Бүлэг 13
Харийнхны дунд чөтгөрийн сүм байгуулагдахыг, Америкийг нээж бас эзэмшилдээ авахыг, Библийн судраас олон тодорхой болон эрхэм үнэт хэсгүүд нь алдагдахыг, харийнхны урвалтын үр дагаврыг, сайн мэдээний сэргээлтийг, хожмын үеийн судар гарч ирэхийг, мөн Сион тогтнон бэхжихийг Нифай үзэгдэлд харав. Ойролцоогоор МЭӨ 600–592 он.
1 Мөнхүү улиран тохиох дор тэнгэр элч надад ярьж: Харагтун! хэмээв. Мөн би харж бас олон үндэстнийг болон хаант улсуудыг болгоов.
2 Мөн сайхь тэнгэр элч надад: Юуг болгооном чи? хэмээв. Мөн би: Миний бие олон үндэстнийг болон хаант улсуудыг болгооно хэмээв.
3 Мөн тэрээр надад: Эдгээр нь харийнхны үндэстнүүд болон хаант улсууд бөлгөө хэмээв.
4 Мөнхүү улиран тохиох дор би харийнхны үндэстнүүдийн дунд агуу сүм байгуулагдсаныг харав.
5 Мөн сайхь тэнгэр элч надад: Бусад бүх сүмээс хамгийн жигшүүрт, Бурханы гэгээнтнүүдийг хороогч, тийм ээ, тэднийг тарчилгаж бас тэднийг хазаарлан, мөн төмөр буулганд тэднийг хөллөн, мөн тэднийг дарангуйлалд хүргэгч тэрхүү сүм байгуулагдахыг болгоогтун хэмээв.
6 Мөнхүү улиран тохиох дор би энэхүү агуу бөгөөд жигшүүрт сүмийг болгоов; мөн үүнийг үүсгэгч нь чөтгөр байсныг би харав.
7 Мөн түүнчлэн алт, мөнгө, торго, гал улаан нөмрөг, бас нарийн нэхээст эд, бас бүх төрлийн тансаг хувцсыг би харав; мөн олон садар эмийг би харсан бөлгөө.
8 Мөн сайхь тэнгэр элч надад хандан ярьж, өгүүлсэн нь: Алт, мөнгө, торго, гал улаан нөмрөг, бас нарийн нэхээст эд, тансаг хувцас, бас садар эмс нь энэ агуу бөгөөд жигшүүрт сүмийн хүслэн болохыг болгоогтун.
9 Мөн түүнчлэн тэд дэлхийн магтаалын төлөө Бурханы гэгээнтнүүдийг устгаж, мөн тэднийг дарангуйлалд оруулах бөлгөө.
10 Мөнхүү улиран тохиох дор би харж мөн их усыг болгоов; мөн тэдгээр нь харийнхныг миний ах нарын үр удмаас тусгаарлаж байв.
11 Мөнхүү улиран тохиох дор сайхь тэнгэр элч надад хандан хэлэв: Болгоогтун Бурханы хилэгнэл ах нарын чинь үр удам дээр байгаа буюу.
12 Мөн би харж бас ах нарын маань үр удмаас их усаар тусгаарлагдсан, харийнхны дунд буй нэгэн хүнийг болгоов; мөн би Бурханы Сүнс доош бууж мөн тэр хүнд нөлөөлөхийг болгоов; мөн тэрбээр их усаар аялж, бүр амлагдсан нутагт байсан ах нарын маань үр удамд хүрэв.
13 Мөнхүү улиран тохиох дор өөр бусад харийнханд Бурханы Сүнс нөлөөлөхийг би болгоов; мөн тэд дарангуйллаас гарч, их усанд одсон болой.
14 Мөнхүү улиран тохиох дор амлалтын нутаг дахь харийнхны олон ард түмнийг би болгоов; мөн Бурханы хилэгнэл ах нарын маань үр удмын дээр байсныг; мөн тэд харийнхны өмнө тараагдаж бас бут цохигдохыг би болгоов.
