“18-р хичээлд бэлтгэх материал: Материаллаг хэрэгцээг хангах,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)
“18-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
18-р хичээлд бэлтгэх материал
Материаллаг хэрэгцээг хангах
Их Эзэн бидний материаллаг байдалд, өөрөөр хэлбэл бие махбодын сайн сайхан байдалд санаа тавьдаг. Тэрээр өөрийнхөө болон гэр бүлийнхээ бие махбодын хэрэгцээг хангахад туслах үнэнүүдийг илчилсэн бөгөөд энэ нь танд сүнслэгээр өсөхөд туслах болно. Та энэ материалыг судалж байхдаа, эдгээр үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож үзээрэй.
1-р хэсэг
Гэр бүлийнхээ материаллаг хэрэгцээг хангахад миний үүрэг хариуцлага юу вэ?
Есүс Христийн Сүм сэргээгдсэнээс хойш тун удалгүй Их Эзэн Сүмийн гишүүдийн материаллаг байдлын хувьд хүлээх зарим үүрэг хариуцлагыг илчилсэн.
Хожмын үеийн бошиглогчдоор дамжуулан Их Эзэн “эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлж [мөн] бие бялдар, оюун санааных нь хэрэгцээг хангах ариун үүрэгтэй юм” гэдгийг дахин баталж хэлсэн (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org).
Хүүхдийнхээ бие махбодын хэрэгцээг хангах энэ үүргээ биелүүлэхийн тулд эцэг эхчүүд бие даахад суралцах ёстой. Бие даах нь сайн мэдээний тулгуур зарчим. Энэ нь “өөрийн болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангахын төлөө хичээл зүтгэлтэй, чадвар сайтай байж, үүрэг хариуцлага хүлээх явдал юм” (Их Эзэний арга замаар хангах нь: Халамжийн талаарх удирдагчийн товч лавлах [2009]).
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс бие даах байдлын тухай дараах зүйлийг заажээ.
Бие дааж амьдрах чадвар гэдэг бол бид өөрсдийнхөө төлөө мөн Тэнгэрлэг Эцэгийн бидний анхаарал халамжид итгэж найдан даалгасан хүмүүсийн сүнслэг болоод материаллаг сайн сайхан байдлын төлөө хариуцлага хүлээх явдал мөн. Бид гагцхүү бие дааж амьдрах чадвартай болсон үед л бусдад үйлчилж, тэднийг адислахдаа Аврагчийг даган дуурайж чадна.
Бие дааж амьдрах чадвар бол зорилгодоо хүрэх арга хэрэгсэл мөн гэдгийг ойлгох нь чухал. Бидний туйлын зорилго бол Аврагчтай адилхан болох явдал бөгөөд бусдад сэтгэл харамгүй үйлчилснээр зорилго маань өргөн цар хүрээтэй болдог. Бидний бие дааж амьдрах чадварын түвшнээс хамаарч үйлчлэх чадвар маань нэмэгддэг эсвэл буурдаг. (“A Gospel Vision of Welfare: Faith in Action,” in Basic Principles of Welfare and Self-Reliance [worldwide leadership training meeting, 2009], 1–2; see also ChurchofJesusChrist.org)
Бие даах чадварын талаарх дараах зааварчилгын ач холбогдлыг анхаарч үз.
Та бие даах чадвартай байхдаа өөрийгөө болон гэр бүлээ тэжээн тэтгэх Бурханы өгсөн адислал, чадварыг ашиглаж, тулгарсан асуудлынхаа шийдвэрлэх гарцыг олдог. Бие даах чадвартай байна гэдэг нь бүх зүйлийг ганцаараа хийх чадвартай байна гэсэн үг биш. Жинхэнэ ёсоор бие даах чадвартай болохын тулд бусадтай хамтарч ажиллахад суралцаж, Их Эзэнд хандан Түүний тусламж, хүч чадлыг эрэлхийлэхийг хэлнэ. (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 41)
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “Бие махбод, сэтгэл санааны чадвартай ямар ч жинхэнэ хожмын үеийн гэгээнтэн өөрийн болон гэр бүлийнхээ сайн сайхан байдлын ачааг сайн дураараа өөр хэн нэгэнд шилжүүлэхгүй” гэж заасан (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 116; see also 1 Timothy 5:8). Их Эзэн танд бие даах чадвартай болоход тусална гэдгийг мэдэж ав. Есүс “[Өөрийнх нь] санаа тавилтаар дамжуулан,” Сүм материаллаг болоод сүнслэг байдлын хувьд “тусгаар байдалтай” байж чадна (Сургаал ба Гэрээ 78:14) гэж заасан. Үүнтэй адилаар Аврагч “[Өөрийн] санаа тавилтаар дамжуулан” танд бие дааж, өөрийгөө болоод гэр бүлээ хангахад тусалж чадна.
