Бүлэг 12
Нифай амлалтын нутгийг; үүний оршин суугчдын зөв шударга байдал, алдас, мөн уналтыг; Бурханы Хурганы тэдний дундах айлчлалыг; Арван хоёр шавь бас Арван хоёр Төлөөлөгч Израилыг хэрхэн шүүхийг; мөн итгэлээ алдан доройтох тэдний жигшим болоод бузар байдлыг үзэгдэлд харав. Ойролцоогоор МЭӨ 600–592 он.
1 Мөнхүү улиран тохиох дор сайхь тэнгэр элч надад хандан: Харагтун, мөн үр удмаа, мөн түүнчлэн ах нарынхаа удмыг болгоогтун хэмээв. Мөн би харж, амлалтын нутгийг болгоов; мөн би цугласан олон хүнийг болгоов, тийм ээ, бүр тоогоороо тэнгисийн элсний ширхэг мэт байсан ажгуу.
2 Мөнхүү улиран тохиох дор нэг нэгнийхээ эсрэг тулалдахаар нэгдэн цугларсан олныг би болгоов; мөн миний ард түмний дунд дайнууд, мөн дайны цуурхлууд, мөн илдээр хядагдах нь асар их байхыг би болгоов.
3 Мөнхүү улиран тохиох дор тэр нутагт олон үе дайн тулаанууд мөн тэмцэл зөрчилдөөний байдалд улиран өнгөрөхийг би ажиглав; мөн олон хотыг, тийм ээ, бүр миний бие тоолоогүй тийм олныг бибээр болгоов.
4 Мөнхүү улиран тохиох дор амлалтын нутгийн гадаргуу дахь харанхуй мананг би үзэв; мөн би цахилгаан гялбахыг харав, бас тэнгэр дуугаран мөн газар хөдлөхийг, бас олон янзын нүргээнт чимээг би сонсов; мөн газар болон хад чулууг, тэдгээр нь хагаран цуурахыг би үзэв; мөн уулс хэдэн хэсэг болон нурж унахыг би харав; мөн би тал газруудыг, тэдгээр нь ан цав гаран эвдрэхийг би үзэв; мөн би олон хот, тэдгээр нь живснийг харав; мөн түймэрт шатаагдсан тэдгээр олныг би үзэв; мөн доргин хөдлөхийн учир нуран унасан олныг би үзэв.
5 Мөнхүү улиран тохиох дор эдгээр зүйлийг үзсэнийхээ дараа би харанхуйлах мананг, энэ нь газрын гадаргуугаас тунаран арилахыг би үзэв; мөн болгоогтун, Их Эзэний агуу бөгөөд аймшигт шүүлтийн учир унаагүй олон хүнийг би үзэв.
6 Мөн тэнгэр нээгдэж мөн Бурханы Хурга тэнгэрээс бууж ирэхийг би үзэв; мөн тэрбээр бууж ирээд мөн тэдэнд өөрийгөө үзүүлсэн бөлгөө.
7 Мөн Ариун Сүнс бусад арван хоёр дээр бууж ирэхийг; мөн тэд Бурханаас томилогдон мөн сонгогдохыг би түүнчлэн үзсэн, басхүү гэрчилнэ.
8 Мөн сайхь тэнгэр элч надад хандан ярьж: Чиний үр удамд тохинуулахаар сонгогдсон, Хурганы арван хоёр шавийг болгоогтун хэмээв.
9 Мөн тэрбээр надад хэлрүүн: Чи Хурганы арван хоёр төлөөлөгчийг санаж байна уу? Болгоогтун, тэд бол Израилын арван хоёр овгийг шүүх тэдгээр бөлгөө; иймийн тул, чиний үр удмын арван хоёр тохинуулагч нь тэднээр шүүгдэх болно; та нар Израилын угсааных учраас болой.
10 Мөн чиний болгоож буй энэ арван хоёр тохинуулагч нь чиний үр удмыг шүүх болно. Мөн болгоогтун, тэд үүрд зөв шударга бөлгөө; учир нь Бурханы Хурганд итгэх тэдний итгэлийн улмаас тэдний өмсгөл түүний цусанд цагаан болгогдсон бөлгөө.