15 Мөн би Их Эзэний Сүнсийг, тэр нь харийнхан дээр байсныг, мөн тэд дэгжиж өв залгамжлан эзэмших нутагтай болсныг болгоов; мөн тэд миний хүмүүс хөнөөгдөхөөсөө өмнө байсантай адил цагаан, бас үлэмж үзэсгэлэнтэй мөн царайлаг байсныг би болгоов.
16 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, дарангуйллаас ангижран гарсан харийнхан Их Эзэний өмнө өөрсдийгөө даруусгасныг болгоов; мөн Их Эзэний хүч тэдэнтэй хамт байсан буюу.
17 Мөн эх газрынх нь болох тэр харийнхан тэдний эсрэг тулалдахаар усан дээр, түүнчлэн газар дээр ч нэгдэн цугларсан байхыг би болгоов.
18 Мөн Бурханы хүч тэдэнтэй хамт байж, мөн түүнчлэн Бурханы хилэгнэл тэдний эсрэг тулалдахаар нэгдэн цугларсан тэд бүгдийн дээр байхыг би болгоов.
19 Мөн Нифай би, дарангуйллаас гарсан байсан харийнхан, Бурханы хүчээр бусад бүх үндэстний гараас чөлөөлөгдөхийг болгоов.
20 Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, тэд уг нутагт дэгжсэнийг болгоов, мөн тэдний дунд зөөгдсөн нэгэн номыг би болгоов.
21 Мөн сайхь тэнгэр элч надад: Уг номын учрыг мэдэх үү чи? хэмээв.
22 Мөн би түүнд: Миний бие мэдэх нь үгүй хэмээв.
23 Мөн тэрбээр: Энэ нь нэгэн Иудейн амнаас гарахыг болгоогтун. Мөн Нифай би үүнийг болгоов; мөн тэрээр надад хэлэв: Чиний болгоож буй ном нь Их Эзэний Израилын угсаатай хийсэн гэрээг агуулсан иудейчүүдийн цэдэг бөлгөө; мөн энэ нь түүнчлэн ариун бошиглогчдын олон бошиглолыг агуулах буюу; мөн энэ нь гуулин ялтаснууд дээр сийлэгдсэн тэдгээртэй адил цэдэг, харин гуулин ялтаснууд шиг олон биш болой; тийм боловч, тэдгээр нь Израилын угсаатай хийсэн Их Эзэний гэрээнүүдийг агуулдаг; иймийн тул, тэдгээр нь харийнханд агуу их үнэт билээ.
24 Мөн Их Эзэний сайхь тэнгэр элч надад хандан хэлэв: Уг ном Иудейн амнаас гарсныг чи болгоосон буюу; мөн энэ нь Иудей хүний амнаас гарахдаа арван хоёр төлөөлөгчийн гэрчлэх тэр Их Эзэний сайн мэдээний бүрэн байдлыг агуулж байв; мөн тэд Бурханы Хурганд орших үнэний дагуу гэрчлэх буюу.
25 Иймийн тул, эдгээр зүйл нь Бурханд орших үнэний дагуу иудейчүүдээс одож харийнханд цэврээрээ хүргэгдэх бөлгөө.
26 Мөн тэдгээр нь Хурганы арван хоёр төлөөлөгчийн гараар иудейчүүдээс харийнханд хүргэгдсэний дараа, бусад бүх сүмээс хамгийн жигшүүрт болох агуу бөгөөд жигшүүрт сүм байгуулагдахыг чи үзэж буй бөлгөө; учир нь болгоогтун, тэд Хурганы сайн мэдээнээс олон тодорхой болон хамгийн эрхэм үнэт хэсгийг арилгасан; мөн түүнчлэн Их Эзэний олон гэрээг тэд арилгасан болой.
27 Мөн тэд Их Эзэний зөв замуудыг гажуудуулж болохын тулд, тэд хүмүүсийн үрсийн мэлмийг сохолж, бас зүрх сэтгэлийг хатууруулж болохын тулд тэд энэ бүгдийг үйлдсэн болой.
