Институт
13-р хичээлд бэлтгэх материал: Бэлгийн харьцааны тэнгэрлэг бэлэг ба ариун үүрэг хариуцлага


“13-р хичээлд бэлтгэх материал: Бэлгийн харьцааны тэнгэрлэг бэлэг ба ариун үүрэг хариуцлага,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“13-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Ойрхон сууж буй залуу хос

13-р хичээлд бэлтгэх материал

Бэлгийн харьцааны тэнгэрлэг бэлэг ба ариун үүрэг хариуцлага

Хүмүүний бэлгийн харьцаа бол ариун нандин бэлэг бөгөөд авралын төлөвлөгөөний цөм юм. Гэсэн хэдий ч бэлгийн амьдралыг харуулсан зургууд болон зөрчилдөөнтэй мэдээллүүдээр ханасан ертөнцөд бэлгийн амьдралын утга учир, зорилгын талаар эргэлзэх, будилах амархан байдаг. Та суралцах явцдаа Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөн дэх бэлгийн харьцааны ариун, чухал үүргийг илүү сайн ойлгохыг эрэлхийлж, энэ мэдлэг нь таны амьдралыг хэрхэн адисалж болохыг анхаарч үзээрэй.

1-р хэсэг

Бэлгийн харьцаа нь гэрлэлтийн гайхалтай сайхан мөн ариун нандин хэсэг байж болно гэдэг талаарх ойлголт намайг хэрхэн адисалж болох вэ?

Тэнгэрлэг Эцэг бидэнд бэлгийн дур хүсэл, үр удмаа үлдээх чадварыг өгсөн. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Мөнх бус амьдралыг бүтээх хүч бол Бурханы хүүхдүүддээ өгсөн хамгийн агуу хүч юм” хэмээн тайлбарласан (“The Great Plan of Happiness,” Ensign, 1993 оны 11-р сар 74). Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд, Рут Либбэрт Рэнланд эгч хоёр “Бэлгийн харьцааг зохистойгоор илэрхийлэх нь Бурханы төлөвлөгөө дэлхий дээр болон үүрд мөнхөд хэрэгжиж, Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болох боломжийг бидэнд олгодог” гэж заасан (“The Divine Purposes of Sexual Intimacy,” Ensign, 2020 оны 8-р сар).

Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөнд “эхнэр, нөхрийн хоорондох бие махбодын дотно харьцаа гайхалтай сайхан, нандин байх учиртай. Энэ бол үр хүүхэдтэй болох, эхнэр нөхөр хоёрын бие биедээ хайраа илэрхийлэх Бурханаар томилогдсон арга зам юм” (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 38.6.5, ChurchofJesusChrist.org). Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “… Харин тэдгээр нь бидний бурханлаг мөн чанарын мөнх бус илэрхийллүүдийн нэг юм. … Тэдгээр нь эхнэр нөхрийн хооронд сэтгэлийн болон сүнслэг амлалтуудыг хүчирхэгжүүлдэг арга зам юм” гэж мөн тайлбарласан (“Бид ариун явдалд итгэдэг,”2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51).

Бэлгийн дотно харьцаа эхнэр, нөхөр хоёрыг илүү ойр дотно холбогдоход чухал арга зам юм. Дотно харьцаа гэдэг нь оюун санаа, сэтгэл хөдлөл, сүнслэг байдлаар ойрхон байхыг мөн илэрхийлдэг.

Еденийн цэцэрлэгт Адам, Ева хоёр гэрлэлт дэх дотно харьцааны чухал байдлын талаар сурч мэдсэн.

Адам, Ева хоёр, Жэй Брайнт Ворд
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Эхлэл 2:18, 21–24-ийг уншаад, гэрлэлт нь эхнэр, нөхөр хоёрыг оюун санаа, сэтгэл хөдлөл, сүнслэг байдал, бие махбодын хувьд хэрхэн нэгтгэх зорилготой талаар тунгаан бод. (Тайлбар: Энэ агуулгад зааснаар, хавирга нь ойр дотно байдал, түншлэлийг бэлгэддэг ба нийлэх гэдэг нь салахгүй байх эсвэл ойрхон хэвээр үлдэх гэсэн утгатай бол [24-р шүлэг] дэх “нэг махбод” гэдэг нь оюун санаа, сэтгэл хөдлөл, сүнслэг байдал мөн бэлгийн харьцааны нэгдлийг илэрхийлж байна.)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд гэрлэлтэд “нэг махбод” болох талаар ийн заасан.