2-р хэсэг
Бие даах чадвараа хөгжүүлж, бусдыг илүү сайн хангахад юу надад туслах вэ?
Бие даах чадвараа хөгжүүлэх, гэр бүлээ тэжээхэд хичээж ажиллах хэв маяг чухал. Адамаас эхлээд бидний Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ хөдөлмөрлөхийг зарлигласан (Мосе 4:25, 29; 2 Тесалоник 3:10–13-ыг үзнэ үү). Шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл бол Бурханы болон Түүнийг дагахыг хичээдэг хүмүүсийн шинж чанар юм (2 Нифай 5:17; Мозая 27:3–4-ийг үзнэ үү).
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон шаргуу хөдөлмөрийн ач тусыг ийн онцолжээ.
Бурхан энэ мөнх бус байдлыг байнгын хичээл зүтгэл шаардахаар зохион байгуулсан. … Бид амьдралыг ажил хөдөлмөрөөр тэтгэж мөн дүүргэдэг. Энэхүү мөнх бус байдлын туршлагын сэтгэл гонсойм, эмгэнэлт байдлыг даван туулах хүч чадлыг ажил хөдөлмөр бидэнд өгдөг. Зовж байж олсон амжилт нь өөртөө итгэх итгэлийг олоход тусалдаг. Ажил нь хүний мөн чанарыг сайжруулж, гоо сайхныг бүтээж, Бурханд болон бие биедээ үйлчлэх үйлчлэлийн маань гол зэмсэг болдог юм. Өргөл болгосон амьдрал нь ажил ихтэй байлгаж, заримдаа улиг болтол давтагдаж, барлаг мэт санагдаж, бас ямар ч талархал хүлээн авдаггүй ч бай, үргэлж юмыг сайжруулах, замбараатай болгох, дэмжин туслах, дээш татах, тохинуулах, хүсэн тэмүүлэх ажлуудаар дүүрэн байлгадаг. (“Өргөл болгосон амьдралын тухай бодол эргэцүүлэл,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18)
Эцэг эхийн хүлээх үүргийг нэмж дурдвал, эцэг эх нь “[хүүхдүүдийнхээ] бие бялдар болон оюун санааных нь хэрэгцээг хангаж,” “Тэнгэрийн загвараар эцэг нь гэр бүлээ … хэрэгцээт зүйлсээр нь хангаж, хамгаалах үүрэгтэй” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”). Ахлагч Кристоффэрсон эцэг болохоор бэлдэж буй хүмүүсийг ийн урамшуулсан.
Одооноос сургуульдаа хичээнгүйлэн суралцаж, дунд сургуулиа төгссөний дараах боловсрол мэдлэгт бэлдэцгээ. Боловсролыг их дээд сургууль, техникийн сургууль, дагалдан суралцах болон үүнтэй төстэй ямар хөтөлбөрөөр олж авахаас үл хамааран энэ нь шаардлагатай ур чадвар, чадавхыг өөртөө хөгжүүлэх түлхүүр юм. (“Эцэг хүн,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 81)
Боловсрол олж авахыг эрэлхийлэх зөвлөгөө нь Есүс Христийн бүх шавь нарт чухал юм. Их Эзэн бидэнд “бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийл” хэмээн заасан (Сургаал ба Гэрээ 88:118-ыг мөн Сургаал ба Гэрээ 90:15-ыг үзнэ үү). Энэ үүрэг хариуцлагын тухай ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ингэж заасан.