28 Иймийн тул, тэр ном агуу бөгөөд жигшүүрт сүмийн гараар дамжсаны дараа, олон тодорхой болон эрхэм үнэт зүйл Бурханы Хурганы ном болох тэрхүү номоос арилгагдсаныг чи харах бөлгөө.
29 Мөн эдгээр тодорхой болон эрхэм үнэт зүйл арилгагдсаны дараа энэ нь харийнхны бүх үндэстэнд очих болно; мөн, тийм ээ, бүр чиний харсан тэр их усыг гатлан, дарангуйллаас гарч одсон харийнхны авчирсан энэ нь харийнхны бүх үндэстэнд очсоны дараа,—Бурханы Хурган дахь тодорхой байдлын дагуу хүмүүсийн үрсэд ойлгоход амархан бас тодорхой болох, уг номоос арилгагдсан олон тодорхой болон эрхэм үнэт зүйлийн учир—Хурганы сайн мэдээнээс арилгагдсан эдгээр зүйлийн учир, үлэмж агуу олон нь бүдрэхийг, тийм ээ, үүний хэрээр Сатан тэднийг агуу хүчээр эзэмдэхийг чи үзэж буй нь энэ болой.
30 Хэдий тийм ч, дарангуйллаас гарч явж мөн Их Эзэн Бурхан чиний эцэгтэй, түүний үр удам өв залгамжлан эзэмших болно хэмээн гэрээ байгуулсан тэр нутаг болох, бусад бүх нутгаас дээгүүр сонгомол энэ нутгийн гадаргуу дээр Бурханы хүчээр бүх үндэстний дээгүүр өргөмжлөгдсөн харийнхныг чи болгоох буюу; иймийн тул, ах нарын чинь дунд буй чиний үр удмын цусыг бүрмөсөн устгахыг Их Эзэн Бурхан харийнханд үл зөвшөөрөхийг чи харж байна.
31 Тэрбээр, харийнханд ах нарын чинь үр удмыг устгахыг ч басхүү үл зөвшөөрөх бөлгөө.
32 Чиний болгоож байгаагаар харийнхан аймшигт сохор байдалд орсон буй хэдий ч Бурхан Их Эзэн тэднийг ийм байдалд үүрд үлдэхийг эс зөвшөөрөх билээ. Үүслийг нь чиний харсан тэр жигшүүрт сүмээр далдлагдсан тэрхүү, Хурганы сайн мэдээний тэрхүү тодорхой мөн хамгийн эрхэм үнэт хэсгүүдийн учир харийнхан тийм байдалд орсон ажгуу.
33 Иймийн тул Бурханы Хурга хэлэв: Би Израилын угсааны үлдэгдэлд агуу их шүүлтээр зочилсноор харийнханд нигүүлсэнгүй хандах болно.
34 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний тэнгэр элч надад хэлэв: Болгоогтун, Бурханы Хурга өгүүлрүүн, намайг Израилын угсааны үлдэгдэлд зочилсны дараа—мөн миний ярьж буй энэ үлдэгдэл нь эцгийн чинь үр удам юм—иймийн тул, би тэдэнд шүүлтээр зочилж, мөн харийнхны гараар тэднийг цохисны дараа, мөн садар эмсийн эх болсон жигшүүрт сүмээр далдлагдсан тэрхүү, Хурганы сайн мэдээний хамгийн тодорхой болон эрхэм үнэт тэрхүү хэсгүүдийнх нь учир харийнхан үлэмж ихээр бүдэрсний дараа, Хурга өгүүлрүүн—тэр өдөр би харийнханд нигүүлсэнгүй хандах болно, үүний хэрээр би тэдэнд өөрийн хүчээр, тодорхой болон эрхэм үнэтэй байх миний сайн мэдээнээс ихийг илчлэх болно хэмээн Хурга хэлэв.
