Судрууд
1 Нифай 10


Бүлэг 10

Иудейчүүд вавилончуудад олзлогдох болно хэмээн Лихай зөгнөн хэлэв—Тэрээр нэгэн Мессиа, Аврагч, Гэтэлгэгч иудейчүүдийн дунд ирэх талаар өгүүлэв—Лихай түүнчлэн Бурханы Хурганд баптисм хүртээх тэр нэгэн ирэх талаар өгүүлэв—Лихай, Мессиагийн үхэл болон амилалтын талаар өгүүлэв—Тэрээр Израилын тараагдахыг болон цугларахыг чидуны модтой зүйрлэв—Нифай Бурханы Хүүгийн талаар, Ариун Сүнсний бэлгийн талаар болон зөв шударга байдлын хэрэгцээний тухай ярив. Ойролцоогоор МЭӨ 600–592 он.

1 Мөн эдүгээ, Нифай би, эдгээр ялтас дээр өөрийн үйлдлийн талаар, мөн өөрийн засаглал болон тохинууллын тухай шастирыг үргэлжлүүлэн өгүүлэх буюу, иймийн тул, өөрийн шастирыг үргэлжлүүлэхийн тулд би эцгийнхээ тухай мөн түүнчлэн ах нарынхаа тухай зарим зүйлийг ярих ёстой бөлгөө.

2 Учир нь болгоогтун, улиран тохиох дор миний эцэг зүүднийхээ тухай ярихаа мөн түүнчлэн тэднийг байдгаараа хичээнгүйлэхийг ухуулахаа дуусгасны дараа, тэрээр тэдэнд иудейчүүдийн талаар ярив—

3 Тэд, бүр агуу хот Иерусалим устгагдан, мөн олон нь олзлогдон Вавилонд хүргэгдсэний дараа, Их Эзэний тогтоосон цагийн дагуу, тэд дахин буцаж ирэх, тийм ээ, бүр дарангуйллаас гаргагдан, буцаан авчрагдах бөлгөө; мөн тэд дарангуйллаас гаргагдан, буцаж ирээд тэд өвийн нутгаа дахин эзэмших талаар буюу.

4 Тийм ээ, бүр миний эцэг Иерусалимыг орхисон цагаас зургаан зуун жилийн хойно, Их Эзэн Бурхан иудейчүүдийн дунд нэгэн бошиглогчийг—бүр нэгэн Мессиаг буюу, өөрөөр хэлбэл, дэлхийн Аврагчийг төрүүлэх болно.

5 Мөн түүнчлэн тэрбээр бошиглогчдын талаар, хэчнээн олон нь түүний тухайлан ярьсан тэрхүү Мессиагийн буюу дэлхийн Гэтэлгэгчийн талаар гэрчилж байсан талаар ярьсан бөлгөө.

6 Иймийн тул, бүх хүмүүн алдагдсан бас унасан байдалд байсан болой, мөн тэд энэхүү Гэтэлгэгчид тулгуурлахгүй аваас үргэлжид тийм байх бөлгөө.

7 Мөн түүнчлэн тэрээр Мессиагийн өмнө, Их Эзэний замыг бэлтгэхээр ирэх нэгэн бошиглогчийн талаар өгүүлсэн ажгуу.

8 Тийм ээ, бүр тэрээр урагшлан мөн аглаг буйдад: Та нар Их Эзэний замыг бэлтгэцгээ, мөн түүний харгуйг шулуутгацгаа; учир нь та нарын мэдэхгүй нэгэн дунд чинь зогсож буй; басхүү тэрээр надаас илүү хүчтэй, түүний шаахайн үдээсийг тайлах зохистой нь би биш хэмээн хашхирах бөлгөө. Мөн миний эцэг энэ зүйлийн талаар ихийг өгүүлсэн буюу.

9 Мөн Иорданы цаад талд Бетабарад тэр баптисм хүртээх болно хэмээн миний эцэг хэлэв; мөн түүнчлэн тэрээр усаар баптисм хүртээх болно; бүр тэрээр Мессиад усаар баптисм хүртээх болно хэмээн тэр хэлэв.

10 Мөн тэр Мессиад усаар баптисм хүртээсний дараа, тэрээр бүх дэлхийнхний нүглийг үүрэн холдуулах тэрхүү Бурханы Хурганд баптисм хүртээснээ харж мөн гэрчлэх болно.

