуултуудад өгөх хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.
-
Та ийм нөхцөл байдалд хөршдөө хайраа харуулахын тулд Аврагчийн жишээг ямар ямар тодорхой арга замаар дагаж болох вэ?
-
Энэ орчин нөхцөлд хөршдөө хайраа харуулахад юу саад болж болох вэ?
-
Хэрэв хэн нэгэн ийм нөхцөл байдалд хөршдөө хайраа харуулж чадахгүй байвал та тэдэнд тусалж болох Есүс Христийн талаарх ямар зүйлийг зааж болох вэ?
-
Өнөөдөр сурч мэдсэн зүйлийнхээ үр дүнд юу хийх сэдэл танд төрсөн бэ?
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Сайн самари хүний сургаалт зүйрлэл нь хэрхэн амьдрал гэх аян замыг бэлгэдэж байж болох вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гэррит В.Гонг ийн заасан.
Шороо тоосонд дарагдсан Иерихо хүрэх замд бид зодуулж, шархдаж, өвчин зовлонд нэрвэгддэг.
Хэдийгээр бид бие биедээ туслах ёстой ч ихэвчлэн ямар нэгэн шалтгаанаар замын нөгөө талд гарч, дэргэдүүр нь явж өнгөрдөг.
Гэхдээ сайн самари хүн биднийг өрөвдөн саатаж, шархыг маань тос, дарсаар боодог. Дарс, тос зэрэг ариун ёслол болон бусад ёслолын бэлгэдэл нь Есүс Христ дотор сүнслэгээр эдгэрэхэд чиглүүлдэг. Сайн самари хүн биднийг илжгэн дээрээ тэгнэн, зарим зурагт дүрсэлсэнчлэн нуруун дээрээ үүрч явдаг. Тэр биднийг дэн буудалд буюу Түүний Сүмд аваачдаг. Дэн буудалд ирээд, сайн самари хүн “Түүнийг асарч байгаарай; … би буцахдаа танд дахин төлье” [ Лук 10:35 ] хэмээн хэлдэг билээ. Аврагчийг маань бэлгэддэг сайн самари хүн энэ удаа эргэж ирэхдээ сүр жавхлан, алдар суутай ирнэ.
(Гэррит В.Гонг, “Дэн буудлын өрөө,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23)
Аврагч шархадсан хүнд тусалсан хүнийг яагаад иудей хүнээр биш, самари хүнээр төлөөлүүлсэн бэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч M.Рассэлл Баллард ийн тайлбарлажээ.
Христийн цаг үед иудейчүүд болон самаричууд нэг нэгнээ маш ихээр үзэн яддаг байжээ. Ердийн нөхцөлд эдгээр хоёр бүлгийнхэн өөр хоорондоо эвлэлдэн нэгдэхээс зайлсхийдэг байв. Хулгайчдад баригдсан хүнийг ах дүү болох иудей хүн аварсан бол энэ нь сайн, сургаалтай зүйрлэл хэвээр л байх байсан.
Тэрээр иудейчүүд, самаричуудыг албаар жишээндээ оруулсан явдал нь бид бүгдээрээ хөршүүд бөгөөд шашин шүтлэг, улс төр, ёс заншил зэрэг эрс тэс ялгаанаасаа үл хамааран нэг нэгнээ хайрлаж, хүндэлж, үйлчилж байх ёстой гэдгийг тодорхой заадаг.
(M. Russell Ballard, “Doctrine of Inclusion,” Ensign эсвэл Liahona, Nov. 2001, 36)
Бусдад туслах боломж тохиромжгүй цаг үед гарч ирэх үед би яах ёстой вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан.
Байгуулсан гэрээнийхээ дагуу утга учир бүхий арга замаар бусдад үйлчлэх боломж яг таарч тохирсон үед гарч ирэх нь ховор. Гэвч тав тухаа бодож амьдрах нь сүнслэг хүчийг авчирдаггүй. Бид гэрээгээ сахиснаар л тэрхүү хүчийг хүлээн авдаг.
(M. Russell Ballard, “Like a Flame Unquenchable,” Ensign, May 1999, 86)
Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) бидэнд ийн сануулсан.
Шийдэх ёстой асуудлаа хайрлах ёстой хүнээсээ хэзээ ч дээгүүр бүү тавь.
(Thomas S. Monson, “Finding Joy in the Journey,” Ensign эсвэл Liahona, Nov. 2008, 86)