35 Учир нь болгоогтун, Хурга хэлсэн нь: Би өөрийгөө чиний үр удамд үзүүлэх учир, миний тэдэнд тохинуулах, тодорхой болон эрхэм үнэт олон зүйлийг тэд бичиглэх болно; мөн чиний үр удам, мөн түүнчлэн ах нарын чинь үр удам устгагдан, итгэлээ алдан доройтсоны дараа, болгоогтун, эдгээр зүйл харийнханд Хурганы хүч болон бэлгээр авчрагдахын тул далдлан хадгалагдах болно.
36 Мөн миний хад болон миний аврал, миний сайн мэдээ тэдгээрт бичиглэгдэх болно гэдгийг Хурга хэллээ.
37 Мөн тэр өдөр миний Сионыг байгуулахыг эрэлхийлэх тэд адислагдсан болой; учир нь, тэдэнд Ариун Сүнсний бэлэг болон хүч байх буюу; мөн хэрэв тэд эцсээ хүртэл тэвчвээс тэд эцсийн өдөр өргөмжлөгдөх ажгуу, мөн Хурганы үүрдийн хаант улсад аврагдах болно; мөн амар амгаланг, тийм ээ, агуу их баярт мэдээг зарлах хэн боловч, уулсын дээр тэд хэчнээн үзэсгэлэнтэй байх билээ.
38 Мөнхүү улиран тохиох дор би ах нарынхаа үр удмын үлдэгдлийг, мөн түүнчлэн Иудейн амнаас гарч ирсэн Бурханы Хурганы номыг, тэр нь харийнхнаас ах нарын маань үр удмын үлдэгдэлд авчрагдахыг болгоов.
39 Мөн энэ нь тэдэнд авчрагдсаны дараа, харийнханд болон ах нарын маань үр удмын үлдэгдэлд, мөн түүнчлэн дэлхийн гадаргуугаар тархсан байсан иудейчүүдэд бошиглогчдын мөн Хурганы арван хоёр төлөөлөгчийн цэдгүүд үнэн гэдэгт итгүүлэх, харийнхнаас Хурганы хүчээр тэдэнд ирсэн, бусад номыг би болгоов.
40 Мөн тэнгэр элч надад хандан ярьж, хэлсэн нь: харийнхны дунд чиний харсан тэр эцсийн цэдгүүд нь, Хурганы арван хоёр төлөөлөгчийнх болох эхний цэдгүүдийн үнэнийг баталж, мөн эдгээрээс авагдсан тодорхой болон эрхэм үнэт зүйлсийг мэдүүлэх бөлгөө; мөн бүх ястан, хэлтэн болон ард түмэнд Бурханы Хурга бол Мөнхийн Эцэгийн Хүү бөгөөд дэлхийн Аврагч; мөн бүх хүн түүнд ирэх ёстой, эс бөгөөс тэд аврагдаж чадахгүй гэдгийг мэдүүлэх болно.
41 Мөн тэдгээр нь Хурганы амаар тогтоогдох үгсийн дагуу ирэх ёстой; мөн Хурганы үгс чиний үр удмын цэдгүүдэд мөн түүнчлэн Хурганы арван хоёр төлөөлөгчийн цэдгүүдэд мэдүүлэгдэх бөлгөө; иймийн тул тэд хоёул нэгдмэл байдлаар ашиглагдах болно; учир нь бүх дэлхий даяар нэг Бурхан мөн нэг Хоньчин буй.
42 Мөн тэрбээр бүх үндэстэнд, иудейчүүдэд мөн түүнчлэн харийнханд аль алинд нь өөрийгөө үзүүлэх тэр цаг ирэх болно; мөн тэрээр иудейчүүдэд түүнчлэн харийнханд өөрийгөө үзүүлсний дараа, тэгээд тэрээр харийнханд түүнчлэн иудейчүүдэд өөрийгөө үзүүлэх болно, мөн эцсийнх нь эхэнд байх болно, мөн эхнийх нь эцэст байх болно.