Ахлагч Жэффри Р.Холланд

Хүмүүний янаг дотно харилцаа нь нэгдэн нийлэхийн мөн Бурханаар тодорхойлогдож, томилогдсон нэгдмэл байдлын үндсэн бэлгэдэл учраас гэрлэсэн хосуудад зориулан хадгалагдсан байдаг. Еденийн цэцэрлэгээс эхлээд гэрлэлт нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг, тухайлбал зүрх сэтгэл, итгэл найдвар, амьдрал, хайр, гэр бүл, ирээдүй зэрэг бүх зүйлд бүрэн дүүрэн нэгтгэх зорилготой байсан. Адам, Ева хоёрын талаар, яснаас минь авсан яс, махнаас минь авсан мах бөгөөд хамтын амьдралдаа “нэг бие” болно хэмээн хэлжээ [Эхлэл 2:23–24-ийг үзнэ үү]. (“Personal Purity,” Ensign, 1998 оны 11-р сар, 76)

Зүрхэн хэлбэртэй дүрс үүсгэж буй хосын гар
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Бэлгийн дотно харьцааг “зүрх сэтгэл, итгэл найдвар, амьдрал, хайр, гэр бүл, ирээдүй зэрэг бүх зүйлд” нэгдэн нийлэхийн бэлгэдэл гэж харах нь эхнэр, нөхөр хоёрыг хэрхэн адислах вэ?

2-р хэсэг

Бие махбодыг Бурханы хардгийн адилаар харах нь ариун явдлын хуулиар амьдрах хүсэл ба амлалтыг маань хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Бурхан гэрлэлтэд бэлгийн дотно харьцааны гайхалтай сайхан, ариун үүргийг тогтоосон учраас “[Тэр] үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр нөхөр болох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой” хэмээн зарлигласан (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Их Эзэн биднийг бодол санаа, дур хүсэл, үйлдэлдээ ёс суртахууны хувьд цэвэр ариун байхыг зарлигласан. Үүнд гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орохоос татгалзах, гэрлэлтдээ чин үнэнч байх явдал багтдаг (Гэтлэл 20:14; Алма 39:3–5; Сургаал ба Гэрээ 59:6-г үзнэ үү). Энэ зарлигийг ариун явдлын хууль гэж нэрлэдэг.

Бидний бие махбод сүнснээсээ тусдаа биш гэдгийг санах нь чухал юм. “Сүнс хийгээд мөн бие нь хүмүүний бодгаль бөлгөө” (Сургаал ба Гэрээ 88:15) хэмээн Их Эзэн заасан. Бие махбод болон сүнсний хоорондын холбооны талаар ахлагч Холланд ийн заажээ.

Ахлагч Жэффри Р.Холланд

Бие бол бодгалийн амин чухал хэсэг мөн. Хожмын үеийн гэгээнтнүүдийн энэхүү онцгой, маш чухал сургаал бэлгийн харьцааны нүглийн ийм ноцтой байх шалтгааныг онцгойлон авч үздэг. Бурханы өгсөн бусдын биеийг бурханлаг зөвшөөрөлгүйгээр ашигладаг хүн бол уг хүний бие махбодыг хүчирхийлээд зогсохгүй, амьдралын үндсэн зорилго, үйл явцыг урвуулан ашиглаж байгаа хэрэг юм хэмээн бид мэдэгдэж байна. (“Personal Purity,” 76)

“Бие нь садарлалд [гэрлэлтээс гадуур бэлгийн харьцааны үйлдлүүд] бус, харин Эзэнд зориулагддаг бол Эзэн нь биед ажээ” (1 Коринт 6:13) хэмээн төлөөлөгч Паул бие, сүнс хоёрын хоорондох ариун холболтын талаар нэмэлт тайлбар өгсөн.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

1 Коринт 6:19–20-ийг уншаад, Их Эзэн бидний бие махбодыг юу гэж боддог болохыг олж мэд.

Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Бэлгийн дотно харьцааг зүгээр л бие махбодын таашаал өгөх зорилготой бие махбодын туршлага гэж үзэх нь яагаад төөрөгдөм бэ?

3-р хэсэг

Би ариун явдлын хуулиар амьдрах чадвараа хэрхэн нэмэгдүүлж чадах вэ?

