Институт
17-р хичээлд бэлтгэх материал: Гэрлэлт дэх эрх тэгш оролцоо


“17-р хичээлд бэлтгэх материал: Гэрлэлт дэх эрх тэгш оролцоо,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“17-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Хоолоо хамтдаа хийж буй эхнэр, нөхөр

17-р хичээлд бэлтгэх материал

Гэрлэлт дэх эрх тэгш оролцоо

Гэр бүлийн хувьд Их Эзэн эрэгтэй, эмэгтэй хүмүүст “өөр өөр боловч бие биенээ нөхөх эн тэнцүү чухал үүргийг даалгасан” (М.Рассэлл Баллард, “The Sacred Responsibilities of Parenthood,” Ensign, 2006 оны 3-р сар, 29). Бошиглогчид “Энэхүү нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой” гэж заасан (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Эдгээр үүрэг хариуцлагыг дараагийн хэдэн хичээлээр илүү гүнзгийрүүлэн авч үзэх болно.

1-р хэсэг

Би хэрхэн гэрлэлтдээ эрх тэгш хамтрагч байх вэ?

Мосегийн номд цэдэглэсэн, Еваг бүтээсэн тухай дүрслэлээс бид Их Эзэний эхнэр, нөхөр хоёрт зориулсан харилцааны талаар чухал үнэнийг мэдэж болно.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Мосе 3:18, 21–23-ыг уншаад, Еваг бүтээсэн тухай дүрсэлсэн бэлгэдлийн утгын талаар бод.

Адам, Ева хоёр; Ловэлл Брүс Бэннэтт

Адамын хавирганаас Еваг бүтээсэн тухай түүх бол зүйрлэл юм (Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл, “The Blessings and Responsibilities of Womanhood,” Ensign, 1976 оны 3-р сар, 71). Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хавирганы бэлгэдлийн боломжит нэг утгыг ийн тайлбарлажээ.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Хажуу талаас авсан хавирга нь хамтрагчид болохыг нотолж байгаа бололтой. Хавирга гэдэг нь эрхшээлд оруулах эсвэл захирах гэсэн үгийн аль алиныг төлөөлдөггүй, харин амьдрал, ажил үйлсдээ мөр зэрэгцэн явах, хамтрагчдын хоёр талт харилцааг илэрхийлж байгаа юм. (“Lessons from Eve,” Ensign, 1987 оны 11-р сар, 87).

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Линда К.Бөртон эгч тохирох туслагч гэдэг нь ямар утгатайг ийн заасан.

Ерөнхийлөгч Линда К.Бөртон

Тохирох туслагч гэдэг нь “түүнд нийцэж, зохицохуйц эсвэл тохирох туслагч” гэсэн үг юм. Жишээ нь, бидний хоёр гар хоорондоо төстэй ч яг адилхан биш. Үнэндээ тэд бие биенийхээ эсрэг талд байдаг ч бие биенээ нөхөж, хоорондоо нийцэж, зохицсон байдаг. Хамтдаа тэд илүү хүчтэй байдаг. (“Хамтдаа өсөж хөгжицгөөе,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 13)

Зарим соёлын болон хувийн итгэл үнэмшил, зан үйл нь бидэнд гэрлэлтдээ эрх тэгш хамтрагч байхад саад учруулдаг. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс эдгээр нөхцөл байдлын заримыг тайлбарлаад, тэдгээрийг хэрхэн даван туулах талаар ийн дурджээ.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Зарим … нөхөр эхнэрийгээ гэртээ ихэнх ажлыг хийж байхад амарч хэвтдэг эсвэл эхнэр, хүүхдүүд бол нөхрийн үйлчлэгчид гэсэн буруу ойлголттой байдаг. Энэ нь үүрд мөнх үргэлжлэх ёстой гэр бүлийн харилцаанд саад болж, мөнхийн адислалд тэнцэхэд шаардлагатай энэ дэлхий дээр явагдах ёстой өсөлтийг саатуулдаг учраас Их Эзэн үүнийг таалдаггүй. Судруудыг судалснаар, та нар бидний анхны эцэг эх, бүхний загвар болох Адам, Ева хоёр хамтдаа залбирч, хамтран ажиллаж байсныг ойлгох болно (Мосе 5:1, 4, 10–12, 16, 27-г үзнэ үү). Энэхүү бие биеэ хүндэтгэж, хайрлах сэтгэлээр хамтдаа ажилладаг гэр бүлийн амьдралын хэв маягийг бид дагах хэрэгтэй. (“The Gospel Culture,” Ensign, 2012 оны 3-р сар, 44)

Эхнэр, нөхөр хоёр хамтдаа гал тогоонд ажиллаж байгаа нь
Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Эхнэр, нөхөр хоёр бие биенээ эрх тэгш хамтрагч гэж харж, дэмжих үед гэрлэлтэд ямар адислал ирэх вэ?

2-р хэсэг

Гэр бүлийг тэргүүлэх гэдэг нь ямар утгатай вэ?