Хүн нэг бүрийн оюун ухааныг эрхэмлэн дээдэлдэг учраас бид боловсрол эзэмших нь шашны үүрэг хариуцлага гэж үздэг. … Бидний Бүтээгч дэлхий даяарх хүүхдүүдээ боловсрол эзэмшээсэй хэмээн хүсдэг. (“Where Is Wisdom?,” Ensign, Nov. 1992, 6)
Гэр бүлийнхээ санхүүгийн хэрэгцээг илүү сайн хангахад туслахаас гадна боловсролтой болсноор хүлээн авдаг бусад боломжит адислалын талаар бодож үзээрэй. Боловсрол олж авах нь хүнд хувийн амжилт авчрах бөгөөд бидэнд өгсөн бэлэг, чадварыг хөгжүүлж, ашиглаасай гэсэн Их Эзэний хүлээлтийг хангахад бидэнд тусалж чадна (Матай 25:14–30-ийг үзнэ үү). Боловсрол олж авах нь амьдралын сорилтуудыг даван туулах бидний чадварыг сайжруулдаг. Мөн боловсрол нь бусдад үйлчлэх, Их Эзэний хаант улсыг байгуулах бидний чадавхыг нэмэгдүүлдэг.
Ерөнхийлөгч Томас С.Монсон ийн заасан.
Судалж, суралцах тусам авьяас билэг тань өсөн нэмэгдэх болно. Та гэр бүлийнхнийгээ суралцахад нь илүү сайн туслах чадвартай болоод зогсохгүй амьдралд тохиолдох элдэв нөхцөл байдалд өөрийгөө бэлтгэлтэй байлгаснаар оюун санаа тань амар амгалан байх болно. (“Three Goals to Guide You,” Liahona, Nov. 2007, 119)
Зарим тохиолдолд үхэл хагацал, гэр бүл салалт эсвэл бусад нөхцөл байдлын улмаас эх нь гэр бүлээ тэжээх ёстой болдог (гэр бүлийн тунхгийн 7-р догол мөрийг үзнэ үү). Бусад тохиолдолд эцэг эх хоёулаа гэр бүлийнхээ үндсэн хэрэгцээг хангахын тулд ажил хийх шаардлагатай. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард эцэг эх хоёрын хувьд хоёулаа ажил хийхтэй холбоотой шийдвэр гаргахад чухал анхааруулга, зөвлөгөөг өгчээ.
Өнөөгийн материаллаг нийгэмд илүү их мөнгөтэй болох мөн илүү их зарцуулах ихээхэн дарамт бий. Харамсалтай нь, энэ шалтгаанаар гэрлэсэн эмэгтэйчүүдэд нэмэлт хоёрдогч орлого олохын тулд гэрээсээ гадуур ажиллах шаардлага тулгардаг. Нөхөр, эхнэр, хүүхдүүд үндсэн хэрэгцээ, материаллаг хүсэл хоёрын ялгааг ойлгосноор гэр бүлийн санхүүгийн ачааллыг бууруулж, ээжүүдийг гэртээ байхад нь тусалдаг. Гэрээс гадуур ажиллах шийдвэр гаргах нь хэцүү байдаг тул энэ ээдрээтэй асуудлын талаарх амьд бошиглогчдын зөвлөгөөг үргэлж санаж мөн залбирч байх хэрэгтэй. (“The Sacred Responsibilities of Parenthood,” Ensign, Mar. 2006, 31-ийг мөн Алма 37:37-г үзнэ үү)
3-р хэсэг
Санхүүгийн ямар зарчмууд намайг гэр бүлээ тэжээхэд чиглүүлж чадах вэ?
Дэлхий Эзэнийх юм (Дуулал 24:1-ийг үзнэ үү). Тэрээр бидэнд материаллаг болон сүнслэг хэрэгцээгээ хангах хүч чадал, дэлхийн эх сурвалжийг олж авах боломж олгодог (Дэд хууль 8:10, 18; Сургаал ба Гэрээ 59:18–20-ийг үзнэ үү). Их Эзэний хувьд бүх зүйл, тэр байтугай Түүний материаллаг хууль хүртэл сүнслэг байдаг (Сургаал ба Гэрээ 29:34-ийг үзнэ үү). Тэрээр мөнгө, эд хөрөнгө хайх, олж авахтай холбоотой адислалууд болон сүнслэг эрсдэлүүдийн аль алиныг мэддэг. Тэрээр биднийг хувь хүн болон гэр бүлийн хувьд адисалж, хамгаалах арга замаар эдгээр эх үүсвэрийг удирдахад туслах зарчмуудыг илчилсэн.