Бурханы бүх зарлигийн адилаар ариун явдлын хууль нь бидэнд амар амгалан, аз жаргалыг илүү их авчрах зорилготой. Жишээ нь, судрууд ариун явдлын хуулиар амьдрах нь Бурханы оршихуйд байх итгэлтэй байдлыг өсгөдөг мөн биднийг сэтгэл хөдлөлийн зовлон, сэвтсэн харилцаанаас хамгаалж, Сүнсийг алдахаас сэргийлдэг гэдгийг ойлгоход тусалдаг (Сургаал ба Гэрээ 121:45; Иаков 2:31–35; Сургаал ба Гэрээ 42:23; 63:16-г үзнэ үү). Ариун явдлын хуулийг сахих нь биднийг хор хөнөөлтэй өвчин тусахаас хамгаалж, хүүхдүүдээ гэрлэлтийн холбоонд төрүүлэх боломжийг олгодог.

Бэлгийн мэдрэмжүүдийг мэдрэх нь хэвийн зүйл. Эдгээр мэдрэмжийг Их Эзэний зөвшөөрсөн арга замын дагуу зөв чиглүүлж сурах нь чухал юм. Хэдийгээр таны санаа зорилго зөв ч гэсэн бэлгийн дур хүслээ зохисгүй байдлаар хангахаар уруу татагдах үе танд тохиолдож магадгүй. Та уруу татагдсан үедээ Их Эзэнд ханд. Тэр “дааж гарахын тань тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно” (1 Коринт 10:13; Алма 13:28-ыг үзнэ үү).

Христийн дүр төрх, Хэйнрих Хофманн

“Есүс Христ хүмүүний сул талыг хийгээд уруу татагдсан тэдэнд хэрхэн туслахыг мэддэг” (Сургаал ба Гэрээ 62:1) гэдгийг сана. Тусламж эрэлхийлэн Их Эзэнд хандах үедээ “хайраар дүүргэгдэж болохын тулд бүх хүслээ хазаарлах[ын]” (Алма 38:12) төлөө авах бодит алхмуудад Түүний чиглүүлгийг эрэлхийл.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны гэргий Вэнди В.Нэлсон эгч ийн заасан.

Вэнди В.Нэлсон эгч

Хувийн цэвэр ариун байдал бол жинхэнэ хайрын түлхүүр юм. Таны бодол санаа, мэдрэмж, үг, үйлдэл хэдий чинээ цэвэр ариун байна, жинхэнэ хайрыг өгөх мөн хүлээж авах чадавх тань төдий чинээ агуу байна. …

… Бодол, мэдрэмж, үгс болон үйлсээ цэвэр ариун байлгахын төлөө бүхнийг хий. Таныг чиглүүлэхэд Сүнсийг урь. Тэрээр танд туслах болно. …

… Үнэн хэрэгтээ та цэвэр ариун байх тусам таны гэр бүлийн дотно байдал илүү гайхалтай байх болно. (“Love and Marriage” [worldwide devotional for young adults, Jan. 8, 2017], ChurchofJesusChrist.org)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн харилцаа нь улам гүнзгийрч байгаа хүмүүст зориулж дараах зөвлөгөөг өгчээ.

Ахлагч Нийл Л.Андэрсэн

Захирч, сайтар хянах ёстой бие махбодын хүчтэй сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэлтэй гэдгээ та мэднэ. … Хязгаараа тогтоо. Хамтдаа хийх бүх зүйлдээ тэдгээр хязгаарыг суулга. Ингэснээр бие биеэ гэсэн хүчтэй мэдрэмжийг мэдрэх үед хязгаараа давахгүй эсвэл холдуулахгүй байхгүй болно. (“Complete Honesty, Unselfish Humility” [Brigham Young University–Idaho devotional, Feb. 14, 2017], byui.edu)

Ярилцаж буй хос

Хэрвээ та ариун явдлын хуулийг зөрчсөн бол Есүс Христэд итгэх итгэл, чин сэтгэлийн наманчлалаар дамжуулан Их Эзэн таныг уучилж, дахин цэвэр болгох болно гэдгийг сана ( Исаиа 1:16–18; Сургаал ба Гэрээ 58:42–43-ыг үзнэ үү). Та мөн бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө уулзах хэрэгтэй. Түүнд энэхүү нүглийг Их Эзэнтэй хамт шийдэх эрх мэдэл байгаа бөгөөд тэр таныг нэмэлт тусламж, дэмжлэгээр хангах болно.

Шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Өөртөө болон болзож буй хүмүүст зориулан бэлгийн цэвэр ариун байдлыг хадгалахад туслахын тулд тогтоосон эсвэл тогтоох хэрэгтэй хязгаар буюу заагийг тэмдэглэлийн дэвтэртээ юм уу тэмдэглэл хөтлөх аппликэйшн дээрээ бич. Хэрэв та гэрлэсэн бол ханьдаа бүрэн үнэнч хэвээр үлдэхийн тулд ямар зааг хязгаар тогтоосон бэ?