Их Эзэн гэр бүлийн эхнэр, нөхөр хоёрт “үнэ цэн, ач холбогдлын хувьд эн тэнцүү” өвөрмөц үүрэг хариуцлагуудыг оноожээ (Квинтин Л.Күк, “Эцэгийнхээ хүүхдүүдийг гэх бидний агуу хайр,” 2019 оны Ерөнхий чуулган, 2019 оны 5-р сар, 95). Эдгээр үүрэг хариуцлагын талаар дараагийн хичээлүүд дээр ярилцах болно. Гэхдээ үүний нэг жишээ бол Их Эзэний нөхрүүдэд болон эцгүүдэд өгсөн “Тэнгэрийн загвараар эцэг нь гэр бүлээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдана” гэсэн ариун үүрэг хариуцлага юм (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Нөхөр эсвэл эцэг байхгүй тохиолдолд гэр бүлийг эхнэр эсвэл ээж нь тэргүүлэн удирддаг (Рассэлл М.Нэлсон, “Сүнслэг эрдэнэс,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84).

Хүүхдүүдтэйгээ судар уншиж буй ээж, аав хоёр

Дараах сургаал нь эцэг хүн гэр бүлээ хэрхэн хайраар, зөв шударгаар тэргүүлэн удирдаж болох талаарх таны ойлголтыг хэрхэн нэмэгдүүлж байгааг бод.

Гэр бүл тэргүүлэх гэдэг нь гэр бүлийн гишүүдээ Бурханы оршихуй руу эргүүлэн удирдахад туслах үүрэг хариуцлага юм. Үүнийг Есүс Христийн үлгэр жишээг даган эелдэг зөөлөн, номхон дөлгөөнөөр, цэвэр ариун хайраар үйлчилж, зааж сургаснаар гүйцэтгэдэг (Матай 20:26–28-ыг үзнэ үү). Гэр бүлийг тэргүүлэхэд гэр бүлийн гишүүдийг тогтмол залбирч, сайн мэдээнээс судлахад мөн бишрэл шүтлэгийн бусад тал дээр удирдан чиглүүлэх явдал бас ордог. Эцэг эхчүүд эдгээр үүрэг хариуцлагаа гүйцэтгэхийн тулд нэгдэж ажилладаг. (“Эцэг эх ба үр хүүхэд,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 2.1.3)

Төлөөлөгч Паул “Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм” хэмээн өгөөмрөөр тэргүүлэх нөхрийн үүргийг заажээ. Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад, түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла (Ефес 5:23, 25). Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Ефес 5:23-ыг эш татаад, Аврагч хэрхэн тэргүүлэх талаар төгс жишээ болохыг онцлон тэмдэглэсэн.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

Энэ нь бидний гэр орноо тэргүүлэхдээ дагах ёстой загвар юм. Аврагч Сүмийг хатуу гараар эсвэл эелдэг бусаар удирдаж байсан гэсэн мэдээлэл байхгүй. Түүнчлэн Аврагч Сүмийн хүмүүст хүндэтгэлгүй хандаж эсвэл тэднийг анхааран халамжилж байгаагүй гэсэн мэдээлэл байхгүй. Аврагч Өөрийн зорилгод хүрэхийн тулд хүч хэрэглэн, албадаж байсныг бид мэдэхгүй. Аврагч Сүмийнхэнд заан, дэмжиж, тайтгаруулж, өргөмжлөхөөс өөр бусад зүйл хийж байсан гэсэн мэдээллийг бид хаанаас ч олохгүй билээ. Ах нар аа, гэр бүлээ сүнслэгээр удирдахдаа дагавал зохих тэрхүү үлгэр жишээ бол Их Эзэн мөн болохыг би албан ёсоор хэлж байна. (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 196)

Бошиглогч Иосеф Смит Сүмийн гишүүдэд илгээсэн сүнслэг нөлөө бүхий захидалдаа бусдыг удирдахдаа Христтэй адил зан чанарыг харуулахын чухлыг тодорхойлсон. Эдгээр чанар нь гэр бүлийг тэргүүлэхэд хамаатай.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Сургаал ба Гэрээ 121:41–43-ыг уншаад, өөрийн олсон Христийнхтэй адил зан чанаруудыг тэмдэглэх талаар бодож үз.

Шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Өөрийнхөө тодорхойлсон эсвэл тэмдэглэсэн Христийнхтэй адил зан чанаруудаас нэгийг сонгоод, дараах асуултуудын нэг юм уу хэд хэдийн талаар бодлоо бич. Энэ зан чанар гэр бүлийг тэргүүлэхэд яагаад чухал вэ? Энэ зан чанар нь надад гэрлэлтэд ижил тэгш хамтрагч болоход хэрхэн тусалж чадах вэ? Есүс Христ тэргүүлэх үүргээ гүйцэтгэхдээ хэзээ энэ шинж чанарыг харуулсан бэ? Хичээл дээр өөрийн санаа бодлыг хуваалцахад бэлэн бай.