11 Мөн сайхь тэнгэр элч надад хандан: Харагтун! хэмээв. Мөн би харж, бас гурван үе зөв шударгаар улиран өнгөрөхийг болгоов; мөн тэдний өмсгөл бүр Бурханы Хурганы адил цагаан байсан болой. Мөн сайхь тэнгэр элч надад хандан: Тэд түүнд итгэлтэйнхээ улмаас Хурганы цусанд цагаан болгогджээ хэмээв.
12 Мөн Нифай би түүнчлэн дөрөв дэх үеийн олон нь зөв шударга байдалд улиран өнгөрөхийг харсан бөлгөө.
13 Мөнхүү улиран тохиох дор газар дэлхийн олон түмэн хамтран цугларсныг би харав.
14 Мөн сайхь тэнгэр элч надад: Өөрийн үр удмыг, мөн түүнчлэн ах нарынхаа үр удмыг болгоогтун хэмээв.
15 Мөнхүү улиран тохиох дор би харж бас миний үр удам олон олноороо ах нарын маань үр удмын эсрэг хамтран цугларсан байхыг болгоов; мөн тэд тулалдахаар нэг дор цугларсан байхыг буюу.
16 Мөн сайхь тэнгэр элч надад хэлрүүн: Эцгийнхээ үзсэн тэр бохир усны эхийг; тийм ээ, бүр түүний тухайлан ярьсан тэр голыг болгоогтун; мөн түүний гүн нь тамын гүн бөлгөө.
17 Мөн харанхуй манан нь чөтгөрийн уруу таталтууд болой, хүмүүсийн үрсийн нүдийг сохолж, зүрх сэтгэлийг хатууруулж, мөн тэднийг өргөн замууд руу оруулан хөтөлдөг билээ, тэгснээр тэд мөхөж мөн алдагдах бөлгөө.
18 Мөн эцгийн чинь харсан тэр асар том бөгөөд нүсэр барилга нь хүмүүсийн үрсийн ихэмсэг төсөөлөл болоод бардамнал болой. Мөн гүнзгий бөгөөд аймшигтай ангал тэднийг тусгаарлах бөлгөө; тийм ээ, бүр энэ дэлхийн эхлэлээс эдүгээг хүртэл, мөн энэ цаг үеэс хойшид мөн үүрд Ариун Сүнсний гэрчлэх Мөнхийн Бурханы болон Бурханы Хурга болох Мессиагийн шударга ёсны үг тусгаарладаг буюу хэмээв.
19 Мөн тэнгэр элч эдгээр үгийг ярих зуур, би болгоож мөн тэнгэр элчийн хэлсэнчлэн ах нарын маань үр удмынхан, миний үр удмынхны эсрэг тэмцэхийг үзэв; мөн миний үр удмын бардам зангаас, мөн чөтгөрийн уруу таталтаас болж ах нарын маань үр удам, миний үр удмын хүмүүсийг ялан дийлэхийг би болгоов.
20 Мөнхүү улиран тохиох дор би харж мөн ах нарын маань үр удмын хүмүүс миний үр удмыг ялсан байхыг болгоов; мөн тэд нутгийн гадаргуу дээр олшрон тархсан бөлгөө.
21 Мөн тэд хэсэг бүлгээрээ нэгдэн цугларсан байхыг би үзэв; мөн би тэдний дундах дайн тулааныг болон дайны цуурхлуудыг үзэв; мөн дайн тулааны болон дайны цуурхлуудын дунд олон үе улиран өнгөрөхийг би харав.
22 Мөн уг тэнгэр элч надад хандан: Болгоогтун, тэд итгэлээ алдан доройтох болно хэмээв.
23 Мөнхүү улиран тохиох дор тэд итгэлээ алдан доройтсоны дараа тэд харанхуй бас зэвүүцэм, басхүү бузар ард түмэн болж, залхаг бөгөөд зүйл бүрийн жигшүүрт хэргээр дүүрснийг би болгоосон бөлгөө.