11 Мөнхүү улиран тохиох дор эцэг минь эдгээр үгийг ярьсныхаа дараа миний ах нарт хандан тэрээр иудейчүүдийн дунд номлогдох сайн мэдээний талаар, мөн түүнчлэн иудейчүүдийн итгэлээ алдан доройтох талаар ярьсан бөлгөө. Мөн ирэх тэрхүү Мессиаг тэд алсны дараа, мөн тэрээр алагдсаныхаа дараа үхлээс босох болно, мөн Ариун Сүнсээр өөрийгөө харийнханд үзүүлэх болно.

12 Тийм ээ, эцэг минь харийнхны талаар, мөн түүнчлэн Израилын угсааны талаар, тэд мөчрүүд нь хугалагдан мөн бүх дэлхийн гадаргуугаар тараагдах тэрхүү чидуны модтой адилтгахуйц талаар бүр ихийг өгүүлсэн билээ.

13 Иймийн тул, тэрээр бид бүх дэлхийн гадаргуугаар тараагдах болно хэмээсэн Их Эзэний үг гүйцэлдэхийн тулд бид амлалтын нутгийн зүг нэгдмэл байдалтайгаар удирдагдах нь гарцаагүйг хэлсэн ажгуу.

14 Мөн Израилын угсаа тараагдсаны дараа тэд дахин хамтдаа нэгдэн цуглуулагдана; өөрөөр дүгнэж хэлбэл, харийнхан Сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авсны дараа, чидуны модны унаган мөчрүүд буюу Израилын угсааны үлдэгдэл нь үүнд залгагдах болно, өөрөөр хэлбэл үнэн Мессиагийн, Их Эзэнийхээ болон Гэтэлгэгчийнхээ мэдлэгт ирэх болно.

15 Мөн миний эцэг иймэрхүү маягийн хэлээр, мөн түүнчлэн миний энэ номд эс бичиглэх өөр олон зүйлийг ах нарт маань хандан бошиглож бас ярьсан бөлгөө; тодруулбал бибээр тэдгээрээс миний хувьд зохистой болгоныг нь өөрийн нөгөө номд бичиглэсэн бөлгөө.

16 Мөн миний тухайлан өгүүлсэн эдгээр бүх зүйл эцэг минь Лемүелийн хөндийд майханд аж төрж байсан үед үйлдэгдэв.

17 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, эцгийнхээ бүх үгийг, түүний үзэгдэлд харсан тэдгээр зүйлийн талаар, мөн түүнчлэн тэрээр Бурханы Хүүд—мөн Бурханы Хүү нь ирэх тэрхүү Мессиа байсан бөлгөө—итгэлтэй байснаар хүлээн авсан тэрхүү хүч болох Ариун Сүнсний хүчээр түүний ярьсан тэдгээр зүйлийн талаар сонссоны дараа, Нифай би, Ариун Сүнсний хүчээр эдгээр зүйлийг түүнчлэн өөрөө харж бас сонсож, түүнчлэн мэдэхийг хүсэж байлаа, хуучны цагт ч мөн хүмүүсийн үрсэд тэрээр өөрийгөө харуулах тэр цагт ч, түүнийг хичээнгүйлэн хайгч хэн бүхэнд өгөгдөх Бурханы бэлэг болох тэрхүү хүчээр буюу.

18 Учир нь тэр өчигдөр, өнөөдөр бас үүрд адил байдаг буюу; мөн хэрэв бүх хүн наманчилж мөн түүнд ирвээс, тэдэнд энэ дэлхийн үүслээс зам бэлтгэгдсэн байдаг бөлгөө.

19 Учир нь хичээнгүйлэн хайдаг тэр олох болно; мөн хуучин цагийн адилаар энэ цагт ч, мөн ирэх цагийн адилаар хуучин цагт ч, Бурханы нууцууд нь тэдэнд Ариун Сүнсний хүчээр илчлэгдэх ажгуу; иймийн тул, Их Эзэний замнал нэгэн мөнхийн эргэлт авай.

20 Тиймийн тул санагтун, ай хүмүүн, та нар өөрсдийн бүхий л үйлд шүүлтэд хүргэгдэх бөлгөө.

21 Иймийн тул, хэрэв та нар сорилтынхоо өдрүүдэд ёс бусыг үйлдэхийг эрэлхийлсэн аваас, тэгвэл та нар Бурханы шүүлтийн суудлын өмнө цэвэр бус нь тогтоогдоно; мөн цэвэр бус нэгээхэн ч зүйл Бурхантай хамт оршиж эс чадна; иймийн тул, та нар үүрд хаягдах ёстой болно.

22 Мөн эдгээр зүйлийг харамгүйгээр ярих эрх мэдлийг Ариун Сүнс надад өгсөн бөлгөө.