3-р хэсэг

Эхнэр, нөхөр хоёр гэр бүлээ удирдахдаа хэрхэн зөв шударгаар зөвлөлдөж болох вэ?

“Гэр бүлийг тэргүүлэн удирдах” гэдэг утгыг буруугаар ойлгож болно. Жишээлбэл: зарим хүн Эхлэл 3:16 (Их Эзэн Евад Адам өөрийг нь “захирна” гэж хэлсэн) гэх мэт судрын хэсгүүдийг нөхөр нь эрхшээлдээ байлгаж, хянаж болно гэсэн утгатай хэмээн буруу тайлбарладаг ба энэ нь худлаа юм. Их Эзэний өгсөн энэхүү заавар нь хайраар, зөв шударга ёсоор тэргүүлэн удирдах нөхрийн үүрэг хариуцлагатай холбоотой. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли энэ хэллэгийн утгын талаар “эхнэрээ хэрэгцээтэй зүйлээр нь хангах, хамгаалах, хүчирхэгжүүлэх, халхлах нь нөхрийн захирах үүрэг” хэмээн заасан (“Daughters of God,” Ensign, 1991 оны 11-р сар, 99; мөн Spencer W. Kimball, “The Blessings and Responsibility of Womanhood,” Ensign, 1976 оны 3-р сар, 72-ыг үзнэ үү).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт нөхрүүд нь эхнэрээ эрхшээлдээ байлгаж, хянадаг шударга бус зан үйлийн талаар ийн заасан.

Ахлагч Ричард Г.Скотт

Танай соёлд нөхөр нь ноёрхогч, дарангуйлагчийн үүрэг гүйцэтгэж, гэр бүлийн бүх чухал шийдвэрийг гаргадаг уу? Эхнэр, нөхөр хоёулаа эрх тэгш хамтрагчийн хувиар үйлдэж, өөрсдийн болон гэр бүлийнхээ төлөө эв нэгдэлтэй шийдвэр гаргахын тулд энэ хэв маягийг халах хэрэгтэй. Ямар ч гэр бүл айдас, хүчин доор удаан тэвчиж чадахгүй ба энэ нь маргаан, эсэргүүцэлд хүргэдэг. Хайр бол аз жаргалтай гэр бүлийн үндэс суурь мөн. (“Removing Barriers to Happiness,” Ensign, 1998 оны 5-р сар, 86).

Хосууд гэр бүлийнхээ талаар шийдвэр гаргахдаа даруу байдалд, хүндэтгэлтэй, эелдэг байдлаар хамтдаа зөвлөлдөх ёстой. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк ийн заасан.

Ахлагч Квинтин Л.Күк

Гэр бүлийн зөвлөлд эхнэр, нөхрүүд адил тэгш хамтрагчдын хувьд хамгийн чухал шийдвэрүүдийг гаргадаг. Тэд хүүхдүүд нь хэрхэн сурч, хүмүүжихийг мөн санхүүгээ хэрхэн зарцуулж, хаана амьдрах зэрэг гэр бүлийн олон шийдвэрийг гаргадаг. Тэд эдгээр шийдвэрээ Их Эзэний удирдамжийг эрэлхийлэн, хамтдаа гаргадаг. (“Квинтин Л.Күк, “Эзэн бол миний гэрэл,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51–52)

Өвдөг сөгдөн хамтдаа залбирч буй эхнэр, нөхөр

Эхнэр, нөхөр хоёрын хувьд хамтдаа зөвлөлдөх, гэрлэлтийн тэгш байдлыг дэмжихтэй холбоотой эдгээр нэмэлт чухал үнэнийг сана.

  • Эхнэр, нөхрүүд шийдвэр гаргахдаа “санал бодлоо тэгш эрхтэйгээр хуваалцаж, шийдвэрээ санал нэгтэй гаргадаг” гэсэн утгатай билээ (Л.Витни Клэйтон, “Гэрлэлт: Ажиглаад суралц,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 97).

  • Эхнэрүүд нөхөртэйг[өө] хамтдаа гэр бүл[ээ] удирдахдаа [өөрсдөө] ‘оролцоо бүхий байж, эрх тэгш хамтрагч’ байдлаар ярих хэрэгтэй [Спэнсэр В.Кимбалл, Privileges and Responsibilities of Sisters,” Ensign, 1978 оны 11-р сар, 106]. (Рассэлл М.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган,, 87).

  • Эхнэр, нөхөр хоёр “гэр бүлийнхээ өмнөөс илчлэлт хүлээн авах тэгш эрхтэй” (Квинтин Л.Күк, “Эцэгийнхээ хүүхдүүдийг гэх бидний агуу хайр,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95).

  • Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ гэр бүлийн зөвлөл байгуулж, гэр бүлдээ тохиолдож болох шийдвэр, бэрхшээлийн талаар хамтдаа зөвлөлдөж болно (М.Рассэлл Баллард, “Гэр бүлийн зөвлөл,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 49–52).

Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Зөв шударгаар хамтдаа зөвлөлдөх нь хосууд болон тэдний хүүхдүүдийг хэрхэн адислах вэ?